Б.ДОЛЖИНЖАВ
“Монголын нууц товчоо”-ны 780 жилийн ой ирэх онд тохионо. Үүнтэй холбогдуулан зохион байгуулсан “Монголын нууц товчоон:Түүхэн газар нутгийн судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаач Ю.Пүрэвтэй ярилцлаа. Тэрээр Тэмүжиний хаан ширээнд өргөмжилсөн Хөх нуурын байршлыг тогтоосон юм.
-Тэмүжинийг Хамаг Монголын хаанд өргөмжлөх асуудлыг хэлэлцсэн газрыг та Баян-Улаан уулын оргилд орших Хөх нуур хэмээн тодорхойлжээ. Гэхдээ ихэнх судлаач Цэнхэрмандал суманд байдаг “Хар зүрхний Хөх нуур”-т хаан ширээнд өргөмжилсөн гэж үздэг?
-“Хар зүрхний Хөх нуур” хэмээн ярьж хэвшсэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байдаг газар бол түүхэн газар биш. Зөвхөн нэр нь “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн нуурын нэртэй адилхан байгаа юм. Тэмүжин Тайчуудаас зугтаж нутагласан хамгийн анхны нууцлагдмал нутаг бол Хөх нуур. Энэ нуур Баян-Улаан уулын хяр оройн тагт 1700 гаруй метрийн өндөрт ганцхан талаас нь явж очих боломжтой маш нууцлагдмал байршилтай. “Хүрэлхү”-гийн баруун талд ойролцоо оршдог.Очих зам нь хад чулуу ихтэй, бартаа бүхий газар юм. Чухам энэ Хөх нуурт Тэмүжинийг нутаглаж байхад Хамаг Монголын хаанд өргөмжлөх асуудлыг хэлэлцсэн. Энэ нь гуравдугаар жарны шарагчин тахиа жил буюу 1189 оны зун болсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Тиймээс Хөх нуур бол эзэнт гүрнийг эмхлэн байгуулах чухал үйл явдал өрнөж, Хамаг Монголын тулгын чулууг тулж, Их хуралдай анх удаа хуралдсан Монголын ард түмэн мартахын аргагүй түүхэн тэмдэглэлт нутаг юм. Зарим хүн Цэнхэрмандал сумын дэргэд байдаг Хөх нуурт хаан суусан мэт ярьдаг. Нуурын дэргэд хаан ширээнд сууж байсан түүх байдаггүй. Чингис Хамаг Монголын хаанд өргөмжлөгдсөн газар бол Хэрлэний хөдөө аралын Дэлгэрхаан болохыг түүхийн олон ном, сударт тэмдэглэсэн байдаг.
- Яагаад Хар зүрхний Хөх нуур гэж тэмдэглэсэн байдаг юм бол?
-Монголын нууц товчоонд Хөх нуурын тодотгол болж бичигдсэн “Хар Зүрх” уул Хөх нуураас урагш 10 гаруйхан километрт оршдог зүрх хэлбэртэй хайрхан байдаг. Энэ уулын дэргэдүүр зорчин явагсдыг “Хөх нуур” буюу Тэмүжин-Чингис хааныд очуулах эсэхийг шийдвэрлэдэг байнгын суурин харуул байрлаж байсан гэдэг эртний домогтой. Хар Зүрх уулыг олсон нөхцөлд Хөх нуур руу очих боломж бүрддэг байсан юм билээ.
-Хөх нуурын талаар олон судлаач судалсан байдаг. Тэдний судалгаа таны энэ саналтай хэрхэн тохирч байгаа вэ?
-Хөх нуурын талаар олон эрдэмтэн, судлаач өөрсдийн санал дүгнэлтээ ном сударт тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Сайшаал “Чингис хааны товчоон”-доо “Хар зүрхний Хөх нуурын тухай өгүүлэх нь гээд ...Дараа нь Тэмүжиний гэр хотлоороо нийлэлдэж, Бурхан Халдуны өвөр Хүрэлхү дотор урсах Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав” гэсэн байдаг. Хүрэлхү бол Баян-Улаан уулын хойд хэсэгт эргэн тойрондоо өндөр уулсаар хүрээлэгдэн оршдог нам дор газар юм. Нууц товчоог бичих үед одоогийн Баян-Улаан уулыг бүхэлд нь Хүрэлхү хэмээн нэрлэдэг байсан юм билээ. Түүх, газар зүйн ухаанд мэргэшсэн, Монголын түүхийг тусгайлан судалсан эрдэмтэн То Жи Хөх нуурыг одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдгийг тэмдэглэн бичсэн байдаг. Мөн Ванчинбалын Инжиннаши “Хөх судар”-таа “Бурхан Галдуна уулын баруун доод нуурын хөвөөнд их буудал буув” гэж энэ нуурын газар нутгийн байршлыг харсан мэт оновчтой тэмдэглэн бичсэн байдаг. Эдгээр уул, ус нь “Монголын нууц товчоо”-ны 89 дүгээр зүйлд бичигдсэн “Бурхан Халдуны өвөрт Хүрэлхү дотор Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт нутаглаж ахуйд тарвага, хүчгэнэ алж идэн бүлгээ” гэсэн түүхэн нутгийн уул, усны нэрийг бүрдүүлдэг болохыг өвгөн миний бие анх удаа судлан тодорхойлж бүтээлүүддээ бичсэн. Мөн Хөх нуурыг үнээний дэлэнтэй адилтган билэгдэн тэмдэглэж ирсэн байдаг.
-Чингисийн амьдарч байсан газар нутгийг гурван хэсэгт хуваан үзсэн юм байна. Энэ талаар тодруулбал?
-Нэгдүгээрт, Тайчуудаас зугтан Хөдөө аралын Баян-Улаан ууланд ирж нуугдан амь бие, гэр бүлээ авран хамгаалаад журмын нөхөдтэй болохоос эхлэн Хамаг Монгол Улсыг эмхлэн нэгтгэхийн төлөө тэмцэж амьдарсан нутаг. Хоёрдугаарт, Ауруг болон Саарь хээрийн Хар-Илд нуурын ордонд суурьшин амьдарсан үе. Гуравдугаарт, Их хааны алтан ургийн бүл нэмэгдэн Хөдөө арлаас улс орноо удирдан “Их Ауруг” хэмээн нэрлэгдэх үеийн нутаг гэж тоймлон үзэх нь зүйтэй гэж би боддог юм. Гэхдээ энэ бол зөвхөн хувь судлаач миний ангилал юм. 1176-1202 онд Тэмүжин, Жамухатай хамт “Хорхонаг жубур”-т өвөлжсөн. Мөн “Хуба Хаяа”, “Абжага гүдгэр”-т өвөлжсөнийг оруулахгүйгээр Тэмүжиний гэр бүл “Хүрэлхү”-д 20 гаруй жил нууцаар нутаглаж, их үйл хэргээ бүтээсэн байдаг. Зарим түүхч Тэмүжинийг таван жил “Хүрэлхү”-д зуссан гэж бичдэг ч байнга суурьшин нутаглаж байсан газар нь “Хүрэлхү” мөн болохыг “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг.
-“Монголын нууц товчоо”-нд Бурхан Халдун уулын нэр 28 удаа гардаг. Энэ ямар учиртай юм бол?
-“Монголын нууц товчоо”-ны 18 дугаар зүйлд Бурхан Халдун уулын нэр 28 удаа гардаг. Үүний зөвхөн нэг нь буюу 89 дүгээр зүйлд бичигдсэн Бурхан халдун нэр нь Хиад боржигинийн Бурхан Галдуна уулын нэр юм. Энэ уулын талаар В.Инжиннаши “Хөх судар” романдаа “Бурхан Галдуны өвөрт уулаар хот хийж, бэрх амыг бэхлэн сахиж нутаглажухуй” гэж бичсэн ба энэ хайрханыг тухайлан Чингисийн Бурхан Халдун хэмээн маш тодорхой тэмдэглэн бичсэн байдаг. Бурхан Халдун нэртэй уул ганцхан байгаагүйг судлаач эрдэмтэд бичсээр ирсэн. Тухайлбал, академич Н.Ишжамц “Одоо үед тэрхүү их тахилгат Хамаг Монголын Бурхан Халдунаас гадна Монголжин Урианхайн Бурхан Халдун, тэр байтугай бас Хэрэйдийн Бурхан Халдун хэмээх оргил уулс байгаа нь мэдэгдэж байгаа юм” гэж бичсэн. Харин С.Бадамхатан “...академич Х.Пэрлээгийн судалгааны мөрөөр бидний явуулсан хайгуул шинжилгээний болон түүхэн сурвалж, аман мэдээгээр таван Бурхан Халдун уул бүртгэгдсэн юм” гэж бичсэн байдаг. Эрдэмтдийн бичсэн эдгээр санал, дүгнэлтүүдээс үзэхэд эртний овог, аймгууд шүтэн дээдэлдэг уулаа Бурхан Халдун хэмээн нэрлэж байсан гэсэн дүгнэлтэд хүрч байгаа юм.
-Та Хэрлэний Хөдөө аралыг судлаад 20 гаруй жил болж байгаа. Анх яагаад энэ газар нутгийг судлахаар шийдсэн юм бэ?
-Би тэтгэвэрт гарснаасаа хойш Хэрлэний Хөдөө аралаар зуны турш 20 гаруй жил явж хээрийн судалгаа хийсэн. Өвөл нь ном, баримт бичгээ уншиж судалдаг байлаа. Тухайн үед Тэмүжинийг Тайчууд, Гурван мэргэд, Татарууд гэсэн дайсан нь эрж хайж байсныг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тиймээс ямар газар нуугдаж байсныг нь тодорхойлох зорилгоор судалгаа хийсэн. Уг нь би эдийн засагч мэргэжилтэй хүн. Тэмүжинийг 1162 онд Ононы Дэлүүн болдогт төрснийг Монголын нууц товчоо болон бусад түүхэн номонд бичсэн байдаг. Гэхдээ төрсөн цагаасаа хойш яг ямар газраар хэрхэн суурьшсан нь тодорхой байдаггүй. 15 нас хүртлээ Онон голын хавьд буюу Тайчуудын нутагт амьдарч байсан түүх байдаг. Тэмүжин тэмцэгч хүн байсан учраас 15 насандаа дөнгөлүүлээд Тайчуудын гараас өөрийнхөө эр чадлын хүчээр зугтаж гарсан. Ингэж зугтаж ирсэн газар нь ерөнхий нэрээр нь хэлбэл Хэрлэний Хөдөө арал. Газрын нэрээр нь хэлбэл Хэрлэний Хөдөө арлын Баян-Улаан ууланд ирж нууцлагдан амьдарсан түүхтэй. Тэнгэрт халих хүртлээ Хэрлэний Хөдөө аралд нутагласан. “Монголын нууц товчоо”-ны 89 дүгээр зүйлд тэмдэглэгдсэн уул, ус нь Хэрлэний Хөдөө аралын Баян-Улаан ууланд оршдог. Хөдөө арал нь баруун ба урд талаараа Хэрлэн мөрөн, зүүн талаараа Өвөр Цэнхэрийн гол, хойгуураа Цэнхэр усны гол /Эртний Сэнгүр горхи/-оор хүрээлэгдсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгийг бүхэлд нь, Баянмөнх сумын хойд хэсэг болон Жаргалтхаан сумын баруун урт захын нийтдээ 4000 орчим хавтгай дөрвөлжин килмометр нутгийг хамран оршдог. Хэрлэний хөдөө аралд Их Монгол Улсын анхны нийслэл “Ауруг” ордны туурь, “Монголын нууц товчоо”-ны гэрэлт хөшөө нүднээ илхэн харагдддаг. Мөн нууц товчооны төгсгөлд бичсэн Долоон болдог, Шилхэнцэг /Шилийн цэг/, Тэмүжинийг хаан ширээнд өргөмжилсөн Дэлгэрхаан хайрхан зэрэг уул, ус газар нутгийн түүхэн баталгаа болон оршсоор байдаг. Тиймээс Хэрлэний хөдөө арал нь “Монголын нууц товчоо”-ны өлгий нутаг төдийгүй Их Монгол Улсын болон Тэмүжин-Чингис хааны гал голомт давхцан оршсон түүхийн хосгүй дурсгалт нутаг мөн.
-Чингисийн амьдарч байсан нутгийг янз бүрээр тодорхойлох тохиолдол олон байдаг. Зарим нь өөр нутагт амьдарч байсан гэж үзэх нь бий. Энэ нь ямар эрсдэлтэй вэ?
-Тэмүжин-Чингис хаан бол Их Монгол Улсыг үүсгэн байгуулж, өнөөгийн биднийг өргөн уудам газар нутаг дээр эрх дураараа амьдрах эрх чөлөө, тусгаар тогтнолыг буй болгож өгсөн аугаа их ачтан. Монголчууд бидний эрхэмлэн дээдлэх шүтээн мөн. Тиймээс их хааныхаа билэг сургааль, түүх намтар, амьдарч байсан газар нутгийн түүхийг судлан мэдэж, сурталчлах нь бидний үүрэг юм. Чингис хааны амьдарч байсан газар нутгийг “Монголын нууц товчоо”, В.Инжиннашийн “Хөх судар”, Рашид Ад Диний “Судрын чуулган” гэсэн түүхийн номонд тодорхойлон бичсэн байдаг. Гэвч тухайн газар нутаг чухам хаана байгааг тодорхойлох судалгааны ажил хангалтгүй байсаар байна. Зөвхөн нэр төдийгөөр тоймлож, түүхэн бус газрыг түүхэн мэтээр нэршүүлэн ярих, өөрийн улсдаа байгаа түүхэн газрыг гадаадын нутагт байдаг мэтээр таавраар бичих нь газар нутгийн түүхийг гуйвуулж, уншигчдыг төөрөгдүүлсэн үйлдэл болж байгааг анхааран үзэж, цаашид газар нутгийн түүхийг нэг мөр болгох шаардлага гарч байгааг хэлэх нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.30 БААСАН № 210 (6435)