С.Мөнхнасан: Бидэнд аялал жуулчлалын боловсрол дутагдаж байна

2020-06-29
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Mongolian Royal Tours” компанийн захирал, аялал жуулчлал судлаач С.Мөнхнасанг урилаа.

 

Гадаадад аялахдаа зарцуулдаг мөнгийг эх орондоо авч үлдэх боломж нээгдлээ

 

-Аялал жуулчлалын салбар монголд төдийгүй дэлхий дахинд хурдацтай өсөн нэмэгдэж байна. 2019 оны байдлаар олон улсын аялал жуулчлалын орлого 1.7 их наяд ам.доллар хүрч дэлхий даяар 1.4 тэрбум хүн аяласан нь 2018 оноос аялагчдын тоо таван хувь, орлогын хэмжээ дөрвөн хувиар өссөн үзүүлэлт юм.

Цаашид ч энэ өсөлт үргэлжилнэ гэж аялал жуулчлалын салбарын эрдэмтэд үзэж байлаа. Гэхдээ энэ таамаглалыг дэлхий нийтийг хамарсан цар тахал нурааж аялал жуулчлалын салбарыг хүнд байдалд оруулсан. Монгол Улсад аялал жуулчлал хөгжихийн хэрээр гадагшаа аялах жуулчдын тоо төдийгүй, дотооддоо аялах аялагчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа цар тахлын энэ үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч энэ нь зөвхөн аялагчдын тоо, урсгал нэмэгдсэнээр хэмжих үү гэдэг асуулт гарч ирнэ. Дотоодын аялагчдын тоон өсөлтийг дагаад орон нутагт орох орлого нэмэгдэх эсэх, тэднийг хүлээн авч үйлчлэх үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээ дээшлэх эсэх, байгалийн болоод түүхийн дурсгалт газруудын хамгаалалт сайжрах эсэх нь туйлын эргэлзээтэй асуудал юм. Дэлхий нийтээр цар тахлын өмнөх ба дараах аялал жуулчлал гэдэг харилцан ялгаатай асуудал хөндөгдөж байх энэ үед аялал жуулчлалын таатай үе эхлэж дотоодын аялагчдын урсгал хэзээ мөдгүй завь тавин урсах дөхөөд байна.

Монголбанкны төлбөрийн тэнцлийн талаарх судалгаанаас үзвэл “Аялал жуулчлалын хувьд 2010 он хүртэл ашигтай байсан бол 2010 оноос хойш эдийн засгийн тэлэлттэй холбоотойгоор Монгол Улсын иргэд гадагш их аялах болсноор алдагдал нэмэгдэж, 2018 онд 415 сая ам.долларын алдагдалтай гарсан”. Өөрөөр хэлбэл гадаадын жуулчдаас олж буй орлогоос илүү гадагшаа гаргаж буй Монгол жуулчдын зарлага давсан байна гэсэн үг. Энэ бол харамсалтай тоо юм. Тэгэхээр монголчууд эх орноороо аялахаасаа илүү гадагшаа аялахыг илүүд үзсээр ирсэн. Хэдийгээр цар тахал улс орны эдийн засгийг зогсоож,  олон хүний эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд оруулж байгаа хэдий ч нөгөө талаасаа гадаадад аялахдаа зарцуулдаг байсан энэ их мөнгийг эх орондоо авч үлдэх боломж гарч байгаа эргэлтийн цаг үеийг бидэнд авчирсан. Манай улсын нэг сая гаруй иргэн давхардсан тоогоор өнгөрсөн онд дотооддоо аялсан гэх судалгаа бий. Нийт хүн амын тоотой харьцуулахад энэ тийм ч бага тоо биш. Тиймээс аялагчдын боловсролын асуудлыг тусгайлан авч үзэх зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь, манайхан аялагчдынхаа боловсролд огт анхаардаггүй. Дэлхий нийтээр аяллын боловсролын суурийг экологийн мэдлэг гэж үздэг. Гэвч манай боловсролын хөтөлбөрт аялал жуулчлалын талаарх агуулга хангалттай тусгаагүй. Бүх нийтээр эзэмшвэл зохих аялал жуулчлалын боловсролын асуудал нь “Бүх нийтийн Тогтвортой хөгжлийн боловсрол”-ын хамгийн чухал хэсэг юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Газарзүй, Биологи, Хүн ба орчин хичээлийн хүрээнд олж авдаг аялал жуулчлалын талаарх мэдлэг,чадвар нь хангалттай байж чадахгүй байна.  Иймд ЕБС-ийн сурагчдад байгаль, түүх соёл, спорт, эрүүл мэндийн чиглэлээрх аяллын төрөл хэлбэрүүд, тэдгээрийн ач холбогдолыг таниулж тэдэнд зөв хандлага төлөвшүүлэх шаардлагатай санагдана.

 

БЛИЦ:

Овог нэр: Сарантуяа овогтой Мөнхнасан

Мэргэжил:  Газарзүйч, аялал жуулчлалын менежер /МУИС/

Мэргэшил:  Аялал жуулчлалын менежер, газарзүйн багш

Боловсролын зэрэг: Бакалавр - газарзүйч-АЖ-ын менежер /МУИС/

Аялал жуулчлалын магистр  /МУИС/

Байгаль орчны хяналт үнэлгээний докторант /ХААИС/

 

Ажлын туршлага:

2002-2005 онд-Нийслэлийн 37 дугаар Ерөнхий боловсролын сургуульд газарзүйн багш

2005-2008 онд-“Газарчин” дээд сургуульд газарзүй, аялал жуулчлалын багш

2007-2008 онд-“СанМонголиа” Тур оператор компаний маркетингийн менежер

2009-2011 онд-МҮИС-ийн АЖУ-ын тэнхимийн эрхлэгч

2011-2016 онд-“Говьдисковери” компанийн “Хонгор” жуулчны баазын захирал

2012 оноос одоог хүртэл МҮИС-ийн АЖГХС-ийн захирал

2009 оноос “Аялал жуулчлалын судалгаа, инновацийн төв” ТББ-ын тэргүүн

2019 оноос “Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн

2016 оноос одоог хүртэл “Mongolian Royal Tours” компанийн захирал

 

Бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг эзэмшүүлэх шаардлагатай

-Эхнээсээ ч аялагчдын замбараагүй, зохион байгуулалтгүй, хариуцлагагүй байдал байгалийн үзэмжит байдал, түүх соѐлын дурсгалд сөргөөр нөлөөлөөд эхэлсэнийг цахим сүлжээнд тавигдсан халагламаар олон зураг, постуудыг харлаа. Нөхцөл байдал иймдээ тулсан тул аялал жуулчлал судлаачид бидний хувьд бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол, дотоодын аялагчдын ухамсарыг дээшлүүлэх талаар судалгаанд суурилсан санал, бодлогыг дэвшүүлэх шаардлагатай. Тэгвэл “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” гэж юуг хэлээд байна вэ, Монгол Улсад ямар арга замаар хэрэгжүүлэх боломж байгаа талаар судлаачийн үүднээс байр сууриа илэрхийлье. Хүн бүр сурч, боловсрох эрхтэй хэмээн тэртээх 1946 онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д дурьдсан байдаг. Энэ нь бүх нийтээр эзэмшвэл зохих анхан шатны боловсролыг заавал, ерөнхий боловсролын агуулгыг төлбөргүй эзэмшүүлэх, мэргэжлийн болон дээд боловсролыг хүртээмжтэй байлгах тухай дэлхий нийтийн эрх зүйн үндэс болсон байдаг. Манай улсын хувьд ч мөн адил бүх нийтийн Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлж, бичиг үсэг тайлагдалтын түвшин 98.3 хувьд хүрсэн байна. Төрийн зүгээс бүх нийтээр эзэмшвэл зохих боловсролын талаар ихээхэн анхаарч “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” бодлогын баримт бичигт томоохон зорилтууд дэвшүүлсэн билээ. Ерөнхий боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх ойлголтын зэрэгцээ бүх нийтээр эзэмшвэл зохих санхүүгийн боловсрол, эрхзүйн боловсрол, экологийн боловсрол, эрүүл мэндийн боловсролын тухай асуудлууд урган гарч үүнийг зохицуулах олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.

Эдгээрийн нэгэн адил “Бүх нийтийн Аялал жуулчлалын боловсрол” хэмээх ойлголтыг нэг мөр тодорхойлж аялал жуулчлалын харилцаанд оролцогч талуудын эрх, үүргийг томъёолон үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг боловсруулах зайлшгүй шаардлагатай цаг үетэй тулгараад байна. Иймд “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” гэдэг нь хувь хүн тухайн эдийн засаг, нийгэм, байгалийн нөхцөл байдалд тохируулан аялал жуулчлалын харилцаанд оролцох мэдлэг, чадвар болон хандлагын цогц хэмээн тодорхойлох саналтай байна. Өөрөөр хэлбэл энэ нь аялал жуулчлалын мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос гадна аялал жуулчлалын харилцаанд оролцож буй нийт хүүхэд залуус, ахмадуудын хувьд нас, хүйс харгалзахгүйгээр эзэмшвэл зохих суурь мэдлэг, чадварын асуудал юм.

 

Хойч үедээ үлдээх байгаль, түүх, соёл уламжлалын өвөө сүйтгэж байна

 

-Бүх нийтийн аялал жуулчлалын боловсролын асуудал нь зөвхөн аялагчдын байгальд хог тарихгүй байх тухай асуудал биш бөгөөд аялал жуулчлалын харилцаанд оролцож буй хэрэглэгч, нийлүүлэгч аль нь болох талаасаа хамааран зөв үйлчлүүлэх, зөв зочлох тухай соёл, ёс зүй, ухамсарын олон талыг багтаасан хувь хүн, гэр бүлийн хүмүүжлээс эхлээд төрийн хэмжээнд анхаарвал зохих цогц ойлголт юм. Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлөж ирсэн байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах, бусдыг хүндлэх, зочлох тухай асар нандин өв соёл, уламжлал бий. Гэтэл бид түүнийг умартаж Монгол хүн Монгол нутагтаа хаана хонож, юу хийх нь миний дур, Монголын газар шороог чи өмчлөө юу гэсэн атгаг бөгөөд аархуу, ухамсар муутай зангаасаа болон ирээдүй хойч үедээ үлдээх байгаль, түүх, соёл уламжлалын өвөө сүйтгэж, уландаа гишгэж буй нь туйлын харамсалтай. Иймд цаашид хэрхвэл зохих вэ, Яавал бид аялах танин мэдэхүйн хэрэгцээгээ хангасан ч байгаль, түүх соёлоо хэвээр нь үлдээх вэ, нөгөө талаас аялал жуулчлалыг хэрхэн эдийн засгийн тулгуур гурван салбарын нэг болгож хөгжүүлэх вэ,  зэрэг олон асуултуудын хариулт нь “Аялал жуулчлалын боловсрол” хэмээх ойлголтонд багтаж байгаа юм. 

Энд дурьдаж буй “Аялал жуулчлалын боловсрол” хэмээх ойлголт нь бүх нийтээр эзэмшвэл зохих аялал жуулчлалын суурь боловсрол ба нөгөө талаас аялал жуулчлалын салбар дахь мэргэжлийн болон дээд боловсролын асуудлыг хамарсан өргөн асуудал гэдэг нь харагдаж байна. Хүний хэрэгцээний тухай Маслоугийн онолд дурьдсанаар хүний танин мэдэхүйн хэрэгцээг өөрөө өөрийгөө танин мэдэх, байгаль дэлхий, соёлын ялгаатай байдал, өв уламжлал, дурсгалыг танин мэдэх гэж ангилсан байдаг. Өөрөөр хэлбэл хүний унтах, идэх зэрэг физиологийн хэрэгцээ, аюулгүй байх, хайрлаж дурлах хэрэгцээний нэгэн адил өөрийгөө болон бусдыг танин мэдэх нь хүний бас нэгэн хэрэгцээ бөгөөд эндээс л нэг талаас аялах, жуулчлах, нөгөө талаас түүнд үйлчлэх, энэ харилцааг нь зохицуулах төр, эрхзүйн харилцаа зэрэг олон талт асуудал үүсч аялал жуулчлал хэмээх шинжлэх ухаанаар судалдаг. Монголчууд бид ч мөн үүний нэгэн адилаар аялах, танин мэдэх хэрэгцээгээ хангахын тулд дотооддоо болон гадаад улс орнуудруу аялж, зөрүүлээд Монгол орныг танин мэдэхийг хүссэн гадаадын жуулчдыг эх орондоо хүлээн авдаг соёлын болоод бизнесийн урсгалд хөл тавиад нэгэн жарныг үдсэн. Гэтэл дотоодын аялагчдын боловсролыг дээшлүүлэхийн тулд, жуулчдад хандах иргэдийн хандлага, чадварыг сайжруулахын тулд нэгдсэн бодлогоор, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ажиллах төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт дутагдалтай хэвээр байна. Ийм учраас бүх нийтээр эзэмшвэл зохих аялал жуулчлалын суурь боловсролыг албан ба албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан заавал эзэмшүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.29  ДАВАА № 125 (6350)

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 38 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 38 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 38 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 48 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

19 цаг 12 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 44 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

20 цаг 8 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

21 цаг 22 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

23 цаг 51 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин