Б.БЯМБАЖАРГАЛ
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Шинэ Засгийн газар байгуулагдаад тун удахгүй мөрийн хөтөлбөрөө ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. МҮЭ-ийн холбооноос мөрийн хөтөлбөрт нь тусгуулах бодлогын ямар саналууд байгаа вэ, хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?
- УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын төр, Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж байна. Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилладаг нийгмийн нэг том түншлэгч байгууллага нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо юм. Тийм учраас бид УИХ-ын сонгуулийн өмнө сонгуульд оролцож буй гол намуудтай ялалт байгуулбал цаашид хамтран ажиллана гэсэн “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичиг”-ийг хөдөлмөр эрхлэгчдийн саналын дагуу гаргаж байгуулсан. Баримт бичигт эдийн засгийг сэргээх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг тодорхой асуудлуудыг тусгасан. Энэ санамж бичгийн хүрээнд шинэ Засгийн газартай хамтран ажиллах боломж бүрдэж байгаа. Мөн МҮЭ-ийн холбооны энэ намрын үйл ажиллагааны нэг томоохон хэсэг нь шинэ Засгийн газартай байгуулах “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2021-2022 оны гурван талт улсын хэлэлцээр” юм. Эдийн засгийг сэргээх, ажлын байрыг тогтворжуулах, хамгаалах, эмзэг бүлгийнхэнд зориулсан тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг энэ хэлэлцээрээр тохирно. Эдийн засгийн амаргүй нөхцөлд болж буй учир хэлэлцээр нэлээд хүнд болно гэж үзэж байгаа.
- Танай байгууллагаас мөн 2021 оны төсвийн төсөлд санал хүргүүлсэн байсан. Ирэх оноос бид эдийн засгийн амаргүй байдалтай нүүр тулахаар байгаа?
- Засгийн газарт 2021 оны төсвийн тодотголд санал хүргүүлсэн. Хамгийн гол тулгамдаж буй асуудал бол эдийн засгийн хямрал гэдэг нь үнэн. Өнгөрсөн оны зургаадугаар сартай харьцуулахад энэ оны эхний зургаан сард улсын төсвийн тэнцэл 10 дахин буурсан. Өөрөөр хэлбэл 2.1 их наяд төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Энэ нөхцөлд хөдөлмөрчдийн цалин орлогыг багасгахгүй байх ялангуяа цар тахлын улмаас бий болж байгаа хөдөлмөр эрхлэлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр улсын төсвийн тодотголд саналаа хүргүүлсэн. Мөн 2021 оны улсын төсөвт томоохон багц саналыг хүргүүлсэн байгаа. “Ковид-19” цар тахал манай улс төдийгүй дэлхийн олон орны эдийн засаг нийгмийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс МҮЭХ нөхцөл байдлыг харгалзан 2021 оны төсөвт эдийн засгийг сэргээх хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах мөн цар тахлын улмаас хөдөлмөр эрхлэлтэд учирч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах тодорхой саналууд тавьсан. Нэгдүгээрт, ажлын байрыг тогтворжуулах, хамгаалах тухай асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүдийн ажлын байрыг тогтворжуулахад чиглэсэн банк санхүүгийн дэмжлэгийг төрөөс үзүүлэх зэрэг асуудлыг бид тавьж байгаа. Хоёрдугаарт, хөдөлмөрчдийн орлогыг тогтвортой байлгахад төрөөс тодорхой бодлогын арга хэмжээ авч явуулах саналыг тавьсан. Хөдөлмөрчдийн цалин орлого буурч буй шалтгаан нь ажлын цагийг бууруулах мөн ажлын байрны тогтворгүй байдлаас болж байгаа юм.
Гуравт, нийгмийн хамгааллын асуудал. Цар тахлын нөхцөл байдал нийгмийн эмзэг бүлгийнхэнд томоохон хүндрэл бэрхшээл учруулж айл өрхийн орлого зарлагын тэнцвэр алдагдаж байна. Өнөөдөр цар тахлын нийгэмд үзүүлэх нөлөө хэзээ дуусахыг хэн ч хэлж чадахгүй байгаа. Цар тахлын нөхцөлд хүн төрөлхтөн нэг хэсэгтээ дасан зохицож амьдрах шаардлагатай болоод байгаа. Монгол Улс хэдий халдварыг дотооддоо алдаагүй ч цар тахлын нөлөөллийг арилгах зорилгоор нийгмийн түншүүдтэйгээ хамтран ажиллах шаардлагатай. Энэ оны эхний зургаан сард инфляци өсөөгүй мэт боловч хөдөлмөрчдийн мөнгөн орлого буурснаар худалдан авалт хийж чадахгүй байна. Энэ нөхцөл байдалтай уялдаад бид өргөн хэрэглээний барааны үнийг тогтвортой байлгах чиглэлээр төрөөс тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ оны зургадугаар сарын сүүлээс махны үнэ бага зэрэг буурсан боловч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм. Цаашдаа хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага ажиглагдаж байна. Мөн хүнсний гол бүтээгдэхүүний үнийн өсөлтийг төрөөс анхаарах шаардлагатай. Сүүлийн үед гурилын үнэ нэмэгдэж байгаа. Хүнсний ногооны үнэ шинэ ургацын ногоо гарсан учраас бага зэрэг буурч байна.
МҮЭХ-ноос наймдугаар сарын 10-наас эхлэн ААН, хүнсний дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудын үнийн судалгааг хийж эхэлсэн. Үр дүнг харгалзан үзээд өргөн хэрэглээний хүнс барааны үнийг тогтворжуулах, цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг Засгийн газарт санал оруулах төлөвлөгөөтэй байгаа. Мөн бид хөдөлмөрчдөд зориулсан төрөөс авч хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнгийн хүртээмжийн талаар судалгаа хийж байна. Бүх салбарыг хамруулан судалгаа явуулахаар тодорхой ажлын хэсгүүдийг байгуулаад ажилдаа орсон. Хөл хорио зарим салбарт илүү хүндээр тусч байгаа бол зарим салбарт мэдэгдээгүй байгаа. Ер нь аравдугаар сараас цар тахлын сөрөг нөлөө илүү тодорхой болно гэж таамаглаж байна. Эхний зургаан сард төрөөс авсан арга хэмжээ болон иргэд, хөдөлмөрчдийн өөрсдийнх нь хуримтлуулсан хөрөнгө сөрөг нөлөөллийг зөөлрүүлсэн бол цаашдаа нөөц боломж улам хомсдож нөхцөл байдал хүндэрч болзошгүй.
- Засгийн газраас “Ковид-19” цар тахлын нөлөөлийг бууруулах, иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгарч байгаа санхүүгийн хүндрэлийг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хүртээмжтэй байж чадаж байна уу?
- Засгийн газраас энэ оны аравдугаар сар хүртэл авч хэрэгжүүлж буй 10 арга хэмжээний хүрээнд МҮЭХ-ноос тодорхой санал өгч байр сууриа илэрхийлсэн байдаг. Одоогоор олон нийтийн талаас хяналт тавьж ажиллаж байгаа. Саяхан долоон арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүдийн ажлын байрыг тогтвортой байлгах зэрэг асуудал МҮЭ-ийн холбооны анхаарлын төвд байгаа гол асуудал. Цаашдаа ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт, банк санхүүгийн дэмжлэг шаардлагатай эсэхийг судалгааны үр дүнгээ харгалзан Засгийн газарт санал тавина. Дэлхийн банк, Азийн банк болон бусад хөгжлийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт зээл тусламж өгч байгаа. Эдгээр тусламжийг ажил эрхлэлтийг тогтвортой байлгах, ажлын байрыг хадгалахад зарцуулах шаардлагатай. Үүнд бид хяналт тавин ажиллана. Мөн нийгмийн хамгааллын хүрээнд орлогогүй болж буй хүмүүс тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг төрөөс бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Ялангуяа хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа болон албан бус ажил эрхэлдэг иргэд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамрагдаж чадахгүй байгаа нь асуудал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл төрийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хүртээмжгүй, хүн бүрт тусахгүй байгаа юм. Хүүхэд бүрт олгож буй 100 мянган төгрөг бол маш хүртээмжтэй байгаа. Үүн шиг орлого нь буурсан ажилгүй болж байгаа иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох шаардлагатай гэж бид үзэж байна. Олон улсын байгууллагууд ч хүүхэд, нийгмийн эмзэг бүлэг хэсэг, хувиараа жижиг дунд бизнес эрхлэгчдийн нийгмийн хамгааллын асуудлыг онцгойлон үзэхэд анхаарч байгаа. Мөн“Ковид-19” цар тахлын халдвар тархсан орнууд энэ талын арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байгаа юм. МҮЭ-ийн холбооны хувьд үйл ажиллагаа нь доголдсон газруудад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Ажилгүйдлийн даатгалын сангаас үзүүлэх шинэ боломжийг судалж байгаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хамралт, хүртээмж хангалтгүй байгааг холбооны зүгээс илэрхийлж ирсэн. Мөн энэ хөл хорионы дэглэмтэй онцгой нөхцөлд багийн Засаг дарга нар ажилдаа орох шаардлагатай байна. Багийн иргэдийн түвшинд үнэлгээ хийгээд хаана, хэнд тэтгэвэр, тэтгэмж олгох шаардлагатай байгааг тодорхойлох ёстой. Манайд эмнэлэг, онцгой байдлынхан л ажиллаж байна. Шинэ Засгийн газар шат шатны Засаг даргаараа дамжуулаад бүгд нягт ажиллах ёстой. Халдвар тархсан нөхцөлд амны хаалтаа авч чадахгүй өрхөд зориулан амны хаалтны нөөцийг хороо, баг дээрээ бий болгох ёстой шүү дээ. Тэрийг хийж байгаа хүн алга.
- Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ихэвчлэн богино хугацааны түр торгоох дэмжлэгүүд л байгаа. Цар тахал дуусаад ААН-үүд дахин хөл дээрээ босохын тулд их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдана. Үүн дээр төр урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай гэж бодож байна?
- Тийм. Цар тахлын сөрөг нөлөөллийг арилгах бол богино хугацааны ажил биш. Хөгжингүй улс орнууд коронавирусын цар тахлаас үүссэн сөрөг нөлөөллийг арилгахын тулд эдийн засгаа сэргээх тусгайлсан цогц хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Манайхан 2021 оны төсөвт тусгаад хэрэгжүүлнэ гээд байгаа ч энэ нь цогц болохгүй байгаа юм.
- Одоогийн байдлаар хэдэн компани хаалгаа барьж, үйл ажиллагаа нь доголдоод байгаа талаар судалгаа байна уу?
- Өнөөдөр МҮХАҮТ-аас явуулсан судалгаанаас харахад энэ оны эхний хагас жилд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэж буй арван ААН тутмын долоод нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж дүгнэсэн. Ер нь МҮЭХ-ноос энэ оны тавдугаар сараас зургадугаар сард явуулсан судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан 1100 гаруй хүний 47 хувьд нь ажил эрхлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж гарсан. Энэ оны эхний найман сард үйлдвэрлэл эрхлэлт буурсантай холбоотойгоор ААН-үүд ажлын цагаа бууруулж, сул зогссон. Үүний үр дүнд хөдөлмөрчдийн бодит цалин орлого буурсан зэрэг нь судалгаагаар батлагдаж байгаа.
- Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг олон улстай харьцуулбал манайх ямаршуу ажиллаж байна гэж дүгнэх вэ?
- Олон улсын хэмжээнд улс орнуудын Засгийн газар иргэдийнхээ ажлын байрыг хадгалах, тэдний цалин орлогыг тогтвортой байлгах, зохих хэмжээний тэтгэвэр, тэтгэмж олгох замаар гол гурван арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнтэй адил арга хэмжээг манай Засгийн газар авч хэрэгжүүлж буй. Гэхдээ хамралт, хүртээмжийг илүү оновчтой болгох шаардлагатай. Засгийн газар орлогын зохих түвшинг хадгалах дэмжих чиглэлд илүү нарийвчлалтай ажиллах шаардлагатай. Бид дотроо вирус тараагүй гээд хүлээгээд суух биш тархалтыг даваад гарсан улсуудын туршлагыг судлан дүгнэлт хийж, үндэсний онцлогт тохирох туршлагыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон улсын туршлагаас харахад цар тахлын сөрөг нөлөөллийг арилгах тусгайлсан хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.
- Тусгайлсан хөтөлбөр гэдэгт ямар санал байна?
- Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдлыг бууруулахын тулд нийгмийн ажил хэрэгч түншлэлүүдтэй Засгийн газар нягт хамтран ажиллах шаардлагатай боллоо гэдгийг олон улсын хөдөлмөрийн байгууллагууд байнга мэдээлж байна. Монгол Улсын шинэ Засгийн газар ажил олгогч, үйлдвэрчний эвлэлүүдтэй бүх түвшинд хамтран ажиллах ёстой. МҮЭ-үүдийн энэ намрын үйл ажиллагаа бол шинэ их хурал, шинэ засгийн газар, шинэ аймаг нийслэлийн засаг дарга нартай шинэ гэрээ хэлэлцээр байгуулж хамтран ажиллах юм.Олон улс цар тахлын нөхцөлд ажиллаж амьдрах шаардлагатай болж байгааг хэлсээр байгаа. Тийм учраас цар тахлын үед ажлын байранд эрүүл аюулгүй ажлын байрыг хангаж ажиллахыг уриалж байгаа. Үүний хүрээнд ажлын цаг, ажлын хувцас, ажлын багаж хэрэгсэл мөн ажилтнуудын дархлааг дэмжих зэрэгт халдвар тархсан орнууд анхаарч байна. Тийм учраас МҮЭХ “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө” хөдөлгөөнийг өрнүүлэхээр болсон. ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улсад халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа гэж гарсан. Энэ үед ажлын байрыг яаж эрүүл аюулгүй байлгах тал дээр одооноос анхаарах нь зүйтэй. Олон улсын туршлагыг судалж дотооддоо халдвар тархсан тохиолдолд бид бэлэн байх ёстой.
- Дэлхийн олон орон цар тахлын эхний давалгаанд өртөж одоо хэвийн амьдралдаа эргэж ороход түлхүү анхаарч байна. Олон ч туршлага байна. Тэгвэл аль улсын туршлагыг бид хэрэгжүүлбэл манай хөрсөнд илүү буух бол?
- Европын орнуудын Герман, Франц, Данийн туршлага сургамжуудыг харах боломжтой. Өнгөрсөн зургаадугаар сард бид Германы ҮЭ-ийн холбоотой цахим уулзалт хийсэн. Тэнд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтнуудын ажлын цагийг зөв зохицуулах, ажилтнуудын хөдөлмөрийн нөхцлийг дордуулахгүй байх зэрэгт түлхүү анхаарч байна. Мөн орлого нь буурсан иргэдэдээ зориулж хэрэгжүүлж буй арга хэмжээ зэргийг харах нь зүйтэй. Жишээлбэл, европын орнуудад үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Засгийн газар нь хамтран цалин орлого нь багассан ААН-үүдтэй ажлын байраа хадгалж үлдэх гэрээ байгуулж байгаа. Гэрээнд ААН байгууллага нь ажилтандаа цалингийн 60 хувийг олгоод үлдсэн 40 хувийг ажилгүйдлын даатгалын сангаас өгч байгаа. Ингэснээр хөдөлмөрчдийн орлого тогтвортой байна. Өөр нэг Монголд хэрэгтэй туршлага гэвэл ажлын цагийг зөв хуваарилах юм. Бид өнөөдөр халдвар тархаагүй гээд зүгээр хүлээж суух биш тархсан нөхцөлд бид яаж ажиллаж амьдрах вэ гэдэгт бэлэн байх ёстой. Мөн “Ковид-19” цар тахлыг далимдуулаад хөдөлмөр эрхлэлтэнд тавигдах шаардлага суларч, хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгаа хэргүүд гарч байна. Жишээлбэл, сул зогсолт хийж байгаа байгууллагууд сул зогсолтын мөнгийг олгохгүй байх, хөдөлмөрийн цагийг уртасгах, үндэслэлгүйгээр халах зэргээр хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчих тохиолдол олон улсад гарч байна. Энэ сургамжийг Монгол Улс анхаарах ёстой. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мөн энэ хууль тогтоомжийг зөрчиж болохгүй гэдгийг онцлон сануулсаар байгаа. Хүмүүсийн ажлын байр зохистой байх ёстой. Засгийн газар, ажил олгог-чид, үйлдвэрчний эвлэлийн хамтын ажиллагаа сулрах ёсгүй гэдгийг нотолсон том сургамж олон байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.13 ПҮРЭВ № 155 (6380)