Б.ДОЛЖИНЖАВ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 3-нд болно. Уламжлал ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээн өнгөрсөн сарын 30-нд болсон. Энэ мэтгэлцээний үйл явц, сонгуульд хэрхэн нөлөөлөх талаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Баатартай ярилцлаа.
-АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, эхнэр Мелина Трамп нар “COVID-19”-ийн халдвар авсанд дэлхий нийтээрээ шуугиж, олон улсын удирдагчид түүний эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийллээ. Тэрээр халдвар авсан нь түүний нэр хүндэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Эхлээд энэ хоёр эрхэм хаанаас халдвар авав гэдгийг ярих нь зүйтэй байх. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр Мелина Трамп нар хэрхэн халдвар авсан талаар эх сурвалжуудад мэдээлэхдээ “Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт есдүгээр сарын 26-нд болсон арга хэмжээний дараа Бүгд Найрамдах намын гишүүд дунд коронавирусын халдвар тархсан байж болзошгүй. АНУ-ын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг зарласны дараа Бүгд Найрамдах намын гишүүд дунд коронавирусын халдварт өвчин дэгдсэн байх магадлал өндөр байна” гэж мэдэгдсэн. Дээрх арга хэмжээнүүдэд энэ хоёр эрхэм оролцсон юм. Их гүрний удирдагч ийм халдвар авсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байхаас аргагүй. Өөрт нь болон гэргий Мелинад нь коронавирусын халдвар илэрсэн тухай Д.Трамп энэ сарын 4-нд “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрээр коронавирусын халдварын шинж тэмдгээр өндөр халуурч, хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас тэр өдөртөө Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлэгт хүргэгдэж, гурван хоног эмчилгээ хийлгэсний дараа эмчилгээ нь дуусаагүй ч эмнэлгээс гарч Цагаан ордонд эргэн ирсэнийг дэлхий нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Эмчилгээ дуусаагүй ч ажилдаа эргэн орсныг нь олон нийт янз бүрээр л хүлээн авч байх шиг байна. Зарим нь хэдий өндөр настай ч эрүүл чийрэг, хүчтэй байгаагаа харуулах гэсэн хэрэг, зөв зүйтэй алхам хийлээ гэж үзэх нь байхад ийм онцгой цаг үед хамгийн эрсдэлтэй алхам хийж байна гэж үзэх нь ч байна.
-Халдвар авсан цагаасаа эхлээд эмнэлгээс ажлаа үргэлжлүүлэн хийж байна, халдвартай мөртлөө гадагш гарч, дэмжигчидтэйгээ уулзлаа гэсэн олны анхаарлыг татсан үйлдэл их гаргаж байна?
-Эмнэлэгт байх хугацаандаа олныг шуугиулсан үйлдэл гаргасан нь олны анхаарлыг татаж, гол ярианы сэдэв болж байна. Учир нь Трамп хоосон цаасан дээр гарын үсэг зурж байгааг зураг дээрээс хүмүүс анзаарчихсан. Мөн тусгаарлах журам зөрчиж, олон хамгаалагчдын хамт машинд сууж эмнэлгийн төвийн гадаа цугласан дэмжигчидтэйгээ машин дотроосоо гараа даллан мэндчилж шуугиан тариад амжсан. Эмчилгээ дуусаагүй байхад гарсан нь Цагаан ордонд ажиллагсад халдвар авч, улмаар амиа ч алдаж болзошгүй эрсдэл учруулж байна гэж доктор Жеймс Филлипс бичсэн байна лээ.
-АНУ-д халдвар авсан хүний тоо удахгүй найман саяд хүрлээ. Мөн Трамп төдийгүй түүний ойрын хүрээллийн сенатын гишүүд, туслахууд халдвар авсан нь АНУ-ын улс төрийн байдалд хэрхэн нөлөөлөх вэ?
-Цаашдаа Трампын биеийн байдал нь ямар байхаас бүх зүйл шалтгаална. Сонгуулийн өмнө Трамп халдвар авснаас болоод сонгуулийн үр дүнд ямар нэг хэмжээгээр нөлөөлнө гэж би бодохгүй байна. Өнгөрсөн хугацаанд Трамп Америкийн иргэдийн санаа сэтгэлд нийцсэн бодлого, үйл ажиллагаа явуулж чадсан гэж үзвэл дахин сонгогдох магадлалтай. Тэгж чадаагүй гэж үзвэл Жо Байден ялах нь гарцаагүй. Америкийн иргэдийн сонголтыг таашгүй. Таны хэлсэнчлэн түүний ойрын хүрээлэлд багтдаг ажилтнуудаас, намын нөхдөөс нь 27 хүн коронавирусын халдвар авсан тухай мэдээлэл гарсан байна лээ. Ер нь ингэхэд энэ цар тахал ерөнхийлөгч байна уу иргэн байна уу гэдгээс хамааралгүй, түүгээр ч үл барам улс орон, хил хязгаар гэдэг ойлголтыг үгүй хийлээ шүү дээ. Цаг алдалгүй шийдвэртэй арга хэмжээ авсан улс орнууд хохирол багатай, хожимдож алгуурласан нь хохирол их амсч байна даа. Цар тахлын нөлөө хамаарал АНУ-ын улс төрийн амьдралд том сургамж болж үлдэх биз ээ.
-Трамп болон Жо Байдены анхны мэтгэлцээн нэг нэгэн рүүгээ дайрсан, хэрүүлийн шинжтэй болж өнгөрлөө. Зарим ажиглагчид үүнийг ярилцах ёстой зургаан чухал сэдвээрээ мэтгэлцэж чадаагүй, үр дүн муутай боллоо хэмээн үзэж байна. Судлаачийн зүгээс үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Трамп, Байден нарын анхны мэтгэлцээн АНУ-ын цагаар өнгөрсөн сарын 29-ний мягмар гаргийн орой Охайо муж улсын Кливленд хотод болж өнгөрлөө.Дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Жо Байден нарын мэтгэлцээн хэрүүлээр эхэлч, хэрүүлээр төгслөө. Уг нь тэд коронавирусын хямралаас үүдсэн эдийн засгаа хэрхэн сэргээх, Дээд шүүхийн шинэ шүүгчийг хэзээ томилох, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, сонгуулийн нэгдмэл байдал гэсэн хэд хэдэн чухал сэдвээр мэтгэлцэх ёстой байсан юм. Дээрх байдлаас болж халз мэтгэлцээний журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ч ярьж байх шиг байна. Мэтгэлцээн үр дүн муутай болсон нь тэдний өөрсдийн үзэл бодол, байр сууриа хамгаалахаас цааш хэтэрч чадсангүй гэсэн шинжээчдийн дүгнэлттэй санал нэг байна. Ард иргэдийн дунд нийгэмд хүлээлт үүсгэсэн олон тулгамдсан асуудлыг хэн нь хэрхэн илүү оновчтой шийдвэрлэх талаар ямар шинэ санаа оноо гарц, гаргалаа гаргах бол гэсэн олон нийтийн хүлээлт талаар болж бага зэрэг урам хугарсан байж магадгүй.
-Мэтгэлцээнд хэн хэрхэн оролцсон нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх магадлал өндөр байдаг уу. Санал асуулгаар Жо Байден тэргүүлсэн ч Трамп нэг олон хувиар дутаагүй шүү дээ?
-Мэтгэлцээн олон нийтийн санаа бодолд ямар нэг хэмжээгээр нөлөө үзүүлдэг гэж үздэг. Тиймдээ ч ач холбогдол өгч, өргөн нэвтрүүлгийн бүх сувгаар улс орон даяар нэгэн зэрэг үзүүлдэг. Жо Байден 17 хувийн багахан саналаар энэ удаад илүүрхсэн ч гэлээ цаашдын халз мэтгэлцээн ямар байдалтай өрнөж, хэн нь илүүрэхийг таамаглах аргагүй. АНУ-ын бүх нийтийн сонгууль ирэх сарын 3-нд болно. Энэ сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэгийг, 13 муж улс, бүс нутгийн захирагч нарыг сонгоно.
-Дараагийн хоёр мэтгэлцээн өмнөхөөсөө шинэлэг болж чадах болов уу?
-Хоёр дахь мэтгэлцээнийг энэ сарын 15-нд Флорида муж улсын Майами хотод, гурав дахь мэтгэлцээнийг энэ сарын 22-нд Теннесси муж улсын Нашвилл хотод хийх тов гарсан. Трампын биеийн байдал хэвийн байвал товлосон хугацаандаа мэтгэлцээн болох нь мэдээж. /Энэ сарын 15-нд болох байсан мэтгэлцээн цуцлагдсан/. Дээр хэлсэнчлэн уламжилж ирсэн мэтгэлцээний журамд өөрчлөлт оруулж, ямар асуудалд голлон анхаарах, мэтгэлцээний ёс жаяг гээд нэлээд зүйлд өөрчлөлт орвол хэрүүлийн тал нь багасч, ухаанаа уралдуулсан, Америкийн ард иргэдийн хүсэл эрмэлзэлд нийцсэн бодлогын чанартай асуудлуудаар мэтгэлцсэн шинэлэг уур амьсгалд болж өнгөрөх болов уу гэж бодож байна.
-Одоогоор Жо Байден нэр хүнд өндөртэй байна. Тэр ялалт байгуулах магадлал хэр өндөр вэ?
- Энэ асуултыг тааж хэлэхэд хэцүү. Тухайн үеийн сонгогчдын байр суурь ямар байх, энэ хоёр хүний сонгуулийн штабын менежмент, хоёр гол намын дэмжлэг, сурталчилгаа гээд яривал их юм бий. Ард түмэн санаанд оромгүй сонголт хийж болдгийг 2015 оны сонгуульд Хиллари Клинтон Трампад ялагдсан жишээнээс харж болох юм. Гэхдээ өнөөгийн байдлаар Америкийн түүхэн дэх хамгийн өндөр настай Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөр гэж шинжээчид үздэгтэй санал нэг байна. Энэ жил 77 настай Жо Байден 1972 онд 29 настайдаа Америкийн сенатчаар сонгогдож, 1988, 2008 онуудад Ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөж байсан хур туршлагатай хүн. Тиймээс Ардчилсан нам түүнийг одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээн үзэж ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамаг хоёр удаа улиран сонгогдоход дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Улс төрийн амьдралын туршлагын хувьд Трампаас тохой илүү гэхээр хүн. Байден Трампыг хурцаар шүүмжлэгчдийн нэг. Тэрээр “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаа ичгэвэртэйгээр өнгөрсөн. Хэрэв Дональд Трампад дахин дөрвөн жил Цагаан ордонд суух эрх өгвөл манай улсын үнэт зүйл, үндсэн дүр төрх алдагдахад хүрнэ” гэж удаа дараа хурцаар шүүмжилж байлаа. Анхны мэтгэлцээн дээр ч ийм хурц шүүмжлэл өрнөснийг та бүхэн харсан байхаа. Хэрвээ Байден ерөнхийлөгч болвол олон улсын тавцанд арай ч Трамп шиг бодлого үйл ажиллагаа явуулахгүй байх. Америкийн гадаад бодлогын залгамж чанар, зарчим, стратегийг баримталж алдаа оноог нь цэгцэлж зөв голдиролд нь оруулах болов уу. Харин Трамп улиран сонгогдвол цагаачдын асуудал, олон улсын тавцанд явуулж ирсэн өнөөгийн бодлого үйл ажиллагаанд төдийлэн нааштай өөрчлөлт гарахгүй л болов уу.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.13 МЯГМАР № 198 (6423)