Ц.Эрдэнээ: Гэрээт хилчин болоход цэргийн алба хаасан байх ёстой

2020-08-07
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Р.ОЮУН

ХХЕГ-ын Цэргийн сургалт, албаны зохион байгуулалтын хэлтсийн гэрээт хилчин болон хугацаат цэргийн албан хаагч хариуцсан офицер, хурандаа Ц.Эрдэнээтэй ярилцлаа. 

-Гэрээт хилчнээр ямар хүмүүс элсэх ёстой байдаг вэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хил хамгаалах байгууллагад гэрээт хилчний алба хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Гэрээт хилчин болоход шалгуур үзүүлэлт гэж байдаг. Нэгдүгээрт, цэргийн алба хаасан байх ёстой. Монгол Улсын Хилийн тухай хууль, Цэргийн албаны тухай хуульд ч цэргийн алба хаасны дараа гэрээт хилчин болно гэж заасан байгаа. Үүнд хугацаат цэргийн алба хаасан эсвэл найман сараас дээш хугацаат цэргийн алба хаасан, хугацаат цэргийн алба хаагаагүй ч нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгт буюу их, дээд сургууль төгссөн эмч, инженерүүд, багш нар гэрээт цэргээр орж болно. 
-Хэдээс хэдэн насныхан байх вэ?
-18-29 нас хүртэл, боловсролын хувьд бүрэн дундаас дээш боловсролтой, ял шийтгэлгүй, ёс суртахууны хувьд ямар нэгэн асуудалгүй байх ёстой. Хилийн цэрэг алс газар хил дээр үүрэг гүйцэтгэх учир гэр бүлгүйгээр бие дааж үүрэг гүйцэтгэх чадвартай байна гэсэн шаардлага тавьж байгаа. 
-Цэргийн эрдэм нэг жил цэрэгт явснаар хязгаарлагдахгүй байх. Тиймээс гэрээт хилчиддээ мэдлэг олгоход хэр анхаардаг вэ?
-Өмнө нь цэрэг гурван жилийн хугацаатай байсантай яг адилхан. Эхлээд нэг жил хугацаат цэргийн алба хаана. Дараа нь хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулдаг. Гурван жил цэргийн алба хаасан хүн гэдэг чинь бүх юм нь тэгшхэн. Арван жилээ төгсөөд их, дээд сургуульд орсон залуусыг гэрээт хилчинтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай. Бид гэрээт цэргээр анх орж байгаа залуучуудыг 21 хоногийн хугацаатай анхан шатны сургалтад хамруулдаг. Энэ сургалтаараа гэрээт цэрэг гэж хэн юм бэ, гэрээт цэрэг болсноор та ямар эрх, үүрэгтэй байх ёстой юм. Хоёр жилийн хугацаанд гэрээт цэрэг болсноор ямар хангамж эдлэх, хувцас, хэрэглэл, цалин, ахуйн хангамж нь ямар байх ёстой юм. Гэрээт цэргийн хариуцлага нь ямар байх ёстой, гэрээгээ цуцалбал яах ёстой, гэрээт хугацаанд үүргээ сайн биелүүлбэл та ямар амжилтад хүрэх вэ гэсэн анхан шатны ойлголтыг өгнө. Анхан шатны сургалтыг төгссөн хугацаат цэргийн албан хаагч, иргэдээс шалгалт аваад хилийн ангиудад гэрээт хилчнээр томилдог. Одоогоор 20 гаруй отрядын 40-өөд заставт гэрээт хилчид алба хааж байна. 
-Гэрээт хилчид гэрээгээ цааш нь үргэлжлүүлэн сунгаж болно гэлээ. Хэдэн жил гэрээгээр алба хаах боломжтой юм бэ?
-Гэрээт цэргүүд 31 нас хүртлээ сунгаж болно. Залуусыг хараад байхад Хөвсгөл болон хойд хилийн ангиудад 4-5 удаа буюу 8-10 жил гэрээгээр алба хааж байна гэсэн үг. 
-10 жил цэрэг явахаас илүү ахлагч, офицер болох боломжтой биз дээ?
-Боломж бий, нээлттэй. Яагаад гэвэл хилийн цэрэг гудамжинд явж байгаа залуучуудыг ахлагчийн албанд авахгүй. Ахлагч болохын тулд гэрээт цэргээс ахлагчийн албанд орно. Гэрээт цэргээс харуулын анги, жолооч, холбоочин, хөгжимчин, тамирчин гээд. Бид судалгаа хийхэд хилийн цэрэгт 2008 оноос хойш гэрээт цэргийн алба бүрэн хэрэгжсэн. 706 гэрээт хилчин мэргэшээд ахлагчийн бүрэлдэхүүнд орсон байна. ДХИС-ийн Хилийн албаны сургууль болон ОХУ-ын цэргийн сургуульд таван жил сургаж байгаа. Өнөөдрийн байдлаар 86 хүн дотоод, гадаадын сургуулиа төгсөөд хилийн заставт офицер, заставын дарга хийж байна. Зарим нь отрядын штабт Хүний нөөцийн дарга гээд өндөр албан тушаал хашиж байна. 
-Хил дээр алба хаана гэдэг маш том хариуцлага. Энэ талаас нь тайлбарлаж өгөхгүй юу?
-Бид гэрээнд нь хэрхэн ажиллах талаар нь заагаад өгчихдөг. Хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулаад гэрээт хилчин ямар эрх, үүрэг гүйцэтгэх ёстой юм. Гэрээнийхээ үүргээ сайн биелүүлсэн тохиолдолд ахлагч болгохоос гадна цэргийн сургуульд оруулж байгаа. Хугацаат цэргийн албан хаагч гэрээт хилчин хоёр манаанд явахад гэрээт хилчин хариуцлага хүлээнэ. Хугацаат цэргийн албан хаагч жилийн дараа халагдаад явчих болохоор хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Харин гэрээт цэргийг цалинтай болгосон. Хэрэв үүргээ сайн гүйцэтгээд байвал сарын цалин нь сар бүр 10-30, улирлаар 20-30 хувиар нэмэгдэнэ. Хилийн хамгаалалтад үүргээ муу гүйцэтгэвэл цалинг нь хасна. Бүх юмыг нь цалинтай холбоод өгсөн. Зах зээлийн систем нь ийм юм. Тиймээс бид гэрээт цэргийн албандаа хандах хандлага нь арай илүү. Гэрээт хилчид маань мэдлэг, боловсролоо дээшлүүлж байна. 
-2008 оны болон өнөөдрийн гэрээт хилчний хооронд өөрчлөлт гарсан байх?
-2008, 2010 оны дунд үед гэрээт хилчинг сонирхох залуус их байсан. Өнгөрсөн жилээс гэрээт хилчин болох залуучуудын тоо буурч байна. Уул уурхай их хөгжиж байгаатай холбоотой ажлын байр их болсон. Цагдаа, дотоодын цэрэгт гэрээт цэрэг гэж байдаггүй учраас шууд ахлагчаар аваад байна. Манай хилийн цэрэгт гэрээт хилчнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлж байгаа. Зэвсэгт хүчинд гэрээт цэргийг ахлагчийн бүрэлдэхүүнд аваад жолооч, холбоочин мэргэжил эзэмшүүлдэг. Цагдаагийн байгууллага ч гэсэн 45 хоногийн курс төгсгөөд шууд цагдаагаар авч байна. Тэгэхээр манайд ирэх залуучуудын тоо цөөрөөд байгаа. Тиймээс бид гэрээт хилчнийхээ ахуй хангамжийг дээшлүүлэхээс гадна сурталчилгааны ажлыг хиймээр санагддаг. 
-Гэрээт хилчин болсноор сард хэдэн төгрөгийн цалин авах боломжтой вэ?
-Төрийн тусгай албан хаагчийн ТТ-гийн дөрвөөс эхэлж цалинждаг. ТТ нь дотроо 1-5 шатлалтай байдаг. Одоо дунджаар 700 мянган төгрөгийн цалин авч байна. Манайх Засгийн тогтоолоор хилийн нэмэгдэл шинэчлэгдсэн. Онцгой нөхцлийн заставт алба хааж байгаа хилчид 50, нэгдүгээр зэргийн заставт алба хааж байгаа бол 40, хоёрдугаар зэргийн заставт алба хааж байгаа гэрээт хилчид 30 хувийн нэмэгдэл авч байгаа. Аль бүст алба хааж байгаа бүсийнхээ онцлог, зэрэглэлээс шалтгаалж цалин нэмэгддэг. Ер нь 700 мянгаас 1.1 сая төгрөгийн цалин авч байна. Цалингийн 30 хувийг гар дээр нь өгөөд үлдсэн 70 хувийг хадгаламжинд байршуулаад хоёр жилийн дараа гэрээгээ дуусгаад хадгаламжаа авахад 8-9 сая төгрөг болсон байна.
-31 нас хүрээд гэрээний хугацаа дууссан тохиолдолд яах вэ?
-Хуулийн хугацаа дууссан бол гэрээгээ цуцална. Тухайн хүн ахлагч болно гэвэл ахлагч болж болно. Хэрэв ахлагч болохгүй гэвэл энгийн амьдралд шилжиж болно. 
-Гэрээт хилчин хувь хүн талаасаа хөгжих боломж хэр байдаг юм бол?
-Хил дээр бүх юм хаалттай биш л дээ. Цахим орчин, утсан харилцаа, хэвлэл мэдээлэл, зурагт гээд бүх төрлийн хэрэгсэл бий болсон байна. Манай гэрээт хилчдийн зарим нь уралдаан шалгалтад бэлтгээд өндөр оноо авч байгаа. Бид хоёр жилийн хугацаанд гэрээт хилчдээ мэргэшүүлж байна. Тухайлбал, жолооны курс, холбоочин, тогоочийн сургалт, барилгын мужаан, токарчин мөн зэвсгийн бага мэргэжлээр сургаж мэргэшүүлж байгаа. Сурах орчин байгаа болохоор өөрсдөөс нь шалтгаална даа. Ер нь гэртээ байгаа юм шиг л байгаа. Найман цаг хилийн манаад явж ирээд үлдсэн хугацаандаа өөрсдөө биеэ даагаад мэдлэг боловсролоо дээшлүүлэх бүрэн боломжтой. Манайхаас мэргэшүүлэх чиглэлээр бага мэргэжилтэн бэлтгэж байгаа. Цэргийн албаны хуульд онлайн болон зайны сургалт явуулах ёстой гэж заасан байдаг. 
-Цагдаагийн ахлаг­чаар ажиллаж байсан хүн гэрээт хилчин болж болох уу. Эсвэл заавал цэргийн алба хаасан байх ёстой юу гэж асуудаг?
-Зэвсэгт хүчин, цагдаад ажиллаж байсан нь хамаагүй. Хилчин гэдэг чинь мэргэжил. Тиймээс заавал хугацаат цэргийн алба хаасан, 18-29 настай, бүрэн дунд боловсролтой байх ёстой. Манай онцлог ийм. Хил хамгаалах байгууллагын гэрээт хилчний албыг сонирхож байгаа залуучуудад манай хаалга нээлттэй. Аймаг, дүүргийнхээ цэргийн штаб дээр очоод бүртгүүлж болно. Хилийн отрядад ойрхон байгаа иргэд харьяа отрядад очих бол Улаанбаатар хотод байгаа иргэд Хил хамгаалах ерөнхий газарт хандаад гэрээт хилчин болох боломжтой.    

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин