Б.ТӨГС
Эдийн засагч Э.Батшугар “ТВ-9” телевизийн “Монополь МАН ба түгжрэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгэн сонирхолтой тооцооллыг хэллээ. Даац нь 2-3 дахин хэтэрсэн нийслэлийн хувьд автозамын түгжрэл бол нэн тулгамдсан асуудал болсныг ойрын өдрүүдэд тодорхой харж байна. Тиймээс хүн бүр түгжрэлийг бууруулах гарц шийдлийг санал болгож байна. Ажлын өдрүүдэд тэгш, сондгойгоор зорчуулах, хуучин машины импортыг хориглох, төвийн бүсийн замыг татвартай болгох гэх зэргээр дийлэнх нь хааж боосон, хориглосон, хүчилсэн саналууд гарч байна. Эдгээр нь магадгүй түр хугацаанд асуудлыг шийдвэрлэж болох ч хүн амын тоо нь улам нэмэгдэж байгаа, төлөвлөлтгүйгээр хөгжиж байгаа Улаанбаатарын хувьд удаан настай шийдэл байж чадахгүйгээс гадна ардчилсан тогтолцоотой улсад хүний эрхийг хязгаарласан шийдлүүд гэдгийг тэр хэллээ.
Харин Э.Батшугарын хувьд тооцоо судалгаанд үндэслэсэн дэд бүтцийг богино хугацаанд хийх боломжтой гэж үзэж байна. Саппоро, Зүүн 4 зам, Баруун 4 зам зэрэг Нийслэлийн гол уулзваруудыг давхар гүүрэн замтай болгож хоёр төвшинд буюу хоёр зэрэг огтолцдог болгож нэвтрэх хурдыг хоёр дахин сайжруулах боломжтойг хэллээ. Жишээлбэл, нийслэлийн бүх уулзварын ачааллыг тодорхойлж зангидаж байдаг төв уулзвар буюу Төв шуудангийн уулзварыг зурагт үзүүлснээр давхар замтай болгож, хоёр түвшинд огтлолцдог болговол:
- Тус уулзварын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэнэ.
- Ойр орчмын уулзваруудын ачаалал 20-40 хувь буурна.
- Зүүн 4 замаас баруун 4 зам хүртэлх хөдөлгөөний эрчим 20-30 хувь нэмэгдэнэ.
Энэ бүтээн байгуулалтыг хийхэд 70 тэрбум төгрөг шаардлагатай аж. МАН-ын удирдлагууд шинэ Засаг захиргааны байранд 100 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Энэ мэт үрэлгэн төсвийг танахад л боломж нь гараад ирнэ гэж хэлэв. Түүнчлэн түгжрэлд алддаг хөрөнгөөр ч нөхөн олох боломжтой гэсэн юм. Тухайлбал,нийслэлчүүд автозамын түгжрэлд хэр их зардал гаргадгийг тэрээр тооцоолж үзүүллээ.
-Нэг хүн өдөрт дунджаар 2 цаг түгжирч байна. Тэр хүн жилд 210 хоног ажилладаг, сард 1 сая төгрөгийн орлоготой гэж тооцвол жилд 2.5 сая төгрөгийн боломжит орлогыг түгжрэлээс болж алддаг. Дунджаар 500 мянган хүн өдөр бүр түгжрэлд ордог гэж тооцвол жилд 1.2 их наяд төгрөгийн боломжит орлогыг нийслэлчүүд алдаж байна. Үүн дээр нэмээд зам дээр нормальдаж зогссон шатахууны зардал 300 тэрбум төгрөг байдаг гэсэн тооцоолол гарчээ. Ийнхүү нийслэлчүүд бид жил бүр улсын ДНБ-ий таван хувьтай тэнцэх буюу 1.5 их наяд төгрөгийг зөвхөн түгжрэлд цаг хугацаатайгаа хамт хий дэмий зарцуулж байна.
Тэгвэл 1.5 их наяд төгрөгөөр юу хийж болох вэ. Дээрх загвараар 21 уулзварыг давхар гүүрэн замтай болгож болно. Дундаж орон сууц 70 сая төгрөгийн үнэтэй гэж үзвэл 21 мянган өрхийг орон сууцжуулж болох нь.
НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч, эдийн засагч Э.Батшугарын хувьд энэ мэтчилэн тооцоо судалгаатай шийдлүүдийг гаргаж, хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаагаа хэллээ. Шат шатны Засаг дарга нар төсвийн хөрөнгийг сэтгэлийн хөөрлөөр, үр ашиггүйгээр, төлөвлөлтгүйгээр, судалгаагүйгээр зарцуулсаар ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдлын гол шалтгаан гэдгийг тэр мөн тодотгосон юм.
Эх сурвалж:www.polit.mn