Б.ДОЛЖИНЖАВ
“Байна уу. Ганданд ээжийг дагуулж явнаа”, “Ааваа, наашаа суугаарай. Энд суучихвал хамбыг ойроос нь харах юм байна” гэсэн үгс өрнөсөн, эрх барьж, дээл өмссөн ахмад настнууд, тэднийг дагалдах хүүхдүүд, ач зээгийн дуу хадсан энэ газар бол Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуган юм. Хоймортоо хэд хэдэн алтан бурхан өрж, дээврээ Монгол гэрийн тооно хэлбэрээр хийж, төвд болон уйгуржин бичгээр бичсэн бичээс өлгөж, эргэн тойрныг нь маш сайхан тохижуулсан энэ танхимыг харахад саяхан шинээр барьсан нь илт. Гадна талаасаа энэ дуган хүний нүдэнд содон тусаж, өөрийн эрхгүй дотогш орох хүслийг өдөөж байв. Мөн ном айлдвар бичүүлэх хэсэг нь банкны үйлчлэх хэсэгтэй ижил хэд хэдэн компюьтер эгнүүлэн өрсөн байсан нь ч тун оновчтой шийдэл болсон байв.
Ийн эрхэм лам хуврагуудын ном сургуулиас сонсохоор бямба гаригт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийг зорилоо. Учир нь "Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" өчигдөр буюу намрын адаг сарын шинийн 22-нд тохиосон юм. Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг. Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Үүний дагуу манай улсын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж, эцэг эхийнхээ ачийг хариулах ёстойг эрхэм сүсэгтнүүдэд эргүүлэн сануулсан юм. Бямба гаригийн өглөө 06:30 цагаас МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээснээр үйл ажиллагаа эхлэв. Амралтын өдөр, их хот түгжрэлтэй зэргийг үл тоон хэдийнэ ирчихсэн байсан ахмадуудын сүсэг бишрэлийг бахадмаар байв. Сахил хүртэсний дараа хийсэн буян сахилгүй хийсэн буянаас илүү хүчтэй байдаг болохоор тэдний ингэж эрт ирэх нь аргагүй бизээ. Түүнчлэн аливаа нүгэл хилэнцийг арилган, буян хураахын хамгийн хялбар арга бол тэгчэн сожин буюу нэг өдрийн тэтгэн ариусахуйн сахил авах ёс юм. Сожин сахил гэдэг нь буянаа сэргээх гэсэн утгатай түвд үг юм.
Д.Чойжамц: Энэ хорвоод ижий шиг ачтан хаа ч байхгүй
Үүний дараагаар 12:30 цагаас МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж, Д.Чойжамц эцэг эхийн ачийг хэрхэн хариулах тухай сургуулиа айлдсан юм. Энэ үеэр танхим дүүрэн хүнтэй болсон байсан агаад хамба ламыг залрах үед бүгд босч, хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр “Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа ч байхгүй. Өнөөдөр бол эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр юм. Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг” хэмээн айлдав. Мөн тэрээр сургууль, боловсролын шатны байгууллагууд сурагчдад дан ганц мэдлэг олгож байгаагаас ёс суртахуунгүй мэргэжилтэн бэлтгэгдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж буруу зүйл хийж байгааг тусгайлан онцлон дурдсан юм.
Д.Жавзандорж:Ээжийгээ зовлонгоос ангижруулахын тулд ямар ч муу зүйл хийх ёсгүй
Түүний дараа МБШТ Гандантэгчэнлин хийдийн Шашны дээд сургуулийн багш, лхарамба, Д.Жавзандорж “Хүн хэдий чинээ амжилтад хүрнэ. Түүнийхээ хэрээр ээжийнхээ ачийг бүр илүү хариулах ёстой. Хүн сайн сайхан явахынхаа хэрээр ээжийнхаа ачийг хариулах өр нэмэгдэж байдаг. Эх хүн хүүхдээ есөн сар хэвлийдээ тээх, төрүүлэх, өсгөх, амьдрал дээр гаргах, хүүхдийг нь асрах гээд бүх зүйлээ үрдээ зориулж байдаг. Ямар ч эх хүн эцсийн мөчдөө хүүхдээ захиж үлдээнэ үү гэхээс хойт насны тухай ярьдаггүй. Ээжийн төрүүлж өгсөн биеийн хэргийг гаргах бол ээжийн ачийг дээд зэргээр хариулах юм. Ээж минь амар амгалан байгаасай гэж байнга залбирч, ээжийгээ зовлонгоос ангижруулахын тулд ямар ч муу зүйл хийх ёсгүй. Өдөр бүр бололцоогоороо ачийг нь хариул. Хол байдаг бол сэтгэл дотроо ачийг нь хариулж байгаа гэж бодох хэрэгтэй” гэж ярьсан юм.
Ё.Амгалан: Эцэг эхийнхээ ачийг ойлгосон цагт ачийг нь хариулж чадна
Үүний дараа МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хансүр, гавж Ё.Амгалан “Бүхий л үед хэн ачтай вэ гэвэл ээж, аав хамгийн их ачтай. Тэгэхээр ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно. Эцэг эхийнхээ ачийг ойлгосон цагт ачийг нь хариулж чадна. Ойлгоогүй бол ачийг нь хариулах хэцүү. Эцэг эхийнхээ ачийг хариулъя гэвэл эхлээд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэднийхээ сэтгэл санааг нь тайван байлгах ёстой” гэсэн юм.
Тэднийг сургаалиа айлдаж байх үеэр ахмад настнууд эрхээ эргүүлж, нүдээ анин, мааниа уншин сүсэглэж байсан юм. Тэд дотроо эцэг эхийнхээ ачийг ахин дурсаж, тэднээрээ бахархаж суусан бизээ. Ийн энэ өдрийн сургааль, айлдвар дууссан ч ганданг зорих сүсэгтнүүдийн хөл тасарсангүй.
Эх сурвалж:www.polit.mn