М.Тулга: Нэг үзэл баримтлалтай хүмүүстэй нэгдэж, тэмцэх улс төрийн сонголтыг хийлээ

2020-05-15
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгатай ярилцлаа.

 

-Бид шударга бусын хонгил гэж яриад нэлээд удлаа.  Та тэр хонгилыг биеэр мэдэрсэн хүн гэж ярьдаг.  Өнгөрсөн хугацаанд ямар процесс болоод өнгөрчихөв.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Би 2008-2012 онд Монголын Улсын тэргүүн Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.  Шадар сайд Н.Алтанхуяг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө буюу 2011 оны өвөл тойргийн сонгогчидтойгоо уулзсан.  Тэгэхэд иргэд шар торны талаас доод хэмжээний нүүрсийг 1500 төгрөгөөр худалдаж авч байна.  Энэ нь амьдралд маш хүндрэлтэй байна гэдгийг илэрхийлсэн. 

Ингээд тэрээр нүүрсний үнийг буулгах асуудлаар олон хүнд үүрэг даалгавар өгсөн байдаг.  Миний бие энэ ажлыг голлон хариуцах болсон.  Тэгээд 25 кг-ын шуудайтай нүүрсийг 2800 төгрөг болгож бууруулж чадсан.  Тухайн үедээ ард түмний амьдралд хэрэгтэй ажил болсон. Түүний дараа 2012 оны УИХ-ын сонгууль болсон.  Н.Алтанхуяг дарга маань Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон байдаг.  Миний бие ч Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн.  Тэгээд ярилцаад өмнө нь Сонгинохайрхан дүүрэгт “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжилттай болсон учраас нийслэлд бүхэлд нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн л дээ. Засгийн газрын хэмжээнд  хөдөлж,  Ерөнхий сайдын ахлах зөвлөх  Л.Гансүх нартай баг болж, хоёр сарын хугацаанд л  бүх ажлыг амжуулсан. Энэ хүрээнд 40 кг-тай нүүрс савлаж, 3200-хан төгрөгөөр иргэдэд хүргэж эхэлсэн.   Энэ төслөөс ямар нэгэн мөнгө, төгрөг завшсан зүйл байхгүй.  Хэрэв тийм байсан бол Монголын хууль, шүүхийн байгууллага биднийг “залгихад” бэлэн байлаа.  Ерөнхий сайдын ахлах зөвлөх  Л.Гансүхийг нүүрсний жингийн зөрүү дээр хохирол гэдэг зүйлийг тогтоож байгаад л ялласан.  Бид бүхэн санаачлага гаргаж, ажлыг гүйцэтгэж байсан болохоос биш мөнгө,төгрөгтэй орооцолдож байсангүй.  Хуулийн хүрээнд ч тогтоогдсон байсан. 

-Хэрэв тийм бол таныг хуулийн байгууллага яагаад таван сарын хугацаанд цагдан хорьсон юм бэ?

-Энэ хэрэг болоод 5-6 жилийн хугацаа өнгөрчээ.  Би боддог л доо.  Яагаад биднийг тэгсэн юм бэ гэж.  Ингэхээр хамаг учир нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахад байсан.  Тэгээд түүнийг шоронд хийхээр зорьсон. Биднээр дамжуулан тэр хүнийг нийгэмд муухай харагдуулах гэж улайрсан.  Монголын хуулийн байгууллага биднийг иргэнээ гэж хүлээж аваагүй. Хамаг үнэт зүйл, эрх, эрх чөлөөг минь уландаа гишгэж  улс төрийн золиос болгосон.   Мөнгө идэж, уудаг гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарласан.   Үүнийг  шударга ёсны хонгил гээд байгаа юм. Үүний захиалагч нь мэдээж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан  Ц.Элбэгдорж гэдэг хүн. Тэр АТГ, шүүх, хуулийн байгууллагад дандаа өөрсдийнхөө хүмүүсийг томилсон.  Тэд нар нь хэлсэн үгийг нь үг дуугүй гүйцэтгэдэг.  “Одоо наад залуучуудаа Н.Алтанхуягийн эсрэг мэдүүлэг өгүүл” гэдэг.  Гүйцэтгэгч нар нь мэдүүлгээ авахын тулд маш их дарамталсан даа.  Энэ бүхнийг таван туулаад гараад ирсэн учраас ирээдүйд үр хүүхдээ бодсон ч нийгэмд хана хэрэм мэт бий болсон энэ хонгилыг үгүй хийх цаг болсон гэж боддог.

-Тухайлбал, юу гэж дарамтлах уу?

-Миний зүйл анги 166.1.2 буюу мөнгө угаах  гэдэг ганцхан зүйл ангитай. Тийм зүйлээр л хоёр сар цагдан хорьж байгаа юм. Ямар учраас яагаад хорьж байгаа юм.  Надад тийм зүйл байхгүй. Би байцаалт өгье. Надад хууль бус үйлдэл хийсэн зүйл байхгүй гэхэд “Дуугүй бай. Бид нар тогтоочихсон. Гэрт чинь нэгжлэг хийнэ” гэсэн. Тэгээд харуй бүрий цагаар гэрт нэгжлэг хийж, эхнэр, нялх хүүхдийг минь уйлуулаад намайг чирээд аваад гарсан. Намайг нийтдээ таван удаа цагдан хорьсон. Таван сар цагдан хорихдоо 12 удаа албан бусаар гурван удаа албан байцаалт авч байгаа юм. Гурван  удаагийн албан байцаалт нь 3,4-хөн асуулттай. Өөр асуулт байхгүй. Би маш олон удаа прокурорт хэлсэн. “Та нар ямар хэрэгт буруутгаад, юу мэдэхийг  хүсээд байгаа юм бэ. Би байцаалт өгье” гэхэд ирэхгүй. Анх намайг баривчлахаар ирэхдээ л ардчилсан нийгэмд байж болохгүй үйдлийг харуулж байлаа.  Маш олон албан хаагч  ирсэн.  Миний хань ижил, үр хүүхэд уйлж байгааг хараад өрөвдөх сэтгэл зүрх өчүүхэн ч байгаагүй. Хоригдож байхад хүн амины хэрэгтэнтэй нэг камерт оруулахаас эхлээд сэтгэл санаагаар унагаах  оролдлогуудыг хийж байлаа. Гэр бүлийг минь гарцаагүй байдалд оруулж, дүүгээр минь хүртэл оролдсон.  Ажил дээрээс нь очиж баривчилж байсан.  Хүнийг бүх талаар нь судалж эмзэг цэгийг нь хүртэл олж дарамталдаг.  Түүнчлэн сая, сая ам.доллар амална. Гэр бүлээр чинь АНУ руу 10 жилийн виз гаргаад өгье гэнэ.  Эхнэр хүүхдээ түрүүлээд явуулчих.  Тэнд очихоор нь данс нээлгээд мөнгө хийчихье.  Чи Н.Алтанхуяг тэдэн төгрөг завшсан гэж мэдүүлэг өгөөд гарын үсгээ зураад л явчих гэдэг байв. Энэ бүхний эцэст хамгийн муухай зүйл нь би хань ижил, үр хүүхэд, аав ээжийнхээ хэзээ ч урсгаж байгаагүй нулимсыг урсгасан. Шоронд таван сар болоод гараад ирэхэд жаахан охины минь нүдний зовхи хүртэл унасан байсан.  Тэр бүхнийхээ сэтгэлийн сэвийг үргээх гэж би одоо ч хичээж явна. Тийм ч амар зүйл биш юм билээ.  Тухайн үед ахлах зөвлөх Л.Гансүх, Ш.Мөнгөнтуяа, Э.Төмөрбаатар, Н.Батхуяг гээд миний туслах байсан залууг хүртэл хорьсон. Сарын 500 мянган төгрөгийн цалин аваад зүгээр ажлаа хийж явсныхаа төлөө хэлмэгдэж байсан.  Гурван сар цагдан хорьсон. Мөн Даваахүү байна. Зургуулаа, тэр дундаа яг ижил насны таван залуу энэ шударга бусын хонгилоор орсон доо.   Бид нэг л мөнгөтэй орооцолдсон бол ял аваад явчихсан байгаа.  Тэр том бүлэглэл, шүүх прокуорор, АТГ хүнийг шууд л явуулахаар байсан.  Тийм зүйл гараагүй учраас яваагүй гэдгийг дахин хэлмээр байна.

-Хэрэгт холбож, хорьж цагдаж, дарамталсан.  Таныг болон бусдыг бүх талаар хохироосон.   Энэ бүхний эцэст хэрэг хаагдсан.  Та одоо яах вэ.  Ингээд орхих уу?

-Улс төрд байгаа залуусын төлөөлөл нэгдэн нийлж, энэ бүлэглэлийг үгүй болгох хэрэгтэй. Түүний дараа улсын хөгжлийг ярих боломжтой болох юм.  Энэ бүлэглэлийн гар хөлүүд АН, МАН, хуулийн байгууллагад шигдээстэй байгаа цагт Монголд шударга ёс тогтоно гэж байхгүй.  Залуус маань  улс төрийг шуудайтай мөнгө гэж харж, тэр бүлэглэлийн нөлөөнд автмааргүй байна.  Намайг хоригдож байхад Ц.Элбэгдоржийн шударга бусын хонгилоор орж ирсэн олон бизнесмэн байсан.   Хуулийн байгууллагын хурандаа нар хүртэл байсан.  Би  эхлээд  тэднийг гэмт хэрэгтэн гэж харж байсан бол жаргал зовлонгоо ярихад бүхнийг ойлгосон.  Яллах дүгнэлтийг нь уншаад хүнийг яаж ингэж болдог юм бэ гэж бодсон.   Хүнийг өрөвдөх энэрэх сэтгэл хонгилынхонд үнэхээр байгаагүй.  Шударга ёсны хэмжүүр гэж байхгүй, өөрт нь таалагдахгүй, үзэл бодлынх нь эсрэг л байвал шууд нухчин дардаг.  Ийм л дарангуйлал тогтсон байсан даа.

-“Нүүрс хөтөлбөр”-тэй холбоотой хэргээс хойш таван жилийн хугацаа өнгөрлөө.  Улс төрийн нөхцөл байдал нэлээд өөрчлөгдсөн.   Шударга бусын хонгилын хана хэрэм нурж эхэлсэн гэж зарим улстөрч ярьж байна.  Нөгөө хэсэг нь дараагийн хонгил үүсч эхэллээ ч гэх юм.  Та ямар байр суурьтай байна вэ?

-Би  дараагийн шударга бусын хонгил үүслээ гэж бодохгүй байна. Харин ч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод бид үлдсэн. Тэгээгүй  М.Энхболд нь  Ерөнхийлөгч болсон бол бидэнд  дахиад нэг хэрэг зохиож тохоод яллах гэж байсан.  Түүнчлэн шударга бусын хонгилынхон одоо ч хууль хүчний байгууллагын дунд гүн бат шигдсэн.  Тэднийг үгүй хийж дийлэхгүй байна.  Тэдэнд мөнгө, эрх мэдэл байсаар байна.  Мөн үүний дараагийн нэг золиос нь АН болж байх шиг байна.   Би энэ намд 2008 онд гишүүн болж орж байлаа. 12 жил  ардчилсан нийгэм, шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж ирсэн байна.  Тухайн үедээ  Ц.Элбэгдорж гэдэг лидерийг үнэхээр улс оронд их зүйл хийх нь,  ардчилсан хүмүүнлэг нийгмийг авчирна гэж итгэж найдаж явжээ.  Гэтэл тархи угаалт л байсан юм билээ. Залуу хүмүүс юу мэдэх вэ.  Өнөөдөр 12  жил зүтгэсэн нам маань шороотой хутгалдлаа.  Бүлэглэлийн гар хөл болсон байна.  Мөнгөтэй, нэг эрх ашигтай бол  дурын хүн энэ намд элсээд нэр дэвших эрх авдаг болсон байна.  Гэхдээ үүний ард зөвхөн  нэр дэвшилт биш эрх ашгаа хамгаалах хэрэгслүүд л яваад байгаа юм.  АН-д үзэл баримтлал гэдэг зүйл байхгүй болсон.  Тийм байхад яагаад  би энэ намд байх ёстой юм.  Намын удирдлага гэсэн 10-20 хүнийг мөнгөтэй болоход нь туслаад,   нөгөө том бүлэглэлийг нь  эрх мэдэлд хүрэхэд нь дэмжих юм уу.  Энэ бол миний сонгосон ардчилал биш. Одоо 2020 сонгуулиар АН ялагдана.  Жирийн гишүүдийн итгэл, сэтгэл унана.  Намын нэр хүндийг дахин өргөх аавын хүү гарч ирэхэд хэцүү нөхцөл байдал үүслээ дээ.

-Тэгэхээр АН-аас татгалзсан уу.  Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгөөд 14 хоног болж байна.  АН-д шударга үнэний төлөө явж байгаа жирийн гишүүн олон бий.  Тэднийхээ нүүрийг харахаас хэцүү юм.  Жирийн гишүүдээрээ бахардаг.  Тэдэндээ хэлэхэд, би О.Баасанхүүгээр солигдож байна.  МАХН-д элсэх хүсэлтээ өгсөн.

-Та улс төрд орохоор нэгэнт шийджээ.  Яагаад МАХН-ыг сонгох болов?

- Зориг шулуудсан.  Гэхдээ улс төрийг шуудайтай мөнгө гэж харахгүй байна.  Тэгж хараад энэ замыг сонгож байгаа олон залуус бий.   Анхнаасаа зарчимтай ажиллана.   Үр хүүхэд маань энэ нийгэмд үлдэнэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.  Бид одоо л өөрчлөлтийг хийж чадахгүй бол миний хүүхдүүд М.Тулгын хүүхэд гээд хэлмэгдэж, махны машинаар орохыг үгүйсгэхгүй.  Мөн улс төрд орж байгаа бол ямар нэгэн компанигүй байх хэрэгтэй.  Улсын төсвөөс хол баймаар байна.  Тийм хүмүүс хамгийн түрүүнд барьцаалагддаг.  Би МАХН-д орохоор хүсэлтээ өгчихсөн байгаа. Би үзэл баримтлалаасаа урваж, энэ намд ороогүй.   Хүмүүс тэгж ярина л даа.  Энэ бол баалах нэг хэрэгсэл нь юм.  Шударга бусын хонгил гэдэг зүйлээр хамгийн эхлээд Н.Энхбаяр гэдэг хүнийг оруулж ялласан.   Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч байсан хүнийг номоо улсын онгоцоор тээвэрлэж ирсэн гээд ял өгчихсөн.  Үнэхээр инээдтэй зүйл болсон. Түүнээс хойш 10 жилийн дараа үнэн зөв нь ялгагдаж эхэлж байна.  Би Н.Энхбаяр гэдэг хүнийг хамгаалж байгаадаа биш. Эхлээд шударга бусын хонгилоос салмаар байна.  Нэг үзэл баримтлалтай хүмүүстэй хамт нэгдэж тэмцэх үүднээс ийм улс төрийн сонголтыг хийсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.15  БААСАН № 96 (6321)

 

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 37 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 37 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 37 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 47 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

19 цаг 12 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 44 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

20 цаг 7 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

21 цаг 22 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

23 цаг 51 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин