“Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийн тулд хичээж явна”

2020-05-01
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ОЮУНЗУЛ

 

Бид энэ удаагийн "Өөр зочин" буландаа олон зүйлийг өөрийн амьдралд дадал зуршил болгосон “Бүсгүйн жор”  номын зохиогч, мөн “Гайхамшигт амьдрал”  болон “Аялал бол амьдрал” группийн админ Б.Батчимэгийг урьж ярилцлаа.

 

-Та өөрийгөө танилцуулаач. Олон талын сонирхол, авьяастай гэж мэдэх юм байна. Гар урлалын сургалт явуулдаг гэсэн үү? 

-Сайн байна уу. Намайг Б.Батчимэг гэдэг. Өөрийн сонирхсон мэргэжлээр сурч чадаагүй болохоор сонирхлоо дагаж олон зүйлийг суралцахыг хүссэн. Тэдгээрийн нэг нь гар урлал юм. Тиймээс өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх зорилгоор гар урлалын сургалт явуулдаг. Гар урлалаа илүү албан ёсны болгох үүднээс сэтгэл зүйчээр сурч байгаа.

Ирээдүйд бүсгүйчүүддээ дан ганц гар урлал заах бус мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болох зорилготой. 2019 онд “Бүсгүйн жор” нэртэй олон төрлийн гар урлалын заавар зөвлөгөөг оруулсан. Мөн өөрийнхөө амьдралын явцад сурсан зүйлсээ багтаасан номоо гаргасан. Сүүлийн үед гар урлалын төрлүүд ихээхэн хөгжиж байгаа. Юмхнаар юм хийх нэгэн төрлийн хичээл гарах болсон. Хүмүүс гар урлал гэхээр заавал оёж хатгах гэж ойлгодог. Би ихэнхдээ ахуйдаа хэрэглэж болохуйц урлалын зүйлсийг хийдэг. Энэхүү урлалаар өөрийн цор ганц бүтээлээ хийх боломжтой. Урлал учраас хийж борлуулах гэхээсээ аргачлалыг заах нь илүү сонирхолтой байдаг. Яг ижил материал аваад 10 хүнд нэг төрлийн хичээл заахад 10 өөр төрлийн өнгө аястай бүтээл төрдөг. 2015 онд анх сургалтаа явуулж эхэлсэн.

-“Бүсгүйн жор” хэмээн ном гаргасан. Номынхоо талаар сонирхуулаач?

-Эхлээд гар урлал хийдэг сургалтаа явуулж байхад сууна гэж бүртгүүлсэн бүсгүйчүүд маань янз бүрийн шалтгаанаас болоод 70 хувь нь ирж чадахгүй байсан. Мөн хөдөө орон нутгийн бүсгүйчүүд суралцмаар байна гэж хүсэлт илгээдэг байснаас үүдэн тэр хүмүүст сургалтаа яаж хүргэхүү гэсэн асуултаас номоо бичих санаа маань төрсөн. Анх гар урлалаар л номоо бичнэ гэж төлөвлөж байсан боловч редакторуудтайгаа ярилцаад нэмэлт сэдвээр зөвлөгөө бичсэн. Номондоо дандаа өөрт тулгамдсан асуудлыг хэрхэн давж гарсан талаараа зөвлөгөө бичсэн. Жишээ нь, тэмдэглэлт баяруудаар гоё хоол хийх шаардлага гардаг болохоор хоолны сургалтад сууж гарын хоолтой болсон. Мөн 2009 оноос хойш жижиг навч цуглуулж ургуулдаг байсан. Тэр нь цэцгийн дэлгүүрийн хэмжээнд хүрч нэлээн ч туршлага хуримтлуулсан. Мөн эмэгтэй хүн болсон хойно гоё сайхан харагдах үүднээс нүүр будалтын сургалтад суусан. Эдгээрийг хийж сурахад ямар байсан талаараа зөвлөдөг байсан. Би төрөөд маш их илүүдэл жинтэй болсон. Тэгээд гурван сарын хугацаанд 17 кг хассан гэх мэт. Өөрөө туршиж, мэдэрсэн, ойлгосон, хэрэгжүүлсэн зүйлүүдээ бүгдийг нь номондоо багтаасан.

-Жингийн илүүдэл эмэгтэйчүүдийн хувьд асуудал. Яаж тийм богино хугацаанд 17кг турсан талаараа бидэнтэй хуваалцвал?

-Аливаа зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс бүх зүйл эхэлдэг юм байна гэж би ойлгосон. Төрөхөөсөө өмнө нэлээн туранхай байсан болохоор төрчихөөд таргалснаа мэдэхгүй бараг 3 жил явсан. Хүмүүс ямар аймаар таргалсан юм бэ гэнэ. Дэлгүүрт ороод өмнө өмсдөг байсан размерын хувцсаа бариад авах жишээний, танд таарахгүй гэж худалдагч нь хэлэхээр уурлаад гарах гэх мэт өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Нэг л өдөр өөрийгөө таргалсан байна гэдгээ хүлээн зөвшөөрч жингээ хасахаар шийдсэн. Өглөө бие засаагүй шүдээ угаагүй байхдаа 200гр аягаар 4 аяга ус уудаг. Боссоноос хойш 30 минутын дотор. Мөн өндөгний цагаан, байцаа, өргөст хэмх хүнсэндээ  нэмэлтээр хэрэглэсэн. Энэ нь дотор өөх их шатаадаг юм билээ. Өдөр 16 цагаас өмнө сайн хоол иднэ. Тэгээд л 19 цагаас хойш шингэн юм ч уудаггүй байсан. Аливаа зүйлийг 7 хоног л гүрийгээд хичээхэд аль хэдийнэ дадал зуршил болчихдог. Гэхдээ эцсийн үр дүнгээ нүдэндээ төсөөлөөд хийвэл хүн хичээдэг юм билээ. Сэтгэл зүй бас маш чухал санагдсан. Байнга л турах таргалах талаар бодоод стресстэх ямар ч шаардлага байхгүй. Зөв дадал хэвшлийг өөртөө суулгаад л дагаж мөрдөх. Хамгийн чухал нь юунаас болж таргалсан шалтгаанаа олж түүн дээрээ ажиллах бас чухал тактик.

-Та аяллын сэдэвтэй хоёр групп хөтөлдөг. Энэ группүүд нь хүмүүст хэр өгөөжтэй байна?

-Тийм ээ, сонирхлоороо хоёр төрлийн групп хөгжүүлдэг. 2015 онд үүсгэж байсан “Гайхамшигт амьдрал” группдээ гэгээлэг зүйлс нийтэлдэг. Гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай байх мөн амьдралд хэрэгтэй байнгын суурь дадлуудыг хэрэгжүүлдэг. Анх 2016 онд өглөө эрт босч сурах гээд   хамтдаа өглөө босдог болъё гэсэн пост оруулаад нэлээн хүн хандаж тэгье гэж байсан. Олон хүнд зарлаад хариуцлага хүлээхээр өөрийн эрхгүй хэрэгжүүлдэг юм билээ. Өөрөө  суралцангаа бусдыгаа уриалаад хамтдаа хөгждөг.

Мөн ерөөсөө ном уншдаггүй байсан. Өглөө эрт босч байгаа болохоор зав гардаг, тэгээд ном их уншдаг болсон. Энэ мэт олон сайхан дадлуудыг хамтдаа хэрэгжүүлдэг групп юм. “Аялал бол амьдрал” гэдэг групп  маань хоёр жил болж байна. Би аялах сонирхолтой. Аяллаар хүн маш олон зүйлийг ойлгож авдаг. Өөрийгөө сонсох, ойлгох, саад бэрхшээлийг даван туулах, хүмүүстэй харилцаж сурах, орчиндоо дасан зохицох чадвар, байгаль эх орноо хайрлах бахархах гэх мэт дурдаад дуусашгүй олон зүйлийг аяллаас авдаг. Түүнийг олон хүмүүст мэдрүүлэх мэдээлэл хүргэх зорилготой. Өөрөө ч бас нэлээн аялаад бага зэргийн туршлага хуримтлуулсан болохоор мэдэрсэн ойлгосон зүйлээ бусадтайгаа хуваалцахыг хүсч энэ группийг нээсэн. Ер нь би өөрийнхөө мэдэрсэн зүйлээ бусадтай хуваалцах дуртай. Түүнээсээ кайф авдаг. “Гайхамшигт амьдрал” маань одоогоор 104 мянган гишүүнтэй. “Аялал бол амьдрал” маань 55 мянган гишүүнтэй.

-Монгол орныхоо хэдэн аймаг сумаар аялж үзсэн бэ?

-Одоо Сүхбаатар Дорнод аймагт очиж үзээгүй байна. Бусад аймгуудаар аялсан. Аялж байх хугацаандаа  бүх үзэсгэлэнт газрыг үзээгүй ч эхний ээлжид зайлшгүй чухлуудыг үзсэн. Ирээдүйд төлөвлөж байгаад яг аймаг аймгаар нь үзэсгэлэнт газруудыг үзэх төлөвлөгөөтэй байгаа. Явсан газрууд маань бүгд л өөр өөрийн гэсэн үзэсгэлэнтэй, түүх домогтой байдаг. Хүмүүс ихэвчлэн зун зугаалбал гоё гэсэн бодолтой байдаг. Өвлийн аялал тэр дундаа Хөвсгөлийн тайга маш гоё санагдсан. Битүү цав цагаан цас, ёроолын чулуу нь харагдаж байгаа цэнгэг мөсөн далай гээд үнэхээр сайхан. 

-Таны цаашдын мөрөөдөл?

-Олон зүйл бий. Ихрийн ордных болоод ч тэрүү зан чанарын онцлогоосоо шалтгаалдаг юмуу, олон төрлийн зүйлс сонирхдог. Нийгэмд маань гэр бүл салалт сэтгэл зүйн талын зүйлс маш их шаардлагатай санагддаг. Тийм болохоор Сэтгэл зүйг сонгон суралцаж байгаа. Сургуулиа амжилттай төгсөөд урлагаар сэтгэл засалч болоод олон хүнийг хобби мөрөөдөлтэй болгож зорилгоо биелүүлэхэд нь тусална. Стресс бухимдлаа тайлах арга аргачлалд нь чиглүүлж, нийгэмдээ бага ч болов хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Аялал ч гэсэн сэтгэл зүйд маш хурдтай үр дүнтэйгээр нөлөөлдөг зүйлсийн нэг. Тиймээс хүмүүсийг үзэсгэлэнт эх орноороо аялуулах мөрөөдөлтэй. Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээхийн төлөө өдөр бүр хичээж суралцаж тэмүүлж явна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.1  БААСАН № 86 (6311)

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

4 цаг 49 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

4 цаг 49 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

4 цаг 49 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

17 цаг 59 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

19 цаг 24 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

19 цаг 56 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

20 цаг 19 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

21 цаг 34 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

Өчигдөр 10 цаг 46 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

Өчигдөр 06 цаг 00 мин