Д.Цогтбаатар: Монголын төр хэлмэгдсэн иргэдээ доромжлохыг бид тэвчихгүй

2020-09-04
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Дашнамжилын Цогтбаатартай ярилцлаа.

 

-Маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий А.И.Филатова нарыг цагаатгах асуудлыг  УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа хөндсөн нь хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдэд хүндээр туссан бололтой?

 - Манай улс  жил бүрийн есдүгээр сарын 11-нд хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлдэг. Тэгвэл энэ жилийн энэ өдөр  Монголын хамгийн том хэлмэгдүүлэгчийг цагаатгаж хэлмэгдсэн иргэдээ, тэдний үр хүүхдийг доромжлох гэж байгааг бид эсэргүүцэж байгаа.

Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга,   УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа болон холбогдох газруудад албан бичиг хүргүүлээд хариуг хүлээж байна.  Монгол Улс Төв Азийн анхны ардчилсан улс. Ардчилсан улсын  хэм хэмжээнд ямар  асуудал тавих бол хэвийн үзэгдэл. Тэгэхдээ тоталитар, авторитар дэглэм, түүний удирдагчдын талаар асуудал ярих нь ардчилсан нийгэмд харш үзэгдэл. Үүний  эсрэг   ардчилагчид амиараа дэнчин тавин  тэмцэж   1990 оны хувьсгалыг хийхэд хэлмэгдсэн иргэд, тэдний ар гэр, үр хүүхдүүд хамгийн түрүүнд дэмжин оролцож, гарсан үр дүнг нь  баяртай хүлээж авсан. Өнөөдөр аль нэг иргэний нийгмийн холбоо, ТББ-ууд  Ю.Цэдэнбалыг цагаатгах талаар  ярьж байгаа бол өөр хэрэг. Тэр байгууллага нь хэн нэгэн коммунист удирдагчдыг судалдаг байна уу, шүтдэг байна уу, өөрсдөө коммунист, хуучинсаг сэтгэлгээтэй байна уу хамаагүй, асуудлаа тавьж болно. Харин Монголын төр, тодруулбал  УИХ-ын харьяа  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, тэр  тусмаа АН-ын гишүүн, АН-ыг төлөөлж байгаа ардчилагч хүн коммунист удирдагчийн болон гадаадын хүний асуудлыг зэрэгцүүлэн оруулж ирж байгаа нь маш ноцтой. Ардчилагчдын үйл хэрэг, ардчилсан хувьсгалын гавьяа, хүний эрх, эрх чөлөө, хэлмэгдсэн иргэдийн итгэл сэтгэл рүү шууд нулимж,  монголчуудыг   талцуулж хагаралдуулж байна. Цаашид үүсэх хариуцлагыг хэн хүлээх вэ. Өнөөдөр, орчин цагт хүний эрхийн асуудал, бизнесийн эрх ашгийн зөрчил маш ихээр гарах болж, улмаар эдийн засгийн хэлмэгдүүлэлт Монголын нэг иргэний хувьд үүсэх боллоо.  Тэгвэл, Монголынхоо жирийн иргэнийхээ төлөө Монголын төр ингэж их ач холбогдол өгдөг бил үү. Хэн нэгэн хуучин нийгмийн даргын төлөө үхэн хатан явж байдаг. Энэ бол хувь хүний гэхээс илүү нийгмийн асуудал шүү дээ.

- Та Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн, хэлмэгдүүлэлтийн талаар бодитой мэдээлэлтэй, судалгаатай хүн. Тэгвэл өнөөгийн залуус хэлмэгдүүлэлтийн тухай сайн мэдэхгүй, уншиж судалдаггүй?

- Манай холбоо 1990-ээд оны Ардчилсан хөдөлгөөнүүдийн нэг бүрэлдэхүүн хэсэг,  Монголын анхны ууган төрийн бус байгууллагын нэг. Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалд анхнаас нь тууштай оролцож бодитой хувь нэмрээ оруулж ирсэн. Ардчилсан хувьсгалын үйл явцад оролцож, Монголын улс төрийн буурал түүхэнд гарсан “Цуст яргалал, залхаан цээрлүүлэлт”-ийг өөрөөр хэлбэл, ард иргэдийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл, “геноцит”-ийн талаар болон коммунист удирдагчдын алдаа завхралыг  ард түмэндээ ойлгуулж, жигшүүлснээр  Ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэхэд бодитой түлхэц болсныг тухайн үеийнхэн сайн мэднэ.  Түүх сөхвөл, 1992  оны анхны ардчилсан сонгуульд манай холбооны дөрвөн хүн Ардын Их Хурлын депутат болж, Ц.Лоохууз гуай    АИХ-ын дэд даргаар сонгогдож байсан улс төрийн уламжлалтай байгууллага. Шинэ Үндсэн хуульд Хүний эрхийн  II  бүлгийн 18 заалтыг оруулахад манай холбооны гишүүд бодитой хувь нэмэр оруулж, /Ц.Лоохууз, Баасанжав, Цэрэн, Тангад/ чухал үүрэг гүйцэтгэсэн.

- Танай байгууллагын дүрэм, журам, зорилго юу вэ?

-Холбооны дүрмийн нийтлэг үндэслэлийн 1.1 дэх заалтад ”Монгол Улсад улс төрийн шалтгааны улмаас хэлмэгдэлд өртсөн хүмүүсийг нарийвчлан судлан тогтоох, цагаатгуулахын төлөө тууштай тэмцэх, хэлмэгдлийн хор уршгийг арилгах, хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх баталгааг, дархлааг бүрдүүлэх...хүний эрхийн манаанд тууштай зогсож, дэмжих үйл хэрэгт хувь нэмрээ оруулах нийтлэг зорилго, эрх ашгийн үүднээс сайн дураараа нэгдсэн...” гэж заасан байдаг. “Нарийвчлан судлан тогтоох...”  гэдэг нь Ю.Цэдэнбал  зэрэг хүмүүсийг аль нэгэн хэлмэгдүүлэгчийг нарийвчлан судалж цагаатгалд хамруулахгүй гэсэн санаа байгаа биз дээ.

 2.1.1 дэх заалт “Улс төрийн дарангуйллын хэв шинжийн эсрэг дархлаа бүхий иргэний ардчилсан нийгэм байгуулахад боломжтой бүхий л аргаар туслалцаа дэмжлэг үзүүлэх” гэдэг нь аливаа гаж урсгалын эсрэг төртэй хамтран ажиллана... гэсэн байна. Мөн 2.1.2 дах заалтад “Тоталитар, авторитар  тогтолцоо руу эргэж орох, түүний хэв шинжийг аль нэг байдлаар хадгалж, үлдэх гэсэн аливаа оролдлоготой эвлэршгүй тэмцэх, өнгөрсөн ба орчин үеийн хэлмэгдүүлэлт болон улс төрийн завхралыг хамгаалж зөвтгөсөн, хаацайлан халхавчилсан байдлыг үл тэвчих, энэ бүхнийг хөхиүлэн тэтгэх сэтгэлгээг эвдэх, нийгмийн дунд өвлөгдөж, хадгалагдаж ирсэн бусармаг дадал хэвшлээс ангижрах...” гэж тодорхой заасныг ноцтойгоор харшилж байгаад холбооны мянга мянган гишүүд, дэмжигчид дургүйцэж байгааг танай сониноор дамжуулж илэрхийлье.

-Тухайн үед Н.Лхамсүрэн, Д.Дамба, Л.Цэнд, н.Цагаанхүү гээд олон удирдагч, олон оюунлаг сэхээтэн Ю.Цэдэнбалын цөллөгт эмгэнэлтэй үрэгдсэн.  Гадаад харилцааны сайд  С.Аварзэдийг  “Оросын эсрэг үзэлтэн” гэж зарлаад Монгол дахь оросуудын мэдлийн СОТ-2 нэгдлийн  жолооч болгож байсан. Хугацаагүй цөллөг нь ангал руу түлхээд мартсантай адил  гэж уншиж байлаа.   Таны аав ээж, ах дүүс, та өөрөө амьдралаараа, биеэрээ амсаж туулж ирсэн зам ямар байв?

-Хэлмэгдүүлэлтийг 2-3 хувааж үздэг. Лам нарыг буудаж, сүм хийдийг шатаасан тухай  бол  түүхээс бүгд мэддэг. Харин 1960, 1970, 1980, 1990-ээд оны үеийн хэлмэгдүүлэлтийн талаар сайн мэддэггүй, хүмүүс ч тэр бүр ярьдаггүй. Шинэ үеийн сэхээтнүүд дөнгөж төрж байсан эхлэл. Өөрөөр хэлбэл, 1930-1940-өөд он шувтарч, 1950-аад оны засаг, төр  бүрэлдэж, Монголын орчин үеийн сэхээтнүүд  бойжиж байсан үе. Яг энэ үеийн хэлмэгдүүлэлт ерөөсөө маршал Ю.Цэдэнбалтай шууд холбоотой. 1940-1984 оны хэлмэгдүүлэлт тэр хүний шууд удирдлагад явсан. Өөрөөсөө дээш гарах вий гэхдээ, мэдлэг, боловсролтой сэхээтнүүдийг хэлмэгдүүлж, цөлж байсан “Сэхээтний эрлэг” байлаа. Яагаад оросууд тэр хүнд эхнэр авч өгөөд байдаг юм бэ гээд нарийн ширийн зүйлийг яривал тэр хүн цаанаас хэн нэгний төлөөлөгч, захиалгат удирдагч байсан нь  харагддаг. Ийм хүнийг бид өнөөдөр магтан дуулж, Монголын бүх амжилт, бүтээн байгуулалтыг түүнд наалдуулна гэвэл өрөөсгөл. Энд чинь олон мянган ажилчид, хөдөлмөрийн хүмүүс, сэхээтнүүдийн хөлс хүч шингэсэн. Өнөөгийн залуус хэлмэгдүүлэлтийг өөрийн биеэр үзээгүй учраас ойлгохгүй. Хүн биеэр үзэнгүүтээ ямар аймшигтай болохыг нь мэдэрдэг. Түүнээс урьдчилж хардаггүй. Урьдчилаад “Энэ хүний амьдралд ийм зүйл тохиолдсон шүү. Гажуудлыг засахын төлөө дуугарахгүй, тэмцэхгүй бол  надад тэр нь тохиолдох юм байна шүү” гэж боддог бол. Эсвэл энэ хүний эрх ингэж зөрчигдсөн юм чинь надад хэзээ нэгэн цагт тулгарах юм байна шүү гэдгийг хүн ойлгох ёстой юм. Тиймээс хүний эрхийн хамгаалагч болох ёстой юм. Хүний эрхийн хамгаалагч гэдэг өөрийгөө болоод бусдыг хамгаална гэсэн үг. Тиймээс нөхцөл байдлыг урьдчилж тооцоолж харах ёстой. Тэгэхгүйгээр хүний амаар энэ хүн сайн гэвэл сайн гээд, муу гэвэл муу гээд явж таарахгүй. Тэгэхээр залуус өөрсдийн болоод  найз нөхдийн, цаашлаад хүмүүсийн амьдралд  тохиолдсоныг өөрт тохиолдож болзошгүйг сайн харж чаддаг байвал хэлмэгдүүлэлт гэдэг зүйлийг ойлгоно. Гэтэл тэгж чадахгүй хүмүүсийн амьдрал бүгд сайхан байсан мэтээр бодоод байдаг. Байртай, машинтай, гар утастай сайхан амьдрал, сайхан нийгмийг социализмаас хүлээж авсан мэт бодоод байдаг. Гэтэл бид тийм нийгмийг хүлээж аваагүй. Тэр үед бүх зүйл хаалттай байсан. Би гэхэд л хүний эрхийн зөрчил, балмад үйл ажиллагааг биеэрээ туулж, 7-9 настайдаа хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр болох давсан дээр ажиллаж, гараа цэврүүтүүлж, цус, хөлж, шорвог давс нийлэхээр байхын аргагүй болдгийг та нар мэдэх үү. Өөрөөр хэлбэл хоёр нийгмийг биеэрээ туулж, улмаар яс махаараа мэдэрсэн хүн. Тэр үед “Намын эсэргүү бүлэг” гээд  баригдаж цөлөгдсөн таван толгойлогчдын дотор аав, нагац ах хоёр минь байлаа. Бид “Эсэргүүний хүүхэд” гэж цэцэрлэг, сургуулиас хөөгдөж, тэр байтугай хутгалуулж явсан “Цэдэнбалын сорви”  миний биед  бий.  Гэхдээ хүний эрх, аавын минь эрх, ээжийн минь эрх хэрхэн зөрчигдсөнийг нүдээрээ харж, биеэрээ туулаад давж гарах ёстой гэсэн сэтгэлгээ дархлаа сууж өсөж төлөвшсөн хүн. Одоо ч гэсэн надад ямар нэгэн бэрхшээл тулгарахад тэрийг давж гарна гэсэн ойлголт байхаас шантрах, сандрах, сэтгэл санаагаар унах зүйл надад  байдаггүй.

-Маршал Ю.Цэдэнбал улс орондоо ихийг бүтээж хөгжүүлсэн, 44 жил улс орныг удирдсан удирдагч гэж ахмад үеийнхэн маань  дурсдаг. Харин  одоогийн залуучууд түүний тухай бүрэн хэмжээний ямар ч ойлголтгүй байна?

- Залуучуудын буруу биш. Тэдэнд коммунист нийгмийн үнэн дүр төрхийг ойлгуулж чадаагүй нь Монголын төр, бидний буруу. Ю.Цэдэнбал гэдэг хүн коммунист нийгмийн сайн удирдагч, тухайн нийгмийн онол, үзэл суртлыг илэрхийлэгч байсан гэдэг. Тэр хүнийг шүтэж бүр заримдаа түүний төлөө /Монгол Улс өмнөх нийгмийн байгуулалд ямар байсныг Ардчилсан Хойд Солонгос Улсаас жишээ болгож харж болно/ уйлдаг байж болно. Энэ бол хувь хүн Ю.Цэдэнбалын асуудал биш, нийгмийн асуудал яригдах болж байна гэж би түрүүнд хэлсэн. Ардчилсан болон коммунист нийгмийн ялгаа асар их. Онцгой ялгаа бий. Улс орныг олон жил удирдсан нь тухайн нийгмийн нэг хүнийг тахин шүтдэг тогтолцооны үр дүн. Энэ нь улс орныг хөгжүүлсэн гэсэн үг биш. Монголын хөгжлийн явцын бүхий л сайн бүхэн зөвхөн энэ хүнийг ганцаараа хийсэн ажил мэт биед нь наах шаардлагагүй. Нэг хүнийг тахин шүтэх ямар гай зовлон улс оронд авчирдгийг бид түүхээр мах цусаараа мэдэрсэн хүмүүс. Аливаа удирдагч хүн улс орноо авч явах гэж итгэл хүлээсэн бол сайн, мууг хийсэн үйлдлээ аль алиныг хүлээх ёс зүйн чадвартай байх ёстой бол уу. Ер нь улс орноо хөгжүүлсэн гэхээс илүү царцаасан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл,  улам хурдацтай хөгжүүлэх боломж байсан. Монголын баялгийг дэлхийн зах зээлээс олон дахин хямдхан өгч байсныг юу гэж ойлгох болж байна.  Энэ чинь улс орны хөгжлийг хойшлуулж, гадаадын улс оронд илүү боломж олгож, өөрсдийн бололцоогоо алдаж, тэдэнд үг дуугүй үйлчилснийг улс орноосоо урвасан гэж үзэх үү,  улс орноо гайхамшигтай удирдсан гэж үзэх үү. Тухайн үеийн удирдагчид олонх нь аймхай байсан. Зарим нэг удирдагчид улс орон, ард түмнийхээ төлөө  эсэргүүцэл үзүүлэх зүрх сэтгэлгүй байсан гэдгийг олон түмэн мэддэг ч хэлдэг нь цөөн, бялдуучилдаг нь нэг хэсэг байгаа ч, одоо ч маш олон болжээ. Харин улс орон, газар нутаг, тусгаар тогтнол, эх орноо гэсэн сэтгэлгээтэй, зориг зүрх гаргадаг, гадаадынхны эсрэг эсэргүүцэл үзүүлсэн эх орончид 1921-1941 онуудад бүгд алуулсан, цаазлуулсан. Шинэ үеийн сэхээтнүүд 1950-1980-аад онуудад бүгд шорон гянданд хоригдох болж, улмаар тухайн үеийн дарга нарын бодож ад үзэж байсан хамгийн муу ажил /малчин, давсчин, загасчин, нормчин, уул уурхайн тоо бүртгэгчээр...илгээж бие сэтгэлээр нь тамласан. Ийм л сэтгэлгээтэй удирдагчид байсан./-ыг хамгийн бага цалингаар хийлгэж Монголын хязгаар нутаг, байгалийн хүнд нөхцөлтэй газар нутагт цөлж, оюун санаа, эд материалын хохирлыг биеэр амсуулж тамладаг байсны гол буруутан энэ хүн мөн.  Тэгэхээр түүнийг 1940-1980-аад оны үеийн хэлмэгдүүлэлттэй онцгой хамааралтай хүн гэдгийг надаар хэлүүлэлгүй монголчууд  мэдэх нь мэднэ. 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр хангалттай мэдээллийг ард иргэдэд өгсөн. Тэр ой санамж байгаа гэж найдаж байна.

- Маршал Ю.Цэдэнбал 1937-1941 оны  их хэлмэгдүүлэлтэд бол  оролцоогүй,  иргэдээ хэлмэгдүүлээгүй. Хийсэн нүгэл нь байгуулсан гавьяанаасаа бага.     Харин ч монголчууд удирдагчаа хэлмэгдүүлж, тэтгэврийг нь хураасан, гавьяа шагнал, одон медаль, хөрөнгийг нь авсан гэж шүүмжилдэг хүмүүс бий?

- Хүнийг гүтгэж болохгүй. Бодит үнэнийг л хэлэх ёстой. 1940-1980-аад оны үеийн хэлмэгдүүлэгч мөнөөсөө мөн. Гэтэл өнөөдөр тэр хүнийг цагаатгаж,  одон медалийг буцааж олгох ёстой гээд ярих юм. Тэр одон медалийн хажууд амь нас, эрүүл мэндээрээ, амьдралаараа, үр хүүхдийнхээ ирээдүйгээр хохирч, цус  нулимсаа ургаж сүйрсэн    хэлмэгдэгчид, хэлмэгдэгсдийн ар гэрийнхний өнчрөл хагацал, зовлон бэрхшээл  юу ч биш гэж үү. Энэ хоёр ялгаатай байгаа биз. Манай гэр бүл гэхэд 25 жил хугацаагүй, эргэж буцаж харахгүйгээр цөллөгт байсан. Аав маань Өмнөговь аймгийн Гурвантэс сумын  Давсны артелийн хүнд хүчир, хар ажилд өвдөх, хэвтэх, ар гэрээ анхаарах байтугай амарч суух эрхгүй хатуу чанга хараа хяналт дор зүтгэсэн. Ийм хүнд хэцүү амьдрал, хэлмэгдүүлэлт  зөвхөн манай гэр бүл, биднээр тогтохгүй олон хүнд, өчнөөн гэр бүлд учирсан. Өнөөдөр би Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог удирдаж байгаагийн хувьд дуу хоолойгоо хүргэж байна. Үүний цаана ярьж чадахгүй, ярихыг ч хүсэхгүй, айж шантарсан, амьдралын шоконд орсон, насан туршдаа дарамтаас гарч чадахгүй явсаар нас барсан олон хүн бий.

 Та нар бод доо, сүүлийн мөчид маршал Ю.Цэдэнбалыг  оросууд аваад явсныг. Тэд хүнээ л  авсан. Тэр хүн хамгийн боломжтой газраа байж байгаад өнгөрсөн. Орос бол эрүүл мэндийн шинжлэх ухаан хөгжсөн орон. Хүнд өвчин туссан бол тэрийг нь эмчилнэ, түүнээс доройтуулаагүй. Тэгэхээр тэр хүнд бүх боломжийг нь өгсөн. Долоон жил гэрийн хорионд байсан гэж зарим хүн хэлдэг. Тийм зүйл байгаагүй, зүгээр хамгаалалтад орсон. Яагаад гэвэл, тэр хүн тийм нийгмийн бүтээгдэхүүн, тэгээд Оросын талд амжилттай ажиллаж байсан учраас оросууд хамгаалалтдаа авч байна гэсэн үг. Дандаа дарга, сайд хийсэн болохоор жирийн хүмүүсийн амьдралыг үзсэн байж болно. Тэр чинээний түүнээс илүү гай зовлонтой амьдралыг хэлмэгдэгчид, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь 100 дахин нугалаад үзээд туулаад ирсэн.

- Түүхийг гуйвуулах явдал их байна. Сүүлийн үед социалист, коммунист нийгмээс Ардчилсан нийгэм рүү шилжсэн гэж яриад байх боллоо. Энэ үнэн үү?

-/инээв/ Хуучин нийгмийн үзэл сурлын гол зэвсэг бол ард иргэдийн нэг хэсгийг  хууран мэхлэх, зохион байгуулалттай гутаах, зохиомол хэрэг үүсгэх, гацаах, гүтгэх, доромжлох, аливаа зүйлийг зогсоох, царцаах, өөрийн нийгмийн эсрэг зогссон, хандсан өөр үзэл бодолтой бүхнийг хэлмэгдүүлэх явдал. Үүний нэг илрэл наад асуудал бололтой. Коммунист нийгмийг мэдэхгүй залуучууд их сайхан нийгэм байсан гэж ойлгоод байх шиг, сүүлийн үед, тухайлбал 2000 оноос хойш тэгж сурталчлаад өнөөг хүрсэн гэж ойлгогддог. Коммунист нийгэм товчхоноор хэлбэл хаалттай нийгэм. Танд ямар ч эрх чөлөө байхгүй. Дарга нийгэм. Дарга юу хүснэ, юу хэлнэ үг дуугүй тайлбар хэлэхгүй гүйцэтгэнэ. Коммунист нийгэм оршин тогтнож чадахаа байгаад өөрөө нуран унасан тогтолцоо. Өөрөөр хэлбэл коммунист тогтолцоог ардчилсан хувьсгал түргэтгэж унагасан явдал юм. Үеэ өнгөрөөсөн нийгэм байхгүй юу. Тэгэхлээр Ардчилсан нийгэмд шилжсэн биш, сөнөсөн нийгэм.

-Дэлхийн улс орнуудаас коммунист нийгэмтэйгээ үлдсэн  улс орнууд байна уу?

- Ардчилсан Хойд Солонгос /БНАСУ/, Куба ...байна. Энэ л бидний санааг зовоож байна. Коммунист нийгмийн удирдагчдыг судалдаг, хувь хүн, байгууллагууд байж болно. Тэр хүний нэрийг ашиглаад юу ч хийж болох байх л даа. Судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөр, ном бүтээх гээд л... Харин Ардчилсан нийгэмд “коммунист хэлмэгдүүлэгч” гэж тогтоосон байхаас цагаатгах гэдэг асуудал байж болохгүй.

- Тэгэхээр Монголын төр Ю.Цэдэнбал гэдэг хүн иргэдээ  хэлмэгдүүлсэн үү?гэдэг асуулт бас гарч байна?

- Эргэлзэх зүйлгүй Ю.Цэдэнбал иргэдээ хэлмэгдүүлсэн. Захиалагч хүмүүс нь  хэлмэгдүүлсэн үү, нам нь хэлмэгдүүлсэн үү гэдгийг ард нийтээрээ, эрдэмтэн судлаачдаараа сайн тунгаан бодох ёстой. Нарийн судлах асуудал. МАХН /одоогийн МАН/ нь 1990 оны онц  Их хурлаараа Ю.Цэдэнбалын талаар  хэлэлцэн,  хайртай гарамгай удирдагч Ю.Цэдэнбал даргаа намаасаа хөөж, тойрон хүрээлэгчдийг тодруулж, түүнийг бүх албан тушаалаас зайлуулж, шагнал, хэргэм цолыг нь хураасан байдаг. Нам нь шийтгэсэн. Нам нь энэ асуудлаа хэн нэг нь рүү чихэхгүйгээр одоо дахин зоригтой шийдэх ёстой. Тэгж яривал нам нь уучлаагүй байгаа гэж бодож байна. Шүүхээр гэм буруугүйг тогтоогоогүй байхад энэ асуудал яригдах ёсгүй юм.

Тэд үед коммунист систем задран унаж, хуучин социалист улс орнуудын удирдагчдыг тухайлбал, Румын Улсын Ерөнхийлөгч Н.Чаушеску, түүний эхнэр Боловсролын сайд Елэна Чаушеску нарыг ард түмэн нь улс орноо хөгжүүлээгүй, олон сая хүнийг хэлмэгдүүлсэн, ард иргэдээ ядуу амьдруулсан гэсэн үндэслэлээр буудсан, мөн    БНАГУ-ын удирдагч Эрик Хоннеккер, БНБАУ-ын удирдагч Тодор Живков нарыг гэрийн хорионд хорьж шийтгэсэн байдаг, харин Цэдэнбал гуайг хойд хөрш ЗХУ /хуучин нэрээр/-ын хамгаалалтад авч, тусгай эмчийн хяналтад байлгасан байна. Өвчин гэдэг аюултай, хэнд ч тохиолдоно. Өвчний улмаас тэрээр эрүүл мэндийн доройтолд орсныг хайхраагүй, доромжилсон гэж хэлж болохгүй байх. Эрүүл мэндийн шинжлэх ухаан хөгжсөн улс оронд эмчлүүлж байсан. Гэтэл Цэдэнбалын үеийн 1960-1980-аад оны үеийн монголын хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүс эмчийн хяналтад байх байтугай нарийн мэргэжлийн эмч шаардлагатай байна гэж эмч нар оношлоод байхад, хөдөө орон  нутгаас Улаанбаатар руу онгоцоор явуулах гэж байхад нь онгоцноос МАХН-ын Төв хороо,  дээд газрын шийдвэрээр гэж хүчээр онгоцноос буулгасан, мөн 3 дугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хэлмэгдэгчийн эхнэрийг эмчлэхгүй гэж хөөж явуулах зэрэг хүнд баймгүй араатан шиг араншин гаргаж байсан нь ном зохиолын шар хуудсан  бичигдэн үлдсэн байдаг шүү дээ. 

- Цол хэргэм, шагнал бусад зүйлсийг буцааж өгөөгүй, зарим нь завсраас алга болсон гэлцэх юм?

- Монголынхоо иргэдийг ямар ч судалгаагүй, мэдээлэлгүй  юм шиг бодох юм. Хураасан хүмүүс нь өөрсдөө. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуайн үеийн зарлигаар буцааж бүгдийг олгосон байдаг. Гэтэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа бүх зүйлийг нь хураасан хэвээрээ байгаа юм шиг ярьж байгаад харамсаж  байна. Тухайн үеийн   МАХН-ын өмнөөс их санаа зовж өмнөөс нь ярьж байх сэжиг төрүүлж байна даа. 

-Ингэхэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, эсвэл “Цэдэнбал академи” ТББ цагаатгах талаар  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгөөд байна уу?

-Сайн мэдээгүй байна. УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн хэлснээр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс өгсөн юм шиг ойлгогдоод байна. Ер нь дарга байсан хүнийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс өмнө удирдагч, дарга байсан хүний цагаатгах асуудлыг санал болгож оруулж ирдэг, харин жирийн иргэд, хувь хүмүүс болохоор өөрсдөө болон ах дүү нар нь гаргадаг гаж тогтолцоо бий болох гээд байх шиг. Монголын улс төрийн түүхийг судлаад үзэхэд дарга нар илүү хууль зөрчиж, гажуудлыг эхлүүлдэг юм байна лээ.

-Энэ асуудал сөхөгдсөнөөр хэлмэгдэгчид, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, ач, зээ нарыг хүнд байдал оруулаад байх шиг байна?

-Монголын төр хэлмэгдэгчид, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, ач, зээ нар руу “их буугаар” буудаж доромжиллоо. Үүнийг хэлмэгдэгчид хэзээ ч уучлахгүй байх. Харин тэдгээрийн үр хүүхдүүд, ач, зээ нар их тэвчээртэй хүмүүс.

Иймд монголын төр энэхүү алдаагаа үтэр түргэн засах тал дээр ажиллах хэрэгтэй байх.  Хэлмэгдүүлэлтийн талаарх төрийн бодлогоо өөрчлөх цаг нь болжээ гэдэг нь нотлогдож байна. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг 2021 онд МАН-ын 100 жилийн ойгоор устгахыг завдаж байгаагаа зогсоож, улам боловсронгуй болгохыг хойч ирээдүй маань шаардаж байгаа гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.4 БААСАН № 171 (6396)

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

11 цаг 28 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 цаг 53 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

13 цаг 25 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

13 цаг 48 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

15 цаг 2 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

17 цаг 32 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

22 цаг 18 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

22 цаг 18 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

22 цаг 18 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин