Н.МӨНХЖИН
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Испанид айлчлах үеэрээ “АВС” сонинд ярилцлага өгснийг товчлон хүргэж байна.
-Украинд байдал хурцдаж, европууд ихээхэн санаа зовниж буй үед та Европт ирлээ. Украины талаарх байр сууриа илэрхийлээч. Тэр хямралыг хэрхэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байна?
-Тухайн улсын бүрэн эрхт байдлыг хүчээр, цэрэг зэвсгийн хүчээр өөрчилж болохгүй гэсэн дүрэм журмыг зөрчихгүй байх ёстой. Украин дахь нөхцөл байдал нь зөвхөн Европт бус, дэлхийд, Азид нөлөөлж буй асуудал болоод байгааг бүс нутгийн орнуудад хандаж хэлмээр байна. Украины эдийн засгийг тогтворжуулж, ардчилсан зарчмыг нь сэргээхийн тулд Япон улс багагүй тусалж байна. Мөн яриа энхийн хэлэлцээнд татан оруулахын тулд Токиогийн Засгийн газар чармайлт гаргаж байгааг онцлоё. Цаашдаа, “Их-7”-гийн орнуудтай хамтран Украины хямралыг дипломат, энхийн аргаар шийдвэрлэх тал дээр шаргуу ажиллах болно.
-Япон улс Курилийн арлын эзэмшил дээр Оростой ихээхэн маргаантай байдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хуучин зөвлөлтийн улсууд дээр улам бүр түрэмгий бодлого баримтлах боллоо хэмээн өрнөдийнхэн үзэх болсон. Кремлийн энэ хандлага Курилийн арлын маргаан дээр цухалзах болов уу, та юу гэж бодож байна?
-Би яриа хэлэлцээнд итгэж байгаа. Украинд ч тэр, өөр ямар ч хямрал, мөргөлдөөнийг ч яриа хэлэлцээгээр шийдвэрлэж болно гэдэгт итгэдэг. Ази-Номхон далайн бүсэд аюулгүй байдлыг сахиулахад улам бүр адармаатай болоод байгаа өнөө үед Орос-Японы харилцаа тун чухал юм. Бид Оростой яриа хэлэлцээгээ хадгалахын хажуугаар үндэсний ашиг сонирхлоо нийцүүлэх тал дээр ихээхэн урагшлах боломжтой. Москва, Токио хоёр энэ чигээрээ урагшилсаар байгаад Курилийн арлын маргааныг шийдвэрлэж, энхийн гэрээг батлана гэдэгт итгэж байгаа.
-Сүүлийн үед Ази-Номхон далайн бүсэд нөлөөгөө тэлэх Хятадын бодлого, түүхэн маргаан, таны Ясукуни сүмд зочилсон зэрэг асуудлаас болж Хятад, Японы харилцаа муудсан. Та энэ харилцааг хэрхэн харж байна вэ, сайжруулах ямар арга зам байна?
-Өмнө нь хэлсэн, бүх хямрал, маргааныг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой. Илэн далангүй, өгөөмөр яриа хэлэлцээ хийх хэрэгтэй. Токиогийн хувьд, Хятад-Японы хоёр талт харилцаа маш чухал, ямар ч тохиолдолд бидний харилцаа, хэлэлцээ тасрах ёсгүй. Улс төрийн ч, эдийн засгийн харилцаа нь ч сайн байх ёстой. Учир нь, Хятад манай хамгийн гол худалдааны түнш. Японы пүүс, компаниуд Хятадтай улам нягт, өргөн харилцах боллоо. Бид Хятадаас хагас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн аваад дараа нь эцсийн бүтээгдэхүүн болгоод буцаагаад гаргаж байна. Зөвхөн Японд гүйцээж дуусгадаг бүтээгдэхүүн, технологи маш их байна. Нөгөө талаар, жил бүр шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, технологийн чиглэлийн 4.2 сая хүн хоёр улс руу харилцан зорчиж, туршлага солилцож байгаа нь тун нааштай үзүүлэлт юм.
Энэ цаг үед Япон, Хятадын хооронд санал зөрөлдсөн олон асуудал байгаа нь няцаашгүй үнэн. Бид “Стратегийн нэгдмэл ашиг сонирхол дээр үндэслэсэн харилцан ашигтай” гэдэг харилцаа руу эргэн орох хэрэгтэй. Тиймээс харилцаа, яриа хэлэлцээгээ хадгалж байх нь хамгийн чухал юм. Хятадтай яриа хэлэлцээ хийх хаалга манай талаас үргэлж нээлттэй байдаг. Хятадын талаас ч мөн ийм алхам хийнэ гэдэгт итгэлтэй байна.
-Япон улс АНУ-тай харилцаа, холбоогоо өргөжүүлж, Хятадын цэргийн аюул заналхийллээс сэргийлэхийн тулд Японы Үндсэн хуулийн есдүгээр бүлгийг (өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байхыг хориглодог) эргэн харах сонирхолтой байдаг…?
-Хятад улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний үйл хэрэгт идэвхтэй оролцож, бүтээлч байгаасай гэж хүсч байна. АНУ, Өмнөд Солонгос болон бүс нутгийн бусад улс орны хамтаар бүс нутгийн аюулгүй байдлын төлөө хамтран ажиллаж байна. Ямар ч улс олон улсын хууль дүрмээс гажихгүй байх ёстой.