С.УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа ИНЕГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга, доктор Т.Батжаргалыг урилаа.
ТУЛГАМДАЖ БАЙГАА ОЛОН АСУУДЛЫГ ЖИЖИГ, ХӨНГӨН НИСЭХ ОНГОЦООР ШИЙДВЭРЛЭНЭ
Блиц:
1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Фрунзе хотын Нисэх хүчний дунд сургуулийг сөнөөгч онгоцны нисгэгч, 2002 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Иргэний нисэхийн академийг инженер нисгэгч-агаарын тээврийн удирдлага мэргэжлээр төгссөн. Байлдааны сөнөөгч “МИГ-21” онгоцны нисгэгчээр ажлын гараагаа эхлэн улс орноо батлан хамгаалах албанд хүчин зүтгэж, дараа нь “АН-2” онгоцны нисгэгч болж эх орныхоо ой мод, бэлчээр, газар тариаланг элдэв хөнөөлөөс хамгаалах, хөдөө сумдад зорчигч тээвэрлэх зэрэг иргэний агаарын тээврийн ажил үйлчилгээ эрхэлж, 2000 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэн, хэлтсийн дарга, ерөнхий менежер, Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалыг хашиж байна. Т.Батжаргал саяхан Менежментийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.
- Би ШУТИС-ийн харьяа Бизнесийн ахисан түвшний сургуульд доктор /Ph.D/, дэд профессор Г.Баттүвшин, Г.Ганчимэг нарын удирдлага дор “Монгол Улсад ерөнхий зориулалтын нисэх онгоцны хэрэглээг өргөжүүлэх стратеги менежментийн асуудал” сэдвээр эрдмийн зэрэг өнгөрсөн зургадугаар сард хамгааллаа.
Монгол Улсад энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан анхны нисгэгч болсондоо ихэд бэлгэшээж, бас амьдралд хэрэгжүүлэхээр шамдаж байна. Ер нь шинжлэх ухаан техникийн үсрэнгүй хөгжил, инновацийн болон мэдээллийн технологийн хурдыг даган нийгмийн хөгжил, амьдралын хэмнэл хурдассан өнөө цаг үед хол замд зорчиход тээврийн хэрэгсэл илүү хурдан, тохилог, аюулгүй байхыг шаардах болсон.
Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрийн дурын цэгээс хүссэн газарт шуурхай, аюулгүй хүргэх тээврийн хэрэгсэл бол яах аргагүй нисэх онгоц, нисдэг тэрэг юм.
Дэлхий нийтэд ерөнхий зориулалтын нисэх асар хурдтай хөгжиж, хэрэглээ түгээмэл болж байгаа өнөө үед манай улс ч энэхүү орчин үеийн агаарын тээврийн хэрэгслийг дотоодын нөөц бололцоон дээрээ тулгуурлан хөгжүүлж үр ашгийг нь хүртэх хэрэгтэй.
Иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч агаарын тээвэрлэгчдийг дан ганц дотоод, гадаадын зорчигч тээврийн арилжааны нислэг үйлчилгээгээр хязгаарлалгүй нийгэм, эдийн засаг, аж ахуйн олон салбарт зах зээлийн орчинд хоршин ажиллах боломжтой. Манай улсад орон нутгийн зорчигч тээврийн тогтмол нислэгийн үйлчилгээ сүүлийн 30 жилийн турш уналтаас гараагүй, ерөнхий зориулалтын нисэхийн салбар дорвитой хөгжиж чадахгүй эхлэл төдий байна. Орон нутагт зорчиход арилжааны зорчигч тээврийн нислэгийн хатуу цагийн хуваарь, маршрутад захирагдалгүй, аэропортын бүртгэл, ачаа тээшинд цаг алдалгүй дурын үед зорчин явахад амар хялбар, хурдтай, орчин үеийн тохилог, агаарын такси маягийн хөнгөн жижиг агаарын хөлөг худалдан авч хувийн хэрэглээнд эзэмших сонирхол ихэсч байгаа нь агаарын тээврийн зах зээлд шинэ төрлийн эрэлт хэрэгцээг бий болгож байна.Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнесийн салбар, жирийн иргэд өргөнөөр ашиглах жижиг, хөнгөн нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг дэлгэрүүлж, нийгмийг хамарсан ерөнхий зориулалтын нисэх онгоцны нислэг үйлчилгээ, хэрэглээг өргөжүүлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ахиц дэвшил гарна.
“General aviation” гэгдэх “Ерөнхий зориулалтын нисэх”-ийн үйлдвэрлэл, хэрэглээг өргөжүүлснээр тулгамдаж байгаа олон асуудлыг жижиг, хөнгөн нисэх онгоцны оролцоотойгоор шийдвэрлэнэ. Тиймээс Ерөнхий зориулалтын нисэхийг Монголын онцлогт тохируулан хөгжүүлэхийг хуульчилж “Жижиг нисэх”, “нийтлэг үйлчилгээний нисэх” зэргээр нэр томьёог хэвшүүлэх хэрэгтэй. Дэлхий дахинд 420000 гаруй ерөнхий зориулалтын нисэхийн агаарын хөлөг ашиглаж байгаа нь бүх нислэгийн хувь, агаарын хөлгийн 89 хувийг эзэлж, зах зээл хөгжсөн орнуудын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байна. АНУ-д л гэхэд ерөнхий зориулалтын нисэхээс жилд 219 гаруй тэрбум ам.доллар тус улсын эдийн засагт эргэлдэж дөрвөн тэрбум ам.долларын татвар төвлөрүүлж байна. Ерөнхий зориулалтын нисэхэд хамаарах 199.927 нисэх онгоц байгаа нь Америкийн агаарын хөлгийн паркийн 96 хувийг эзэлж, жилд дунджаар 25 сая цагийн нислэг үйлдэж байдаг.
БАЙГАЛИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭЖ, ЭДИЙН ЗАСАГ ХЭМНЭХЭД ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХ ОНГОЦ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ
-Манай улсын хувьд иргэний нисэхийн салбарын үндсэн суурь хэсэг болох ЕЗН-ийн хэрэглээг өөрийн орны онцлог, нөхцөлд тохирсон зохистой хэлбэрээр өргөжүүлж нисэхийн салбарт бизнес эрхлэгч хувийн хэвшил, иргэдийн сонирхол оролцооноос гадна төрийн бодлого зохицуулалттайгаар юун түрүүнд байгаль экологт тулгарч буй гамшиг сүйтгэлийг хязгаарлан, хор хохирлыг багасгах, улмаар эдийн засгийн хэмнэлт, үр ашиг бий болгох боломжтой. Монгол оронд жил бүр тулгардаг томоохон гамшгийн нэг ой, хээрийн түймрийн улмаас сүүлийн 13 жилд 623.6 тэрбум төгрөгийн хохирлыг байгаль экологи, улс орны эдийн засагт учруулсан гэсэн тооцоо бий. Мөн тариалан эрхлэгчид талбайн хогтолт, ургамлын өвчинтэй тэмцэх ажлыг газрын техникээр гүйцэтгүүлж байгаа боловч энэ нь эргээд тарьсан тариагаа их хэмжээгээр гатлаж сүйтгэдэг. Үүнээс болж жилд хурааж авах улаан буудайн ургацын 20 орчим хувийг авч чадалгүй талбайд нь хаядаг гэсэн тооцоо байна. Мэргэжлийн байгууллагын судалснаар өнгөрсөн онд ойн бүсийн 2.977.100 га талбайд хортон шавьж тархаж 322.000 га талбайд хөнөөлийн голомт үүсгэн шилмүүст ойг сүйтгэж байна.
Тухайлбал, ой хээрийн түймрийн гарз хохирлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шуурхай унтрааснаар олон тэрбумын үргүй зардлыг бууруулна. Бэлчээр, хадлангийн талбайг хөнөөлт мэрэгч, хорлогч шавьжнаас хамгаалах ажлыг богино хугацаанд их га талбайг хамруулах, хөдөлмөр хөнгөвчлөх, экологийг зохистой хэмжээнд барих, мал сүргийн тогтвортой өсөлтийг хангах, ашиг шимийг нэмэгдүүлэхэд шууд болон тойруу замаар нөлөөлнө. Ойн хортон шавьж устгахад үр дүн багатай энгийн механик аргыг халж авиахимийн аргыг хэрэглэснээр богино хугацаанд олон мянган га ойн санг хамгаалах ажлын цар хүрээ, үр дүн нэмэгдэнэ. Тариалангийн талбайн хог ургамал, өвчин, хөнөөлт мэрэгч, хортон шавьж устгахад болон үр тарианы болцыг түргэтгэх зорилгоор авиахими хийснээр технологийн хугацаанд бага зардлаар өндөр үр дүнтэй гүйцэтгэж тарьсан ургамлаа гаталж сүйтгэлгүй га тутмын ургац доод тал нь гурван центр буюу илүү ихээр нэмэгдэх, үр тарианы аж ахуйн нэгжүүдийг ашиг орлог арвижиж хүн амыг дотоодын чанар сайтай улаан буудайн гурилаар бүрэн хангахад Ерөнхий зориулалтын нисэх чухал үүрэгтэй. Мөн Батлан хамгаалах, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг төрийн байгууллагын шуурхай ажиллагаанд ахиц гарч чадамжийг сайжруулна. Геодези зураг зүй, зэрлэг ан амьтадын байршил, тоо толгой, шилжилт хөдөлгөөнийг тогтоох, нисэх спорт, шүхрийн клубыг олон улсын түвшинд хөгжүүлж, гадаадад өндөр зардлаар бэлтгэдэг арилжааны болон хувийн нисгэгч, инженер техник механикч гэх мэт нисэхийн үндсэн мэргэжлийн боловсон хүчнийг хямд зардлаар дотооддоо сургаж нисэхийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах боломж бүрдэх юм.
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлснээр алслагдмал сумдад агаарын тээврийн үйлчилгээгээр төр засгийн бодлого, нийгмийн үйлчилгээг зах хязгаар нутагт тэгш хүргэнэ. Харин замын түгжрэлтэй нийслэл хотын дотор жижиг нисдэг тэргийг эмнэлгийн түргэн тусламжийн болон төрийн тусгай үйлчилгээнд ашиглах боломжтой. Аялал жуулчлалын салбарт аюулгүй байдал хангасан, тохилог, хурдан шуурхай агаарын хөлгөөр үйлчлэх болсноор монголыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх, дотоодын аялагчид цаг хугацааг илүү ашигтай өнгөрүүлэх, эдийн засгийн үр ашиг нэмэгдэхэд нөлөөлөх зэргээр маш олон ач холбогдол, үр өгөөж гарах болно.
750 ТЭРБУМЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ “ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАХ ЁСТОЙ
-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших “Хөшигийн хөндий”-д Япон Улсын зээлийн хөрөнгөөр баригдсан олон улсын шинэ нисэх онгоцны буудлаас олон улсын болон орон нутгийн зорчигч тээврийн бүх нислэгүүд үйлдэгдэх болно. Одоо ашиглаж байгаа Чингис хаан нисэх буудлын бүх үйл ажиллагаа шинэ нисэх рүү шилжсэнээр “Чингис хаан” нисэх буудлын цаашдын ашиглалтыг хэрхэн зөв зохистой авч үлдэх вэ гэсэн асуудал урган гарч байна. Энэ талаар төрийн болон хувийн хэвшил, бизнесийн олон байгууллага, хүмүүс янз бүрийн санал гаргаж байна. Тур тусмаа барилгын бизнес эрхлэгчид одоогийн нисэх буудлын хамгаалалтын бүсийн 520 га газарт аль хэдийн орон сууцны хорооллын барилга барихаар зураг төсөл үйлдэн Барилга хот байгуулалтын яамаар дэмжүүлээд явж байна. Харин иргэний нисэхийн салбарын мэргэжилтэн, албаны хүмүүс хуучин нисэх буудлыг зориулалтынх нь дагуу авч үлдэх хүсэл зорилгоо төр засгийн удирдах дээд байгууллагад уламжилж улмаар Засгийн газраас ч зориулалтын дагуу ашиглах шийдвэр гаргасан. Дэлхийн улсуудын туршлагаас үзэхэд шинэ нисэх буудал ашиглалтад орсон ч хуучин нисэх буудлаа зориулалтынх нь дагуу тэр чигт нь авч үлддэг.
Буянт-Ухаагийн олон улсын нисэх буудлын өнөөгийн үнэ цэнэ бараг 300 сая ам.доллар буюу 750 тэрбум төгрөгт хүрч байна. “Чингис хаан” ОУНБ-д иргэний нисэхийн тодорхой үйлчилгээнүүдээ авч үлдэн, хөгжлийн шинэ хэрэгцээг угтуулан үйлчлэх боломжтой.
Буянт-Ухаа дахь “МИАТ” ТӨХК-ний Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар Иргэний нисэхийн ИНД-145 дүрмийн дагуу гэрчилгээжсэн АМО/01 дугаартай Монгол Улсын анхны зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллага. Үзүүлж буй техник үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах, инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг өндөр түвшинд хүргэхэд онцгой анхаарч ирсэн нь иргэний нисэхийн төдийгүй бусад чиглэлийн олон улсын стандарт, чанарт хүрснийг харуулж байгаа юм. Үүнээс харвал агаарын хөлгийн их засвар, техникийн үйлчилгээг экспортын томоохон салбар болгон хөгжүүлэх боломж, ирээдүй харагдаж байна.
“ЧИНГИС ХААН” ОУНБ-ЫН ДЭД БҮТЦИЙГ ХЭВЭЭР ХАДГАЛЖ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАРЪЯ
- “Буянт-Ухаа” дахь нисэх буудлаа дэлхийн бусад орны жишгээр зориулалтынх нь дагуу авч үлдэж, нисэхийн аж үйлдвэрийн цогцолбор парк хэлбэрээр цаашид төрөлжүүлэн хөгжүүлж чадвал үндэсний хэмжээнд нэмүү өртөг шингэсэн, бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий, жилд 50 сая долларын борлуулалттай, 1000 гаруй нарийн мэргэжлийн ажилтныг ажлын байраар хангах ирээдүйтэй. “Буянт-Ухаа” дахь нисэх буудлын барилга байгууламж, хашаа хамгаалалтын бүсийн хашаан дотор нэмж олон тооны ангар барьж нисэх онгоцны төрөл, ангиллаар нь засвар үйлчилгээний газруудыг төрөлжүүлэх, иргэдийг хувийн агаарын хөлөг эзэмших худалдан авахад хил гаалийн уян хатан бодлого барих, мэргэжлийн зөвлөгөө өгөх зайлшгүй шаардлага гарч байна. Юуны өмнө одоо байгаа чадвараа улам сайжруулан өргөтгөж цаашид бие даасан төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулж улмаар нисэхийн аж үйлдвэр болгон хөгжүүлэх нь оновчтой юм.Техникийн үйлчилгээний хүрээг тэлж Боингоос гадна Аэрбусын хөлгүүдэд техникийн үйлчилгээ үзүүлж Аэрбус А-320 хөлгийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэж, зах зээлээ гурав дахин өсгөх боломжтой. Мөн цаашид энэ чиглэлээр техникийн үйлчилгээ явуулахад БНХАУ болон АНУ-ын Иргэний Нисэхийн Удирдах газруудын эрхийн гэрчилгээг авах шаардлагатай.
Монголын Иргэний нисэхийн салбарын инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн мэдлэг чадавх, дотоодын нөөц бололцоог ашиглан жижиг хөнгөн нисэх онгоц угсарч үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлснээр нисэх онгоцны аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь тавигдана. Үүнийг хийхийн тулд үйлдвэрлэл бүтээгдэхүүний эрэл хайгуулыг одооноос эхлүүлэхэд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Агаарын хөлгийн засвар, үйчилгээний газрыг өргөжүүлэхэд Засгийн газраас бодлогоор дэмжиж, нэгэнт асар их хөрөнгө зарцуулж, бүтээн байгуулсан, одоо ашиглаж буй Буянт-Ухаа дахь “Чингис Хаан” ОУНБ-ын дэд бүтцийг хэвээр нь хадгалж, агаарын хөлгийн болон эд ангийн засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор барьж нисэхийн аж үйлдвэрийн паркын үндсийг тавих боломж байна гэж үзэж байна.
Бүс нутгийн улсуудын нисгэгч болон инженер бэлтгэх сургалтын төв, ерөнхий зориулалтын агаарын хөлгийг угсрах, үйлдвэрлэх, техник үйлчилгээний газрууд байгуулж болно. Мөн хувийн эзэмшлийн нисэх онгоц, нисдэг тэрэгний нэгдсэн зогсоол, засвар үйлчилгээ зэргээр өргөн хүрээнд ашиглах аж үйлдвэрийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх боломжтой түшиц газар болно. Ерөнхий зориулалтын нисэхийн чиг үүргийн дагуу ашиглахын зэрэгцээ Батлан хамгаалах, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын агаарын хөлгийн парк ашиглалт бий болгож, улмаар төрийн байгууллагуудын шуурхай ажиллагааны чадамж дээшлэнэ.
Хот дотор эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх, ахуйн гал түймэр унтраах, барилгын материал ачааг өндөрт гаргах зэрэг төвөгтэй ажил үүргийг богино хугацаанд үр дүнтэй шуурхай гүйцэтгэх Ерөнхий зориулалтын нисэхийн ангилалд хамаарах нисдэг тэрэгний хэсгийг байнгын бэлэн байдалд байлгаж дуудлага хүлээн авбал хотын аль ч цэгт хамгийн богино хугацаанд хүрч шуурхай арга хэмжээ авах бололцоотой. Ийнхүү орхигдож буй Буянт-Ухаа дахь нисэх буудалд нисэхийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдсанаар Монгол Улс нисэх онгоц үйлдвэрлэгч, зах зээлд нийлүүлэгч орон болж нэр хүнд өсөхийн зэрэгцээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах боломж бүрдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.7 ДАВАА № 172 (6397)