Х.ОЮУНБОЛД
Нью-Иорк хотод тус хотын сонгуулийн зөвлөлд шуудангаар ирүүлсэн зарим саналын хуудас нь сонгуулийн бүртгэлээр нас барсан иргэдийн нэр дээр бичигдсэн болохыг “The NEW YORK POST” сонин эш татан мэдээлжээ. Тухайлбал, Ардчилсан намын гишүүн гэж бүртгэгдсэн Статен Айсленд арлын оршин суугч Фрэнсис Реккаугийн өмнөөс илгээсэн саналын хуудсыг хүлээн авсан байна. Тэрээр санал өгсөн хуудсаа өнгөрсөн аравдугаар сарын 6-нд илгээснийг хүлээж авсан зөвлөл энэ саналын хуудсыг хүчингүй гэж мэдэгджээ. Учир нь Фрэнсис Реккау нь 1915 оны долдугаар сарын 6-нд төрсөн, 2012 онд нас барсан байна. Мөн 1919 оны хоёрдугаар сарын 7-нд төрсөн 101 нас хүрсэн байх ёстой Ардчилсан намын гишүүн Гертруде Низзерегийн нэр дээр илгээсэн саналын хуудсыг өнгөрсөн есдүгээр сард хүлээн авчээ. Бүртгэлээр тэрээр саналын хуудсаа өнгөрсөн аравдугаар сарын 9-нд илгээснийг сонгуулийн зөвлөл 13-нд хүлээж авсан байна. Гэхдээ түүний нас барсныг тогтоосноор саналын хуудсыг хүчингүй гэж мэдэгджээ. Хүний өмнөөс илгээсэн сонгуулийн саналын хуудсыг шалгаж байгаа Статен Айсленд арлын Бүгд найрамдах намынхан энэ хоёр бүртгэлийг сонины газар илгээжээ. Мөн энэ хэргийг цагдаагийнхан болон дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn