Доктор
Т.БААСАНСҮРЭН
Түрүүч нь № 176 (6401)-т
НЭГ. Ардчилсан чөлөөт хэвлэлийн амьд гэрчүүд юуг хэлж ярьж үлдээж вэ?
Монголд ерэн онд болсон ардчилсан хувьсгал, түүнийг хөгжүүлж мандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн чөлөөт хэвлэлийн үүсэл, хөгжил, төлөвшлийг тухайн цаг үеийн гадаад, дотоод орчин, нөхцөл байдал, өмнөх он жилүүдэд монголын нийгэмд өрнөсөн улс төр, нийгмийн чухал чухал үйл явдалтай холбон авч үзэхгүйгээр үнэн зөв дүгнэлтэд хүрэх боломжгүй юм. Ерээд оны ардчилсан хувьсгалын үүсэл эхлэл нь наяад оны монголын нийгмийн гүнд аажмаар бүрэлдэж бэлтгэгдсэн байдаг билээ. Өнгөрсөн зууны ная, ерээд он бол ЗХУ тэргүүтэй социалист лагерийн хөгжил дэвшил мухардалд орж, түүнээс яаж гарах эрэл хайгуул эрчимтэй хийгдсэн сонирхолтой он жилүүд байв. ЗХУ-д М.С.Горбачевын өөрчлөн байгуулалт эхэлж, үүний нөлөө Монгол зэрэг социалист оронд хүчтэй тусч эхэлжээ. Өөрчлөн байгуулалтын үзэл санааг Монголд сурталчлан дэлгэрүүлэгч нь сонин хэвлэл, мэдээллийн агентлаг, радио, телевиз, тэдгээрт ажиллагч сэтгүүлчид байлаа.
ЗХУ-д наяад онд эхэлсэн өөрчлөн байгуулалт, ил тод байдал, олон ургальч үзэл, түүнийг зөвлөлтийн хэвлэл мэдээлэлд тусгаж байсан тусгал нь Монголын нийгмийн амьдрал, юуны өмнө монголын хэвлэл мэдээлэл, тэргүүн ээлжинд “Үнэн” сонины нийтлэлд эергээр нөлөөлсөн билээ.
Сэтгүүлчдийн бичлэгийн арга барилд шинэлэг хандлага, өнгө аяс илэрхий мэдрэгдэж, ялангуяа шүүмжлэлт нийтлэлийн тоо хэмжээ эрс нэмэгджээ. Эдгээр шүүмжлэлүүд нь нийгмийн хөгжил дэвшилд саад тотгор болж буй дутагдал доголдол бүрийг зоримогоор онилж, энэ нь улам өргөжиж хүрээгээ тэлсээр тодорхой цаг хугацааны дараа социализмын үеийн хаалттай сэдвүүдийг аймшиггүйгээр хөндөж эхэлсэн юм. Монголд мөшгих сэтгүүл зүйн үндэс суурь тавигдаж, сэтгүүлчид хаалттай сэдвийг хөндөж тонхихын хэрээр Монголын нийгмийг далаад жил удирдан жолоодож ирсэн МАХН-ын үзэл баримтлал, үйл ажиллагааны дутагдал доголдол, сүүдэртэй талуудыг хөндөж, өнгөрсөн түүхийн “цагаан толбууд”-ыг илчлэн шүүмжлэх болжээ.
Монголын нийгэмд өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг хэвлэл мэдээлийн хэрэгсэл, сэтгүүлчид зоригтойгоор хөндөж, социализмыг нийгмийн байгууллынх нь хувьд зөв эсэхэд эргэлзэж тээнэгэлзэх нийгмийн сэтгэл зүйг бүрэлдүүлж эхэлсэн байна. Үүнийг “Үнэн” сонин түүчээлж, өөрчлөлт шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж эхлүүлсэн бөгөөд түүний хуудаснаас зөвхөн Ш.Цэен-Ойдовын “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, Ц.Балдоржийн “Далай ээж маань цаазын тавцанд”, О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт”, Ц.Дашдондовын “Баярын тухай гунигт бодол” зэрэг нийгмийг доргиосон шүүмжлэлт нийтлэлүүд төдийгүй Монголд ерээд онд ардчиллыг эхлүүлж, чөлөөт хэвлэлийг үүсгэлцсэн С.Зоригийн “Эрүүл, шударга харилцааны төлөө” нийтлэл, “Монголын ардчилсан холбоо юуг хүсч байна вэ” ярилцлага, Б.Батбаяр буюу Баабарын “Бичиг, бичиг, бичиг”, М.Энхсайханы “Шинэчлэлийн гадна орхих ёсгүй”, “Өөрчлөлт шинэчлэл өөрөө ирэхгүй”, Д.Бямбасүрэнгийн “Эдийн засаг дахь хүнд суртлын саатуулагч механизмыг өөрчлөх асуудалд”, Б.Батбаярын “АСХ гэж юу вэ?”, “Ардын нөхөд” гэж хэн бэ? Тэд социал-демократуудын эсрэг хэрхэн тэмцэв” зэрэг гал цогтой нийтлэлүүд нийтлэгдэж харанга дэлдэж ардчилал шинэчлэлийн дуу хоолой болж байв. Энэ тухай илүү дэлгэрүүлж танилцъя гэвэл миний бичиж 2009 онд нийтлүүлсэн “1990 оны ардчилсан хувьсгал ба Монгол дахь чөлөөт хэвлэлийн хөгжил, түүний цаашдын төлөв” номын эхний бүлгийг гүйлгэж хараарай. Тэгвэл Монгол дахь ерэн оны ардчилсан хувьсгал, анхны чөлөөт сонин хэвлэлүүд хий хоосон суурин дээр гэв гэнэтхэн гарч ирээгүйг эрхгүй мэдэж мэдрэх болно.
Ардчилсан чөлөөт хэвлэлийн амьд гэрчүүдийн яриа, тэдний хэлж тэмдэглүүлж үлдээсэн баримтын утга агуулгыг шинжилснээ анхны чөлөөт сонинууд гарсан цаг хугацааны он дарааллыг баримталж хүргэж буйгаа эрхэм уншигчиддаа эхлээд дуулгах нь зүйтэй байх. Дарь.Сүхбаатартай миний хийсэн “Би бялуугаас нь хуваалцахгүй, хариуцлагаас нь үүрэлцье” гэсэн ярилцлага байна. “МОНЦАМЭ мэдээ” сонины 2009 оны 6-р сарын 15-ны өдрийн № 115 (1717)-д хэвлэгджээ. Тэр өөрийн ярилцлагыг “Ерээд он гэдэг бол нэлээд сонирхолтой түүхэн үе байв. Монголын төдийгүй бүхэл бүтэн социалист систем тогтолцоогоороо өөрчлөгдөж эхэлсэн цаг үе юм. Социалист системийн нэг эс эд байсан Монгол Улс хуучнаараа аж төрөх аргагүй болоод байв. Энэ үед нас залуу, цус шингэн, үзэл бодол харьцангуй чөлөөтэй, хуучин системийн сэтгэхүйд баригдаж хүлэгдээгүй нэг хэсэг бүлэг хүмүүс ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтыг янз бүрийн байдлаар хүлээж авч байлаа. Өөрөөр хэлбэл өөрчлөлтийг илэрхий талархаж байсан юм. Тухайн үед бидний үзэж, сонсож, ойлгож байснаар бол Лениний онол маш олон зүйлд хариулт өгч байсан. Ялангуяа “хувьсгал хийхэд хамгийн чухал зэвсэг бол сонин хэвлэл” гэсэн Лениний үг дотроос түлхэж байлаа. 1984 онд Горбачевын зарласан өөрчлөн байгуулалт Монголд ардчиллын салхийг сэвэлзүүлж эхэлсэн юм. Тэр үеийн сэхээтнүүд өөр өөрийнхөө хүрээнд энэ тухай шамдан ярилцдаг байлаа. 1988 оноос нилээд өргөн хүрээнд яригдах болсон юм. Тухайн үеийн хамгийн том сонин болох “Үнэн” сонин, өдөр тутмын томоохон сонин хэвлэлүүд, Л.Түдэв тэргүүтэй зарим нийтлэлчид сонин сэтгүүлийн хуудсанд өөрчлөн байгуулалтыг дэмжихэд чиглэсэн нийтлэлүүдийг түлхүү тавьж эхэлсэн” гэж хэлжээ.
Миний санахад Дарь.Сүхбаатарын дээрх үг, өгүүлбэрүүд тухайн цаг үеийн өнгө төрх, Монголын дотоод болоод гадаад хүчин зүйлийг үнэн бодитойгоор тодорхойлж чадаж буй мэт санагдаж байна. Яагаад гэвэл бид өөрсдөө бас тэр цаг үеийн амьд гэрчүүд юм. М.С.Горбачев гэдэг хүн өөрчлөн байгуулалтыг ЗХУ-д эхлүүлэхдээ социализмыг уг үндсээр нь устгаж алга болгон булшлахыг гол зорилгоо хараахан болгоогүй бөгөөд гажуудал согогыг нь засч сайжруулахыг л хүсэж байсан юм гэж Оросын нэг биш түүхчид, улстөр судлаачид бичсэн байдаг. Харин М.С.Горбачев өөрийн санаачилж эхлүүлсэн өөрчлөн байгуулалтыг социалист системийн бусад улс орноор дэмжүүлж сайшаалгахыг, дэлгэрүүлж нийтийг хамруулахыг хүсч байжээ. Түүнд нь Л.И.Брежневийн үеийн удирдагчид, өөрөөр хэлбэл олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн гэсэн эрхэм хүндэт цол гуншинтай социлаист улс орнуудын тэргүүн нар тийм ч таатай уриалгахан хандаагүй байж мэднэ. Айж болгоомжилсон, сэрэмжилж гайхалзаж, эргэлзэж тээнэгэлзсэн байр суурьтай удирдагчид нэг биш байжээ. Тэдний нэг нь БНМАУ-ын нам, төрийн тэргүүн Юмжаагийн Цэдэнбал байв. Өмнө нь Монголд айлчлан ирж байсан, үүнийг мэдэж мэдэрсэн М.С.Горбачевт энэ нь тийм ч таатай сайхан зүйл биш байлаа. Социалист улс орнуудын хуучин сэтгэлгээтэй удирдагчид, түүний дотор Ю.Цэдэнбал түүний өөрчлөн байгуулалтад саад болох магадлал өндөр байжээ. Тийм учраас М.С.Горбачев 1984 онд Юмжаагийн Цэдэнбалыг “эрүүл мэндийн” гэх шалтгаанаар нам, төрийн бүх албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг Москвагаас амжилттай удирдан зохион байгуулж чадсан байна. Энэ бол социалист системийн хэмжээнд “их цэвэрлэгээ” эхэлж буйн нэг ёсны анхны дохио байсан нь бусад социалист улс оронд сүүлд яг энэ схемээр үйл явдал өрнөж давтагдсанаар батлагдаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл хуучирч хоцрогдсон сэтгэлгээг өөрчилж шинэчлэх замаар социализмыг “сайжруулах” хувьсгалт үйл явц эхэлжээ гэж ойлгож болох юм.
Ийм цаг үеийн тухай Дарь.Сүхбаатар ярьж байна. Өөрчлөн байгуулалтаас санаа авч сэрж сэргэсэн залуусын нэг төлөөлөл болсон УБДС-ийн оюутан Дарь.Сүхбаатар “Ер нь өөрчлөн байгуулалтыг дэмжих хамгийн гол хүч бол оюутнууд юм гэж тухайн үед би бодоод, оюутнуудыг юугаар хөдөлгөх вэ, ерөөсөө л хэвлэлээр хөдөлгөе гэж бодсон. Оюутнуудын эрх үүргийг хамгаалсан, оюутны нийгмийн идэвхийг сэргээсэн, тэднийг өөрчлөн байгуулалтад уриалсан хэвлэл санаачилъя гэж бодоод “Цагийн толь” гэдэг нэртэй сонин гаргасан. Нэрний тухайд бол ойлгомжтой, цаг үеийнхээ толь байх зорилготой байв. 1988 оны 10 дугаар сард Д.Нацагдоржийн бүрх малгайтай хөргийг манай сургуулийн зургийн ангийн оюутан Бүрнээ зураад “Гагцхүү наран хэвээр үлдмой” гэсэн зохиолчийн шүлэгнээс уриа болгож ишлэв. Сүүлд сонин маань хаагдах үед Намын Төв Хорооноос “наран хэвээр үлдмой” гэсэн чинь юу гэсэн үг юм. Нарнаас бусад өөр юуг өөрчлөх гээд байгаа юм гэж асууж байсан гэдэг. Оюутнууд маш сайхнаар дэмжсэн, бүр багш нар хүртэл талархан хүлээж авсан. Тухайн үеийн багшийн дээд сургуулийн намын хорооны дарга Батхишиг гэдэг хүн даргынхаа хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч биднийг зоригжуулж дэмжсэн. Манай сургуулийн ректор доктор Отгонсүрэн багш, хэл шинжлэлийн ухааны доктор профессор Төмөртогоо багш дэмжив. Энэ олон алдартай багш нар, намын хорооны дарга дэмжинэ гэдэг бол асар том дэмжлэг байсан. Тэр битгий хэл намын хороо өөрийнхөө мэдлийн ганц хувилагч машинаа бидэнд өгч хэрэглүүлж байлаа. Цаасаа бид өөрсдөө олж, тэр машинаар эхлээд 500 хувь, дараа нь 1000 хувь, гурав дахь дугаар нь бүр 2000 хувь гарч нэг төгрөгөөр худалдаж байлаа. Тэгэхэд “Үнэн” сонин 15 мөнгө байж байгаад 35 мөнгөд хүрч байсан санаж байна. “Цагийн толь” сонин гурван дугаар гараад хаагдсан.
Сонины редакцийг УБДС-ийн утга зохиолын нэгдэл бүрдүүлсэн юм. Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Дашдондов сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, утга зохиолын нэгдлийн гишүүд “Цагийн толь” сонины редакцийн гишүүд болж байлаа. Сонины бүх зүйлийг бид гараар хийдэг байсан. Олон ширхэгээр хувилах учраас эхээ бичгийн машин дээр маш сайн тодоор гаргадаг байлаа. Тэр бичгийн машин нь академич Төмөртогоо багшийнх байсан гээд бодоорой. Ер нь сонины анхны дугаар гармагц л шууд борлогдож эхэлсэн.
Тухайн үедээ сониндоо маш сонирхолтой материалууд оруулах гэж хичээж байв. Энэ нь дуулиан шуугиан болоод МУИС, бусад сургуулиудаар тарчихсан. Анхны дугаарыг үзээд л дараагийнх нь дугаарыг хүлээдэг эрэлттэй болчихсон байлаа. Манай сонин хаагдсаны дараа 1989 онд МУИС-ийн утга зохиолын нэгдлийнхэн, өөрөөр хэлбэл Ш.Сүхбаатар тэргүүтэй нөхдүүд “Эрдэм” нэртэй сонин гаргах болсон. Тэгэхдээ зөвхөн сургуулийнхаа дотоод амьдралыг бичдэг байв. Бид нар шиг хальж нийгмийн хурц сэдэв рүү орж асуудал дэвшүүлж чадаагүй.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонины
2020.9.15 № 178 (6403)