Б.Солонго
Байгууллагын харилцаа холбооны салбарт технологийн компаниуд хүчтэй орж ирсний нэг нь “CallPro”. Энэ удаагийн дугаарт тус компанийн гүйцэтгэх захирал, хамтран үүсгэн байгуулагч Г.Тулгатай ярилцсан юм.
- Киргизстан улс цар тахлын үед ашиглах шуурхай дуудлагын утасны үйлчилгээг танай компаниас авахаар болсон гэсэн мэдээлэл байна. Яагаад Монголын компанийг сонгож үйлчлүүлэхээр болсон юм бол?
-Эрүүл мэндийн яамнаас “Ковид-19”-тэй холбоотой дуудлагыг хүлээж авах, шуурхай үйлчлэх, эмнэлгийн бүх салбаруудаас дата, мэдээллүүдийг цуглуулах, нэгтгэх зорилготойгоор шуурхай дуудлагын төв буюу “119” утасны дугаарыг ашиглаж байна. Нөхцөл байдал ямар ч үед шуурхай харилцаа холбоогоор эмнэлэг, өвчтөнийг бүрэн хангах зохицуулалт, технологийн шийдлүүдийг хийж өгсөн. Киргизстан улсын хувьд яг энэ технологи хэрэгтэй байгаа бөгөөд Монгол Улс энэ чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа талаар ярилцаж байсан юм билээ.
Тус улсаас манай танил холбогдож бид энэ ажлыг нь хариуцахаар болсон. Тус улсад одоо анагаахын чиглэлийн 30 гаруй оюутныг мэдээллээр хангаж оператор болгон бэлдэж байна. Төлөвлөгөөний дагуу ирэх сарын сүүлээр ажлууд эхэлнэ.
-Цар тахлын дэгдэлт буурахгүй байгаагаас байгууллагууд ажилтнуудаа зайнаас ажиллуулахаас аргагүй болж байна. Энэ үед байгууллагын утасны шуурхай хариулах байдал алдагдаж, улмаар хэрэглэгчээ алдах эрсдэл улам нэмэгдлээ. Танай компанийн санал болгодог “клауд” систем энэ нөхцөлд хэрхэн ажилладаг юм бэ?
-Манай компани харилцаа холбооны салбарт зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. “Клауд” буюу үүлэн тооцоолол гэж нэрлээд байгаа энэ технологи нь энгийнээр тайлбарлавал программ хангамжийг түрээслэх, хуваалцах байдлаар хэрэглэгддэг гэж болно. Зөвхөн томоохон байгууллагууд нэг зэрэг олон дуудлага хүлээн авах гэх мэт дуудлагын төвийн систем ажиллуулах боломжтой гэсэн ойлголт нь ард хоцорсон гэсэн үг. Жижиг, дунд ямар ч компани энэхүү үйлчилгээг манайхаас түрээслэх байдлаар байгууллагын утасныхаа үйлчилгээг шуурхай байлгах, улмаар хэрэглэгчээ алдахгүй байх боломжтой болсон юм. Ялангуяа сүүлийн хагас жилд цар тахлаас шалтгаалан байгууллагууд оффис дээрээ ажиллахаа больж байна. Бидний өмнө үзээгүй шинэ нөхцөл үүссэн. Энэ нөхцөлд манай үйлчилгээ их тохиромжтой. Жишээ нь тухайн байгууллагын ажилтан утасны дуудлаганд хариулахын тулд заавал оффис дээр ирэх шаардлагагүй, хаанаас ч холбогдох боломжтой. Мөн утасны тайлан, ярианы бичлэгийг хийдэг учраас удирдах албан тушаалтан нь гэрээсээ ажиллаж байгаа ажилтнууддаа санаа зовохгүй байх боломжтой болсон гэсэн үг. Ер нь хэрэглэгчид тухайн компани руу сошиал сувгуудаар, имэйлээр эсвэл биеэр очиж хандахаас илүү утас руу нь залгах хэрэглээ өндөр байдаг. Лавлах утаснаас ч гэсэн хаяг байршлыг нь асуухаас илүүтэй утасны дугаарыг нь асуудаг. Тэгэхээр ялангуяа бизнесийн байгууллагуудад утасныхаа дуудлагыг шуурхай байлгах нь маш чухал.
Гэхдээ тэр дугаарын цаана байнга хүн суух хэрэгтэй болдог. Яг өөрийн гэсэн оффисгүй жижиг компаниудын хувьд бүр хүндрэлтэй. Тиймээс манай систем байгууллагын утасны найдвартай байдлыг хадгалж үлдэх үйлчилгээг үзүүлж байгаа гэсэн үг. Зөвхөн нэг дугаарт залгахад цааш нь 10, 20 хэдэн ч хүнд дуудлагыг нь дамжуулж болж байна, эсвэл ачааллыг нь тэнцүүлж болно. Өдрийн цагаар ажил дээрх утас нь дуугардаг, оройн цагаар дуугарахгүйгээр дуудлагыг нь бүртгэж аваад өглөө нь ямар дугааруудаас залгасанг тайлагнаж чадаж байна. Тухайн компани брэнд дугаартай болоод өчнөөн хөрөнгө цацаад реклам явуулаад байдаг. Тэр рекламыг нь ажлаа тараад гэртээ очсон хойноо хүмүүс үзээд залгахад утас нь хариу өгөхгүй бол дахиж залгахгүй биз дээ. Тиймээс ядаж л манай ажлын цаг дууссан байна, тан руу эргэн холбогдох болно гэх мэтээр хэрэглэгчийг алдахгүй байх үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа юм. Үүний тулд заавал тусдаа тоног төхөөрөмж худалдаж авахгүйгээр зөвхөн үйлчилгээгээ биднээс түрээслэхийг санал болгож байгаа юм. Бид нэг хийсэн том программаа олон харилцагчад нэгэн зэрэг түрээслүүлснээр илүү хямд үнээр үйлчлэх боломжтой болсон. Энэ үүлэн тооцооллын систем манай улсад одоо л хөгжиж эхлэх гэж байна. Харилцаа холбооны салбарт бол манай компаниас өөр энэ технологийг ашиглаж байгаа газар байхгүй. Мөн байгууллагуудын утсанд ирж байгаа мэдээллийг бүртгэх, тайлагнах үйлчилгээ байна. Өмнө нь механикаар хийгддэг байсан энэ ажлыг бид автомат болгож маш хялбар болгосон. Хэрэглэгчээс ирж байгаа санал, гомдол, хүсэлт гэх мэт дата мэдээллүүдээ сайн цуглуулж, судалж, үйл ажиллагаандаа тусгаж байхын хэрээр байгууллагын өрсөлдөх чадвар сайжирна.
-Цахим хэрэглээ хөгжиж байгаа ч аливаа байгууллагын хэрэглэгчтэйгээ харилцах, бизнесээ амжилттай авч явахад байгууллагын утас гол суваг хэвээр байна гэж та хэлж байна уу?
-АНУ-ын судалгаагаар нийт хэрэглэгчдийн санал гомдол хүлээн авах, харилцах, шуурхай мэдээлэл авах сувгийн 70 хувь орчим нь утас байна. Үлдсэн 20-30 хувь нь сошиалаар харилцах, биеэр очих, имэйлээр харилцах сувгууд эзэлдэг. Энэ үзүүлэлт сүүлийн хэдэн жилд ердөө 1-2 хувиар буурч байгаа ч утасны үйлчилгээ хамгийн том суваг хэвээрээ байгаа. Монголд яг тодорхой ийм судалгаа байхгүй. Гэхдээ лавлах утаснуудын дата, Харилцаа Холбооны Зохицуулах Хороон дээр цугларч байгаа мэдээллээс харахад сошиал хэрэглээ гэхээсээ илүү байгууллагын хувьд утас руу нь залгах сонирхол маш өндөр хэвээр байна. Түүнчлэн веб хуудас болон сошиал хуудсаа амжилттай, тогтмол хөтөлдөг байгууллага тийм ч олон биш байна. Залуу үе сошиалыг түлхүү сайн ашиглаж байгаа ч худалдан авах чадвартай масс хэрэглэгчдийн хувьд утсаар шууд ярьж үйлчлүүлдэг.
-Та энэ ажлыг анх хэрхэн санаачилсан юм бэ?
-Би анх “Netsoft” компанийн хамгийн анхны ажилтнаар ажиллаж байсан. Тэр компани одоогийн “Жи-Мобайл” болсон. “Жи-Мобайл” компанид миний бие тав дахь ажилтан нь буюу холбооны инженерээр ажилладаг байсан. Гэхдээ программ хангамжийн чиглэлээр олон жил ажилласан. Энэ хугацаанд байгууллагын харилцаа холбооны салбар Монголд сайн хөгжихгүй байгааг судалж үзсэн. Гар утас болон интернэт хөгжөөд байхаас байгууллагад зориулсан үйлчилгээнүүд орхигдоод байсан учраас Жи-Мобайлын нэг хэсэг болгож хөгжүүлэхээр санал болгосон. Гэхдээ компани маань энэ төслийг дэмжээгүй. Тиймээс ажлаасаа гарч хоёр найзтайгаа хамтраад анх эхлүүлж байсан юм. Харилцаа холбооны салбарын хамгийн анхны стартап хэлбэрээр хөгжсөн модель болсон. Бүтээгдэхүүнээ эхэлж гаргаад зах зээлд танилцуулаад хөрөнгө оруулалтаа дараа нь босгох загвараар ажилласан. Тухайн үед стартап гэсэн ойлголт шинэ ч байсан, цаг үе нь ч амжилттай таарч байлаа.
-Танай үйлчилгээг хэдэн байгууллага зэрэг ашиглах боломжтой вэ?
-10 мянга орчим байгууллага зэрэг ашиглах боломжтой. Одоогийн байдлаар 1000 орчим байгууллагад үйлчилгээ үзүүлж байгаа. Ирэх жилээс орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. Халдварт өвчнөөс болоод гадагшаа чиглэсэн төлөвлөгөөнүүд энэ жил тасалдаж байна. Тиймээс дотооддоо үйл ажиллагаагаа сайжруулах харилцагч нарынхаа хүсч байсан шинэчлэлтүүдийг хийх төлөвлөгөөндөө илүү анхаарч ажиллаж байна.
-“Клауд” технологийн гарал үүслийн талаар сонирхуулаач?
-Анх 2000 оны үед Америкийн компани борлуулагч нарт зориулсан программ хангамжийг түрээслэх хэлбэрээр гарч ирсэн технологи. Компани болгон тус бүртээ тоног төхөөрөмж, программ хангамж худалдаж авахгүйгээр түрээслээд хэрэглэж эхэлсэн. Жижиг компаниудад бүр ашигтай. Үйлчилгээ үзүүлэгч нь ч гэсэн байгууллага болгон дээр очихгүйгээр үндсэн том программаа сайжруулаад явчихад олон түрээслэгч нарынхаа хэрэгцээг хангаад сарын үйлчилгээ нь хямдхан болоод ирсэн. Томоохон компаниуд ч сүүлдээ энэ том бүтцийг халж, жижиг энгийн энэ системийг сонирхож эхэлсэн. Харин Монголын хувьд одоо л хөгжиж эхэлж байна.
-Программ хангамжийн үйлчилгээ ч минимал стиль рүү ороод байна уу даа?
-Тэгэж хэлж болно. Цаг үе ч биднийг хэмнэлттэй ажиллахыг шаардаж байна. Зарим компани манайхаас 3-4 жил үйлчилгээ авах мөнгөөр нэг тоног төхөөрөмж аваад тавьчихдаг. Тэр нь өөрөө тухайн компанид маш том зардал болчихдог. Тиймээс “Худалдаж авахгүйгээр түрээсэл” гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүрэн телефоны оператор компанийн үйлчилгээг хүртэл түрээслэн хийдэг болоод байна. Өөрөөр хэлбэл, үүрэн холбооны компани байгуулж байна гээд барилга бариад явах биш. Тухайн технологийг нь түрээслээд өөрийн лого, онцлогийг бий болгоод үүрэн холбооны компанитай болчихож байна. Энэ бизнес нь амжилттай явбал бие даагаад гардаг ийм жишиг рүү дэлхий нийт орж байна шүү дээ.
-Танай компани төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг уу. Төрийн үйлчилгээнд энэ системийг ашиглавал тохиромжтой санагдаж байна?
-Цөөн хэдэн харилцагч бий. Эмнэлгүүд дийлэнх нь байгаа. Төрийн байгууллагын онцлог нь сонгон шалгаруулалт зарладаг. Сонгон шалгаруулалтын гол онцлог нь худалдаж авах учраас манай системийг худалдаж авах шаардлагатай болдог. Тиймээс ойлголцлын зөрүү гарах гээд байдаг юм. Гэхдээ сүүлийн үед үйлчилгээг сонгон шалгаруулдаг тендерүүд зарлагддаг болсон байна. Ерөнхийдөө төрд ийм систем маш хэрэгтэй. Хамтран ажиллах санал байвал нээлттэй ажиллана. Шинэ Засгийн Газар ч цахим шинэчлэлтийг дэмжинэ гэсэн болохоор энэ систем хэрэг болно гэж бодож байна.
-Бусад бизнесийн байгууллагуудтай харилцдагийн хувьд цар тахлын нөлөө хэр мэдрэгдэж байна вэ?
-Манайд цугларч байгаа датануудаас харахад бусад салбаруудаас илүү үйлчилгээний салбар хүнд байдалд орж байна. Манайхаас үйлчилгээгээ түр хугацаанд салгуулж байгаа компаниуд үйлчилгээний салбарынхан байна. Бид аль болох хөнгөлөлт үзүүлэх, төлбөрийг хойшлуулах гэх мэтээр тэдгээр харилцагчидтайгаа уян хатан байдлаар хамтран ажиллахыг хичээж байна. Мэдээж харилцагчдаа алдаад эхэлж байгаа учраас урт хугацаандаа нөлөөлөх байх. Тиймээс аль болох харилцагчаа авч үлдэх, үйл ажиллагааны зардлаа маш бага хэмжээнд үйлчлэх гэх мэт өөрчлөлтүүдийг хийж байна. Энэ өвчин жилийн дараа гэхэд бүрэн арилсан байгаасай л гэж хүсч байна. Энэ хүнд үед компаниуд аль болох CallPro шиг үйлчилгээний моделийг сонгосон нь зөв болж таарч байгаа юм. Учир нь нөхцөл байдалд зохицуулан багцаа дээшлүүлж, доошлуулах, түр завсарлах, үйл ажиллагаа хэвийн болсон доголдолгүйгээр үйлчилгээгээ үргэлжлүүлэн ашиглах давуу талууд харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.7.22 № 139 (6364)