Д.Цогтбаатар: АН-ыг хуучин суурин дээр нь шинэчлэх боломжгүй

2020-07-23
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

АН-ын анхны Гүйцэтгэх зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн нэг Д.Цогтбаатартай ярилцлаа. 

-Одоогоос найман  жи­лийн өмнө та “Ардчилсан намаа аваръя”  хөдөл­гөөн өрнүүлсэн ч өөрч­лөлт гараагүй. Удирдагч­дынхаа  неолиберал бодлогоор  явсан учраас ард түмэн дургүйцлээ илэрхийлж хоёр сонгууль дараалан муу дүн тавив уу.  Та үүнийг юу гэж дүгнэж байна? 

-Сонгуулиар  тухайн намд, улс төрийн үйл ажиллагаа болон  лидерүүдэд нь ард түмэн дүнгээ тавьж байгаа хэрэг. Гэхдээ өнөөдөр сонгуулийг луйвардсан эсэх талаар  асуудал ярьж байна. Энэ  нь тодорхой цаг хугацааны дараа бодитоор гарна. Тиймээс бид үүнийг одоо хүлээн зөвшөөрч байгаа асуудал биш юм. Харин шинэчлэгдэх ёстой гэдэг талаас нь  ард түмэн дүнгээ тавьсан. АН эрс шинэчлэгдэх ёстой. Ард түмэндээ боломж олгосон нам байх ёстой гэдэгт тэд дүн тавилаа. 

Үзэл санаа, үзэл бодлын хувьд АН либерал ардчилсан нам. Тэр утгаараа үзэл санааны хувьд хүний эрхийн төлөө, ард иргэддээ боломж олгохын төлөө, баялаг бүтээхийн төлөө явах ёстой. Гэтэл тэр үндсэн агуулгаасаа гажсан. Тиймээс би  тухайн үед “Монголын ардчилалд аюул учирлаа. Ардчиллаа аваръя” гэж хэлж байсан. Хэн ч тоогоогүй. Намын дарга, дэд дарга нар “Ардчилалд аюул учраагүй” гэсэн. Одоо тэр нь нотлогдчихлоо. Өнөөдөр намын дарга болохгүй байна, нам болдоггүй гэдэг нэг асуудал. Харин одоо  бид яаж шинэчлэгдэх вэ гэдэг асуудал руугаа ормоор байгаа юм. Ингэхдээ эрс шинэчлэх ёстой. Агуулгын хувьд шинэчлэгдэх учиртай. Онол, үзэл санааны хувьд  бид ардчилсан либерал үзэл санааг авч явсан. Гэтэл сүүлдээ холилдоод нийгмийн асуудал руу хандсан намын үзэлтэй хутгалдсан. Ингээд үндсэн үзэл санаагаа хэрэгжүүлж чадахгүй явсаар өнөөгийн байдалд хүрлээ. Ер нь дэлхийн ардчилалд сул тал бий юу гэвэл бий. Нэгэнт түүнээс  өөр давуу хэлбэр гарч ирээгүй. Иймд сонгосон замаараа, авах гээхийн ухаанаар  явах  учиртай. Гэхдээ энд нэг зарчим бий. Зарчим гэдэг олон зуун жилийн шинжлэх ухааны үндэслэл, байгалийн зүй тогтол, юмс үзэгдлийн өөрчлөлт дунд шалгарлыг туулж бий болдог зүйл. Тэгэхээр бид тэр зарчмаа баримтлахгүй байна. Түүнээсээ болоод янз бүрийн нөхцөл байдлууд үүссэн. Намын доторх маргаан тэмцэл үүнээс эхтэй. Тэгэхээр зарчмаа болон үзэл санаагаа  зөв тодорхойлох хэрэгтэй. 


-Үзэл санаагаа зөв болгоно гэхээр  өнөөдөр  яг барууныхаар явах нь учир дутагдалтай гэсэн үг үү. Өөрчилнө гэвэл яаж өөрчлөх вэ? 
-Ардчилсан либерал үзэл санааг монгол агуулгаар яаж хийх вэ гэдгийг бодох ёстой болж байна гэсэн үг л дээ. Ингэж зарчим тогтоохгүйгээс ганц АН ч биш  улс төрийн намуудын завхрал, хямрал үүсч байна. Иймээс бидэнд  хяналтын тогтолцоотой нийгэм хэрэгтэй байна. Тухайлбал, 1990 оны ардчилал эхэндээ  их зөв явсан юм шүү дээ. 1998 оноос хойш гажуудал нүүрлэсэн. 
 Ардчилал үүсээд хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгосон. Өнөөдөр Улсын Их Хурал, Бага хурал гэдэг нэр томъёондоо биш ямар ч байсан хоёр танхимтай парламенттай болохгүй бол болохгүй. Үүнийг олон улс орон  туршсан.Өнөөдөр ч түүнийгээ аваад явж байна. Нэг танхимтай парламентыг ч олон улс орон авч явж болохгүй гэдгийг нь ч нотолж байна. Манай улс бас нотолчихлоо. Энэ бол 1992 оны шинэ Үндсэн хуулийн алдаа гэх үү эсвэл  гажиг гэх үү. Хяналтын тогтолцоогоо байхгүй болгочихсон. Улсын Бага хурал гэж тухайн үед нэрлэсэн, одоо өөрөөр нэрлэж болох доод танхим бол хууль баталж байдаг мэргэшсэн албан хаагчидтай байна. Тэд хуулиа л батална, өөр зүйлд оролцохгүй. Дээд танхим нь нэг удаа аймаг, сум, дүүргээс бүрдэж хуралдаад хариуцлага тооцох, томилох асуудлаа шийддэг байсан. Ингэж тогтолцоогоо өөрчлөхгүй бол нэг танхимтай парламентаар урагшаа явбал сонгуулийн муу үр дагавар  давтагдсаар л  байна. 
-АН-д эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэлээ. Шинэчлэгдэнэ гэж байнга яриад хийдэггүй нам шүү дээ. Өнөөдөр үнэхээр шинэчлэл хийлээ гэхэд яаж хийх ёстой бол? 
-Шинэчлэгдэхгүй байна гэдэг тэрийг хүсдэггүй хүмүүс дотор нь байдаг гэсэн үг. Тийм хүмүүс бий. Гэхдээ тэр  хуучинсаг үзэлтэй хүмүүсийг насны хязгаараар авч үзэж болохгүй. Сэтгэлгээ нь хуучирсан хүмүүс байгаад байна. Өөрөөр хэлбэл, одоо шинэчлэгдэх ёстой гээд мэдэрч байгаа нэг хэсэг байна. Тэр дотор залуус, ахмадууд, дунд үеийнхэн ч байна. Ер нь хуучин тогтолцоогоороо  зодолдоод, ноцолдоод явъя. Болоод байхад  хуучин руугаа дайрлаа гэж ярьж байгаа хэсэг бас байна. Ингэж АН  хоёр талд хуваагдсан. Тэгэхээр намаа эрс шинэчилье гэж байгаа тэр хэсгийг л авч үзээд  хуучинсагийг бүрмөсөн авч хаях хэрэгтэй. Заавал авч хаяна гээд албан тушаалыг нь өөрчилнө гэж бужигнахдаа биш, үйл ажиллагаагаар шахчих  хэрэгтэй. Нэгэнт хуучинсаг хүмүүс шинэ орчинд хувирч чадахгүй. Тэд вирус л  тараана. Тиймээс АН вирустай хүмүүсээ зайлуулах хэрэгтэй. 


-Намынхаа шинэч­лэлд гишүүдийн оролцоо ямар байх ёстой вэ? 
-Гол нь санаа оноогоо уралдуулах ёстой юм. Лидер нь ч лойдор нь ч үгээ хэлэх учиртай. Мөнгөтэй гээд байгаа өнгөрсөн 30 жилд  баян болсон нөхдүүд ч үзэл бодлоо уралдуул. Тэд бас дотроо “Би буруудчихлаа, одоо намаа нэг өөрчлөөд үзье” гэж бодож байж болно шүү дээ. Санаа нь хэрэгтэй шүү дээ. Тийм маягаар оролцуулбал чухал. Яг механик байдлаар оролцох нь өөр. Миний бодлоор Ажлын хэсэг байгуулчих хэрэгтэй. Шинэчлэлийн ажлын хэсэг гэнэ үү, “Эрс реформын ажлын хэсэг” гэх үү нэрлэнэ биз. Тэндээ залуусаа ч оруулах хэрэгтэй. Залуус дотор бас “Цүнх баригч” гэдэг юм уу, ардаа эзэнтэй нөхдүүд байна. Тийм хүмүүсийг залуус өөрсдөө л цэвэрлэнэ. Үүнийг мөн л үйл ажиллагаараа л хийнэ. Мэдэж байгаа шүү дээ, тэрний, энэний хүн гэсэн нэр хаягтай байгаа. Гэхдээ хүн болгоныг бас тийм, ийм хаягтай байна гэж ялгаварлах юм бол ардчиллын үнэт зүйлээс ухарч байна гэсэн үг. Иймээс учиртай хандах хэрэгтэй. Магадгүй тэр залуу  тухайн хүнийг дагаж улс төрд орж ирсэн байж болно. Тухайн үед тэр хүнийг зөв зүйл явуулж байхад дэмжээд орж ирсэн ч байж болох. Улаан цайм яваад байгаа нөхдүүд ч бий. Өөрийн толгойгүй,  энэ хүнийг  дэмжиж би албан тушаалтай болно  гэж бодож байгаа нөхдүүдээс салах хэрэгтэй. Ахмадуудын хувьд ёс зүйтэйг нь аваад буруу бусармагийг нь орхи. Ёс зүйтэй ахмадууд хэн байна гэхээр анхан шатанд байгаа хүмүүс хамгийн ёс зүйтэй, шударга байна. Бас эмэгтэйчүүд, дунд үеийнхэн  ч байна. Намаа шинэчилье гэсэн зөв үзэл бодолтой хүмүүс ажлын хэсэгт ороход асуудал аяндаа шийдэгдэнэ. Ингэж шинэчлэл хийхгүй бол хуучин суурин дээрээ шинэчилнэ гэвэл чадахгүй. Цаана байгаа эзэд нь зүгээр байхгүй. Тэр нөлөөллийг саармагжуулж байж л өөрчилнө. 


-УИХ-ын гишүүн, сайд, дарга байсан “би” гэдэг АН-ын ахмадууд тийм  амархан зайгаа тавиад  өгчихнө гэж үү? 
-Би АН-ын анхны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ҮЗХ-ны гишүүн байсан ч хэсэг хугацаанд намаасаа хол байж зайгаа барьсан  шүү дээ. Учир нь “Ардчилал аюулд орчихлоо” гэж хэлээд байхад ойлгохгүй, хуучинсаг хүмүүс нь эсэргүүцээд байхаар нь би анхан, дунд шатанд өөрийн дуу хоолойг хүргэж явъя. Дээд шатанд тэр хүмүүс хийдгээ хийг гээд боломж олгоод  холдсон.  Гэтэл тэгж боломж олгосон нөхдүүд  маань АН-ыг хоёр удаа ялагдуулчихлаа. Тэгэхээр одоо зөв хүмүүсийг оруулах хэрэгтэй. Хуучин хүмүүс өөрсдийгөө намдаа гай болно гэдгийг бодох хэрэгтэй. Тэр дотроос би ганцхан эмэгтэй хүнийг харсан. Тэр бол Ц.Оюунгэрэл. Анхдагч талаас бодсон ч, туршлагатай улстөрч, төрийн албан хаагч, БСШУС-ын сайд байсан гэдэг талаас нь ч нам даргалах боломжтой хүн. Гэхдээ хуучинсаг талын юм бас байгаад байна. Тэр хуучны сэтгэлгээгээ авч хаяхгүй бол болохгүй болчихоод байгаа юм. 


-АН даргын эрэлд гарч  байргүйн зовлон­той тулгарлаа. Найман горилогч байгаа ч сун­гаа зогссон. Энэ эрхмүү­дээс “Тэр чадна” гэж дэм­жих хүн байна уу. Таны дэвшүүлж байгаа  зарчмаар бол шинэчлэлийн үеийн  Ардчилсан намыг хэн даргалж чадах вэ? 
-АН дүрмээрээ л явна. Дүрэм яаж бичигдсэн байна, тэр дагуу даргаа сонгоно. Ардчилсан тогтолцоогоор бүх гишүүдээс даргаа сонгох дүрэмтэй. Тэр нь сул тал ч байна, давуу тал ч бас бий. АН бүлэглэлтэй үед сул талтай. Гэхдээ үүнийг яаж засах вэ гэдгээ бодох ёстой.  Намын дарга дураараа авирлалаа,  мөнгө нэхлээ гээд шүүмжилж байна. Энэ чинь сунгааны сул тал шүү дээ. Бодит байдалд туршлагаар энэ байдлыг нь  мэдсэн бол яаж засахаа ярих хэрэгтэй. Намын дүрэмд сунгаа хийхээр заасан. Үүнийгээ өөрчилье гэвэл Үндэсний бодлогын зөвлөл хуралдаж шийдэх эрхтэй. Дүрмээ өөрчилбөл болно. Түүнээс дүрмээ зөрчиж болохгүй. Ямар өөрчлөлт хийхэд харин ухаанаа зарах хэрэгтэй юм. Эдийн засгийн талаас ч, улс төрийн талаас ч сайн мэдэрч байгаад энэ том намыг авч явахгүй бол болохгүй гэдэг нь харагдлаа. Нэг дүүрэг, дунд шатны намыг сайн авч явж байсан байж болно. Тэр хүнд баярлах ёстой. Улсын хэмжээнд намаа авч явж чадаагүй нь харагдлаа. Тэр хүнийг муу, сайн гэхээс илүү улс төрийн намын тогтолцооноос болсон гажгийг маш түргэн засах л хэрэгтэй. Намын байрны асуудал ч бас нэг “толгойны өвчин”. Гэхдээ АН-ыг бүтээхэд анхнаас нь зүтгэж байсан, ардчиллынхаа үнэт зүйлсийг мэддэг хүний хувьд би С.Эрдэнийг жаахан ялагдал хүлээгээд байраа аваад явчихгүй  хүн гэж харж байгаа. Түүнд давуу тал бий. Жирийн гишүүдтэйгээ нягт ажиллаж чаддаг, ардчиллынхаа анхдагчдыг дэмждэг нь дунд шатанд  үр дүнд хүрсэн. Харин төв нам дээрээ өөрөө тэрийгээ буруу хийсэн учраас алдаа гарсан. АН байргүйн зовлонгоос айх хэрэггүй. Намыг удирдах хүн завсрын үеийн дарга  байж болно, шинэчлэлийн үеийн удирдагч ч байж болно. Гол нь зоригтой хүн  байх ёстой. Тэгэхдээ хүнийг дарамтлахдаа биш улс төрийн  шийдвэр гаргахдаа зоригтой байх хэрэгтэй. 


-Таны ярианаас үзэхэд АН-ын дарга шинэ  бас залуу хүн болоосой гэж бодож байгаа юм аа даа? 
-Тийм. Миний зарчим бол цаг үедээ тухайн цаг үеийнх нь хүмүүс удирдаг гэж байгаа юм. Тэр туршлага, бусад зүйл нь тэр хүндээ  зөвлөөд гэх юм уу, өөр хэлбэрээр өгч болох зүйл. Лидер хайвал, сайхан ярьдаг хүн лидер биш. Монголчууд “Дахан дор эр өсдөг” гэлцдэг. Түүн шиг дахан доор тэр эр хүн өнөөдөр мэдэгдэхгүй байж болно. Түүнийгээ  бид гаргаж ирэх ёстой. Залуус дотроосоо  гаргаж ирэх хэрэгтэй. Түүнээс Ерөнхийлөгч байсан, сайд,  дарга явсан хүмүүсийг болъё. Тэд юм хийсэн үү хийсэн, бүтээсэн үү бүтээсэн. Алдсан юм ч их байна. Тиймээс ийм хүмүүс дотроос дарга тавьбал АН шинэчлэгдэхгүй. Зарим нь Ардчилсан намд боловсон хүчин байхгүй гэдэг. Тэр худлаа. Байгаагаа  бид гаргаж ирж чадахгүй байна. 1990-ээд онд бид залуу байсан. Тэр үед төрийн туршлагатай, улс төрийн мэдрэмжтэй мундагчууд байсан. Гагцхүү үзэл бодол нь шинэ нийгэмд таарахгүй, гадны хүмүүсийн зангаагаар явсан  хулчгар хүмүүс  байсан учраас залуус удирдаад явсан. Ардчиллын гол  үнэт зүйл нь өөрсдөө улсаа удирдан зохион байгуулж  авч явах ардчиллыг авчирсан юм. Алдаа нь олигтой  авч явж чадаагүй дахин алдаа гаргасан асуудал. Тэр алдаагаа бид маш хурдан засах ёстой. АН “хар хайрцаг”-ны бодлогоо тодорхойлох учиртай. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр АН-д байтугай Монгол Улсад ийм  бодлого байхгүй байна. Гол нь хүний нөөц дээр “хар хайрцаг”-ны бодлого байх ёстой. Ямар хүмүүсээ гаргаж ирэх вэ гэдэг чухал. Ардчиллын нэг сул тал нь хулгайч, муу хүнийг гаргаад ирэх боломжтой байдаг. Мэдэхгүйгээс болж олноороо нэг тийм хүнийг дэмжээд гаргаад ирдэг, үүнээс салах ёстой. “Хар хайрцаг”-ны бодлогод монголчуудын удам угсаа, мэдлэг боловсрол, хүмүүжил  гээд үнэлэмжүүд байх учиртай. Генийн хувьд аваад үзэхэд ч хулгайчийн хүүхэд хулгайч болох магадлал өндөр гардаг. Тэгэхээр улстөрч хүмүүсийн үр удам, гэр бүлийн зөв хүмүүжилтэй айлын хүүхэд зөв байж таарах гээд байна шүү дээ. Тийм хүнээ бид гаргаж чаддаг байх ёстой. Ингэж чадвал нам ч, улс орон ч цэвэрлэгдэнэ. Төрийн бодлого зөв голдиролд орно. 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

3 цаг 30 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

3 цаг 30 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

3 цаг 30 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

16 цаг 40 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

18 цаг 4 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

18 цаг 36 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

19 цаг 0 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

20 цаг 14 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

22 цаг 43 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин