Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор антропологич, хөгжил судлаач, ШУТИС-ийн багш Г.Мөнх-Эрдэнийг урьж, ярилцлаа.
МАНАЙ ХӨГЖИЛ СУДЛАЛ ХҮЙ НЭГДЛИЙН ҮЕЭРЭЭ Л БАЙНА
Блиц
-МУИС-ийн антропологийн ангид суралцаж, антропологич мэргэжил эзэмшсэн. Үргэлжлүүлэн мастерын зэрэг хамгаалжээ.
-Улмаар 2015 онд Английн Кэмбрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвд зочин судлаач.
-2016 онд Нью-Йоркийн их сургуулийн Америк судлалын олон үндэстний хүрээлэнд зочин судлаачаар ажилласан.
-2018-2020 онд Австралийн Мелбурнийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Одоо ШУТИС-ийн багшаар ажиллаж байна.
- Олон улсад хөгжлийн шинжлэх ухаан 1970-аад оноос хөгжиж эхэлсэн харьцангуй шинэ ойлголт.
Монгол Улсад ч албан бусаар яригдаж эхлээд удаагүй шинэ төрөл юм. Хөгжил гэж юу вэ гэхээр хүн бүхэн л өөрийнхөөрөө тайлбарлана. Харин би илүү академик төвшинд судалдаг. Энэ ойлголтын тухай олон улсын эрдэмтэд юу гэж үзэж байна. Сүүлийн үед тэд ямар өгүүлэл нийтлүүлэв. Тэр бүхэнд судалгаа шинжилгээ хийж байна. Хамгийн энгийн жишээ гэхэд Монгол Улсад олон улсын хөгжлийн хөтөлбөрүүд 1990 оноос хойш олноороо хэрэгжив. “Ядуурлыг бууруулах төсөл” хүртэл байдаг. Энэ төсөл одоо бараг дөрөв дэх шатандаа яваа байх. Гэтэл Монголд ядуурал буурдаггүй. Тэр үед л хүн амын 30 хувь нь ядуу гэсэн судалгаа байсан. Одоо ч тийм л байгаа байх. Тэгвэл энэ асуудлыг судлах нь өөрөө хөгжил судлаач эрдэмтдийн хийх ажил л даа. Гэтэл манайд үүнийг судлаад, асуудал нь хаана байна. Яагаад ядуурал буурахгүй байна гэдгийг гаргаж ирээд хэлэлцүүлдэг судлаач ховорхон байна. Ер нь манайд энэ төрлийн судалгаа хөгжөөгүй, хүй нэгдлийн үеэрээ л гээд хэлчихэд болно. Манайхан криллээрээ уншдаг, бичдэг. Дэлхийд юу болж байгааг уншдаггүй, хардаггүй. Дэлхий рүү юм бичиж хэвлүүлдэг ч үгүй. Манай судалгаа шинжилгээ салбар тийм л зогсонги шатандаа байна. Тиймээс би өнгөрсөн хугацаанд нэлээд суралцлаа. Олон улсад зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудад зочин судлаачаар ажиллаж, судалгаа шинжилгээний ажил хийлээ. 1990 оноос хойш Монголд хөгжил яаж явагдсан. Бид хаана байгаа юм гэдгийг судлах цаг болсон гэж бодож байна. Саяхан Засгийн газраас “Алсын хараа-2050” гэсэн хөгжлийн хөтөлбөр баталлаа. Үзсэн харсан. Гэвч энэ хөтөлбөрт судалгаа шинжилгээний асуудлыг тусгасан юм уу гэхээр бас л учир дутагдалтай байна.
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨМЖ ОРООГҮЙ НЭГ Ч ХУУЛЬ БАЙХГҮЙ
-Хөгжил судлал гэдэг нь антропологийн нэг хэсэг. Тэндээс урган гарсан. Би 2010 онд МУИС-д мастер хамгаалахдаа алтны уурхайчдын тухай судалгаа хийж байлаа. Монголд яагаад алтны нинжа гэдэг хүмүүс бий болов. Үүнийг угсаатны зүй талаас нь судалсан. Тухайн үед буюу 2005 оноос Швейцарийн хөгжлийн агентлаг Тогтвортой бичил уурхай гэдэг төсөл хэрэгжүүлж байсан. Улмаар 2019 онд дөрөв дэх үе нь хэрэгжээд дууссан байдаг. Ингэхдээ 20 тэрбум төгрөг зарцуулсан.
Манай бараг бүх салбарт ийм гадны төсөл хэрэгжсэн одоо ч хэвээр байна. Монголд олон улсын байгууллагын зөвлөмж ороогүй нэг ч хууль байхгүй. Нарийн барьвал, Үндсэн хуульд ч орсон. Яагаад энэ хүмүүс манай Засгийн газар, бидний амьдралд нөлөөлөөд байна. Сүүлдээ бүүр амны уншлага боллоо. Хөгжсөн улсын туршлага, гадны шилдэг жишиг гээд л. Тэрүүгээр нь хийвэл хөгждөг гээд туршлагыг нь хэрэгжүүлээд байдаг. Гэтэл яагаад хөгжихгүй байгаа юм. Тухайлбал, нинжа нарын асуудалд төслийн зүгээс анх юу гэсэн зорилго тавьсан гэхээр эд нар бол хууль бусаар ухдаг, хуулиас гадуурх хүмүүс байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөх байв. Улмаар энэ хүмүүсийн асуудлыг албажуулж, нийгмийн даатгал төлдөг болгоё гэж зүтгэсэн. Гэтэл үр дүнд хүрч чадаагүй л хаагдсан. 2019 онд хаагдахад үр дүнд нь бичил уурхай эрхлэх түр журмын дагуу техникээр зэвсэглэсэн жижиг компани шиг бүтэцүүд бий болсон. Тэд нөгөө газруудыг ухаад нөхөн сэргээлт хийхгүй гараад явчихсан. Бичил уурхай учраас хуулийн хариуцлага хүлээх боломжгүй. Төслийн үр дүнд ийм л байсан. Олон улсын маш олон төсөл эцсийн дүнд ийм л үр дүн үзүүлдэг. Энэ асуудлаар би 2015 онд Английн Кэмбрижийн их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төвд зочин судлаач хийж байхдаа олон улсын сэтгүүлд нэг өгүүлэл бичсэн. Гол санаа нь барууны колончлол, боолчлол ч гэдэг юм уу тийм экстрим утга миний судалгаанд байгаагүй. Угаасаа академик судлалд итгэл үнэмшлийн асуудлыг тусгадаггүй. Төслийн хүрээнд бичил уурхайчид гэсэн хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй ийм л хүмүүс болоод дууслаа гэдгийг харуулсан. Мөн Нью-Йоркийн их сургуулийн Америк судлалын олон үндэстний хүрээлэнд зочин судлаачаар ажиллаж байхдаа ч энэ судалгаагаа орхиогүй.
БАРУУНЫ УЛС ОРНЫ ЗЭРЭГТ ХҮРНЭ ГЭЖ ТЭДНИЙ ЗАГВАРЫГ ХУУЛАХ ЗАЛХУУ СЭТГЭЛГЭЭТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ
-Ер нь гадны орны ямар ч гоё ,сайхан туршлага байгаад тухайн улс оронд шууд хуулагддаггүй. Энэ бол хөгжил судлалын ухаанаар батлагдсан зүйл. Хөгжлийн төслүүд нь үйлдвэрлэл л явуулж байдаг. Улс орнууд хөгжсөн хэд хэдэн загвар байна. Үүнээс Азийн бар гэгдэх орнуудыг онцолж болно. Тэдний эхний ээлжинд дотоодын зах зээлээ хамгаалсан өндөр тариф тогтоосон. Бид өөрийнхөө хийж чадаж байгаа зүйлээ гаднаас оруулахдаа өндөр татвар авна гэсэн бодлого барьсан. Энэ бодлогыг мал аж ахуй салбартаа хэрэгжүүлэх боломжтой.
Тиймээс бид одоо хөгжлийн доод шатанд байгаа, хэдэн жилийн дараа дэвшсээр Барууны улс орны зэрэгт хүрнэ гэж тэдний загварыг хуулах нь хэтэрхий залхуу сэтгэлгээний хэлбэр. Одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй мянган ам.доллараас дээш бол хөгжсөн улс гэж үзэж байгаа байх. Бид хэдэн жил зүтгэсээр тэр хэмжээнд хүртэл нөгөө шалгуур нь нэмэгдэнэ.
Эсвэл хөгжлийг хэмждэг өөр шалгуур гараад ирнэ. Аз жаргалын индекс, хүний хөгжил гээд хөгжлийг хэмждэг олон шалгуурыг янз бүрийн байгууллага гаргадаг. Ингэж хөгжил гэдгийг видео тоглоомын үе давж буй юм шиг төсөөлбөл хэзээ ч тэр үе чинь дуусахгүй. Тэд чаддаг, бид чадахгүй байна гэж шаналаад байх ч хэрэггүй. Тэдний болон бидний чаддаг зүйлс өөр өөр. Улс орон бүр нэг адил замаар хөгжөөгүй шүү дээ.
СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ “ХАЛТУУР”-НЫ ТҮВШИНД БАЙНА
-Монголчууд улсаа хөгжүүлэх тухай их ярьдаг. Саяхан орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Бүгд л хөгжүүлнэ гэж байна. Гэтэл яг хөгжил судлалын ухааны өнцгөөс харахаар зарим хүмүүсийг ярьж байгаа зүйлийг сонсоод нүүр хийх газаргүй болж байна. Хөгжил гэж юу хэлээд хөгжинө гэж яах гээд байгаагаа ойлгох хэрэгтэй. Мөн тэдэнд очиж байгаа судалгаа шинжилгээний ажил тун муу байна. Автозамын түгжрэлийн асуудлыг судаллаа гэхэд ямар ч түүвэрлэлт, арга зүйгүй, “халтуурны”, хэдэн цаасны төлөөх, захиалагчийн хүслийн дагуу хийсэн зүйлийг хэлж байна уу, эсвэл хугацаа зарсан, чанартай, шинжлэх ухааны арга зүйтэй зүйлийг хэлж байна уу гэдэг л асуудал яригдана. Надад манай цөөнгүй судлаач, судалгааны байгууллага үүнийг ялгаж салгадаггүй, салгахыг хүсдэггүй юм шиг санагдсан.
Иймээс Монголд байгаа маш олон судалгааг шийдвэр гаргах түвшинд ашиглах хэрэггүй. Харин баруунд мэргэжлийн судлаачдыг ажиллуулж асуудал шийдэх нь цөөнгүй. Тэгэхгүй байх тохиолдол ч бий. Энэ улс орон гэхээсээ ямар асуудалд мэргэжлийн судлаачийг ашиглах вэ, ашиглахгүй вэ гэдэг асуудал. Мөн манай боловсролын байгууллагууд хөгжил судлалын чиглэлд алхам хийх цаг болсон болов уу. МУИС-ийн Антрологи, археологийн тэнхэм гэж байгаа нь энэ ойлголтод жаахан ойртоно. Түүнээс өөрөөр хөгжлийн тухай ойлголтыг өгч чадахгүй байна. Тиймээс цаашид миний зүгээс монголд аль нэг сургуультай ярилцаж, хөгжил судлалын магистрын хөтөлбөр нээх зорилготой байна. Салбар дундын ухаан учраас бакалавр байх боломжгүй гэж үзсэн.
БАЙГАЛЬ, ЭКОЛОГИЙН ӨГӨГДСӨН НӨХЦӨЛ БАЙДЛААС УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ӨӨР БАЙНА
-Аль нэг соёл, нийгэм бусдаас илүү дээр, “хөгжсөн” байдаггүй. Зүгээр л соёл-нийгэм, улс орнууд нэг нэгнээсээ өөр өөр байдаг. Тиймээс нийгмийн хувьслын онол болоод бидний сайн мэдэх Марксын таван шаттай формацын онол шиг бид аль нэг хөгжлийн шатанд байгаа юм биш. Харамсалтай нь энэ онолд итгэдэг, үүгээр сэтгэдэг хүмүүс Монголд их байдаг. Гэтэл бодит байдал дээр нийгэм, соёл нэг нэгнээсээ өөр, ялгаатай болохоос дээр доор шаталсан тогтолцоонд байдаггүй. Хэрэв энэ тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Жарэд Даймондын “Guns, Germs, and Steel: The Fates of Human Societies” номыг уншиж болно. Түүний үзлээр аливаа нийгэм, соёл, амь зуулгын ялгаа тухайн бүс нутаг, экологийн онцлогтой холбоотой. Европчууд ган төмөр, галт зэвсэг, өвчний нян гэсэн гурван зүйлээр дэлхийн бусад хэсгийг колоничилж, өөрсдийн эрхшээлдээ оруулжээ. Гэтэл тэдний эзлэн авсан зарим газар төмрийн хүдэргүй тул төмөр ашиглах боломжгүй байж. Тиймээс тэд чулуу, яс, модоор зэвсэг хийдэг байж. Гэтэл европчууд тэднийг төмөр ашигладаггүй, одоо болтол чулуун зэвсэгтэй, бүдүүлэг гэсэн байгаа юм. Гэтэл нөгөөдүүл нь бүдүүлэгтээ, тэнэг мангартаа биш, нутагт нь тийм материал байхгүй, эсвэл гараар олборлох боломжгүй байжээ. Зарим газар нь гэршүүлэх боломжтой амьтан ч байсангүй, зарим газар нь амьтан гэршүүлэх шаардлагагүй олон амьтантай байжээ. Европчуудын технологийн дэвшил зарим бүс нутагт гараагүй нь тэр газрын газар зүй, байгалийн баялагтай холбоотой. Ингэж л байгаль, экологийн өгөгдсөн нөхцөл өөр өөр байдгаас шалтгаалан ард түмэн, улс орны ахуй байдал, амь зуулгын хэлбэр өөр өөр замаар хөгжсөн. Одоо ч цаашид ч өөр өөр замаар замнана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.26 ДАВАА № 206 (6431)