Б.ТУУЛ
Анагаахын шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж байна. Энэ хэрээр урологийн тасгуудад робот эмч нар мэс засал хийдэг болжээ. Харин манай томоохон эмнэлгүүдэд ямар эмчилгээ, үйлчилгээ хийгдэж байгаа талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Урологийн тасгийн их эмч А.Ханхонгор, Б.Галбадрах, З.Төгөлдөр нарын зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 2-3 дахь шатлалын эмнэлгүүдэд ачаалал ихтэй ажилладаг тасгуудын нэг нь Урологийн тасаг байдаг. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Урологи-андрологийн тасагт ямар хагалгаа, эмчилгээнүүд хийгдэж байна вэ?
-Урологийн тасаг бол эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн, эрэгтэй эмэгтэйн шээсний замын эмгэг өвчнийг мэс заслын болон эмийн аргаар эмчлэхэд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Манай эмнэлгийн хувьд бөөр, шээсний замын бүх төрлийн эмгэгүүдийг шинжилж оношлох эмчилгээ, үйлчилгээ хийгдэж байна. Сүүлийн үед бөөрний хавдар нэмэгдэх хандлагатай байгаа учраас манай эмч нар бөөрний хавдрын мэс ажилбар дээр анхаарч ажиллаж байна. Мөн түүнчлэн шээс ялгаруулах замын гоо сайхны мэс засал дээр бас анхаарал хандуулан ажиллаж байна.
-Танай эмнэлгийг “Сайд нарын хоёрдугаар эмнэлэг” гэдгээр нь олон хүн мэддэг учраас зөвхөн төрийн албан хаагчид үйлчлүүлдэг гэж ойлгоод байдаг. Иргэд үзлэг, оношлогоо хийлгэхыг хүсвэл харьяа дүүрэг хамаарахгүйгээр үзүүлж болох уу?
-Бололгүй яахав. Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээнд 21 аймаг аль нэг харьяа дүүрэг хамаарахгүйгээр үзлэг, шинжилгээг хийж байна. Хэрвээ мэс засалд орохоор бол харьяа дүүргийнхээ эмнэлгээс 13А маягтаа аваад үзлэг, оношлогоонд хамрагдах боломжтой.
-Сүүлийн үед урологийн тасгуудад түрүү булчирхайн эмгэгтэй хүмүүс олноор хандаж байгаа гэж сонссон. Энэ өвчний шинж тэмдэг, эмчилгээний аргын талаар мэдээлэл өгөөч?
-Түрүү булчирхайн өвчлөл дотроо олон янз бий. Тухайлбал, түрүү булчирхайн хоргүй томрол, архаг үрэвсэлүүд, мөн хортой хавдар гэх мэт олон онош шинж тэмдэг байдаг. Жишээ нь, түрүү булчирхайн хоргүй томрол нь 60-аас дээш насныханд элбэг тохиолддог. Үүнээс арай эрт гэвэл 40-50 насныханд бас тохиолдох нь бий. Ер нь түрүү булчирхай нь нас ахих тусам ямар нэгэн байдлаар томорч байдаг. Эдгээр эмгэгүүдийн хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэгүүд гэвэл, ойр ойрхон шээс хүрэх, сүвээр хорсох, цавиар хатгуулах гэх мэт зовиур дийлэнх тохиолдолд илэрдэг. Тиймээс илүү найдвартай оношлогоо, эмчилгээ хийлгэхийг хүсвэл мэргэжлийн эмчид хандан ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Эмчилгээний хувьд гэвэл тухайн хүний эмгэг аль шатан дээр байна гэдгээс хамаарч эмийн болон мэс заслын гэсэн хоёр төрөл байдаг. Хэрвээ шөнө хоёр гурваас олон босдог, шээхэд маш төвөгтэй байдаг, их дүлүүлдэг, яаж ч дүлж шээгээд шээс үлддэг, ойр ойрхон шээдэг бол мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай болно. Хагалгаа янз бүр. Дурангийн болон нээлттэй хагалгаа мөн янз бүр байна.
-Бөөрний шохойжилттой гэж ярьдаг хүн олон болсон байна. Энэ юунаас үүсдэг өвчин бэ?
-Юуны өмнө эхлээд бөөрний чулуу болон шохойжих өвчний ялгааг тайлбарлаж өгөх нь зүйтэй байх.
Бөөрний чулуу өвчин нь манай оронд элбэг тохиолдох эмгэг юм. Энгийнээр хэлэхэд, энэ нь тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, давс кальцийн хэрэглээ, аминдэмийн дутагдал, бодисын солилцооны болон бамбайн дэргэдэх булчирхайн эмгэг, шээсний замын халдараар байнга өвдөх зэрэг нь бөөрний чулуу үүсэх шалтгаан хүчин зүйл болж байдаг. Мөн бөөр чулуужих өвчин нь дан ганцхан бөөр гэлтгүй давсаг, түрүү булчирхай зэрэгт үүсэх боломжтой. Гэхдээ зарим өвчлөлүүдтэй харьцуулахад байнгын өвдөлт хүндрэл өгдөггүй. Харин үүнийгээ мэдэхгүй явсаар бөөрөнд байсан чулуу унах үед хүнд их хэмжээний өвдөлт учруулдаг. Энэ үед ихэвчлэн эмчид хандаж, чулуутай болсноо мэдэх тохиолдол олон байдаг. Үүнээс үүдэн иргэдэд хэлж зөвлөхөд, зөвхөн өвдсөн үедээ л эмчид ханддаг гэсэн буруу ойлголттой байдаг нь өвчлөл хүндрэх гол шалтгаан болдог шүү гэдгийг анхааруулмаар байна.
-Ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг гэж сонссон. Ямар тохиолдолд хагалгаанд ордог вэ?
-Ихэвчлэн мэс заслын аргаар эмчилдэг. Гэхдээ тухайн хүн амьдралын хэв маягаа өөрчилснөөр тус өвчин үүсэх эрсдлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой. Тухайн чулууны хаана байрлаж байгаа болон ямар хэмжээтэй байна гэдгээс шалтгаалан мэс ажилбарууд янз бүр байдаг. Тухайлбал, 0.5-2 см хүртэлх чулууг гаднаас нь бутлах, уян дурангийн хагалгаа, нээлттэй мэс засал гэх мэт мэс заслын хамгийн сүүлийн үеийн аргуудыг амжилттай нэвтрүүлээд байна. Манай салбарт хийгдэж буй хагалгаануудын 60 орчим хувь нь дурангийн мэс заслууд хийгдсэн байдаг.
-Сүүлийн жилүүдэд бөөрний хавдараар өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна гэх юм. Энэ өвчин юунаас үүдэлтэй вэ. Монголд энэ өвчнийг яаж эмчилж байна?
-Бөөрний олон янзын өвчин бий. Тэр дундаа бөөрөнд чулуу үүсэх, бөөрний хортой, хоргүй хавдрууд, бөөрний гаж хөгжил, тэвшинцрийн эмгэг өөрчлөлт зэрэг өвчнүүдийн хүнд хэлбэрүүд манайд түгээмэл тохиолдож байна. Ихэвчлэн 40-өөс дээш насныханд тохиолддог. Сүүлийн үед 20-30 насныхан ч энэ өвчнөөр оношлогдож байна. Мөн судалгаанаас үзэхэд энэ төрлийн хавдараар голдуу эмэгтэйчүүд өвчлөх нь их байна. Оношлогдох үед 30 гаруй хувь нь өөр ямар нэг эрхтэнд үсэрхийлсэн байдалтай байдаг. Бөөрний хавдар нь бусад эрхтэнүүдийн хавдартай харьцуулахад амьдрах чадвар өндөртэй байдаг учраас аль болох бусад эрхтэн рүү үсэрхийлэхээс өмнө нь мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Үүсгэж буй шалтгаануудаас дурдвал, хамгийн эхэнд тамхины хэрэглээ, зөвхөн бөөр гэлтгүй өөр бусад өвчлөлүүдийг хүндрэхэд нь хоёр дахин их нөлөө үзүүлж байна. Мөн ажил мэргэжлийн шалтгаан, удамшлын шалтгаанаас болж үүсэх магадлалтай байдаг. Тиймээс ялангуяа манай орон шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай газар өвөлдөө даарч хөрөхгүй, дулаан хувцаслах нь бөөр шээсний замын эмгэгээс сэргийлэх бас нэгэн чухал алхам юм.
Бөөрний хорт хавдрыг манай эмнэлэгт ихэвчлэн дурангийн мэс заслын аргаар амжилттай хийж байна. Энэ хагалгаа олон давуу талтай. Хагалгааны дараа тухайн өвчтөнд өвдөлт бага байхаас гадна сэргэх хугацаа нь хурдан байдаг. Мөн хэвлийд наалдац үүсэхгүй. Хагалгаанаас хойш 2-3 хоногийн дараа ямар ч зовиур шаналгаагүйгээр босоод ирнэ. Хагалгаа хийлгэсний дараа хөдөлмөрийн чадвар сэргэх хувь гэж байдаг. Дурангийн хагалгаа хийлгэсэн хүнийг харж байхад дунджаар 7-14 хоногт бие нь хэвийн байдалд шилжиж, ажил төрөлдөө явж эхэлдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.3 ПҮРЭВ № 170 (6395)