С.Шойгу “Өчигдрийн тухай”

2020-10-19
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

З.БАТЦЭЦЭГ

-Оросын газар зүйн нийгэмлэг ер бусын нэг номыг толилууллаа-

Орос орон даяар пүрэв гаригаас худалдаанд сонирхолтой нэг ном гарлаа. Зохиогчийн хүсэлтээр номын нээлт болтол ямар ч мэдээлэл, шуугиан байгаагүй гэдгийг www.rg.ru онцолжээ.  Энэ ном нь хэдэн арван эсээнээс бүрджээ. Ингэхдээ бидний саяхан амьдарч байсан үеийн үйл явдлыг хүний хувь тавилангаар дамжуулан өгүүлнэ. Баатрууд нь янз бүр. Виктор Черномырдин, Борис Щербина, Эдуард Шеварднадзе гээд алдартай хүмүүс ч бий. Бас олны танил биш олон хүн байна. Барилгачид, нисэгчид, жолооч, инженер, ялтан гээд. Зураг нь ердөө гуравхан. Хавтасны зураг, дотроо хоёр зураг. Номын нэрийг хэд хэдэн хувилбар дундаас сонгон “Өчигдрийн тухай” гэдэг дээр тогтжээ. Энэ нэр нь номын зохиогч  Сергей Шойгугийн өөрийнх нь санаа. “Номон дээр жил орчим ажилласан” гэж АСТ хэвлэх үйлдвэрийн редакторын багийн төлөөлөгч Игорь Воеводин ярьжээ. “Ихэнх хугацааг зохиогч шинэ бүлэг бичихэд зарцуулсан. Бидний зүгээс редакторын засвар маш бага байсан. Ном тод, чадварлаг, хэв загварын хувьд амттай бичигдсэн. Хавтсыг зохиогч бас өөрөө сэдсэн. Сергей Шойгу уран зураг, график сонирхдог. Тэрээр хэдэн зуун зураг зурсан,  голдуу байгаль зурдаг”  гэж  редакторын багийн төлөөлөгч хэлсэн гэж “Российская газета” мэдээлжээ.  

“Эксмо-Аст” группын ерөнхийлөгч Олег Новиковын хэлснээр ном эхний ээлжинд 17 мянган хувь хэвлэгдсэн бөгөөд нэг бүр нь 599 рублийн үнэтэйгээр худалдаанд гарч байгаа аж.  “Энэ тоо нь 2-3 сарын худалдаанд хангалттай гэж үзэж байна. Ямар ч Засгийн газрын захиалга байгаагүй. Зөвхөн  дэлгүүрээр худалдаалагдана” гэж хэвлэлийн үйлдвэрийн эзэн хэлсэн байна. Үүнээс гадна цахим болон сонсдог ном хэлбэрээр ч гарч байгаа.  

Номын аудио хувилбарыг жүжигчин Сергей Гармаш дуу оруулж уншсан байна. Жүжигчин хэлэхдээ “Сергей Кужугетович бид эртний танил. Түүний ном гайхалтай болж. Инээдтэй, хөгжилтэй, түүхэн, эмгэнэлт гээд бүгд байна. Гэхдээ энэ бол түүний амьдралын багахан хэсэг” гэсэн байна. Сергей Шойгу барилгын инженер мэргэжилтэй. Зөвлөлтийн барилгын талаар бүтэн бүлэг бичжээ. Энэ нь жүжигчнийг номонд дуу оруулахад их тус болжээ. Учир жүжигчин Сергей Гармаш залуудаа барилгын цэрэгт алба хашжээ. “Байконурт болон бусад стратегийн чанартай барилгад юу барьж байсан нь одоог хүртэл нууц. Барилга бол дайн. Хэн нэгэн хариуцлагыг өөр дээрээ үүрэх хэрэгтэй. Зүйрлэж хэлбэл галыг өөр дээрээ хүлээж авна гэсэн үг. Энэ номны томоохон хэсэг үүний тухай” гэж Сергей Гармаш хэлжээ.

Сергей Шойгу “Нийгмийн лифт гэсэн орчин үеийн хэллэг байдаг. Бидний үед лифт биш, нийгмийн шат гэж байсан. Алхам алхмаар урагшилдаг. Бүх үеийхэн үүнийг даван туулах ёстой. Бидний үе шиг хатуу ширүүнээр хат суухгүй байж болно. Гэхдээ ингэхгүйгээр хүндлэлийг олж авч чадахгүй. Дайныг даван туулсан хүмүүс, Днепрогэс, БАМ, Транссиб, Находка боомт, Сахалиныг эзэмшигчид, Норильскийн үйлдвэрийг барьсан хүмүүс шиг ийм хүндлэлийг олж авах”  гэж номондоо бичсэн байна.

Номын зохиолч маань өөрөө гайхалтай хүмүүстэй учирч байжээ. Холер өвчний дэгдэлтийн үеэр хүмүүсийг аврах талаар Геннадий Онищенкотой зөвлөлдөж байж. Аугаа хөгжимчин Мстислав Ростроповичтой дайны бүсэд энхийг сануулах концерт зохион байгуулж байж. Ростропович түүнд “Би дайныг яаж зогсоохыг мэднэ” гээд  байж. Яаж? “Фронтын шугам дээр найрал хөгжимчдийг зогсоогоод хөгжмөө тоглоно. Тэгэхээр тэд зогсоод, зэвсгээ буулгана” Ростропович хэлж байжээ.  

Энэ ном ганцхан “Өчигдрийн тухай” биш. Өнөөдрийн тухай, бүр маргаашийн тухай. Энэ номын үргэлжлэл гарах магадлалтай. Аугаа Ростропович харамсалтай нь бидний дунд байхгүй. Харин Карабахын дайн байна. Фронтын шугам дээр найрал хөгжим тавих хүн алга. Ямартай ч бүгдийн бодлыг өөрчлөөд, зэвсгийг буулгах тийм хөгжимчин алга. Аугаа хөгжимчин хэн нэгний талд ороогүй, дайнд оролцогчдыг бүгдийг нь зэвсгээ хураахыг шаардсан нь тэр байсан юм. Энэ номыг Армен, Азербайжан, Карабахд уншаасай гэж их хүсэж байна. Тийм ч учираас энэ ном ганцхан “Өчигдрийн тухай” биш. Өнөөдрийн тухай бүр маргаашийн тухай. Үргэлжлэл нь гарах буй за.

Сергей Шойгу “Өчигдрийн тухай” номоос 

Сахалинд тэр нэгэн таван сар их халуун байлаа. Хотод интоор цэцэглээд. Сургуульд 26 төгсөгч хонхны баяраа хийж байлаа. Багш нартайгаа. Өдөр нь нартай. Үдэш болтол баяраа тэмдэглэлээ. Нефтегорск шөнийн нэг цагт нурсан. Тийм ээ яг нурсан. Бараг 8 баллын хүчтэй газар хөдлөлт. Хэдхэн барилга л үлдсэн. Сургууль, бүх таван давхрууд. Бетонон ханууд нурж, унтаж байсан, хайрлаж байсан, хүлээж байсан бүгдийг авч үлдсэн юм. Цагаан тууз, цагаан хормогчтой охид. Сахлаа ч хусаж үзээгүй өрөвгөр сахалтай хөвгүүд. Тэд бүгд сургуулийн заланд байсан. Тэднийг дөрөв хоногийн дараа нурангин доороос гаргаж авсан. 26 төгсөгчөөс 9 нь амьд гарсан.

Сергей Шойгу  Нефтегорскт. 1995 оны тавдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлт 17 секундийн дотор сууринг тэр чигээр нь сүйрүүлжээ. Фото: РИА Новости

 

***                                ***                                ***

Штабыг харуулдаагүй банзаар хийсэн малын хашаатай адилхан хоккейн талбай дээр босгосон. Амь үрэгдсэн, амьд гарсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж эхэллээ. Шаардлага: энд оршуулахгүй бүгдийг цайран авсанд тээвэрлэх. Халуун байна шүү дээ. Гэтэл цайран авс байхгүй. Цогцсыг таниултал хаана хадгалах уу? Сахалин даяараа хөргөгч хайж эхлэв.

***                                ***                                ***       

.....Охиныхоо хоолойг сонсоод, охинтойгоо яриад байхад яагаад гаргаж ирж чадахгүй байна аа. Хоёр хавтан өргөөд л болоо шүү дээ. Гар нь энэ байна, мөр нь энэ байна. Дахиад жаахан ухахад нүүр нь гараад ирнэ гээд галзуурах дөхөж байгаа ээжид яаж тайлбарлах вэ? Энэ хоёр хавтанг өргөөд авчихвал охиныг нь аварч чадахгүй. 15-20 минут л амьд байлгана. Нуранги дор байвал 2-3 цаг амьд байлгаж болно. Ямар ч тамир тэнхээ, нулимсгүй болсон ээжийг охин дээр нь аваачиж уулзуулна. Ил гарсан гаранд нь залгасан дуслыг бариад эмч хажууд нь сууж байлаа. Тэр гурвыг үлдээгээд явлаа. Хатуу ч гэсэн эмч ээжид нь хэллээ “Суугаад охинтойгоо ярилц. Бид түүнийг аварч чадахгүй. Хэн ч аварч чадахгүй. Биеийн тал нь бяц дарагдсан. Хөл нь байсан бол хөлийг нь тайраад болоо. Гэтэл биеийн талыг тайрна гэж байхгүй”. Бүгд явсны дараа ярихаар үлдлээ. Ээж, 12 настай охин хоёр....Иймэрхүү дүр төрх хотоор нэг. Хэдэн зуун ээж, аав, өвөө, эмээ, хувь тавилан.

***                                ***                                ***

.....Эхний өдөр загасчин ч юм уу, ногоочин ч юм уу нэг залуу ирээд “Найзуудтайгаа салхилж яваад ирэхэд ийм юм болж. Хоёр цайран авс хэрэгтэй байна. Нэг нь томыг эхнэртээ, нөгөө жижгийг таван сартай охиндоо аваад Кубань явна. Бид тэндхийх” гэлээ.  Нэг хоногийн дараа “Нэг жижиг авс авъя. Эхнэрээ олсон. Нэг ч шалбархай байхгүй” гэв. Дараа өдөр нь эхнэртэйгээ аврах багийнханд туслаад явж байсан.

***                                ***                                ***

....Энгийн боловч их үр дүнтэй санаа төрсөн юм. Нэг минут чимээгүй байх. Нэг минут биш л дээ. 30 минут, нэг цаг. Бүх кран, бульдозер, гидравликийг зогсоогоод бүгд чимээ чагнав. “Амьд хүн байна уу? Хашгираарай. Хашгирч чадахгүй бол юм цохиорой”. Эхний чимээгүй завсарлагд 20 цэг сонссон. Тэгээд л нурангийг ухах ажил эхэлсэн дээ. Хавтан хавтангаар.

***                                ***                                ***

...Дөрөв дэх хоногийн төгсгөлд нөгөө загасчин-ногоочин залуу ирээд “Хүүхдийн авс хэрэггүй. Таван сартай охиноо олсон”. Амьд, бэртэж гэмтээгүй. Жижигхэн нь жаахан, хоолой нь сөөсөн байв. Тэд аз жаргалтайгаар явцгаасан юм.  

***                                ***                                ***

Нефтьчин. Тамхи татья гэж гуйлаа. Аврах багийн залуучуудад байсан “Ту-34”, “Плиска”, “Родопи” бүх тамхийг санал болголоо. “Хатуухан юм алга уу? Дан хүүхнүүдийн тамхи татдаг юм уу?”. “Беломор” оллоо. Эргэн тойрон бүгдийг нь зайчлаад, нуруун доогуур нь аяны хөнжил, дэр эвлээ. Хөл, бэлхүүс дээр нь дөрвөн давхар болж дарсан нурангийг зайлуулж байгаа дүр эсгэж ажиллалаа. Хэн, юу хийхээ мэдэхгүй байлаа. Хүн амьд ч, биеийн тал нь дарагдсан байлаа. Амьд гарахгүй гэдгийг мэдэж байлаа. Тэр үед нуранги ухах шийдвэр бол үхлийн шийдвэртэй л адил байсан. Үнэндээ шийдвэрийг биелүүлэх. Хэн ч шийдвэрийг биелүүлж зүрхлэхгүй байлаа. Шүүс уухыг хүслээ. Усан үзэмний, чихэрлэг жүүс байв.  Наана чинь олигтойхон томат чинжүүтэй, давстай шүүс алга уу? Олоод ирлээ. “Эрчүүдээ та нар ийм хурдтай ажиллах юм бол хөөгдөх юм байна. Эсвэл манай гэрийхэн та нарыг алах юм байна. Нэг хавтанг бүтэн цаг өргөж дийлэхгүй юм. Та нарт энэ гидравлик, перфоратор, бетоны хөрөө ямар ч хэрэггүй юм байна. Аль эрт лантуудаад л болоо....” Чадлаараа түүний анхаарлыг сарниулж байлаа. Хэн ч хавтанг өргөж зүрхлэхгүй байсан юм. Би ч мөн адил.

***                                            ***                                ***

Өөр байшин руу дуудлаа. Байшин ч гэж дээ. Тоостой овоолсон хавтангууд. Өвгөнийг олжээ. Хуучин хувцасны шүүгээний дор азаар амьд үлдэж. Бор шүүгээ, хатуу модон хаалгатай. Ухаад, шүүгээний оройг задаллаа. Охин нь бидний хажууд байсан юм. Баярлаад л хурдлаарай, хурдлаарай. Өвөө тэр дороос тайван дуугаар “Шүүгээнд байгаа гурван хос ор хөнжлийн даавуу, шубыг аваарай”. Тэгэхэд бидэнтэй Андрей Рожков ажиллаж байсан юм. Нуруу нь өвдөж байсан ч бидэнтэй хамт байсан. 1998 онд хойно усанд шумбалтын төхөөрөмж туршиж байгаад амь үрэгдсэн юм. Тэгэхээр Андрей сөөсөн хоолойгоор өвөөд хариулж байна. “Чөтгөр рүүгээ тонил. Охин чинь ч ялгаагүй. Хүмүүс ажилдаа ядраад унах гэж байхад чи орны даавуу авруулах гэлээ”. Өвгөн дурамжхан гараа өгөөд, татаж гаргасан юм.

***                                            ***                                ***

Нефтьчин дээр буцаад иртэл өөрөө бүгдийг ойлгожээ. “Архи хийгээд ир”. Бүтэн стаканыг нэг амьсгаагаар ууж орхилоо. Шуналтай нь аргагүй тамхи сорлоо. “За эрчүүдээ боллоо. Өргөөрэй”. Бид түүнийг бараг хоног барьсан юм. Цаашаа өдөр, шөнө төгсгөлгүй юм шиг боллоо. Энэ бол дөрвөн шөнийг хөл дээрээ өнгөрүүлсэн эхний бөгөөд сүүлчийн удаа байсан юм.

***                                            ***                                ***

Амбан сайд Фархутдинов ирээд хэллээ. “Амь үрэгдсэн хүмүүс 2000 гаруй байна. Агаарын 26 гүүр ажиллаж байна. Нисдэг тэрэг, онгоцоор Алс Дорнод, Сибирийн эмнэлэг рүү зөөж байна. Нас барагсдыг оршуулж байна. Хот алга. Хүмүүс хаана амьдрах вэ? Шинэ хот барьтал удна....” Тэгэхэд л орон сууцны гэрчилгээ бий болсон юм. Сарын дотор бүх хүмүүсийг Сибирь, Алс Дорнодод нүүлгэн шилжүүлсэн. Хэдэн мянган асуулт, асуудал, хувь тавилан. Бүгдийг нь ярьвал зохилтой. Нэгэн зоригтой, сэтгэлийн хаттай бүсгүйг санаж байна. Хоёр хөл нь дарагдсан. Хөлөө тайруулсны дараа Хабаровскд ганцаараа үлдсэн. Бүх ойр дотныхон, нөхөр, хүүхдүүд нь амиа алдсан. Хэдэн жилийн дараа хүнтэй суугаад, хүүхэд гаргасныг нь дуулсан юм. Ер бусын хаттай хүмүүс. Ганцхан хүмүүс ч тэмцэж байсан биш. Аврагч дотор спаниель Лёнька байсан. Нуранги доороос гучаад хүн, хэдэн муур, гэрийн ноход олж байсан. Тэгэхэд 2-3 жилийн дараа тусгай аврагч ноход бэлддэг сургууль бий болж хэдэн арван баатар ноходтой болно гэж бодож байсангүй. Хотуудын хувьд, хот байхгүй. Газрын зураг дээрээс, улсын амьдралаас арчигдсан. Нөхөн сэргээгдсэн. Оршуулгын газар, хөшөө л үлдсэн. Нэр зурагтай булшнууд. Эрэмдэг зэрэмдэг, танихын аргагүй болсон цогцсуудыг ах дүүгийн ёсоор оршуулсан. Хавар бүр хүмүүс арал дээр цугларч тийшээ очидог. Амьд гарсан хүмүүс. Аварсан хүмүүс...  

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

4 цаг 5 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

4 цаг 5 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

4 цаг 5 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

4 цаг 5 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

4 цаг 5 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

4 цаг 5 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

4 цаг 5 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

4 цаг 5 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

4 цаг 5 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

4 цаг 5 мин