Н.МӨНХЖИН
Цахилгааны саатал, тээврийн системийн сүйрэл, дэд бүтэц хяналтаас гарна. Kaspersky Lab-ийн эзэн Евгений Касперскийн нүдээр дэлхийг харахад ирээдүйн болзошгүй өрнөл, үйл явдал иймэрхүү байна. Эзэнт гүрнээ Москвад байгуулж, дэлхий даяар салбартай болсон мэдээллийн аюулгүй байдлын маргашгүй хаан Касперский эндүүрэлгүй харсан байж болох.
“Дэлхийн олон улс орон кибер цэргийн хуарантай болсон” хэмээн тэрээр Сан-Францискод болсон “Kaspersky
Security Summit 2014”-ийн үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Харилцан холбогдож сүлжилдсэн энэ ертөнцийн аюул заналхийлэл маш их бөгөөд хэрэглэгчид, үйлдвэрлэгчид төдийгүй маргаантай дэд бүтцийн салбар зэрэг бүх түвшинд тархаж байгаа юм. Золиос нь хэн болох нь мэдэгдэхгүй, дараагийн довтолгоо хаанаас ирэхийг ч таамаглашгүй. Магадгүй эдгээр довтолгооны нэг нь дэлхийг ч сөнөөж болзошгүй ажээ. Компьютерийн антивирусын манлайлагч бодит байдлыг ойлгуулахын тулд төсөөллийн шинжлэх ухааныг түр хойш нь тавилаа.
-Бид аль хэдийнэ кибер дайнд татагдан оржээ. Энэ дайн хэрхэн өрнөх бол?
-Америк, Европын олон орон, Энэтхэг, Хятад, хоёр Солонгос, Япон аль хэдийнэ кибер армитай болчихсон гэж бодож байна. Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч оросууд хүртэл ийм армитай болчихсон. Тэд кибер зэвсгээ хөгжүүлээд, төгөлдөржүүлчихлээ. Золоор, тэр зэвсгээ хэрэглэхгүй гэдэгт би итгээд байна л даа. Гэхдээ л тэр бол сөнөөж, устгах зорилгоор бүтээгдсэн зэвсэг.
-Сөнөөж, устгах зорилготой гэж үү?
-Сөнөөх тун амархан. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл мэдээлэл зүйн системээс хамаарч байна. Тэр системийн олонх нь хуучирч, хэврэгшсэн. Hard to Kill 4.0 дээр террористууд бүх гэрлэн дохиог ногоон дээр тавиад замын хөдөлгөөнийг зогсоож чаддаг. Ийм зүйл байж болохыг мэдэхгүй ч бүхнийг зогсоож, саад болж чаддаг ямар нэг механизм байна гэсэн үг биз дээ. Бүгд нэг юман дотор, нэг сүлжээнд зэрэг байвал хот тэр аяараа сүйрнэ. Stuxnet яалаа даа, харсан биз дээ.
(Stuxnet. 2010 онд Ираны цөмийн лабораториудын 1000 орчим төхөөрөмжид халдварлаж, ажиллагааг нь доголдуулсан компьютерийн вирус. Биет бүтцийг хяналтдаа оруулж, бодит хор хохирол учруулж чадсан компьютерийн анхны вирус юм. Дараа нь Flame, Red October хэмээх хөнөөгч, зогсоогч өндөр хүчин чадалтай вирус гарч ирсэн. Кибер дайны эхлэл ийнхүү тавигдсан хэмээн Kaspersky үздэг ажээ.)
-Довтолгоог хаанаас хийгээд байгаа юм бол?
-Бид мэдэхгүй байна. Таньж, тогтоож байгаа ганц зүйл гэвэл malwares(компьютерийн халдварт вирус) зохиогчдын ярилцаж, харилцаж буй хэл. Тэд хятадаар хамгийн их ярьдаг. Дараа нь испани, португал, тэгээд янз бүрийн хувилбартай орос хэл орж байна. Мэдээж, англи хэл байгаа ч ихэнх тохиолдолд муу англи хэл байгаа юм. Тиймээс бид кибер гэмт хэрэгтнүүд хаанаас орж ирж байгааг мэдэж чадахгүй байна.
(Kaspersky компанийн мэдээлж буйгаар, 2013 онд гар утсаараа банкны тооцоо, гүйлгээ хийдэг хүмүүсийн 62 хувь нь дор хаяж нэг удаа мөнгийг нь хулгайлах довтолгоонд өртжээ. Үйлдвэрлэл, бизнесийн сүлжээний 35 хувь нь malwares-үүдийн халдлагад өртөөд байгаа аж. Компьютерийн вирусийн учруулсан эдийн засгийн хохирол 100 тэрбум ам.долларыг давсан хэмээн антивирусын хаант улсыг үүсгэн байгуулагч хэлж байна. Эдүгээ Kaspersky Lab Интерпол болон хэд хэдэн улсын Үндэсний аюулгүй байдлын агентлагтай хамтран ажиллаж байна.)
-Таны бодлоор Жулиан Ассанж, Эдвард Сноуден нар гэмт хэрэгтнүүд мөн үү?
-Эрүүгийн хуулиа хар.
-Таны бодлыг асуусан юм..?
-Эрүүгийн хуулиар бол тэд гэмт хэрэгтэн. Ассанж биш байж болох л юм, мэдэхгүй байна. Гэвч Сноуденд нууц мэдээлэлд хүрэх эрх байсан, тэр ажлаа, эрх мэдлээ ашиглаж тэр мэдээллийг тараасан. Тиймээс тэр Эрүүгийн хуулиар бол гэмт хэрэгтэн мөн.
-Тэгвэл нэг Засгийн газар нөгөө Засгийн газрыг, иргэдийг тагнаж байгаа нь гэмт хэрэг мөн болов уу?
-Ялгааг нь олж харах хэрэгтэй. Засгийн газрууд нэг нэгнээ тагнах нь байсаар ирсэн, байх ч болно. Тагнах чагнахаа жаахан хязгаарлаж, хамтын ажиллагааг хөхиүлэх ёстой л доо. Мэдээллийн систем бол халдвар түгээж болох амархан бай, талбар юм. Нэг Жеймс Бондыг илгээхээс ч хамаагүй хялбар. Иргэдийг тагнадаг тухайд бол... Эрх баригчид сэжигтнийг илрүүлэхээс өөрөөр иргэдээ тагнах ёсгүй л дээ. Сайн уу, муу юу? Ийм замаар хэдэн террорист довтолгоог зогсоож чадах вэ? Хэдэн гэмт хэрэгтнийг илрүүлж чадах вэ? Хэн мэдэх вэ? Би үүнийг мэдэхгүй. Би дүгнэхгүй.
-Засгийн газрууд дэлхийг хянах, цагдах хууль ёсны эрхтэй гэж хэлэх гээд байна уу?
-Энэ тал дээр бүх улс орон тодорхой тохируулга, хуультай. Жишээ нь, 2009 онд Швед улс иргэдийнхээ цахим ертөнц дахь хөдөлгөөн, ааш авирыг хянах эрхийг тусгай албаддаа олгосон хуулийг баталсан. Бөөн шуугиан болж, хүмүүс эсэргүүцэж байсан. Орост бас ийм юм болсон. Ингэж хянах нь хууль ёсны гэдгийг бүгд мэдэж байгаа.
Энгийн хувцасласан, гэрэлтэй нүд, хүчтэй орос аялга нь Евгений Касперскийн гарал үүслийг хэлээд өгнө. Kaspersky компанийн эхлэл, гарааг мэддэг хүн тун цөөхөн. Итгэмээргүй авъяаслаг хүүхэд байсан, КГБ-тай хамтран ажилладаг байсан гэлцдэг. Компьютерийн вирусыг ангуучлах нь миний хобби гэхээс өөр зүйл нэг их яриад байдаггүй Женя хөвгүүн жижигхээн компаниа томруулсаар дэлхийн 30 орчим улсад салбартай, гурван мянган ажилтантай, жилийн тэрбум орчим ам.долларын орлоготой болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм.