Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа "Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнг урьж, ярилцлаа.
БИД ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ИНДЕКСЭЭ УРАГШ АХИУЛЖ, ЭХНИЙ 50-Д ХҮРГЭХ БОЛОМЖТОЙ
-"Хил хязгааргүй сурвалжлагчид" олон улсын байгууллагаас зарладаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс энэ жил 73 дугаар байрт бичигдсэн байна. Өмнөх оноос гурван байраар ухарсан үзүүлэлт. Хэвлэлийн эрх чөлөө өндөр орнуудад коронавирусын үеийн нөхцөл байдал нөлөөлж байна. Харин манайд эрх зүйн орчин доройтсон, ялангуяа сэтгүүлчид Зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан асуудал хэвлэлийн эрх чөлөөнд нөлөөлсөн. Мөн саяхан Эрүүгийн хуульд илт худлаа мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Энэ мэтчилэн эрх зүйн орчны өөрчлөлтүүд, сэтгүүлчдийн биед халдсан гэх асуудлууд гурван байраар ухрахад нөлөөлсөн. Ингэснээр Монгол Улс хэвлэл мэдээллийн мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд орсон хэвээр байна. Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон ургалч байдал болон, ардчилсан засаглалтай орны хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээ урагш ахиулж эхний 50 дотор буюу хэвлэлийн эрх чөлөөний түвшин хангалттай орны тоонд бичигдэх боломжтой юм.
Дараагийн нэг асуудал нь манай сэтгүүлчид сая батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар асуудал хуульд орчихов гэж их ярьж байна. "Глоб интернэшнл” төв нь Засгийн газрын дэргэдэх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ороогүй. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар гишүүн урьж, оролцуулна гэж хэлэлцүүлгийн үеэр хэлж байсан. Гэвч урилга ирүүлээгүй. Гэхдээ тодорхой саналуудаа хуулийн ажлын хэсэгт хүргүүлсэн. Энэ хуулийн төсөл нь анх 2019 оны есдүгээр сарын 17-нд Хууль зүйн байнгын хорооноос УИХ-д өргөн барьсан. Тухайн төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд халтай заалтууд нэлээдгүй байв. Манай байгууллага болон бусад мэргэжлийн байгууллага саналаа гаргах төдийд шууд шийдэгдэх асуудал биш байв. УИХ-ын лобби бүлэг, мэргэжлийн байгууллагуудын санал, ажлын хэсгийн байр, суурь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулсан томоохон хэлэлцүүлэг, удаа дараагийн акциуд гарсны үр дүнд хууль батлагдсан. Тал талын оролцоонд тулгуурласныхүчинд ч батлагдах хүртлээ нэлээдгүй өөрчлөлтүүд хийгдсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, цахим орчин гэсэн тухайлсан заалтууд хуульдаа тусгасан байсныг хасч баталсан. Хэрэв тэдгээр заалтуудыг оруулсан бол илүү хүндрүүлэх нөхцөл байдал үүсч хэвлэл мэдээлэлд халтай байх байлаа. Хэвлэл мэдээлэл, цахим орчин гэсэн үг, үсэг ороогүй нь өөрөө давуу тал болсон. Эрүүгийн хуулийн 13.14-д зааснаар худал мэдээлэл тараасан иргэн бүр торгуулах үндэслэлтэй болж байна.
УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ГОМДОЛ ГАРГАХ ЭРХГҮЙ ГЭСЭН ТАЙЛБАРЫГ АВЧ БАТАЛСАН
-Гэхдээ хууль батлагдахад алдаа гарсан. Эрүүгийн хуулийн 13.14-т заасан илт худлаа мэдээлэл тараасан бол гэх заалт дор тайлбар байсан. Тус тайлбарт энэ заалтаар улс төрийн албан тушаалтан,төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй гэж байв. Энэ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн, маш оновчтой зохицуулалт байсан. Харамсалтай ньхуулийг батлахдаа тайлбарыг авч баталсан. Мөн есдүгээр сарын 17-нд анх Засгийн газраас хуулийн төсөл оруулж ирэхдээ гүтгэх гэдэг томьёололыг дахин оруулж ирсэн. Уг нь гүтгэх зохицуулалтыг Эрүүгийн хуульд орж болохгүй гэдгийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өнгөрсөн хугацаандЗасгийн газарт сануулсаар байв. Тэгээд 2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаас энэ заалтыг авч хаяж байсан. Гэтэл энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаа ч үгүй байхад дахиад л гүтгэх заалтыг Эрүүгийн хуульд оруулах гэж оролдлоо. Хэлэлцүүлгийн явцад гүтгэх гэдэг үгийг илт худлаа мэдээлэл гэж өөрчилж баталсан. Тэглээ гээд бид тайвширч болохгүй. Гүтгэх гэдэг үг “нэр нүүрээ” нуугаад дахиад хуульд ороод ирлээ. Тайлбарлах юм бол Гүтгэх гэдэг ойлголтын нэгээхэн хэлбэр нь Худал мэдээлэл тараах юм шүү дээ.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЗААЛТААР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ТОХИОЛДОЛ ГАРСАН
-Эрүүгийн хуулийн дээрх заалт өнгөрсөн нэгдүгээр сарын 10-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Маш богинохон хугацаанд энэ заалтаар шүүхийн шийдвэр гарч торгуулсан тохиолдол гарсан. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын анхан шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр шийдвэр гарсан. Иргэн А Хөвсгөл аймгийн зарын группт нэг л өгүүлбэрээр үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шүүхээс мөнгөн торгууль ногдуулсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон давж заалдах шатны шүүхэд хандаагүй байна. Энэ мэдээлэл шүүх.мн дээр нээлттэй байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шалгасан байна. Сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор гараагүй байна. Гэхдээ цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа сэтгүүлчидтэй холбоотой таван тохиолдол одоогоор байна. Хуулийн өөр нэг өөрчлөлт нь 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Зөрчлийн хуулиар сэтгүүлч хоёр сая, байгууллага 20 саяар торгууль хүлээж байв. Зөрчлийн хууль үйлчилсэн хоёр жил гаруйн хугацаанд торгуулийн шийтгэл хүлээсэн сэтгүүлчид нэлээд байна. 2017 онд хууль мөрдөгдөж эхлээд дөрвөн тохиолдол гарч байсан бол 2018 онд энэ тоо огцом өсч 17 болж, 2019 онд 15сэтгүүлч хэвлэн нийтэлснийхээ төлөө торгуулсан байна. Харин одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн санкцад хуулийн этгээд гэсэн заалт байхгүй. Тухайлбал,иргэн, сэтгүүлч гэж ялгалгүй худал мэдээлэл тараасан нь тогтоогдвол хариуцлага хүлээнэ гэсэн үг.
СОНГУУЛИЙН ХУУЛЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДСӨН ХЭВЭЭР БАЙНА
-Удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байна. Сонгууль өмнө нь УИХ, аймаг, орон нутаг, Ерөнхийлөгчийн гэсэн тусдаа хуулиудаар зохицуулагдаж байв. Харин энэ жил эргээд нэг хуулиар зохицуулахаар болсон.. УИХ 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой заалтыг нэмж хассан онцын өөрчлөлт байхгүй байна. Хуучин Сонгуулийн тухай хуулийн есдүгээр бүлэгт сонгуулийн сурталчилгаа, мөрийн хөтөлбөрийг зохицуулж байсан бол одоо УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн долдугаар бүлэгт хуульчилсан байна. Нэмэгдсэн зүйл нь чанга яригчаар зарлах хугацааг наашлуулсан, сонгуулийн сурталчилгаанд явах тээврийн хэрэглийн тоо гээд жижиг өөрчлөлт орсон байна. Мөн өдөр тутмын сонин хэвлэлээр сонгуулийн сурталчилгаа явуулах гэсэн зүйл шинээр орж ирсэн. Хуулийн эрдсэлтэй гэмээр хэсэг нь төрийн хяналт цензурын асуудал хуучин хэвээрээ орж ирсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой асуудлаар Сонгуулийн тухай хууль зөрчвөл хаах, зогсоох, торгох гэсэн арга хэмжээ авна. ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөрчлийг нь тодорхойлоод шууд хаах, тусгай зөвшөөрийг нь хүчингүй болгох ийм зохицуулалттай хэвээр л байна. Энэ заалт нь эргээд 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний хуультайгаа зөрчилдөх нь бий..
ХУУЛИАС ДАВСАН ЖУРМУУДААР ХЯЗГААРЛАЛТ ХИЙДЭГ
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль маань ерөөсөө л дөрвөн зүйл, тавхан заалттай, нэг хуудас ч хүрэхгүй хэмжээтэй хууль. Тэгсэн ч гэлээ өнгөрсөн 22 жилийн хугацаанд түүхэн үүргээ гүйцэтгэж ирлээ. Хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг хязгаарласан аливаа хууль тогтоомжийг төрөөс батлан гаргахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл Сонгуулийн хуульдаа хязгаарлалтын асуудлыг оруулж ирээд байдаг. Ер нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт хэвлэл мэдээлэлтэй холбоотой гурван зүйл байна. Радио телевиз ашиглах, цахим орчин, өдөр тутмын сонин ашиглаж сонгуулийн сурталчилгаа явуулна гэсэн. Одоогоор сонгуулийн үед цахим орчин ашиглах талаар СЕХ-ноос журам гаргасан байна. 2020 оны дөрөвдүгээр сард Радио, телевизийн нэвтрүүлэгт хяналт тавих журам гаргасан. Иймэрхүү журмуудад сонгуулийн хуулийг давсан хязгаарлалтуудыг хийдэг. Тэгэхээр хууль гэсэн ерөнхий нэр томьёоноос илүүтэй хэвлэл мэдээлэлтэй холбоотой зохицуулалтууд энэ журмуудаар явна гэсэн үг. Түүнчлэн өдөр тутмын сонинуудаар сурталчилгаа хийж болно гэж хуульчилсан. Энэ нь сурталчилгааны сонин, сэтгүүл, тараах материалтай холбоотой хэсэгт журамлагдаад явсан байгаа.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 14.8 ДАХЬ ЗААЛТ ЭНЭ СОНГУУЛИАР АНХ УДАА ХЭРЭГЖИНЭ
-Сонгуулийн тухай хуульд сэтгүүлч гэсэн нэг ч нэр томьёо байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан гэсэн гэж заасан. . Мөн сонгуулийн үеийн нэг эрсдэл нь Эрүүгийн хуулийн 14.8-д сонгуулийн үеэр худлаа мэдээлэл тараавал гэмт хэрэгт тооцно гэж заасан. Нэр дэвшигч, нам эвслийн талаар ул үндэслэлгүй худлаа мэдээлэл тараавал эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Нийтэд тусдаа ажил хийх, торгох, зорчих эрхийг хязгаарлана гэсэн гурван төрлийн ялын санкци үүн дээр байна. Мөн албан тушаалтныг хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх хүндрүүлэх нөхцөлтэй. Хуулийн 14.8 дахь заалт нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас хэрэгжиж эхэлсэн учраас 2020 оны сонгуулиар анх удаа энэ заалтыг хэрэглэх юм. Тэгэхээр сэтгүүлчид маань энэ эрсдлийг тооцох ёстой юм. Өөр нэг анхаарал татах зүйл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард парламент Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг баталлаа. Бид Зөрчлийн хуулиар торгуулах заалт хүчингүй болсон хэмээн тайвширч байтал тус хууль батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оржэргээд торгуулах зохицуулалтруугаа орох болоод байна.. Мөн Цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх тухай хуульд хэвлэл мэдээлийн хэрэгсэл эрх бүхий байгууллагын шаардсаны дагуу мэдээллийг саадгүй түгээнэ гэж заасан. Энэ нь өөрөө Олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөх гээд байдаг. Энэ зохицуулалтыг тусгасан тусгаагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө мэдээлэх үүргээ гүйцэтгэдэг. Манай төв болон Хэвлэл мэдээлллийн зөвлөл хамтран тус хуулийн төсөлд санал өгөхдөө мэдээллийг саадгүй түгээж болно гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хэвлэл мэдээллийг хэрэгсэл хүсвэл түгээнэ. Түгээхгүй ч байсан болно гэсэн сонголт өгөөд байгаа юм. Гэтэл хууль батлахдаа заавал түгээнэ гэж батлаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.11 ДАВАА № 92 (6317)