Я.Энхзул: Нидерландад хөл хориогоо цуцалж тайван байдалд шилжсэн

2020-08-06
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

“Зууны мэдээ” сонин “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран гадаадад гацсан иргэдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаа Нидерланд улсад гацсан иргэн Я.Энхзултай ярилцлаа. 

-Та Нидерланд улсад гацаад таван сар болж байгаа юм байна. Анх ямар хэргээр тус улсыг зорьсон бэ?
-Миний ууган хүү гэр бүлээрээ Канад улсад ажиллаж, амьдардаг.  Ач хүүгээ өсгөж, хүүгийнхээ гэр бүлд туслах зорилгоор гуравдугаар сарын 9-нд Берлинд ирсэн. Харин бага хүү маань Нидерландын  Лейденийн их сургуульд сурдаг. Буцах замдаа халдварт өвчин гарсан хүнд хэцүү цаг үед  хүний нутагт байгаа хүүдээ нутгийнх нь идээ ундаанаас  багыг ч болов дөхүүлж өгье гэж бодоод Шенгений виз аваад гарсан юм. Тэгээд Нидерландад гуравдугаар сарын 10-нд ирж, хүүтэйгээ хамт хэд хоноод гуравдугаар сарын 19-нд Канад явах байсан боловч  гуравдугаар сарын 18-нд Канад улс гадаадын аяллын визтэй хүмүүсийг оруулахгүйгээр хилээ хаасан. Иймээс цааш явж чадахгүй Нидерландад гацаад  таван сар боллоо. Одоогоор хүүгийнхээ оюутны байранд амьдарч байна. Анх 15 хононо гэж төлөвлөж ирсэн учраас  таван сарын турш өндөр өртөгтэй газар амьдрахад маш их зардал гарч байна.
-Тусгай үүргийн онгоцоор ирэх хүсэлтийг хэзээ өгсөн бэ. Нидерландаас эх орон руугаа ирэх хүсэлт гаргасан хэдэн иргэн байгаа юм бол?
-Нидерландад манай улсын элчин сайдын яам байхгүй.  Брюссель дэх элчин сайдын яам хариуцан ажилладаг. Долдугаар сарын 3-нд тусгай үүргийн онгоцоор буцах хүсэлтээ  өгсөн. Нэгэнт  Канад явж чадахгүй болсон учраас нутаг буцъя гэж эрт шийдсэн. Гэтэл    гурав, дөрөв, тавдугаар сард УОК  таван шаардлага хангасан хүмүүсийг эхний ээлжинд татна гэсэн шийдвэр гаргасан.  Би таван шаардлагын алинд нь ч  багтахгүй учраас хүлээхээс өөр арга байгаагүй. Мөн ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Гадаадад гацсан бүх иргэнээ яаралтай татаж авна” гэсэн үгэнд итгэж удахгүй гэртээ харих боломж нээгдэнэ гэж хүлээсэн. Эдгээр шалтгаануудын улмаас элчинд хүсэлтээ гаргаж өгөлгүй цаг алдаж оройтжээ. Би Франкфуртэд ирэх тусгай үүргийн онгоцонд багтах боломжтой. Брюсселийн элчин сайдын яамны долдугаар сарын 31-ний мэдээллээр эх орондоо буцахаар хүсэлт гаргасан 74 хүн байна. 
-Брюсселийн элчингээс явуулсан жагсаалтад нэр нь байхгүй байсан таван хүн долдугаар сарын 26-ны онгоцонд явсныг УОК хахууль авч явуулсан гэж үзэж байгаа юм байна. Яагаад ингэж үзэж байгаа шалтгаанаа тайлбарлаж болох уу?
- Намайг өргөдөл өгч байх үед ихэнх элчин сайдын яамд буцах хүсэлтээ өгсөн иргэдийн жагсаалтыг  гаргаагүй байсан.  Гадаадад гацсан иргэд шаардаж байж элчин сайдын яамд жагсаалт гаргаж зургадугаар сарын сүүлчээс олон нийтэд ил болгосон.  Манай улсын элчин сайдын яам  долдугаар сарын 24-нд гадаадаас ирэх хүсэлтээ гаргасан иргэдийнхээ нэрсийн жагсаалтыг зарласан.  Дараа нь элчингээс  долдугаар сарын 26-нд Франкфуртэд ирсэн онгоцоор долоон  хүн буцлаа гээд үлдсэн хүмүүсийнхээ жагсаалтыг тавьсан. Гэтэл жагсаалтыг хүн нэг бүрээр шүүж үзэхэд  хоёр хүний нэр хасагдсан, бусад бүх хүний нэр хэвээрээ байж байсан.   Тэр жагсаалтад байсан  таван хүн  хүндэтгэх  таван шалтгааны улмаас нислэгт багтсан бол өөр хэрэг. Энэ тухай элчин рүү имэйл бичиж тодруулахад  “Манайх УОК руу жагсаалтаа явуулдаг онгоцонд багтах нэрсийг тэндээс гаргадаг” гэсэн хариу ирүүлсэн. Тэгэхээр УОК жагсаалтад огт байхгүй  таван  хүнийг явуулсан байгаа юм. Энэ нь УОК хахууль авч, жагсаалтад байхгүй хүмүүсийг явуулж байна гэсэн хардлага төрүүлж байна. Удаан хугацаагаар гацаж байгаа бид чинь онгоц ирэх бүрт жагсаалтаа хэдээр урагшилж байгааг горьдлого тээн харуулдаж байгаа шүү дээ. 
-Та “Нямхүү эмчид хэлэх үг байна” гэсэн пост цахим хуудаснаа нийтэлсэн байна. Үүнийгээ манай сониноор дамжуулан уламжилж болох уу?
-Манай ЭМЯ 11:00 цагийн мэдээгээрээ дэлхийн өнцөг булан бүрийн “Ковид-19”-тэй холбоотой аль болох муу мэдээг дамжуулж, манайх дотооддоо халдвар алдаагүй, гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байна гэж тайлбарлаж байгаа нь эх орондоо байгаа иргэдийг айдаст автуулж, улмаар гадаадаас  иргэд ирвэл вирус тархаж улс сүйрэх юм шиг сэтгэгдэл төрүүлээд байх юм. Гэтэл дэлхийн бусад улс орон коронавирусын дэгдэлтийг хязгаарлаж, гамшгийг даван туулаад ард иргэд нь тайвширч хөл хориогоо аажмаар цуцалж, хилээ нээж, эдийн засгаа сэргээж хэвийн амьдралдаа шилжиж байна. Тухайлбал, Нидерландын Лейден хот зургадугаар сарын эхнээс хөл хориогоо аажмаар цуцалж  энэ сарын нэгний байдлаар дэлгүүр, үзвэр үйлчилгээ, албан газраа нээсэн.  Ард иргэд нь ч вирусын гамшгийг даван туулж санаа сэтгэл нь тайвширч, ажил амьдрал нь хэвийн үргэлжилж байна. Бид чинь ийм газраас шинжилгээ өгөөд сөрөг хариугаа бариад эх орондоо очно. Бид нутагтаа вирус тээж очихгүй. Удаан хугацаанд өндөр өртөгтэй газар байж санхүүгийн хүнд байдалд орсон ч нутагтаа очиж тусгаарлагдахаас хэн ч татгалзаагүй. Тиймээс биднийгээ вирус гэж харж сэтгэл санаагаа зовоосны хэрэггүй  ээ. Мөн эрдэмтэд нь энэ вирусын зүй тогтлыг судалж үүнийхээ үндсэн дээр эм, вакцинаа гаргаж эхлээд байна. Тиймээс Д.Нямхүү эмчийг ард түмэн, төр засгийнхаа өмнө нэр хүндтэй хүний хувьд, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөсөн эмч хүнийхээ хувьд бидний төлөө дуугараач ээ гэж тэр постыг бичсэн юм. 
-Манай улс тусгай үүргийн онгоц, хүн хүч, тусгаарлах байр хүрэлцэхгүйгээс гадаадад гацсан иргэдээ татаж авч чадахгүй байна гэж харж байна. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна? 
- Миний хувьд манай улсын УОК долоон сар гаруйн хугацаанд боломжийг зөв ашиглаж чадаагүйгээс байдлыг хүндрүүллээ гэж харж байна.  Учир нь энэ сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэнэ. Нэг сард 14 удаа нисэх боломж байсан байна. Энэ хугацаанд “МИАТ” компани онгоц нэмж аваагүй байх. Хэрэв  гуравдугаар сараас эхлээд сард 14 удаа ниссэн бол  гадаадад байгаа иргэдээ зөөгөөд бараг дууссан байх байлаа. Зуны урин дулаан цагт бусад өвчлөл бага байгааг ашиглаад бүх эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаа, резидент эмч нараа, тэтгэвэрт гарсан эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнаа дайчилсан бол 200 гаруйхан өвчтөн, хэдэн тусгаарлагдах байранд хангалттай хүрэлцэх  бүрэлдэхүүнтэй болох байсан.  Ийм санал тавьсан бол манай эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид татгалзахгүй байсан гэж бодож байна. Тусгаарлагдах байранд нэг өрөөнд хоёр хүн тусгаарлагдаж байна. Хоёр хүний төлбөр 100  мянган төгрөг болно. Тусгаарлалтын 21 хоногт зочид буудал нэг өрөөнөөсөө 2.1 сая төгрөг олно. Ийм мөнгөөр ажиллах зочид буудал, амралтын газар олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дэлхийн улс орнууд эмнэлэг хүрэлцэхгүйн улмаас халдвар авсан хүмүүсээ хотоос зайдуу хээрийн кэмпт байрлуулаад цар тахлын эхний үеийг давж гарсан. Манай улс  зуны урин дулаан цагт хотоос зайдуу монгол гэр бариад тэг гортигоо татаад тусгаарлах байрыг яагаад шийдэж болохгүй гэж.  Хамгийн гол нь элдэв шалтаг тоочилгүй бүх боломжоо ашигласан бол хангалттай хэмжээний цаг хугацаа, тусламж хандивын мөнгө ч байсан. Гэтэл одоо дотооддоо халдвар дэгдвэл 250-хан эмнэлгийн ортой, 20 мянган оношлуурын нөөцтэй, улс орон даяараа гуравхан лабораторитай. Шинжилгээ хийхэд  бэлтгэсэн эмнэлгийн ажилчид хүрэлцээгүй, тусгаарлах байр хангалтгүй, хандив тусламжийн мөнгөө бүгдийг нь үрээд дуусчихсан. Чухам юунд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан тайлангаа гаргаж чадахгүй байгаа нь манай улс “Ковид-19”-ийн эсрэг арга хэмжээг маш хангалтгүй авсан гэж хэлэхээс өөр арга алга. 
-Энэ хэвээр тусгай үүргийн нислэгт багтаж чадахгүй байвал  та ямар бэрхшээлтэй тулгарах вэ?
-Өндөр өртөгтэй газар удах тусам энд байгаа иргэд мөнгөгүй, байргүй, хүнсгүйгээс болж эрүүл байх эрх нь зөрчигдөж цаашилбал амь насанд нь аюултай.  Хүний нутагт тав, зургаан сар болсон хүмүүс буцах билет, тусгаарлалтын төлбөрөө төлөх чадамжгүй болж байна. Түүнчлэн гадаадын  оронд түр хугацаагаар аяллын визтэй явсан гадаадын иргэн давагдашгүй хүчин зүйлийн улмаас визний хугацаа хэтэрсэн бол тухайн улсын цагаачлалын албанд хандсанаар 180 хоногийн хугацаанд виз сунгадаг юм байна. Гэтэл  хоёрдугаар сараас хойш гацсан бидний визний хугацаа дахин сунгагдах боломжгүй.  Үүнийг хэрхэн шийдэх талаар ГХЯ-аас одоог хүртэл  хариу хэлээгүй. Тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан эсэхийг шуурхай гаргахгүй байгаагаас онгоцны билетийн болон тусгаарлалтын мөнгөө олох, дамжиж ирэх билетээ урьдчилан захиалж чадаагүйгээс өндөр үнэтэй билет авах, 48 цагийн өмнө амжиж шинжилгээ өгч чадахгүй байгаа нь буцаж байгаа иргэдэд ихээхэн дарамт болж байна.Тусгай үүргийн онгоц Монголоос ирэхдээ дүүрэн зорчигчтой ирж байж яагаад тийзний үнээ буулгахгүй байгаа нь ойлгомжгүй байна. МИАТ компани тийзний үнээ нэмсэн шалтгаанаа нэг талдаа хоосон явж байгаа  гэж тайлбарласан. Одоо тэгвэл хоёр талдаа дүүрэн зорчигчтой явж байж тийзний үнээ яагаад бууруулахгүй байгаа юм бэ гэж асуумаар байна.
-Таныг геодезийн инженер мэргэжилтэй гэж сонслоо. Монгол дахь ажил болоод амьдралд тань ямар хүндрэл үүсээд байгаа юм бэ?
-Би замын салбарт ажилладаг геодезийн инженер хүн. Намайг явахаас өмнө хэд хэдэн ажлын санал ирсэн. Хэрвээ таван сарын турш ажлаа хийсэн бол цалин мөнгөө аваад  амьдрал маань хэвийн үргэлжлэх байсан. Гэтэл энэ хугацаанд юу ч хийж чадсангүй.Эсрэгээрээ санхүүгийн хүнд байдалд орлоо.
-Өнөөдрийн байдлаар Нидерландад халдварын тархалт болоод нөхцөл байдал ямар байна вэ?. 
-Нидерланд улс халдвар ид тархаж байх үед өдөр бүр мэдээлдэг байсан бол одоо долоо хоногоор мэдээлдэг болсон. Сүүлийн долоо хоногийн мэдээгээр халдвар авсан хүний тоо 1329, эмнэлэгт хэвтсэн 23, нас барсан есөн тохиолдол бүртгэгдсэн. Европын улсууд хоорондоо хилээ нээж, хөл хориогоо цуцалж байгаагаас ойрын өдрүүдэд  халдварын тоо нэмэгдсэн.    Энэ нь Нидерланд улс нийт хүн амынхаа дунд оношлогоог өргөн хүрээтэй хийж байгаатай холбоотой. Тодруулбал, тус улс халдвар илэрсэн тохиолдлуудаас гадна халдвар аваад өөрөө эдгэсэн эсвэл шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдлуудаа маш сайн оношлож байгаатай холбон тайлбарлаж байгаа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.6  ПҮРЭВ № 150 (6375)

 

Зочин
Өөрийнхөө санаагаар бүгдийг зохицуулчих санаатая, бас бөөн хардлага агуулсан хүн байна. Энэ хүний үгээр хилээ нээгэад тусгаарлалтыг зогсоох юм байна. Олон юм битгий яриад ажлаа хийж буй төр засгийг буруутгаад бай, юу мэддэг гэж заана вэ
Зочин
3-р сарын 9-нд Берлинд ирсэн гэсэн байна. Тэр үед чинь цар тахал аль хэдийнэ мэдээлэгдсэн байсан үе шүү дээ. Энэ хүн өөрөө тийм үед гадагшаа явсан бна
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

10 цаг 57 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

12 цаг 22 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

12 цаг 54 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

13 цаг 17 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

14 цаг 31 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

17 цаг 1 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

21 цаг 47 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

21 цаг 47 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

21 цаг 47 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

Уржигдар 18 цаг 15 мин