Р.ОЮУН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа “Одь тан” компанийн гүйцэтгэх захирал Б.Чанцалдуламыг урьсан юм.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд технологийг нь бий болгох ёстой
-Миний бодлоор Монгол Улсыг хөгжүүлэхэд юуны өмнө жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Германд 99 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл дээр тогтдог юм билээ. Мөн Волксваген, Бенз гэсэн дэлхийд алдартай аж үйлдвэрүүд нь Германы эдийн засгийн нэг хувийг л бүрдүүлдэг. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэл эдийн засгийг хөдөлгөгч гол хүч байдаг юм байна.
Томдоо гол нь биш жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр дундаж амьжиргаатай иргэдийн тоо нэмэгдэж, хүмүүс хөндлөн шугамаар ажилтай болох боломж нь үүсдэг гэдгийг ойлгож авсан.Бид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд технологийг нь Монголд бий болгох ёстой. Тухайлбал, Солонгост оймсны үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс Монголыг оймсоор хангаж байгаатай адилхан технологи илүү сурч ирэх хэрэгтэй байна. Технологи бидний хамгийн том хөрөнгөний нэг болох юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь Монгол Улсын хөгжлийн нэг том суурь бааз болно.
Бидэнд цэвэр байгалийн, эрүүл мэндийн ач холбогдолтой бүтээгдэхүүнүүд байгаа ч эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй Монголын хамгийн үнэтэй гэсэн эрдсүүдээ түүхий эдээр нь гадагшаа гаргачихлаа. Эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй байна гэдэг чинь өөрсдийнхөө боломжийг алдаж байна. Гэтэл Монголд үйлдвэрлэх бүх боломж, нөхцөл нь байхад үйлдвэрлэгч биш хэрэглэгч ард түмэн болоод байна. Тиймээс нэгдүгээрт, технологитой болох ёстой. Сайн технологи дээрээ өндөр чанартай түүхий эдүүдээ ургуулж, хөгжүүлээд сайн бүтээгдэхүүн гаргаж чадвал Монгол Улс дэлхийд гарах олон боломж байгааг олж харсан.
Монголд гоо сайхны мэргэжлийн боловсон хүчин алга
Блиц:
Боловсрол:
♦ 2004-2008 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлчээр
♦ 2010-2012 онд Калифорнийн Менежмент, шинжлэх ухааны их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар
♦ 2019 оноос Атлантын их сургуульд эмийн химийн ангид суралцаж байна.
Туршлага:
♦ 2008-2010 онд Шинжлэх ухааны академитай хамтарч “Гэрэлт бие” сэтгүүлийг гаргасан.
♦ 2012-2013 онд АНУ-ын “Денкен Солюшнс” компанид программын зөвлөх
♦ 2013-2017 онд “Длойт онч” ХХК-д зөвлөх, эрсдэлийн шинжилгээний ажилтан
♦ 2017 оноос өнөөдрийг хүртэл “Одь тан” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
-Би “Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн гэж явдаг. Анх удаа Монголын гоо сайхны салбарыг ахуйн хэрэглээний угаалгын нунтаг, савангаас гоо сайхан гэдэг салбар руу салгасан. Ингээд анхны хурлаа хийж алдаа, оноогоо ярилцаад дүгнэхэд Монголд гоо сайхны бүтээгдэхүүний ангид суралцъя гэхээр ямар ч сургуульд ийм анги байдаггүй юм байна. Гоо сайхны бүтээгдэхүүний технологичийн анги гэж байхгүй, гоо сайхны чиглэлээр боловсон хүчин бэлтгэх багш, мэргэжлийн боловсон хүчин алга. Залуус маань гэрийн нөхцөлд савангаа хэрхэн үйлдвэрлэх вэ гэсэн маягаар youtube, онлайн хичээлд суурилсан сургалтад хамрагдсан байх жишээтэй. Мэргэжлийн гоо сайхны салбар үсрэнгүй хөгжилтэй Франц, Итали, Солонгос, дэлхий гэсэн ангилал бий болсон байна. Гэтэл Монголд мэргэжлийн боловсон хүчин байхгүй байна гэдэг харамсалтай хэрэг. Нөгөө талаараа Монголд гоо сайхан, ахуйн хэрэглээний салбар хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь хууль, эрх зүйн орчин нь тааламжгүй байна. Е витамин, коллаген, глицерин гэсэн гоо сайхны хамгийн энгийн түүхий эдүүдийг Монголд тусгай зөвшөөрөлтэй оруулж ирдэг. Тусгай зөвшөөрөл нь химийн хортой, аюултай бодисын ангилалд ордог. Тухайлбал, уул уурхайн тэсэрч дэлбэрэх бодисын ангилалд байдаг.
Ямар ч гоо сайхны түүхий эдийн бодисын ангилал гэж байхгүй. Энэ ангиллын дагуу үйлдвэрлэгч нар агуулахаа янзлах хэрэгтэй болно. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийн хувьд 1-2 сар хөөцөлдөх, 3-5 улсаас зөвшөөрөл авдаг, өндөр татвартай хэцүү ажил. Гэтэл гаднаас ямар түүхий эдээр хийсэн, гарал үүсэл нь мэдэгдэхгүй, янз бүрийн юм хольсон чанаргүй барааг ихээр оруулж ирдэг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихгүй бүр няцааж байгаа хамгийн буруу бодлого. Тиймээс одоо хэлэхгүй бол ирээдүйд бидний үр хүүхдүүд гайгүй хууль, эрх зүйн орчинд амьдрах, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжтой юм байна гэж бодоод холбогдох бодлого боловсруулагчдад нь хэлсэн. Тэгэхээр үйлдвэрлэгч нар болж, бүтэхгүй асуудлаа хууль, эрх зүйн бодлого боловсруулагч дээд байгууллагадаа хэлж байж орчин нь сайжирна. Үйлдвэрлэгчдийн тоог нэмэгдүүлье гэвэл үйлдвэрлэлийн таатай орчныг төр, засаг бүрдүүлэх ёстой гэж боддог.
Монголын үйлдвэрлэлийг дэлхийтэй харьцуулахад жижиг, дунд үйлдвэр хөгжлийнхөө бэлтгэл ангид л байна. Тиймээс нэгдүгээрт, сайн технологичтой болох, хоёрдугаарт, хууль, эрх зүйн орчинд үйлдвэрлэгчдийг дэмжсэн орчныг бий болгох. Гуравдугаарт, жишээ дурдахад Сингапурт явж байхад жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төв гэж байдаг юм билээ. Тэр төв ижилхэн хэмжээтэй жижиг байшингуудтай. Тэнд нь жижиг, дунд үйлдвэрлэгч нар орлоготой болтлоо татвар төлөхгүй, түрээсийн зардал өгөхгүй зөвхөн үйлдвэрлэл, технологи боловсруулах ажлаа л хийнэ. Хэрэв Сингапурт үйлдвэрлээд экспорт хийвэл нийт бүтээгдэхүүний 30 хувьд нь зээл биш буцалтгүй тусламж маягаар урамшуулдаг. Мөн гаднын том компанийн хүмүүсийг урьж технологио танилцуулаад бүтээгдэхүүнээ хийдэг. Сингапур далайд гарцтай болохоор бүх оронд экспорт хийх боломжтой. Энэ мэтчилэн үйлдвэрлэгч нар, төрийн байгууллагууд нэгдсэн журмаар явдаг юм байна. Гэтэл монголчууд дан ганц бор зүрхээрээ зүтгээд очих гэсэн газраа хүрч, амжилтад төдийлөн хүрч чадахгүй байна.
Монгол анагаах ухаан монгол хүний биеийн онцлогт тохирсон
-Монголд уламжлалтын найман эмийн үйлдвэр бий. Уламжлалт эмийн зах зээл бага. Эмийн зах зээл Монголд 500-600 тэрбум багтаамжтай гэдэг ч уламжлалт эмийн зах зээл хоёр хувийг эзэлдэг. Уламжлалт эм 1990 оноос хойш дахин сэргэж байгаа. Өвөрмонголд уламжлалт эмийн программ гарсан, уламжлалт оношилгоог судсаар оношлоод программчилсан байхад Монголд байхгүй. Уламжлалыг саармагжуулсан зүйл бол мэдээж түүхийн нугачаатай үед мундаг маарамбуудыг устгаж, түүхэн судруудыг нь шатаасантай холбоотой. Хоёрдугаарт, уламжлалт эм гашуун гошуун гэсэн онцлог амттай. Хүмүүс гашуун эмийг уух сонирхолгүй ч юм уу уламжлалт эмээ орчин үеийн технологитой хослуулж хэрэглэхэд хялбар болгох талаас нь үйлдвэрүүд маань ажиллахгүй бол болохгүй болжээ гэдгийг ойлгуулсан. Гуравдугаарт, уламжлалт эмийн онцлогоос хамаарч гашуун амтаар нь эмчилж байхад зөгийн бал, сахар хийчихвэл үйлчилгээ нь суларна. Тиймээс аль аль талыг нь алдагдуулахгүйгээр технологио сайжруулах ёстой юм байна гэдэг шийдэлд хүрсэн.
Монгол уламжлалт эм монгол хүний биеийн онцлогт илүү тохирсон. Учир нь дөрвөн улирал, таван махбодьдоо тохируулаад бие организм өөрчлөгдөж байдаг. Тухайлбал, өвлийн улиралд төмөр махбодьтой эрхтэнүүд доройтдог учраас намар уушги, ходоодоо дэмжих зүйлүүдийг их хэрэглэдэг байсан болохоор өвлийг хамрын ханиад ч хүрэлгүй давдаг байжээ. Дөрвөн улирал, таван махбодид хүний бие организмыг яаж тохируулан өвдүүлэхгүй байх вэ гэдэг санаа, ойлголтууд шингэсэн юм билээ. Дээр үед уламжлалт анагаах ухаан биш тэжээхүйн ухаанаар явдаг байсан. Энэ нь өвдөхөөсөө өмнө хэрэгтэй бүх аминдэмүүдээр хорогдсоныг нөхөж эрүүл байлгана гэсэн санаа. Анагаах ухаан өндөр хөгжсөн зарим оронд хувийн эмчдээ өвдөхгүй байвал мөнгө төлдөг, өвдчихвөл төлдөггүй гэдэг. Учир нь эмч ажлаа сайн хийсний дүн нь эрүүл саруул амьдрал гэж тэд үздэг. Монголчууд хамрын ханиад хүрэхгүй өвлийг давдаг байсны гол нууц нь тэжээхүйн ухааныхаа жорыг сайн мэддэг байсан. Нүүдлийн соёл өөрөө эрүүл амьдралын үндэс. Морь унаад явж байгаа болохоор холестрол үүсэхгүй, зүрхний хэм алдагдахгүй, эмэгтэйчүүдийн сүү саах хөдөлгөөн нь хөл, гарын булчинг жигд ажиллуулах нь гэнэтийн дасгал хийснээс илүү. Монголчуудыг нүүдлийн соёлоос нь холдуулахад дархлаанаас нь салгаж байгаатай адилхан гэдгийг ойлгосон. Монголын дархлаа бол нүүдлийн соёл мөн.
Төрийн бодлогод уламжлалт эмийг хөгжүүлнэ гэсэн ч амьдрал дээр 100 хувь хэрэгжихгүй байгаа. Одоогоор уламжлалт эмийн үйлдвэрүүд маань уламжлалт эмнүүдээ хэрэглэхэд энгийн хэрэгцээтэй биологийн идэвхт бүтээгдэхүүн, цай болгох тал руугаа хөгжиж байгаа. Эрүүл мэндийн яаманд анх удаа уламжлалт анагаах ухааны хэлтэс бий болсон. Бид эмийнхээ 50 гаруй ургамлыг тарималжуулдаг ч судалгааны шатанд их хэмжээний мөнгө зарцуулж байхад ямар ч дэмжлэг байхгүй хэвээр л байна. Нэлээн хэдэн инновацийн болон суурь судалгааны төсөл бичиж өгсөн ч дэмжээгүй. Гадаадын ургамлыг Монголд тарималжуулахыг инноваци биш гэж үзсэн. Гэтэл халуун оронд ургадаг эмийн ургамлыг Монголд тарина гэдэг инновацитай зүйл мөн.
Монголд хүйтэн хөрсөн дээр ургах боломжгүй, эрс тэс уур амьсгалд ургах чадваргүй ургамлыг тарихад уламжлалтын үйлдвэрүүд бор зүрхээрээ л явж байгаа. Хятадын анагаах ухааныг дэлхийн эмийн бүртгэлд оруулчихсан. Хятадын бүх эмнэлэг нь уламжлалтын эмчилгээ хийж байгаа. Хүмүүс нь уламжлалтынхаа эмийг хэрэглэх сонирхол их болсон. Энэ нь төр, засгаас нь дэмжсэнийх гэж уламжлалтын эмч нар нь үздэг юм билээ. Яагаад гэвэл эмнүүдээ бүртгэлжүүлж, борлуулах, иргэддээ хэрхэн сурталчилж ойлгуулах талаас нь төр, засаг нь дэмжээд өгчихсөн. 100 хувь төрийн бодлогын хэмжээнд уламжлалт анагаах ухаан нь өндөр хөгжөөд дэлхийн эмийн бүртгэлд уламжлалтын эмүүд нь орсон байгаа.
Монголд боломж нь байгаа ч төрийн бодлогоос гадна уламжлалтын үйлдвэрүүд илүү нэгдэж ажиллах хэрэгтэй болов уу. Манай үйлдвэр ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хүрээлэнгүүд болон бусад үйлдвэрлэгчтэйгээ хамтарч ажилладаг. Тухайлбал, царван гээд хоолойны сайн эмээ шингэн болгомоор байгаа юм. Үүний тулд эмийн хэлбэр дүрсийг өөрчлүүлэхээр заавал эмнэл зүйн өгүүлэл бичдэг. Тиймээс хүрээлэнгүүдтэйгэээ хамтран судалгаа шинжилгээ хийж байна. Хоолойны өвчний эсрэг хамгийн сайн ургамлуудын нэг. Царван шарилжаар бактери устгах, хавдрын эсрэг үйлдлээр нь Хятадын эрдэмтэн Нобелийн шагнал авчихлаа. Бидний судалснаар Монголд ургасан эмийн ургамлууд эрс тэс уур амьсгалаас шалтгаалан антиоксидант чанар нь өндөр байдаг юм билээ. Тиймээс бидэнд нөөц бололцоо байгаа учраас сайн технологи хөгжүүлэлт хийх хэрэгтэй.
Эмийн ургамлуудыг түүх зохистой цаг, улирал гэж байдаг
-Технологи байхгүй бол мянган газар байгаад ургамал үхчихдэг. Анх үүнийг ойлгохгүй эмийн ургамал тарихад ургахгүй зардал их гаргасан. Яг технологийг нь ойлгоод ирэхээр хялбар бөгөөд мөнгө их хэмнэдэг. Технологи гэдэг нь компанийн биет бус хөрөнгө. Ялангуяа, үйлдвэрлэгч нар технологи дээрээ анхаарах хэрэгтэй байх. Технологио сайжруулаад гоё болгоод байвал илүү чанартай бүтээгдэхүүн хийх боломж байгаа. Бид түүхий эдүүдээрээ бахархах хэрэгтэй. Дээрээс нь уламжлалтын эмийн ургамлуудыг түүх зохистой цаг, улирал гэж байдаг. Хавар, зуны эхэн сард түүхээр ургамал хүйтэн өвлийг туулсан болохоор дотор нь байдаг гол бодисууд нь багасчихдаг. Намар боловсорсон жимс гэдэг шиг бүх юм нь гоё үедээ тухайлбал, алтан гагнуурт байдаг ресолин гэдэг бодис хавар юу ч үгүй мөртлөө намар дээж авч үзэхэд дэлхийд байдаг бүх алтан гагнуураас хамгийн их хэмжээтэй ресолин ялгардаг. Энэ бодис нь хүний биед дархлаа бий болгодог. Тиймээс эмийг хүртэхдээ “Илүү сүсэглэж, биширч, хайрлаж уух ёстой”.
Хүмүүс монгол эмийг европ эмтэй андуураад 3500 төгрөгийг ямар үнэтэй юм бэ гэдэг. Энэ ургамлыг бий болгоход дөрвөн жил зарцуулдаг. Эхний гурван жилд олон наст ургамлууд нь түүхий эдээ өгдөггүй. Тиймээс бидний хийж байгаа хөдөлмөртэй харьцуулахад үнэгүй өгч байгаа. Монгол хүний эрүүл мэндийн төлөө хийж байгаа бидний нийгмийн хариуцлага.
Үйлдвэрлэгч орон болоход багахан хөшүүрэг хэрэгтэй
-Монголын үйлдвэрлэгчдийг сайн технологитой болгож өгөөсэй гэж төр, засгаасаа хүсмээр байна. Яагаад экспортлогч болж чадахгүй байна гэхээр нэгдүгээрт, технологи нь муу байна. Хоёрдугаарт, сав, баглаа боодол, гуравдугаарт, маркетинг, дөрөвдүгээрт, санхүүжилт. Хүмүүс мөнгөгүй болохоор юу ч хийж чадахгүй байна гэдэг. Юуны өмнө технологио бий болгох, хоёрдугаарт, гадаадынхны хүсээд байгаа сав, баглаа боодлын дизайныг мэргэжлийн түвшинд бодож боловсруулах, хамгийн сүүлд нь экспортлох боломжийг нь бий болгож өгөөсэй. Тухайлбал, Монголын мал 70 гаруй төрлийн эмийн ургамал иддэг болохоор мах, сүүнд кальци, фосфор гэх мэт эрдэс минерал их чанартай түүхий эд болдог. Тиймээс төр, засгаас технологио сайжруулахад нь 10 компанийн дунд нэг технологич авчрах зардал дээр нь тусалбал Монгол үйлдвэрлэгч орон болоход ойрхон байна. Биднийг хэрэглэгч орон болгоод сургачихсан болохоор үүнээс гарахад жаахан хүнд байгаа. Гэхдээ үйлдвэрлэгч орон болоход багахан хөшүүрэг хэрэгтэй.
“Одь тан” үйлдвэр анх байгуулагдаад хоёр жил ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй. Харин 110 төрлийн эмийг улсын бүртгэлд оруулах ажил хийсэн. Эмийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд судалгаа, шинжилгээний ажил их байдаг. Байгуулагдсанаас хойш хоёр жилийн дараа анхны бүтээгдэхүүн болох халгай амтлагчийг үйлдвэрлэж эхэлсэн. Халгай ургамал бүлээн чанартай учраас өвөл, хавар идэх ёстой. Япон, Солонгост халгайн амтлагч хамгийн тохиромжтой. Далайн уур амьсгалтай учраас чийг бам ихтэй. Халгайг дээр үед халгай гэдэггүй Бамтан гэдэг байсан юм билээ. Бамын бүх өвчинд сайн. Халгайд уураг, хлорфиллын хэмжээ их болохоор Европын оронд хор саармагжуулах ундаа хэмээн хаврын халгайг түүж иддэг юм билээ. Тиймээс бид гадаадынханд халгай ийм юманд сайн гэж ярих шаардлагагүй, аль хэдийнэ боловсорсон хүмүүс. Азаар Монгол Улсын дэлхийд харагдах имиж нь байгалийн гаралтай, органик, онгон дагшин ургамалтай, нүүдэлчин ард түмэн гэгддэг. Одоогоор бид “Доктор Баатар” брэндийг бий болгож 100 гаруй эм, тан, 10 гаруй эрүүл мэндийн цай, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна.
Монголд тарималжуулсан болон Хятадад ургуулсан халгайг гадаадын зах зээлд борлуулъя гэвэл хоёр дахин үнэтэй байсан ч чанартай бүтээгдэхүүн хийх гэж байгаа хүмүүс чанар, үзүүлэлтийг нь шинжлээд Монголын халгайг сонгоно. Гадаадад Засгийн газар нь том үзэсгэлэнгүүд зохион байгуулж, өөрсдийн орны давуу талыг сурталчилдаг. Хөрөнгө оруулалт татахад хамгийн гол нь төр, засаг маань Монгол Улсаа сайн сурталчилснаар дан ганц жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид төдийгүй хөрөнгө оруулагчдыг татах нь Монголын бүх салбарт эерэг нөлөөтэй.
Манай компанийн хувьд 100 хувь тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд явж байгаа гэж боддог. Тогтвортой хөгжил гэхээр хүмүүс хүндээр хүлээж авдаг. Гэтэл маш энгийн зүйлээс эхэлдэг. Тухайлбал, хаягдал багатай үйлдвэрлэл. Манайх халгайгаа хавар жижигхэн байхад нь түүгээд навчаар нь цай болон хоолны амтлагч, халуун чанартай учраас дороосоо даардаг хүмүүст зориулсан гутлын улавч хийдэг. Намар халгайныхаа үрийг түүгээд тосыг нь гаргаж аваад үсний тос хийдэг. Халгайны үр тэр чигтээ уураг. Халгай бактери устгах чадалтай. Үсний хагийг хаг гэж боддог гэтэл энэ нь үсний мөөгөнцөр юм. Уураг, бактерийн эсрэг чанар хоёулаа байгаа болохоор халгайны үрээр шампунь, үсний тэжээл хийж болдог. Энэ мэтчилэн ямар ч хаягдалгүйгээр ашиглах боломжтой. Мөн байгальд ээлтэй байх үүднээс ургамлаа тарималжуулдаг. Ингэснээр байгалийн ургамлын генетик нөөц дуусах эрсдэлээс хамгаална. Илүү гарсан үр, суулгацаа бид компаниудад заримыг нь үнэгүй, заримыг нь зардаг. Компанийнхаа үйл ажиллагаа, зорилго, зорилт, алсын хараанд тогтвортой хөгжлийн бодлогыг баримтлан ажиллана гэдгээ компаниуд оруулах хэрэгтэй. Бид 17 зорилтын 13-ыг нь үйлдвэртээ хэрэгжүүлсэн гэж ойлгож болно.
Манай ажилчдын 40 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа. Өрх толгойлсон эмэгтэйчүүд орлогын түвшин доогуур болсон. Ганцаараа айл гэрийн амьдралыг авч явж байгаа болохоор дэмжих үүднээс авч ажиллуулдаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монгол Улс ээлгүй. Байгууллагууд хаалгаа тэргэнцэртэй хүн орж болохоор хийчихвэл тогтвортой хөгжлийнхөө нэг зорилтыг биелүүлж байна гэсэн үг. Тэгэхээр би юуг авах вэ, мөнгийг эхэнд бодохоосоо илүү юуг өгч болох вэ гэж бодохоор хүн стрессгүй ажилладаг. Яагаад гэвэл эндээсээ аз жаргалыг мэдэрч юу хийж байгаагаас таашаал авдаг. Компаниуд, бизнесменүүд, залуучууддаа хэлэхэд тогтвортой хөгжлийн 17 зорилт тийм ч том зүйл биш энгийн зүйлээс эхэлдэг. Тиймээс үйл ажиллагаандаа энэ зорилтоо шингээцгээе гэж уриалж байна.
Уламжлалтын бүтээгдэхүүнээ энгийн хэрэглээний бүтээгдэхүүн болгож эхэлж байгаа. Монголчууд зөвхөн шампуньд 57 тэрбум төгрөгийг гадаад руу гаргадаг юм байна. Үүнийг жилд хуваахаар 1000 орчим ажлын шинэ байр бий болгох мөнгө гадагшаа гарч байгаа нь хайран санагддаг. Саван, шампуниа үйлдвэрлэж чадахгүй байна гэдэг харамсалтай хэрэг. Тиймээс төр, засгаас дэмжиж өгөөч гэж хүсч байна. Үйлдвэрлэгчиддээ ч гэсэн эвтэй найртай, нэгнийхээ дутууг нөхөөд хамтдаа хөгжөөд явъя гэж уриалж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.15 ДАВАА № 116 (6341)