Д.Бямбасүрэн: Бидний хөгжлийн загвар хүн төвтэй боловсрол юм

2020-05-27
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Х.МОНГОЛХАТАН

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор эдийн засагч Д.Бямбасүрэнг урьж, ярилцлаа.

 

БАНКНЫ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ

 

-Банкны зээлийн хүү өндөр байгаа нь иргэдийн амьдралд ачаа болж байгааг хүн бүр мэднэ. Зээл авч байгаа аж ахуйн нэгжийн бизнесийн зардалд банкны жилийн 13-18 хувийн хүү орж байгаа учраас аливаа бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр гарч, аж ахуйн нэгжийн орлогод нөлөөлж цаашлаад оршин тогтнох эсэхэд нөлөөлж байна.

Тухайлбал, өндөр хөгжилтэй орны аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авахдаа 3-4 хувийн хүү төлдөг учир бүтээгдэхүүний зардал нь 3-4 хувь өснө гэсэн үг. Гэтэл манайд жилийн 18 хувийн хүүтэй зээл авсан бизнес эрхлэгч бусад улсын 4 хувийн хүүтэй зээл авсан ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн барааны үнэтэй өрсөлдөх боломжгүй болж байна. Ихэнх хэрэглэгчид юун түрүүнд бүтээгдэхүүний үнийг хардаг. Үнэ бол бүтээгдэхүүний өрсөлдөх гол үндэс юм. Тиймээс бид зээлийн хүүгээ бууруулж байж бизнесийн зөв голдирлоор явна.

Нөгөө талаас өндөр хүүтэй зээл банкуудад ч эрсдэлтэй. Өндөр хүүтэй зээл буцаан төлөгдөх магадлал буурдаг учир зээл авсан аж ахуйн нэгжүүд төлж чадахгүй бол банканд эрсдэл авчирна. Аж ахуйн нэгжүүд бага хүүтэй зээл авснаар хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнийгээ зах зээлд хурдан борлуулснаар зээлийн эргэн төлөгдөх нөхцөл сайжирна. Ингэснээр банкандаа ч, зээл авсан аж ахуйн нэгждээ ч, хэрэглэгч иргэддээ ч, нийт улсынхаа эдийн засагт ч хэрэгтэй юм.

Зээлийн хүү өндөр байхад нөлөөлж буй бас нэг шалтгаан бол өртөг бүтээдэггүй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй өндөр хүүтэй хадгаламж юм. Хүмүүс мөнгөө үйл ажиллагаа явуулж эдийн засгийн эргэлтэнд оруулах гэхээсээ илүү хадгаламжинд хийж өндөр хүү авахыг бодож байна. Хэрэв хадгаламжийн хүү нэг хувь болж буурвал тэрбум төгрөгтэй хүн 10 сая төгрөгийн хүү авч суухаас илүү, дор хаяж 50-100 саяын ашиг олох бизнест хөрөнгө оруулж ажиллах болно.

Үүний нийтлэг жишээ бол 1929-1933 онд АНУ төдийгүй дэлхийн эдийн засагт том хямрал болсон. Тэр үед АНУ-ын банкууд нь одоогийн Монголынх шиг өндөр хүүтэй хадгаламжтай байсан. АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт “Шинэ хэлэлцээр” гэж нэрлэсэн хууль гаргаж хадгаламжийн хүүнд хязгаарлалт тогтоосон байдаг. Эхний ээлжинд банкны хадгаламжийн хүүг зээлийн хүүнээс ихгүй буюу жилийн зургаан хувиас их байж болохгүй гэсэн юм. Энэ хууль үр дүнгээ өгч банкны хадгаламжийн хүү буурч дагаад зээлийн хүү ч буурсан нь эдийн засгийн том цус сэлбэлт болсон.

Хадгаламжийн хүү буурснаар иргэд мөнгөө ашигтай байлгахын тулд эдийн засгийн эргэлтэнд оруулж бизнес хийнэ. Бизнес хийхийн тулд ажилтан цалинжуулна, нийгмийн даатгал, эрүүл мэнд, ХАОАТ улсад өгнө. Аж ахуйн нэгж талаас ч цалин өгөхөөс гадна нийгмийн даатгал, татвар, ашгийн татвар, НӨАТ гээд нийтдээ 30 гаруй хувийг улсад төлдөг. Тэгэхээр улс орны эдийн засагт ч ашигтай.

 

АНУ-ЫН ЗЭЭЛИЙН ХҮҮ ТЭГ РҮҮ ТЭМҮҮЛСЭН БОДЛОГО БАРЬДАГ. ХАРИН МАНАЙД...

 

Блиц:
Төрсөн газар: Увс, Улаангом хот
Төрсөн он: 1970 он
Боловсрол: 1978-1988 он Улаангом хот, 10 жилийн II дунд сургууль
1990-1994 он МУИС банкны эдийн засагч бакалавр
2005-2008 он АНУ, Strayer University, Бизнесийн удирдлагын магистр
Ажлын туршлага:
1994-1996 он. Ардын банк Эдийн засагч
1996-1998 он. Сэргээн босголтын банк Хянан шалгагч
2002-2004 он. Санхүү эдийн засгийн яам Мэргэжилтэн
2007-2009 он. Эрчим хүчний яам Эрчим хүчний судалгаа, хөгжлийн төвийн дарга
2009-2012 он. Эрчим хүчний яам, Эрчим хүчний газрын санхүү хэлтсийн дарга
2016-2017 он. Төрийн банкны орлогч захирал.

-Монголбанкнаас арилжааны банкуудад олгож буй зээлийн хүүг бодлогын хүү гэж нэрлэдэг. Манайд бодлогын хүү 9 хувьтай байна. Гэтэл коронавирусын улмаас АНУ-д эдийн засгийн хямрал боллоо гээд төв банкнаас нь эдийн засгаа тэлэх зорилгоор арилжааны банкнууддаа жилийн 0.25 хувийн хүүтэй хоёр их наяд ам.долларын зээл олгож байна. Монголд харин эсрэгээрээ. Иргэн банкнаас зээл авахад үйлчилгээний хураамж зээлийн шимтгэлд нэг хувийг нь авч байгаатай л зүйрлүүлээд үзэх хэрэгтэй. АНУ банк санхүүгийн хамгийн зөв бодлогыг явуулдаг учраас дэлхийн эдийн засгийн 25 хувийг бүтээж байна. Том эдийн засагтай дэлхийн номер нэг улс зээлийн хүүгээ тэг рүү тэмүүлсэн бодлоготой байхад бид эсрэгээрээ байна. Тиймээс бодлогын хүүг багасгаж зохицуулах хэрэгтэй байгаа юм. Үүнд төрийн бодлого үгүйлэгдэж байна. Арилжааны банк хадгаламжийн хүүгээ бууруулснаар хадгаламж эзэмшигчид мөнгөө авах үед банкны эх үүсвэрийн дутагдал үүсэх нь мэдээж. Тэр үед төр засгаас бодлогоор дэмжээд явахад болно.

Төр засгаас бодлогын түвшинд хүү бууруулж, банкууд нь техник технологийн шинэчлэл ашиглан зардлуудаа бууруулах гэх мэтчилэн эдийн засгаа дэмжих, тэтгэх олон боломж гарц, гаргалгаа байна. Энэ бол миний бодож олоод яриад байгаа зүйл биш, хөгжилтэй орнуудад хэдийнэ хэрэгжээд үр дүнгээ өгөөд эхэлсэн зүйл юм.

 

СЭТГЭЛГЭЭНИЙ ТОМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ ИРЛЭЭ

-Өнөөдөр Монгол Улс нэг төвтэй эдийн засагтай байна. Байгалийн баялгаас хамааралтай эдийн засагтай болчихлоо. Харин ч манайх шиг хүн ам багатай улс сэтгэлгээний маш том өөрчлөлт хийж, боловсролын түвшингээ дээшлүүлэх цаг ирлээ. Боловсрол яагаад хэрэгтэй талаар хэдэн жишээ дурдая.

Одоо хүн бүр ухаалаг утас ашиглан цахим орчинд хүссэн зүйлээ үзэж, харж байна. Тухайлбал, Youtube.com сайтыг дэлхий нийтээр өргөн хэрэглэдэг. Гэтэл 10-аадхан жилийн өмнө индонез, хятад, америк гурван залуу нийлж байгуулсан энэхүү сайтаа Google.com-д 1.6 тэрбум ам.доллараар зараад тэрбумтнууд болсон. Энэ түүх бол програмчлал ямар хүчтэй, чухал болсныг харуулж байна.

Мөн дэлхий даяар залуучууд Дота-2 гэдэг тоглоом их тоглож байна. 1.5 тэрбум гишүүнчлэлтэй. Нэг хүнээс гурван ам.доллар авлаа гэж үзэхэд 4.5 тэрбум ам.доллар болно. 4.5 тэрбум ам.долларын орлого гэдэг Монгол Улсын төсвийн зарлагыг бүрдүүлнэ. Сонирхуулахад, энэ тоглоомын тоглогч 96 мянган ам.доллараар буу худалдаж авсан байгаа юм. Тоглоомон доторх буу зэвсгийн наймаа ийм өндөр үнэтэй, өргөн түвшинд явагдаж байна.

Дөрвөн жилийн өмнө Тайландад Дота-2 тоглоомын дэлхийн аваргын шагналын сан таван сая ам.доллар байсан. Өнгөрсөн жилийн Лас Вегаст болсон тэмцээн 40 сая ам.доллар болж өссөн. 

Онлайн шатар мөн адил гишүүнчлэлээрээ л 100 сая ам.долларын орлого олж байна.

Тэгэхээр бид боловсролын салбараа сайжруулж, зөв голдиролд оруулснаар мэдлэгтэй залуусаа дэлхийн тавцанд гаргах боломж бүрэн байна.

Том гүрнүүд дайн болох вий гэж айхаас илүүтэй програм хангамж зогсвол илүү аюултай гэж хардаг. Тухайлбал, “Bank of America”-д өдөрт 10 сая ширхэг гүйлгээ хийгддэгээс 90 хувь нь онлайнаар байна. Гэтэл тэр 10 сая хүн бүгд банканд ирж дугаарлавал юу болох нь ойлгомжтой. Тиймээс л бидний хөгжлийн загвар хүн төвтэй боловсрол юм.

БНХАУ-д “Төмөр нүд” сайт ажилладаг. Энэ сайтад бүх хүний мэдээлэл үнэн зөвөөр бүртгэгдэнэ. Тэгээд хэн нэг хүнийг олох бол, эсвэл хохирлоо, залилууллаа гэж бодоход өөрийн мэдээллээр ороод өнөө хүний мэдээллийн доор хэргийг нь биччихдэг. Тэгэхээр тэр хүнтэй харилцах, хамтран ажиллах бол “Төмөр нүд” рүү орж хараад найдваргүй хүн байна гээд больдог. Аяндаа хүмүүс хуурамч хүнтэй харилцахгүй болж зах зээлээс шахагдах учир нэр цэвэр явахыг хичээнэ. Энэ мэтчилэн программ хангамжийн зах зээл аль ч салбарт ямар ч бизнест үр нөлөөгөө өгч байна, цаашид ч улам хөгжих юм.

 

ЭРЧИМЖСЭН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН

 

-Мэдээж гурван сая монголчууд бүгд программист болохгүй. Бид эрт дээр үеэсээ уламжилж ирсэн нүүдэлчин ард түмэн. Мал аж ахуйгаа эрхлэн, малаа өсгөж амьдарсаар ирсэн. Хөдөө аж ахуйн бизнес эрхэлж буй хүмүүсийн гол ашиг нь 2 малын дундаас 1 төл нэмэгдэх гэсэн зарчмаар өсч байна. Гэхдээ 60 сая малтай монголчууд малын сүүгээ бүрэн хэрэглэж чаддаг уу гэдэг дээр багахан тоо бодоё.

Гурван сая гаруй хүн амтай Монголд нэг сая өрх айл бий. Нэг өрх айлыг дунджаар гурав хоногт 1 литр сүү хэрэглэдэг гэж үзэе л дээ. Тэгвэл жилд 100 өдөр сүү ууж байна. Тэгэхээр нэг сая өрх 100 сая литр сүү хэрэглэдэг байх нь. Тэгвэл нэг литр сүүг 2700-аар буюу нэг ам.доллараар худалдаж авна. Гэтэл энэ 100 сая ам.долларын 90 хувь нь импортын хуурай сүүнд гадагшаа явж байна. Ингээд бодохоор бид мал аж ахуйн орон хэрнээ өөрсдөө хямд чанартай сүүгээ ч бүгд хэрэглэж чадахгүй байгаа нь харамсалтай. Уг нь энэ мөнгөө хөдөө аж ахуйн салбартаа оруулж байвал манай эдийн засагт ямар дэмтэй байх билээ. Төрийн зөв бодлогоор энэ бүх импортыг зогсоож, өөрсдийн бүтээгдэхүүнээ хэрэглэх ёстой. Тиймээс өнөөдөр монголчууд мал аж ахуйд голлон түшиглэх бус газар тариалангийн салбарыг хөгжүүлэх нь чухал байна.

Ердөө манай төрийн бодлого нийгмийн болоод бизнесийн гэдгээр нь ялгасан нь алдаатай байгаа юм. Нийгмийн салбарын дэд бүтэц, бизнесийн салбарын дэд бүтэц хоорондоо уялдсан байх ёстой. Жишээлбэл, АНУ-д шатахууны худалдан авалтын үнийн дүнгээс тодорхой хувь нь замын хураамжийн санд ордог. Замын хураамжийн орлогоор нефтийн компаниудын борлуулалтыг харчихна. Хувь хүний зүгээс бол замаар их явсан бол их татвар, бага явсан бол бага төлөх тогтолцоотой. Улс орны зүгээс харвал нефтийн компанийн борлуулалтаар замын сангийн орлогоо тогтооно. Тэгэхээр борлуулалтаа нуух хаах, нэмэх хасах юм байхгүй. Ийм бүтцийг бүх салбартаа оруулж ирэх ёстой.

Энэ бүх жишээ бол бидэнд өнөөдрийн ашиг орлого мөнгө төгрөг, газрын баялаг гэхээс илүү ирээдүйг чиглэсэн, хөгжлийг дуудсан боловсролын чанар ямар чухал болохыг харуулж байна. Тиймээс одоо ч тэр, ирээдүйд ч тэр өндөр боловсролтой монгол иргэн Монгол Улсын хөгжилд хамгийн үнэ цэнэтэй байх болно гэдэгт итгэл төгс байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.27  ЛХАГВА № 104 (6329)

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 49 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 49 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 49 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 59 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

19 цаг 23 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 55 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

20 цаг 19 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

21 цаг 33 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

Өчигдөр 10 цаг 46 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин