Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Ерөнхий сайд “Шинэчилж шийдье 222” хэлэлцүүлгээ импортыг орлох 888 төслийн төлөөлөл болон Засгийн газрын гишүүд, Хөгжлийн банкны удирдлагуудтай хамтран өчигдөр хийсэн юм. Үр ашигтай төслүүд шалгарсан нь сайн мэдээ ч нөгөө талаараа санхүүжилтийн асуудал, үйл явц нь асуудал дагуулсаар байгааг жижиг дундынхан энэ үеэр хэлж байв. Тэдний нийтлэг сонирхсон асуудал нь санхүүжилтийг хэрхэн хийх тухай байсан юм. Эцсийн байдлаар шалгарсан төслүүдийн жагсаалтыг санхүүжилт олгох 13 арилжааны банкинд илгээгээд байгаа аж. Бондын хөрөнгийг Хөгжлийн банкнаас Арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх зарчмаар явах гэнэ.
Хэдий төсөл нь удаан хугацаанд бүрэн хэрэгжих боломжтой ч барьцаа хөрөнгөний асуудалтай иргэд мөн цөөнгүй байгаа аж. Энэ тохиодолд үндэсний даатгалын корпорациар даатгал гаргуулж барьцаа хөрөнгөний дутууг нөхөх боломжтой хэмээн албаныхан тайлбарласан юм. Мөн одоо ажиллаж буй зээлийн батлан даалтын сангаар барьцаа хөрөнгөний дутууг нөхөж болох талаар ч зөвлөв. Үүний зэрэгцээ хоёр тэрбум буюу түүнээс доош зээл хүссэн төслүүдийг жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан дээр шийдэх боломжтой юм байна. Үүнд 579 төсөл хамрагдаж байгаа аж. Ингэхдээ Чингис бондоос 100 тэрбум төгрөгийг гарган жижиг дунд үйлдвэрийн санд өгч, шийдвэрлэж байгаа гэнэ. Харин үлдсэн нь буюу хоёр тэрбумаас дээш төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл нь арилжааны банкаар дамжин санхүүжилтээ авах нь. Чингис бондоос багадаа гурван сая харин хамгийн ихдээ 258 тэрбум төгрөгийн санхжүүжилт хүссэн төслүүд байгаа аж. Одоогийн байдлаар Чингис бондын үлдэгдэл нэг их наяд 267 тэрбум 200 сая төгрөг бий. Үүнээс 394 тэрбум төгрөгийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах юм байна. Үүний зэрэгцээ Самурай бондын 24,3 тэрбум иентэй тэнцэх хэмжээний эх үүсвэр байгааг ч дурдаж байв. Тиймээс 888 төслийн санхүүжилт бэлэн байгааг Ерөнхий сайд онцолсон юм.
Энэ үеэр Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Санхүүжилт хүссэн төслүүдийг ямар таван ангилалд хуваасан бэ?
-Эхний ээлжинд импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдийг үндсэн таван бүлэгт хуваан ангилж байгаа. Үүнд: Нийт төслийн санхүүжилтийн гуравны нэгийг зээлэх хүсэлтэй, гуравны хоёрыг нь бие даан санхүүжүүлэх боломжтой, гуравны нэгээс илүү хэмжээний зээл хүссэн, Барьцаа хөрөнгө нь дутмаг төсөл, тооцоо судалгаа нь дутуу, дулимаг, огт хэрэгжих боломжгүй төсөл гэж ангилсан. Судалгаанаас харахад ихэнх төслийн хувьд санхүүжилтийнхээ гуравны нэгийг бие даан гаргаж, гуравны хоёрыг нь бондоос санхүүжүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байна.
-Тооцоо судалгаа нь дутуу төслүүдийг цаашид боловсруулах боломжтой юу?
-Тооцоо судалгаагаа дутуу боловсруулсан төслийн эздэд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад гадаад, дотоодын санхүүгийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж байна. Төслийн дахин боловсруулалтын зардлыг төсөл санаачлагч хариуцах бөгөөд ингэж сайжруулсан төслүүдийн санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгоход эрсдэлгүй гэж үзэж байгаа.
-Арилжааны банкуудаас зээл яаж шийдэгдэж гарах юм бэ?
-Юуны өмнө зээлийг төгрөгөөр таван жилийн хугацаатай олгоно. Хүүний хувьд есөөс дээшгүй хувьд олгох юм. Зээлээс чөлөөлөгдөх хугацаа нь дор хаяж 12 жил байх гэсэн шаардлагатай. Санхүүжилт олгох мөнгө бэлэн байгаа. Тиймээс 888 төслийн эзэд арилжааны банктай тулж ажиллах шаардлагатай байна.
Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Болдбаатар:
-888 төслийг хэрэгжүүлэхэд нэг зүйл хүндрэл болж магадгүй. Өнөөдөр гаднаас орж ирж байгаа бэлэн бүтээгдэхүүн нь хөнгөлөлттэй, тусгай зөвшөөрөлгүй, татвар алдаг оног төлдөг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байна. Харин түүхий эд нь тусгай зөвшөөрөлтэй, хяналт шалгалттай, лабораторийн дүгнэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл, импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн, импортын түүхий эд хоёрын хоорондын ялгааг сайн гаргах хэрэгтэй. Энэ нь үйлдвэрлэл хөгжихөд саад болж байна. Үүний эсрэгээр нь бэлэн бүтээгдэхүүн орж ирэхэд татварыг нь нэмж, түүхий эдийн татварыг хөнгөлөхгүй бол Монголд хичнээн сайхан бодлого хэрэгжүүлж, мөнгө өгөөд суурь нь муу бол явахгүй.
Сүүний нэгдсэн холбооны тэргүүлэх гишүүн Р.Цогтбуян:
-Төрөөс фермерүүд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар анхаарч ирсэн. Гэвч үл хөдлөх хөрөнгө, зээлийн барьцаа бий болгоход анхаарч байсангүй. Тиймээс бидэнд барьцаа хөрөнгөгүйн асуудал их тулгардаг. Энэ удаагийн төсөлд ч ялгаагүй энэ төрлийн асуудал гарч байна. Тиймээс фермерийн аж ахуй эрхлэгчдийн үхэр, мал болон ирээдүйд нийлүүлэх сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь барьцаанд тооцох боломжийг судалж үзэх саналыг тавьж байна. Ядаж гадаадаас өндөр өртгөөр оруулж ирдэг үнээ малаа барьцаалдаг болмоор байна.