О.Ганжигүүр: Аливаа зүйлийг хийхэд золиос гардаг

2020-07-24
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ш.НОМИНДЭЛГЭР 

Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор “Black ocean” кофе шопыг үүсгэн байгуулагч О.Ганжигүүрийг урьж ярилцлаа.

-“Black ocean” кофе шопоо хэзээ нээж байсан бэ. Яагаад нээх болов? 
-“Black ocean” кофе шопоо 2019 оны есдүгээр сард нээж байсан. Хүүхэд байхаасаа мөрөөдөж, найзуудтайгаа сааданд сууж байхдаа ч доторх тохижилтийг нь дүрслэн удаан ярьсан. 2018 оны сүүлээр Чех, Турк улсаар аялах үедээ олон кофе шопоор орж түүнээсээ урам зориг авсан гэж хэлж болно. Тэнд ихэнх кофе шопыг залуучууд нь ажиллуулдаг юм билээ. Нэг кофе шоп манайх шиг жижигхэн, бүх ширээ, сандал нь өөр хоо­рондоо ялгаатай дөрвөлжин, гурвалжин, өндөр, нам янз бүрийн өнгөтэй байсан. 

Монголд ихэнх газар бүх ширээ нь адилхан нэг хэвийн байдаг шүү дээ. Тэгээд тэр газрыг ажиллуулдаг залуутай кофе уунгаа яагаад ингэж тохижуулсан юм бэ гэж асуухад “Хүн болгон адил биш.  Өөрсдийн гэсэн харах өнцөг, сонирхолтой учраас манайд орж ирээд өөрийн хүссэн сандал ширээндээ суух хэрэгтэй” гэж хэлсэн. Яг энэ нь надад шинэлэг санагдаж хэрвээ би ийм газар нээвэл яах бол гээд өмнөхөөсөө ч илүү их бодсон. Хүн аялалд яваад ирэхээр толгой тархи арай хөнгөрөөд, зориг орчихдог юм байна лээ. Монголдоо ирээд нээж чадах юм шиг санагдаад хамаг юмаа барьцаанд тавиад эхэлж байсан.


-Яагаад “Black Ocean” гэж нэрлэсэн юм бэ. Ямар утга санаатай юм бол?
-Анх “Black Cocaine” гэдэг нэртэй байсан. Тухайн үед хачин мөртлөө содон нэр өгч хүмүүсийн хараанд өртөх нэг талын маркетинг байсан. ЦЕГ, Хар тамхитай тэмцэх хэлтсийн эсрэг талд хар тамхины нэр орсон газар нээгдсэнийг хүмүүс харчихаад ямар аймар нэртэй газар вэ гэж сонирхож орж ирдэг тохиолдол байсан. Харин хэв журамтай тэмцэх хэлтсээс нэрээ соль гэсэн. Угаасаа хуульдаа болдоггүй юм билээ. Анхнаасаа нэрээ солино гэсэн бодолтой байсан болохоор c, i үсгийг нь аваад Ocean болгосон. Тухайн үед энэ асуудлаас болоод сошиалаар олигархи, ЖДҮ-чид, мөнгөтэй айлын хүүхэд хүссэн газраа, хүссэн нэртэй юмаа нээж байна гэж их бичиж билээ.


-Бариста хийгээд хэр удаж байгаа вэ? 
-Бариста хийгээд гурван жил болж байна. Анх бусадтай л адил гэртээ найруулдаг кофе ууж байгаад сүүлдээ кофе шоп ордог болсон. Надад нөлөөлсөн хэд хэдэн газар байдаг. Tom N Toms кофе шопт жил гаруй баристагаар ажиллаад тэндээсээ олон зүйл сурааад өөрийн кофе шопыг нээсэн.
-Залуу хүнд бэрхшээл багагүй тохиолддог. Кофе шопоо нээх үед тулгарсан асуудлаасаа ярихгүй юу?
-Шууд зоригтой бэлтгэл ажилдаа орсон ч хамгийн эхлээд мөнгөний асуудал тулгарсан. Мөнгө хүрэлцэхгүй, хийх юм дутуу байхад яг дунд нь дуусчихна. Тиймээс өөрийн эд зүйлээ барьцаанд тавих, хүнээс мөнгө зээлэх гэсэн асуудал гарч ирсэн. Үүнээс гадна үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад хэцүү юм билээ. Татварын газар, дүүрэг, хороо, цагдаагийн газраас ойролцоогоор 4-5 материал бүрдүүлэх ёстой болдог. За тэгээд нээсний дараа маркетингаа хөгжүүлэх, үйлчлүүлэгчдээ татах гэж хоёр сар болсон. Яг бизнес сэргээд байнгын үйлчлүүлэгчидтэй болсон үед коронавирус гарчихсан. Нэгээс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл орлого багасаад нэлээн хэцүү байдалд орсон. Энэ үеэр олон газар хаалгаа бариад ажиллахаа больсон. Харин манайх эцэг эх, найз нөхөд, байнгын үйлчлүүлэгчдийн хүчээр энэ хямралыг давсан. Ийм үед ганцаараа байвал тэсэхгүй юм билээ. Би яг шантрахаар байсан. Харин ойр дотны хүмүүсийн туслалцаа дэмжлэгээр тэр бүх бэрхшээлийг давж гарсан.


-Танай дотоод засал, чимэглэлийг хэн хийсэн бэ. Хэний санаа байв?
-Дотоод засал, чимэглэлийн санааг найзуудаараа нийлж гаргасан. Надтай хамт ажиллуулж байгаа хүмүүсийнхээ сонирхлын дагуу дотоод тохижуулалтаа хийсэн. Ихэнх газар нэг хэвийн минимал хэлбэрийн цулгуй хана, чимээ бага, завсрын өнгө давамгайлсан байдаг болохоор хүйтэн, ойр дотно биш санагддаг. Харин бид минималын эсрэг максимал буюу кофе ууж суухдаа эргэн тойрноо харахад нүдэнд нь өртөх олон сонирхолтой зүйлтэй байлгахыг зорьсон.
-Сүүлийн үед залуу­чууд кофег түлхүү ууж, хэрэглэж байгаа нь анзаарагдах боллоо. Энэ талаар таны бодлыг сонсъё?
-Coffee hunter буюу кофены ангууч гэсэн хэллэг кофе сонирхогчдын дунд байдаг. Залуус маань шинэ зүйлийн кофе ууж, туршин хийж үзэж, түүний олон төрлийг ялгаж сурж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ манайд франчайз газруудын учир дутагдалтай соёл орж ирээд нэлээн удаан явчихлаа. Яагаад гэвэл хэтэрхий хуурчихсан үрээр хийдэг, гашуун кофег уусаар байгаад дасчихсан. Хүмүүс халуун цай уудаг шигээ час халуун кофе авах гээд байдаг. Сүү 60 хэмээс дээш болоод ирэхээр түлэгдээд түлэнхий амт ордог. Кофе ч мөн адилхан хэтэрхий хууралттай үрээр хийвэл түлэнхий амт ордог. Энэ хоёрыг нийлүүлээд уучихаар түлэнхий хоол идэж байгаатай адилхан. Түлэнхий хоол ходоод гэдсэнд яаж нөлөөлдөг билээ түүнтэй адилаар ходоодны хүчиллэг чанарт нөлөөлж ходоод муутгах асуудал үүсгэдэг. Манай зорилго хүчтэй кофе өгөхийн хувьд өгнө гэхдээ хэт хуурч түлэхгүйгээр кофены үндсэн амтанд тулгуурлан хийж өгөхийг хичээдэг.
-Кофе шопоор үйлч­лүүлж буй үйлчлүү­лэгчдийн соёлын талаар ярилцъя.  Үйлчлүүлэгч хаан гэдэг. Таны бодлоор энэ үзэл ямар болсон бэ? 
-Үйлчлүүлэгч хаан гээд давуу эрх эдлэн тухайн газрын ажилтныг хүнд байдалд оруулах онцгүй. Тийм ойлголттой хүмүүс байвал түүнээсээ салах хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол арай өөрчлөгдсөн гэж харж байна. Манай кофе шопын нөхцөлд тийм зүйл ажиглагддаггүй. Үйлчлүүлэгч, бариста хоёр яг адилхан түвшний бараг нэг гэр бүлийн гишүүд гэсэн үг. Тэгж санагдтал нь бид үйлчлүүлэгчиддээ ойр дотно байдаг.


-Кофег хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?
-Кофены талаар мэдлэг мэдээлэл цуглуулж, төрлүүдийг нь мэддэг байхаас гадна бие биедээ өөрсдийн мэддэг зүйлсээ хуваалцаарай. Үүнээс гадна кофег өглөө заавал юм идсэнийхээ дараа ууж, орой унтмаар байвал 20 цагаас хойш уух хэрэггүй. Кофе худалдаж авч байгаа газрынхаа чанарт хамгийн их анхаарах хэрэгтэй. Анхлан кофе сонирхож байгаа хүмүүс кофе шопт ороод баристагаасаа  асууж, ярилцаж үзээд кофегоо сонгоосой гэж хүсч байна.
-Аливаа зүйл хоёр талтай байдаг даа. Кофены эерэг болон сөрөг талаас дурдвал?
-Мэдээж жерэг тал нь хүнийг сэргээж тархийг нь сайн ажиллуулж, тайвшрал өгдөг. Зарим төрлийн кофе чихэрлэг амттай учир сэтгэл ханамж өгөх үе ч бий. Харин сөрөг тал нь хэтэрхий их кофе уугаад байвал caffeine хүчтэй нөлөөлөөд тогтож сууж чадахгүй зүрх нь салганадаг болчихдог. Энэ нь хэтрүүлэн хэрэглэсэн гэсэн үг. Хүний тархинд унтаарай гэсэн дохио өгдөг нойрны эс бий. Тэр эс өөрийн нүхэнд очих үед хүний нойр хүрэн унтдаг. Харин нойрны эс байрандаа очихоос өмнө кофе уучихвал caffeine түрүүлж очоод байрыг нь эзлээд хүний нойр сэргэг болчихдог гэсэн үг. Хэт их кофе уугаад байвал caffeine-ний хүчдэл тэр нүхийг байнга цохиод улам томруулдаг. Ингэснээр кофе уухгүй байсан ч унтаарай гэсэн дохио очиход хүлээж авахаа больчихдог. Үүнээс болж нойргүйдэлд ордог. Дээр хэлсэнчлэн кофе хүчиллэг гэж явдаг. Манайхан өлөн элгэн дээрээ кофе уудаг болохоор ходоодны шархлаа үүсэх магадлал нэмэгддэг.


-Кофег хүний нойр сэргээдэг гэдэг шүү дээ. Бүх төрлийн кофе ийм үйлчилгээтэй байдаг уу?
-Caffeine гэдэг ойлголт кофе, цай, өөр янз бүрийн нэмэлт уураг дээр ч хүртэл яригддаг. Кофеных холигдмол биш хамгийн цэвэрт нь ордог. Тэгэхээр бүх төрлийн кофе нойр сэргээх үйлчилгээтэй гэсэн үг.


-Та өөрийнхөөрөө кофег тодорхойлж хэлбэл?
-Өдөрт нэг юм уу хоёр аягыг уухгүй л бол санаж үгүйлэгддэг дотно найз шиг байдаг зүйл юм уу даа.


-Кофе шопоо өргө­жүүлэх, шинэ салбараа нээх бодол байгаа юу?
-Ойрын хугацаанд нээхгүй ч гэсэн хэдэн жилийн дараа санаа байгаа. Ойролцоогоор 2-3 жилийн дараа ч юм уу. “Black ocean”-аа хөл дээр нь бат зогсоосны дараа “Atlantic ocean”, “Indian ocean” нэрээр өөр, өөр тохижилт, цэстэйгээр нээвэл зүгээр санагдаж байгаа.


-Өөрийнхөө хүсэл мө­рөөд­лөөрөө дуртай зүи­̆лээ хийгээд явж чадах­гүй, зориглохгүй байгаа залууст урам зориг өгөөч?
-Аливаа зүйлийг хийж, бүтээх гэж байгаа хүн бүрт ямар нэг эрсдэл тулгарч золиос гарна. Тухайлбал, би нэг жил сураад төгсөх байсан ч сургуулиа золиос­лон сургалтын төлбөрөөрөө өөрийн мөрөөдлийн гараагаа эхлүүлсэн. Өөрийн итгэл үнэмшилдээ тулгуурлан үнэхээр хиймээр байгаа зүйлдээ эрсдэл гаргаад хариуцлагаа үүрч чаддаг байгаарай. Тэгж байж л хүн жаргалтай байдаг юм шүү. Залуустаа зоригтой байгаарай гэж хэлмээр байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24  БААСАН № 141 (6366)

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 0 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 0 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 0 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 10 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 35 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 7 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

19 цаг 30 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

20 цаг 45 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

23 цаг 14 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин