Н.МӨНХЖИН
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь босогчдод хандан тус улсын зүүн нутгийг салган тусгаарлах зорилготой бүх нийтийн санал асуулгыг (тавдугаар сарын 11-нд болохоор төлөвлөгдсөн)хойшлуулахыг хүслээ. Мөн үүний хажуугаар, тавдугаар сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа дэмжсэн мэдэгдэл хийжээ.
Кремлийн лидер яагаад ийнхүү Оросын талыг баримтлагчдаас нүүр буруулж, Украины сонгуулийг дэмжиж “180 градус эргэсэн нь” дэлхийн хэвлэлийн гол сэдэв болж байна. Америкийн хэвлэлээр “Путиний улс төрийн тоглоом шинэ үедээ орлоо” гэсэн бол, Орос, Украинд “Оросын лидер Украин дахь оросуудаас нүүр бурууллаа. Авдгаа авсан Путин одоо зангаа хувиргалаа” гэсэн дуу хоолой сонсогдох болов. Оросын нөлөө бүхий хэд хэдэн улстөрч тавдугаар сарын 25-нд болох Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус хэмээн үзэж сонгуулийн товыг цуцлахыг шаардсаны дараа В.Путин “Украины Ерөнхийлөгчийн сонгууль нь зөв зүгт хийж буй алхам юм” хэмээн мэдэгджээ. Үүний дараа Украин дахь хямрал, мөргөлдөөн мэдэгдэхүйц багассан хэмээн зарим хэвлэлээр мэдээлж байна.
Кремлийн тэргүүн Киевийн өнөөгийн эрх баригчдыг дэмжсэн төдийгүй Украины хил дээрээс цэргээ татах боллоо хэмээн онцолсон юм. Украины хил дээр бөөгнөрсөн орос цэргүүдэд байнгын хуаран, байрлал руугаа буцах тушаал өгсөн гэж байгаа ч үүний ямар ч нотолгоо алга хэмээн НАТО-гийн төлөөлөгч мэдээлэв.
“Украины бүх иргэн сонгуулийн дараа эрхээ хэрхэн баталгаажуулах вэ гэдгийг ойлгохгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль юуг ч шийдэж чадахгүй” хэмээн В.Путин Украин дахь үндэстний цөөнх буюу орос хэлтэй иргэдэд хамаатуулан хэлжээ. Тэрээр Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Дидье Бурхалтертэй уулзсаны дараа дээрх мэдэгдлийг хийжээ. Украины зүүн нутагт бослого гаргаж буй иргэд Киевтэй яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хүчирхийллээ зогсоох ёстой хэмээн Путин үзэж байна.
АНУ: “НААШТАЙ, ГЭВЧ ХАНГАЛТГҮЙ”
Оросын лидер Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг зөв, зүйтэй алхам хэмээн дэмжсэний дараа АНУ мэдэгдэл хийлээ. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки “Москва санаа бодлоо өөрчилсөн нь нааштай алхам юм. Гэвч бүс нутаг дахь хямрал, мөргөлдөөнийг багасгахад хангалтгүй байна. Оросууд энэ тал дээр илүү их зүйл хийж чадна” хэмээн мэдэгджээ.
Зүүн бүсийн Донецк, Луганск мужид “Ардын бүгд найрамдах улс” байгуулах угтвар нөхцлийг бүрдүүлсэн гэж байгаа Оросын талыг баримтлагчид бүс нутгаа Украинаас тусгаарлах тухай бүх нийтийн санал асуулга явуулахаар зарласан юм. Тэд шинэ тулгар улсаа Шинэ Орос (Новороссия) хэмээн нэрлэхээр төлөвлөөд байгаа аж. Путин тавдугаар сарын 11-нд төлөвлөгдсөн энэхүү санал асуулгыг хойшлуулахыг хүссэний хажуугаар Донецк дахь босогчдын цайз бэхлэлтийн эсрэг хийж буй цэргийн дайралтаа зогсоохыг Киевээс шаарджээ. “Босогчдын эсрэг цэргээ илгээж, хүч хэрэглэснээр нөхцөл байдал улам л муудна. Зүүн нутгийн оршин суугчдыг шийтгэж, залхаан цээрлүүлэхийн тулд явуулж буй ажиллагааг даруй зогсоох ёстой” хэмээн В.Путин онцолсон байна.