Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа НИТХ-ын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтыг урьж, ярилцлаа.
“Дүүрэг бол ачаалалтай, амьдрал буцалдаг газар”
-Баянзүрх дүүрэгтэй ажил үүргээрээ холбогдоод хэдийнэ найман жил өнгөрчээ. Анх 2012 онд 27 дугаар хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож байлаа. Улмаар журмын нөхдийнхөө итгэлийг хүлээж Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч гэсэн хариуцлагатай албанд ирсэн. Өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Монгол Улс Үндсэн хуульдаа иргэн бүр тэгш эрхтэй, нийгмийн баялагаас тэгш хүртэнэ хэмээн заасан. Энэхүү эрхийг хангах үүднээс төр, эрх зүйн зохицуулалт хийж засаг захиргааны нэгжүүдэд хуваарилан иргэддээ төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Энэ бол төрийн үйлчилгээний маш энгийн тодорхойлолт. Хороо, дүүрэг бол иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос анхан шатанд үзүүлж буй байгууллага юм. Манай Баянзүрх дүүргийн хувьд 340 мянган хүн амтай. Дүүрэг, хороодод амьдрал, асуудал буцалж байдаг. Хүн ам, нутаг дэвсгэрийн хувьд Нийслэлийн хамгийн том дүүрэг боловч төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага, засаг захиргааны нэгж бүтцийн хувьд сүүлийн хэдэн жил өөрчлөгдөөгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Зэргэлдээх Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 150-200 мянган хүн амтай. Тэгсэн атлаа 340 мянган хүн амд үйлчилж байгаа манай дүүрэгтэй ижил төрийн албаны орон тоо, хэлтэс, албатай байдаг. Төрийн албаны мэргэжилтэн өдөрт 30 иргэнд хүрч ажиллах ёстой гэж бодоход манай Баянзүрх дүүргийн зарим алба хаагч өдөрт 100-гаас илүү хүнд үйлчилж байна гэсэн үг. Энэ нь тухайн мэргэжилтэнд хоёр дахин их ачаалал болно. Нөгөө талаас иргэд оочер, дараалал үүсгэхээр бухимдаж эхэлдэг. Тэгэхээр Засаг захиргааны нэгжийн тухай хуулиар энэ асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байна гэж хардаг.
“Анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн дүүрэг боллоо”
Түмэндэлгэрийн БАТЦОГТ
БОЛОВСРОЛ
1993-2003 онд Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор,
2003-2008 онд ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургууль,
2008-2010 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль МАСТЕР,
2019 оноос Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль ДОКТОРАНТ,
АЖЛЫН ТУРШЛАГА
2004-2008 онд - ШУТИС-ийн Оюутны холбооны дэд Тэргүүн,
2007-2008 онд -Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюунтны холбооны Тэргүүн,
2008-2010 онд -Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,
2010-2012 онд -“И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
2011 оноос -Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
2012-2016 онд -Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
2012 оноос -Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,
2016 оноос -Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч
- Нөгөө талаар төрийн албанд цахим шилжилт чухал байна. 2012 онд анх төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ТҮЦ машин гарсан. Харамсалтай нь энэ үйлчилгээ өнөөдрийг хүртэл хангалттай хүртээмжтэй биш байгаагаас гадна өргөжин тэлэхгүй байна. Төрийн үйлчилгээ хүнд сурталтай гэсэн иргэдийн нийтлэг хандлага ч өөрчлөгдөөгүй. Хүмүүс хоорондын харилцаа нь өөрөө маш их савлагаатай, хувь хүмүүсийн хандлага, орчин, нөхцөл зэргээс хамааран харилцан адилгүй байна. Түүнийг өнгөрсөн хугацаанд бидний болон хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаанаас харагддаг. Бид төрийн үйлчилгээний чирэгдэлтэй байдлыг бууруулах, цаашид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэхийг зорьж Баянзүрх дүүрэгтээ энэ жилээс “Олон улсын ISO: 9001 үйлчилгээний стандарт”-ыг нэвтрүүлээд байна. Мөн манай дүүрэгт стандарт нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн эрх бүхий байгууллагын зүгээс төрийн байгууллагуудаас анхны үйлчилгээний стандарт нэвтрүүллээ гэдгийг онцлон хэлж байсан.
“ISO: 9001 үйлчилгээний стандарт гэж юу вэ?”
-Бид дүүрэгт найман жилийн хугацаанд ажиллахдаа нэг л зүйлийг зарчим болгож байв. Энэ бол хороо, дүүрэг бол үйлчилгээний байгууллага шүү гэдгийг баримталж ажилласаар ирсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд хүртээмжийн асуудал, тухайн иргэнд хүрсэн үйлчилгээг үнэлэх хэмжигдэхүүн зэрэг маш олон тодорхойгүй асуудлууд байсан. Жишээ нь, Амьдрал баялаг юм хойно. Зарим тохиолдолд иргэд хууль, журмын хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдүүлэхээр үйлчилгээ үзүүлсэн төрийн албан хаагчдад гомдол гаргадаг. Нөгөө талаас хэт ачаалал ихтэй ажилладаг төрийн албан хаагч хувийн зан аашаа иргэдэд гаргадаг. Ингээд төр л болдоггүй гэсэн том нэрийг зүүдэг. Мэдээж, энэ асуудлыг бид анхан шатандаа эрх мэдэл, боломжийнхоо хүрээнд шийдвэрлэх боломжтой гарцыг эрэлхийлж судалсны үндсэн дээр үйлчилгээний стандарттай болох хэрэгтэй юм байна гэж үзсэн. Болж байгаа, болохгүй байгаа асуудлуудаа хэмжих, үнэлэх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж дараагийн хөгжил, дэвшлийн асуудал яригдана. Энэ бүгд судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдсэн. Төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна гэдэг бол өргөн хүрээний эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэгдэх асуудал. Өнгөрсөн хугацаанд дээд шатны байгууллагуудад эрхзүйн зохицуулалтын асуудлуудаар тодорхой саналуудыг хүргүүлсэн байгаа. Үйлчилгээний стандарт гэдэг маань өөрөө төрийн үйлчилгээг чанарын хувьд үнэлэх, сайжруулах үндсэн суурь нөхцлийг бүрдүүлж өгсөн. Манайд бизнесийн байгууллага, банк зэрэг байгууллагын үйлчилгээ маш сайн байдаг. Судлаад үзвэл үйлчилгээнүүд нь, харилцаа нь стандартчлагдсан байгаа юм. Тэгэхээр манай Баянзүрх дүүрэг төрийн үйлчилгээг энэ жишиг рүү оруулах эхний алхмаа хийсэн гэсэн үг. Бид өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн стандартын хөтөлбөртөө хамрагдан боловсон хүчнүүддээ сургалт, зөвлөгөөнд хамруулж тавдугаар сард стандартаа нэвтрүүлэн албан ёсны баримт бичиг, бүртгэлээ хүлээж аваад байна. Үүгээрээ жишиг дүүрэг боллоо.
“Гэхдээ төрийн үйлчилгээ стандартлагдах эрхзүйн орчин бүрдээгүй байна”
-Одоогийн хэрэгжиж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нэгжийн тухай хуулиар Дүүргийн Засаг даргын тамгын газрын шууд харьяа удирдлагад зургаан хэлтэс хамааран үйл ажиллагаа явуулдаг. Иргэдэд хамгийн их үйлчилгээ үзүүлдэг нэгж болох Халамж, Хөдөлмөр хэлтэс, Бүртгэлийн хэлтэс, Газрын алба зэрэг нэгжүүд нь Засаг даргын дэргэдэх гэх бөгөөд салбарын яамдаас шууд удирдлагаар хангуулж өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг нь анхан шатан дээр төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын хувьд маш том эрхзүйн гажуудал юм.
Тэгэхээр Баянзүрх дүүрэгт нэвтрүүлсэн Олон улсын үйлчилгээний стандарт бол одоогийн байдлаар дээрх дэргэдэх хэлтэс, алба нэгжүүдэд нэвтрээгүй байна. Бид цаашид нутаг дэвсгэрийн хувьд нэг бүсэд төрийн үйлчилгээ үзүүлж байгаагийн хувьд нэг стандарттай байх талаар хамтарч ажиллах саналыг салбарын яамдад хүргүүлэн ажиллах болно.
“Хороод рүү чиглэсэн бодлого хэрэгтэй байна”
-Өнөөдөр эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд Монгол Улсын Засаг захиргааны нэгжийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэх гэж байна. НИТХ-ын төлөөлөгчийн хувиар, дүүрэгт чамгүй хугацаанд ажилласан туршлага, судалгаанд үндэслэн хуулийн шинэчлэсэн найруулгад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Иргэдэд өдөр тутамд үйлчилгээ үзүүлж байгаа хороо, дүүрэг, нийслэлийн статусыг арай өөр түвшинд харах цаг болжээ. Иргэд нэг асуудлаа шийдүүлэх гэж маш олон газарт ханддаг. Зарим тохиодолд асуудлаа шийдүүлж чадахгүй хана мөргөдөг. Цаг хугацаа ч их алддаг. Тэгэхээр иргэдэд үйлчилдэг анхан шатны нэгж буюу хороо руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоогийн хуулиар төрийн үйлчилгээ үзүүлэх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл хэтэрхий нэг цэгт төвлөрсөн байдаг. Энэ нь нөгөө л муугаар хэлэгддэг төрийн үйлчилгээний хүнд суртал, хүртээмжгүй байдал зэрэг олон асуудлыг араасаа дагуулдаг. Улс орны тусгаар байдал, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй, нийтийн эрх ашгийг алдагдуулахгүй түвшний асуудлыг шийдвэрлэх эрх мэдлийг хороо, дүүрэгт нь төвлөрүүлэх зайлшгүй шаардлага, нөхцөл үүсээд байна. Энэ их төвлөрөл, нягтаршилтай холбоотой асуудлуудыг харгалзан үзэж энэ удаагийн хуулийн шинэчилсэн найруулгад төрийн захиргааны байгууллагуудын эрх мэдлийн, төсвийн төвлөрлийг багасгах, нутгийн захиргааны байгууллагуудын бүтцийг нутаг дэвсгэр, хүн амын онцлогт нь нийцүүлэн байгуулдаг байх зэрэг цаг үетэйгээ нийцсэн бодит өөрчлөлтүүдийг тусгаасай гэж хүлээж байна. Энэ тухай саналуудыг ч албан ёсоор хүргүүлсэн. Тухайлбал: Манай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр харьцангуй том, 11-р хороо буюу Гачууртаас нэг иргэн, бичил бизнес эрхлэгч тодорхой асуудлаар дүүрэг дээр ирээд асуудлаа шийвэрүүлж чадахгүй буцах тохиолдол байдаг. Учир нь тухайн асуудлыг шийдэх эрх нь Нийслэлд байх жишээний, дүүрэг өөрөө зүгээр шат дамжлага болж ажилладаг болоод байдаг.
“Улаанбаатар хотын хөгжил ба гэр хорооллын дахин төлөвлөлт”
-Баянзүрх гэр хороолол ихтэй дүүрэг. Гэр хорооллын асуудлыг шийдэхэд олон арга, бодлого, хөтөлбөр хэрэггүй. Янз бүрийн зүйл санаачилж үр ашиггүй мөнгө, цаг хугацаа үрж байна. Нэн тэргүүнд дэд бүтцийн шугамуудыг бага гэхгүйгээр л тавих хэрэгтэй. Үүний дараа төр хувийн хэвшлүүддээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Тэгээд л зах зээлийнхээ зарчмаар хөгжинө. Тухайлбал, БНСУ дэд бүтцээ хөгжүүлэхдээ газраа сонгоод замаа тавьдаг. Үүнийгээ дагасан шугамуудаа байрлуулдаг. Ингээд төрөөс тогтоосон стандарт, шаардлагын дагуу хувийн хэвшлүүд барилга, бүтээн байгуулалтын ажлаа хийдэг. Харин манайд эсрэгээрээ байна. Хувийн компани нь иргэдээс газраа өндөр үнэтэй авчихдаг. Үүний дараа өөрсдийн хөрөнгөөр шугам тавьж байна гээд хаанаас ч хамаагүй шугам татчихдаг. Газар чөлөөлсний зардал, барилга барьсан мөнгөө тооцохоор байрнуудынх нь мкв өндөр үнэтэй байдаг. Тэгэхээр байр худалдаж авах иргэний санхүүгийн чадвар сул байгаа учраас удаашрал үүсдэг. Энэ бол буруу төлөвлөлттэй хөгжөөд байгаагийн илрэл. Төлөвлөлтийн зөв зарчмын дагуу ажлыг 2012 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлт” нэртэйгээр маш том компанит ажлыг эхлүүлсэн. Гэтэл өнөө л нэг манай төрийн ажлын нэг гацаа болсон нам, засаг солигдохоор төрийн ажлын залгамж холбоо алдагддаг зарчмаар таг зогссон. Тухайн үед сайн хэрэгжсэн төслүүд байна. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн VIII хороонд “Гангар инвест” ХХК-ийн явуулсан ажил амжилттай болсон. Газраа чөлөөлсөн бүх айл байрандаа орсон. Гэтэл 2016 онд МАН гараад гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг бүгдийг нь зогсоосон. Манай Монгол Улсын хөгжлийн бодлогод маш гажуудсан нэг үзэгдэл шат шатандаа бараг л хэвшил боллоо. Нэг нам гарч ирэхээрээ нөгөө намынхаа ажлыг үгүйсгээд, зогсоогоод байдаг. Хөгжлийн цикль нь сонгуулийн цикльтэй адилхан дөрвөн жилээр хэрэгжээд, зогсоод байж болохгүй. Бид одоо хөгжлийн бодлогын асуудалд бодитой хандаж хүрэх цэгээ, Улаанбаатар хотын хөгжлийг 20,30,40 жилээр нь тодорхойлж түүнд нийцсэн бодлого, мөрийн хөтөлбөрөө эрх барьж байгаа нам, эвсэл нь боловсруулдаг байх нь зүйтэй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.17 ДАВАА № 157 (6382)