Ц.МЯГМАРБАЯР
Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. Дэлхий даяр тархсан коронавирусын тархалтаас дэлхийн эдийн засаг хямарч манай улсын өр 30 их наяд төгрөгт хүрсэн энэ цаг үед санхүүгийн системийг төрөлжүүлж эрсдлээс хамгаалсан, ард иргэдийн мэдэлд байх үндэсний хэмжээний даатгалын сан байгуулж улмаар байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх арга зам байгааг чухалчилж буй хөрөнгийн зах зээл хөгжүүлэгч, санхүүгийн үйлчилгээ даатгалын сангийн чиглэлээр мэргэшсэн эдийн засагч, “Чимид сан”-гийн тэргүүн Ч.Батцогтыг урьж, ярилцлаа.
-Монгол Улс банк давамгайлсан санхүүгийн системтэй улс. Системийг төрөлжүүлэх, хямд эх үүсвэр болон бага зээлийн хүүг бий болгох хөшүүргэ юу вэ. Мэргэжлийн хүний хувьд та хэрхэн тодорхойлох вэ?
-Санхүүгийн зах зээл нь хоёр бүлэгт хуваагддаг. Нэг нь банкны зах зээл нөгөөх нь банкны бус санхүүгийн зах зээл гэж. Банкнаас бусад санхүүгийн зах зээл хөрөнгийн бирж, даатгалын сан, үл хөдлөх хөрөнгө оруулалтын гэсэн хэлбэрээр хөгждөг. Миний хувьд санхүүгийн болон санхүүгийн үйлчилгээний чиглэлээр олон жил ажилласан. Тиймээс арилжааны банкнаас бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлснээр улс орны эдийн засаг болоод ард түмэнд ямар ач тустай вэ гэдэг талаас нь энгийн ойлголтыг өгье. Банкнаас бусад санхүүгийн салбарын хамгийн том давуу тал нь өртөг багатай эх үүсвэрийг бий болгоход оршдог. Банкны зах зээл илүү өртөг өндөр систем. Өнөөдөр манай санхүүгийн зах зээлийн 95 хувийг арилжааны банк бүрдүүлж байгаа бол банкнаас бусад санхүүгийн зах зээл таван хувийг эзэлж байна. Энэ бол эрүүл биш харьцаа. Арилжааны банкны эх үүсвэр нь харилцагч болон хадгаламж эзэмшигчдийн байршуулсан мөнгөнөөс бүрддэг ба ямар ч үед мөнгөө буцаан татах эрх нь нээлттэй байдаг (money on demand). Иймээс урт хугацаатай зээл гаргах боломж хязгаарлагдмал. Банк харилцагч, хадгаламж эзэмшигчдэдээ тодорхой хүү төлдөг. Түүнчлэн үйл ажиллагааны зардал, банкны ашиг нэмэгдсэнээр өндөр өртөгтэй эх үүсвэр бүрддэг. Энэ хоёр асуудлыг шийдсэн тогтолцоог Даатгалын сангийн тусламжтайгаар бий болгож болно. Өөрөөр хэлбэл Даатгалын сан нь урт хугацаанд хөрөнгө оруулах боломж олгодог ба эх үүсвэрийн өртөг хямд байдгаараа онцлогтой.
Даатгал гэдэг нь нөхцөлт буюу болзолт гэрээний хэлбэрээр хийгддэг. Юу гэсэн үг вэ гэхээр даатгалын хураамж төлж байгаа хүн дуртаа цагтаа мөнгө буцаан авах боломжгүй. Зөвхөн гэрээнд заасан нөхцөл биелсэн үед л мөнгөн төлбөр авах эрхтэй учраас мөнгө тогтвортой, удаан хугацаанд байрладаг. Нөгөөтэйгүүр, даатгалын хураамж төлж буй хүнд хүү төлдөггүй. Иймээс даатгалын сан нь урт хугацаанд хөрөнгө оруулах боломжтой, өртөг багатай хөрөнгийн эх үүсвэр юм.
Үүнийг Монгол Улсад хөгжүүлж суурь эх үүсвэрийн өртгийг бууруулж чадвал зээлийн өндөр хүү буурч, бизнес эрхлэлт тэлж улмаар өрхийн санхүүгийн чадамж дээшлэх боломж нээгдэнэ. Гагцхүү арилжааны банкны зах зээлд нөлөөлж хүүг нь багасгах хөшүүргэ болно. АНУ болон барууны улс орнуудад хөрөнгийн зах зээлийн хамгийн том хөрөнгө оруулагч нь даатгалын зах зээл байдаг.
-Банкнаас бусад санхүүгийн зах зээлийн бүтцэд томоохон хувийг хөрөнгийн зах зээл эзэлдэг. Хөгжингүй орнуудад бол санхүүгийн системийн дийлэнх хувийг эзэлдэг. Тэгвэл компаниудыг хөрөнгийн зах зээлд гарч нээлттэй компани болгохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-АНУ-д суралцаж байхад Санхүүгийн үндэс хичээлийн хамгийн эхний өгүүлбэр нь “Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ажиллаж буй хүндээ ч өгөөжгүй, эзэддээ ч өгөөжгүй, нийгэмдээ ч үр өгөөжгүй компанийн хэлбэр юм...” байсан юм. Компаниуд нээлттэй хувьцаа нь зарагддаг, олон хувьцаа эзэмшигчтэй байснаар үр өгөөж нь өндөр байна. Үүний тулд хөрөнгийн биржээр дамжина.
Монголынкомпаниуд ихэвчлэн нэг, хоёр хөрөнгө оруулагч буюу эзэдтэй. Баялаг нь тэр хоёрт л очиж байна. АНУ-д бол нээлттэй компанид эзэмших нэг хөрөнгө оруулагчийн эзлэх хувь хамгийн ихдээ 10 хувь байдаг. Компаниа аль болох олон хүнд ашиг хүртээх боломжтой хэлбэрээр байгуулдаг. Өөрөөр хэлбэл, компанийн ажилд нэг хоёр хүн санаа зовохоос илүүтэй хэдэн зуун хүн санаа тавьдаг учраас ажил нь сайн явдаг.Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компанийн менежментийн баг хувьцааны үнийн хэлбэлзэл болон компанийн үйл ажиллагааны ашгийн түвшинг нэмэгдүүлж хувьцаа эзэмшигч нэг бүрийн ногдол ашиг, өгөөжийг өсгөхийн төлөө ажилладаг.
Манайд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзэх хандлага бий. Гэтэл тийм биш. Хөрөнгийн бирж бол хувьцааны арилжааг л зохион байгуулдаг газар.Хамгийн чухал нь санхүүгийн тайлангийн систем, хяналт, бүртгэлийг төгөлдөржүүлэх ёстой. АНУ-д U.S. Securities and Exchange Commission буюу Үнэт цаас, хөрөнгийн биржийн хороо гэсэн бүтэц байдаг. Энэ байгууллага нь компанийн бизнесийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргаж байгаад хяналт тавьдаг. Манайд энэ жишгээр хяналт тавих байгууллага байгуулж, үндсэн зарчмаар нь ажиллуулж чадвал хөрөнгийн зах зээл хөгжих үндсэн суурь болно. Бүртгэлийн тайлан үнэн зөв, бодитой байж чадвал компанийн хувьцааг авах итгэл бий болох юм.
Санхүүгийн тайлангийн хяналтын систем хангалтгүй ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хороо Хөрөнгийн биржийг хянах биш, тайлангаа гаргаж байгаа компаниудыг хянах ёстой. Манайхан бирж хянах ёстой гэсэн ойлголттой байдаг. Хөрөнгийн биржхөрөнгө оруулалтын сан, брокер диллерүүдийн дундын байгууллага. Хувьчлах шаардлагатай, төрд байх ёсгүй байгууллага.
Санхүүгийн тайлан гаргах аргачлал, форматыг ч өөрчлөх шаардлагатай байгаа. Үйл ажиллагаа явуулж буй салбаруудын онцлогоос хамаарч санхүүгийн тайлангийн жилийг өөр өөр байдлаар тогтоох хэрэгтэй. Жишээлбэл, АНУ-д хоол үйлдвэрлэл эрхэлж байгаа салбарын тайлангийн формат уул уурхайн салбарынхаас өөр. Тайлан гаргах хугацаа нь ч мөн өөр байдаг. Гэтэл манайх бүх салбарынх нь нэг л форматаар явдаг. Мөн манай санхүүгийн жилийн тайлан дараа оныхоо хоёрдугаар сарын 10-наар тасалбар болдог. Борлуулалтын орлого өндөр үеийг товлож тайлангаа гаргаснаар нийт ашгаас хуваарилах хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийн хэмжээг өндөр тогтоох боломжтой юм. Улс орны хувьд ч татварын орлогоо ялгаатай хугацаанд төвлөрүүлснээр төсвийн орлогын тасалдал бий болохгүй, тогтмол байх боломж олгодог.
-Санхүү, хөрөнгийн зах зээлийн тогтолцоог нийгмийн даатгалын системтэй уялдуулж иргэдийн амьдралыг баталгаатай болгох ямар хувилбар байна гэж үзэж байна вэ?
-Өнөөгийн манай улсын өмчийн нийгмийн даатгалын сан социализмын үеийн тогтолцоотой. Хүний тэтгэврийн хэмжээг тогтоохдоо ажилласан жил, төлсөн даатгалын хураамжийг шударга бус, тэнцвэргүй тооцоолж гаргадаг. Жишээлбэл тасралтгүй өндөр цалинтай ажилласан 84 /долоон жил /сараар тооцож тэтгэвэрийн хэмжээг тогтоодог. 84 сар л өндөр цалинтай ажил хийсэн хүний тэтгэвэр тасралтгүй 20-30 жил ажилласан хэрнээ түүнээс доогуур, дундаж цалинтай ажилласан хүнийхээс өндөр тогтож байгаа юм. Нөгөөтэйгүүр, нийгмийн даатгалын сан баялаг бүтээхгүй байна. Төсвийн цоорхойг нөхөх төдийд ашиглагдаж байна. Зүй нь даатгалын сангийн хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг хаахад зарцуулахгүй байх хууль эрх зүйн орчинг бий болгох гарцаагүй шаардлага байгаа юм.
-Мөн хувийн тэтгэврийн сангийн тухай хууль яригдаж эхэллээ. Энэ сан тэтгэврийн шинэчлэл авчрах уу?
- Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг олж үзсэн. Хуулийн үзэл санаа нь одоогийн нийгмийн даатгалын системээс ямар ч ялгаагүй. Үүнээс гадна аливаа хуульд эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой атал эдийн засгийн хязгаарлалт бүхий тоо зааж өгч болохгүй. Тухайлбал, уг төсөлд хувийн тэтгэврийн санд даатгуулагч аж ахуйн нэгж буюу ажил олгогч, ажилтан тус бүр хоёр хувийн шимтгэл төлөхөөр заасан байсан. Бүхэлд нь харвал хувийн тэтгэврийн сан бий болгох боломжийг л нээж өгч байгаа нь давуу тал гэхгүй бол өөр оновчтой зохицуулалт суулгаагүй гэж үзэж байна.
Уг хуульд улсын тэтгэврийг давхар төлөх үү, эсвэл чөлөөлөгдөх үү гэдгийг шийдэж өгөх хэрэгтэй. Нэгдүгээрт, давхар төлвөл иргэдэд дарамт болно. Хоёрдугаарт, хэн ч давхар даатгал төлөхийг хүсэхгүй учраас хууль хэрэгжих боломжгүй.
Хөрөнгийн зах зээлтэй хэрхэн уялдуулах, сангийн хөрөнгийг хэрхэн арвижуулах зэрэг үндсэнзарчмуудаас нэг нь ч тусаагүй.
-Үр өгөөжтэй тэтгэврийн санг бий болгох шийдэл юу вэ?
-Би нэг үгэнд дуртай. “Агуу нээлт хуулахаас эхэлнэ” гэж “Apple” компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс хэлсэн байдаг. Бид Норвегийн тэтгэврийн болон нийгмийн даатгалын системийг хуулбарлаж, Монголын хөрсөнд буулгах хэрэгтэй. Норвегийн системийг манайд ажиллана гэж үзэж байгаагийн учир нь манай улс байгалийн баялаг болон хүн амын тоогоор Норвеги Улстай төстэй. Манайх алт, нүүрс, зэс гээд асар их баялагтай бол Норвеги зөвхөн нефтийн баялагтай. Нефтийн хайгуул, боловсруулалтын технологитой. Хажуугаар нь байгалийн хий олборлодог орон. Байгалийн баялгаас олсон орлогоо Улсын төсөвт төвлөрүүлдэггүй. Хуулиар зохицуулсан тусгай санд төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, Улсын төсөвтөө дарамт учруулдаггүй. Төсөвт энэ сангаас мөнгө авах хууль эрхзүйн зохицуулалтгүй. Бусад нарийн олон зохицуулалтай.
-“Норвегийн сан”-д төвлөрсөн мөнгөө төсөвт оруулдаггүй гэдэг нь сонирхол татаж байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээл рүү оруулж арвижуулна гэсэн үг үү. Мэдээж арвижих тусам ард түмэнд очих ашиг нь тэр хэрээр өндөр байна биз дээ?
-“Норвегийн сан” нь байгалийн баялгаас төвлөрсөн орлогыг хоёр санд төвлөрүүлдэг. Нэг сан нь дэлхийн томоохон биржүүдэд хөрөнгөө өсгөдөг. Нөгөө сан нь зөвхөн орон нутгийн чанартай үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын сан хэлбэртэй. Үүнийг манайх дараах байдлаар хэрэгжүүлж болно. Нэгдүгээрт, олон улсын зах зээлд өндөр өгөөжтэй санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сан байгуулна. Хоёрдугаарт, дотооддоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл олгох, хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Энэ сан нь гурван хувиас дээшгүй хүүтэй зээл олгох боломжтой. Улмаар ЖДҮ-д зориулсан төсвийн ачааллыг ч бууруулах боломж бүрдэнэ.
Энэ тогтолцоо нь тавдугаар сарын 25- аас мөрдөгдөх МУ-ын Үндсэн хуулийн 6.2-т заасан “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” заалтын гол утга болох байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцтэй болох ба баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, урт хугацаанд, тэгш, хүртээмжтэй хэрэгжих боломжтой.
Блиц:
Чимидийн БАТЦОГТ
"Чимид Сан”-гийн тэргүүн
Боловсрол:
•1989-1991 онд: ОХУ-ын Новосибирск хотын Барилга инженерийн дээд сургууль
•1991-1994 онд: Монгол Улсын ТИС, КТМС, инженер-эдийн засагч
•1999-2001 онд: онд АНУ-ын Нью-Хавений Их сургууль, Бизнесийн удирдлагын магистр, Санхүү ба Санхүүгийн үйлчилгээний үндсэн онолоор мэргэшсэн,
Ажлын туршлага:
2015-2016 онд: “Соёмбо Даатгал” ХХК, ТУЗ-ийн дарга
2013-2015 онд: ГХЯ-ны сайдын зөвлөх, ГХЯ-ны харьяа дипломат байгуулагын үйлчилгээ эрхлэх газар УҮГ, захирал.
2010-2012 онд: “Соёмбо Даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга
2007-2010 онд: Монгол Даатгал ХХК, гүйцэтгэх захирал
•Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгч
•Малын Индексжүүлсэн төслийн удирдах зөвлөлийн гишүүн
•НҮБ-аас хэрэгжүүлж байгаа бичил даатгалын төслийн удирдах зөвлөлийн гишүүн
2004-2007 онд: Монгол даатгал ХХК, Дэд захирал
2003-2004 онд: Агротехимпекс ХК, Үйл ажиллагаа хариуцсан захирал
•Шинээр жижиг бизнес эрхлэгчдэд таатай орчныг бүрдүүлэх төсөл, зөвлөгөө
1996-1999 онд: Капитал Инвест ХХК, Захирал
•Үнэт цаасны бэлэн мөнгөний арилжаанд оролцогч иргэдэд зөвлөгөө өгөх
•Хувьцааны үнийн хэлбэлзлийн зүй тогтолыг математик аргачлалыг загварыг хэвлүүлсэн
1994-1996 онд: Монголын Хөрөнгийн Бирж, Хянан шалгагч
•Анхны үнэт цаасны тухай хуулийн ажлын хэсэгт орчуулагч
•Брокер диллерийн компанийн санхүүгийн үйл ажиллагааг программд шилжүүлэх санаачлагч, хэрэгжүүлэгч
Сонгуульт ажил:
2008-2010 онд: Дархан хотын Ардчилсан намын дарга
2009 онд: Дархан-Уул аймгийн ардчилсан намаас Үндэсний зөвлөх хороо /үзх/-ны гишүүнээр сонгогдсон
2012 онд: Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга
2015 оноос: Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас ҮЗХ-ийн гишүүн мөн оноос гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
2017 оноос: Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга
2019 оноос: Ардчилсан намын үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.18 ДАВАА № 97 (6322)