Б.ДОЛЖИНЖАВ
Альфред Нобел хэмээх том эрдэмтэн, шинийг санаачлагч, цуутай баян хүн цуглуулсан хөрөнгөөрөө сан байгуулаад өөр шиг нь шинжлэх ухаанд зүтгэгч залуусыг дэмжиж, түүхэнд нэрээ мөнхлөх нэгэн нээлт хийсэн нь өдгөө бидний мэдэх Нобелийн шагнал юм. 1901 оноос эхлэн анагаах ухаан, физик, хими, энх тайван, уран зохиолын гэсэн таван салбарт энэ шагналыг олгож байв. Харин 1969 онд эдийн засгийн шинжлэх ухаан нэмэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл өөрчлөлт ороогүй. Салбар бүрийнхээ оргил нь болсон энэ шагналыг Каролинска институт (физиологи болон анагаах ухаан), Шведийн хааны шинжлэх ухааны академи (физик, хими), Норвегийн Нобелийн Хороо (энх тайван), Шведийн төв банк (эдийн засаг), Стокхольмын академи (уран зохиол) гэсэн нэгжүүд тодруулан, олгодог билээ. 2020 оны Нобелийн шагналтнуудын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Элэгний С вирусыг нээсэн эрдэмтэд анагаах ухааны шилдгээр тодров
Өнөөдрийг хүртэл олгож буй дэлхийн хамгийн нэр хүндтэй Нобелийн шагналыг хамгийн олон удаа АНУ-ын эрдэмтэд хүртсэн нь шинжлэх ухаан технологийн тэргүүн эгнээнд яваа энэ орны хувьд гайхах зүйлгүй. Энэ онд ч энх тайвны шагналаас бусдыг Америкийн эрдэмтэд хүртлээ. Өнгөрөгч долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 5-нд Нобелийн долоо хоног эхэлсэн билээ. Эхний өдөр анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг элэгний гепатит С вирусыг нээсэн АНУ-ын эрдэмтэн Харви Ж.Алтер, Чарльз Райс, Их Британийн эрдэмтэн Майкл Хоутон нар хүртсэн. Тэдний энэ нээлтийн талаар Нобелийн хороо “Хүн амын дундах элэгний хорт хавдар, элэгний хатуурал бол дэлхийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан том асуудал юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор дэлхийд 71 сая хүн элэгний гепатит С вирусын архаг өвчинтэй. Улмаар энэ өвчнөөс болж жилд 400 мянган хүн нас барж байна. Тиймээс шинэ төрлийн вирусыг нээж цусаар дамждаг элэгний гепатит вирусын эсрэг тэмцэхэд асар их хувь нэмэр оруулсан гурван эрдэмтэнд Нобелийн шагнал хүртээлээ” гэж хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдэв. Эдгээр эрдэмтдийн нээлтийн ачаар С вирусын өндөр мэдрэмтгий цусны шинжилгээг авах боломжтой болж, гепатит С вирус цусаар дамжин халдварлаж байгааг тогтоосон юм. Ингэснээр гепатит С вирусыг эмчлэх эмийг хурдан хугацаанд гаргаж авах боломж бүрдсэн билээ.
Хар нүх судлаачдад Нобелийн шагнал олголоо
Харин физикийн салбарын Нобелийн шагналыг хар нүх судлаач Их Британийн эрдэмтэн Рожер Пэнроуз, АНУ-ын эрдэмтэн Андреа Гез, Германы эрдэмтэн Райнхард Генцель нарт олгосон. Оксфордын их сургуулийн профессор Рожер Пэнроузын хувьд хар нүхийг нээсэн алдарт эрдэмтэн Стивен Хокингтой хамтарч ажиллаж, харьцангуйн ерөнхий онолын шууд үр дүнд хар нүх бий болдгийг математик аргаар баталсан юм. Харин Макс Планкийн Хүрээлэнгийн эрдэмтэн, 68 настай Райнхард Генцель, Лос Анжелес, Калифорниагийн их сургуулийн профессор Андреа Гез нар манай галаксийн төвд нүдэнд үл үзэгдэх аварга том хар нүх оршдогийг нээсэн хүмүүс юм. Эрдэмтэн Андреа Гез физикийн салбараас Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй болж байгаагаараа онцлогтой. Түүний өмнө 1903 онд Мэри Кюри, 1963 онд Мария Гопперт Майер, 2018 онд Донна Стриклэнд нар энэ нэр хүндтэй шагналыг хүртэж байсан.
Химийн салбарын оргил нээлтээр геном засах аргыг нэрлэв
Химийн салбарын Нобелийн шагналыг геном засах аргыг боловсруулсан АНУ-ын эрдэмтэн Женифер Дудна, Францын эрдэмтэн Эммануэл Карпентер нарт олголооТэд ДНХ тайрдаг “хайч” гэгддэг генийн өөрчлөлт хийх техник “CRISPR-Cas9”-ийг зохион бүтээсэн. Энэ техникийн тусламжтайгаар амьтан, ургамал, микрорганизмын ДНХ-г өндөр нарийвчлалтайгаар өөрчлөх боломжтой болсон юм. Францын микробиологич Эммануэл Карпентер “Энэ шагнал залуу эмэгтэйчүүдэд шинэ нээлт хийх эерэг мессежийг хүргэж байна. Учир нь эмэгтэйчүүд ч гэсэн судалгаа хийж, шинжлэх ухаанд өөрчлөлт авчирч болдгийг харууллаа” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Тэд хамтарч шагнал авсан химийн салбарын анхны эмэгтэйчүүдийн баг төдийгүй, химийн салбараас Нобелийн шагнал хүртсэн зургаа, долоо дахь эмэгтэй эрдэмтэн болж байгаа юм.
Нобелийн Химийн хорооны дарга Клес Густафссон “Тэдний энэ нээлт ургамлыг үржүүлэх шинэ боломжийг авчирч, хорт хавдрын шинэлэг эмчилгээг нэвтрүүлж, удамшлын өвчнийг эмчлэх мөрөөдлийг бодит болгосон. Энэ нь суурь шинжлэх ухаанд хувьсгал хийсэн төдийгүй шинэ эмчилгээний аргыг нэвтрүүлэх болно” гэж мэдэгдэв. Харин “Progress Educational Trust” байгууллагын захирал Сара Норкросс “ДНХ-ийн дарааллыг өөрчлөх урьд өмнө нь хэзээ ч байгаагүй хүчтэй, нарийн арга хэрэгслийг бүтээсэн” гэж “SMC-д ярьсан байна. Тэд энэ аргаа анх 2012 онд нээжээ.
АНУ-ын яруу найрагч Луиз Глюк салбараа манлайллаа
Шүлэг, яруу найраг, ном бүтээлд шимтэгсэд жил бүрийн уран зохиолын салбарын Нобелийн шагналыг хэн хүртэх бол хэмээн хүсэн хүлээдэг билээ. Тэгвэл энэ оны уран зохиолын салбарын Нобелийн шагналыг өнөө цагийн хамгийн их анхаарал татсан яруу найрагчдын нэг Луиз Глюк авлаа. Ингэснээр тэрээр уран зохиолын салбараас Нобелийн шагнал хүртсэн 16 дахь эмэгтэй болсон юм. АНУ-ын яруу найрагч Луиз Глюк "Зэрлэг цахилдаг" номоороо 1993 онд Пулитцерийн шагнал, 2014 онд Үндэсний ном шагналыг хүртэж өөрийн авьяас чадвараа хэдийнэ дэлхийд үнэлүүлсэн билээ.
Тэрээр 1943 онд Нью Йорк хотод төрсөн өдгөө 77 настай. Коннектикут мужийн Йелийн их сургуулийн англи хэлний профессор юм. Луиз Глюк “Зарим хүн намайг хүлээн зөвшөөрдөггүй байсан ч энэ шагнал бол маш том хүндэтгэл юм. Би энэ шагналыг хүртэнэ гэж бодож байсангүй” хэмээн түүний нэрийг зарласны дараа утсаар ярихад хэлжээ. Тэрээр шүлэг, эсээ гэсэн олон төрлөөр 12 цуврал ном хэвлүүлсэн байдаг. “Түүний бүтээлүүд гэр бүлийн харилцаа, хүүхэд насан дээр төвлөрч байгаа нь тод харагдлаа” хэмээн Нобелийн хорооны нарийн бичгийн дарга Андерс Олссон ярив. Харин “Түүний шүлгүүдээс нэн тэргүүнээ төрөх сэтгэгдэл бол хайр дурлал, үхэл хагацлын тухай маш хурц өгүүлэмжүүд юм. Эдгээр нь ухамсрын гүн рүү шунгаад таслан гаргаж ирсэн богинохон мөрүүдээр илэрхийлэгдсэн байдаг” хэмээн яруу найрагч Г.Аюурзана “Дэлхийн сонгомол яруу найраг” антологидоо бичжээ.
Дэлхийг өлсгөлөнгөөс аврагчид энх тайвны шагналыг хүртэв
Энэ жилийн энх тайвны Нобелийн шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгосныг өнгөрсөн баасан гаригт зарласан. “Өлсгөлөнтэй тэмцэхэд хүчин чармайлт гаргаж, өлсгөлөнг дайны зэвсэг болохоос урьдчилан сэргийлж, мөргөлдөөн үүссэн бүс нутагт энх тайван байдлыг хангахын төлөө ажилласныг нь үнэлж, энэ шагналыг олгосон” гэж Нобелийн шагналын хорооны дарга Берит Рэйсс Андерсен хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа. Түүнчлэн Норвегийн Нобелийн хороо хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь өлсгөлөнгөөс сэргийлээд зогсохгүй энх тайван, тогтвортой байдлыг сайжруулахад тусална хэмээн онцолжээ.
Дэлхийн хүнсний хөтөлбөр бол хүнсний аюулгүй байдлыг хангаж, өлсгөлөнгөөс сэргийлэх зорилготой дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм. 2019 онд 135 сая хүн хурц хэлбэрийн өлсгөлөнд нэрвэгдсэний ихэнх нь зэвсэгт мөргөлдөөн, дайнаас шалтгаалсан байв. Энэ үед Дэлхийн хүнсний хөтөлбөр 88 орны 100 сая хүнийг өлсгөлөнгөөс аварч, хүнсний тусламж үзүүлсэн билээ. “COVID-19” цар тахал дэлхийн дахинаа өлсгөлөнд нэрвэгсдийн тоог нэмэгдүүлж байна. Тодруулбал, Иемен, Бүгд найрамдах ардчилсан Конго, Нигери, Өмнөд Судан улсад цар тахлын улмаас өлсгөлөн хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Дэлхийн хүнсний хөтөлбөр “Анагаах ухааны вакцин гарах хүртэл эмх замбараагүй байдлын эсрэг хамгийн сайн вакцин бол хоол хүнс байх болно. Дайн, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоохгүйгээр бид хэзээ ч өлсгөлөнг зогсоож чадахгүй” хэмээн мэдэгджээ. Дайн, мөргөлдөөн нь өлсгөлөнг нэмэгдүүлж байгаа шиг өлсгөлөн ба хүнсний дутагдал нь хүчирхийлэл, мөргөлдөөнийг үүсгэж болзошгүйг анхаарууллаа.
Дуудлага худалдааны онолыг үндэслэгчид Нобелийн шагнал авлаа
Хамгийн сүүлийн номинац буюу эдийн засгийн салбарын шилдгийг даваа гаригийн орой зарлав. Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг дуудлага худалдааны онолыг боловсруулсан Америкийн эдийн засагч Пол Милгром, Роберт Уилсон нарт олгожээ. Милгром, Вилсон хоёр хамгийн их орлого олох гэхээс илүү нийгэмд үр ашигтай бүтээлийг дуудлага худалдаанд оруулах шинэ онолыг нээсэн. 1994 онд АНУ-ын эрх баригчид энэ онолыг харилцаа холбооны операторуудад радио давтамж зарахад ашиглажээ. Үүнээс хойш олон орон энэ онолыг ашиглах болсон юм. Нобелийн хорооны дарга Петер Фредрикссон “Энэ жилийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг бодит амьдрал дээр туршиж үзээд үр дүнгээ дэлхий нийтэд өгсөн онолд олголоо. Тэдний энэ нээлт нийгэмд маш их ашиг тустай” гэж ярьжээ.
Пол Милгром 1948 онд АНУ-ын Детройт хотод төрсөн. Өдгөө 72 настай. АНУ-ын Стэнфордын их сургуулийн хүмүүнлэгийн ухааны профессор. Харин Роберт Уилсон 1937 онд АНУ-ын Женев хотод төрсөн. Өдгөө 83 настай. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Эмеритус менежментийн хүндэт профессор юм.
Нобелийн шагналыг 10 сая швед крон буюу 1.1 сая ам.долларын мөнгөн шагнал дагалддаг. Энэ шагналыг жил бүрийн арванхоёрдугаар 10 буюу Нобелийн нас барсан өдөр гардуулдаг уламжлалтай. Цар тахлын улмаас энэ жил шагнал гардуулах ёслолыг цахимаар зохион байгуулах юм.
Эх сурвалж:www.polit.mn