Х.ОЮУНБОЛД
Энэ удаагийн “Миний Монгол” булангийн зочноор Испани улсад амьдарч, ажиллаж байгаа Д.Үүрцайхыг урьсан юм.
-Та Испанид амьдраад дөрвөн жил болж байгаа гэсэн. Яагаад энэ орныг сонгож амьдрах болов?
-Энд миний эгч охинтойгоо амьдардаг учраас 2016 оны зургадугаар сарын 23-нд ирж байсан. Одоо би Мадрид хотод ажиллаж, амьдрах эрхтэйгээр амьдарч байна. Харин байнгын оршин суух зөвшөөрөл авахын тулд Испанид доод тал нь гурван жил амьдарсан байх бусад холбогдох материал, ажлын гэрээ шаардлагатай байдаг.
-Аялахад хэр тохиромжтой газар вэ?
-Испанийн төв хот Мадридад үзэж харах юм их бий. Хааны ордон, Бухын талбай, Прадогийн үндэсний музей, Нарны хаалга, Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэн гээд байна. Мөн өөр үзэж харах зүйл ихтэй хотууд ч байгаа. Барселон, Севилла, Гранада, Валенсиа, Галисиа, Толедо гэсэн олон сайхан хот байдаг. Гэхдээ бүх хот өөрийн гэсэн онцлог түүх, ёс заншилтай. Хэл нь өөр хоорондоо ялгаатай. Жишээ нь, хойд нутгийн хэсгээр галего, астури, каталан, кастиль, урд хэсгийн нутгаараа андалуз, мадрид, мурси гэсэн хэлээр ярьдаг юм.
-Испани улсад хүүхдээ хэдэн наснаас нь сургуульд оруулдаг вэ?
-Хүүхдүүдийг энд найман сартайд нь цэцэрлэгт бүртгүүлдэг. Гурваас зургаан нас хүртэл нь сургуулийн бэлтгэл ангид оруулснаар сургуульд сурч эхэлнэ. Бага анги I-VI, дунд анги VII-X, ахлах анги XI- XII хүртэл суралцдаг. Дараа нь их, дээд сургуульд суралцана. Бүх хүүхэд үнэ төлбөргүй сурах эрхтэй ч төлбөртэй сургуулиуд гэж бас бий.
-Эрүүл мэндийн салбар, даатгалын систем нь ямар тогтолцоотой байдаг вэ?
-Энд эрүүл мэндийн салбарын бүх үйлчилгээ үнэ төлбөргүй. Гэрийн хаягийн тодорхойлолттой, зургаан сараас дээш хугацаагаар амьдарсан ямар ч улсын иргэн үнэ төлбөргүй үйлчлүүлдэг. Харин зургаан сараас доош бага хугацаагаар бол ямар нэг даатгал буюу төлбөр төлнө. Ер нь энд шинжилгээ, үзлэг, эмчилгээг сайн хийдэг. Улсын эмнэлгүүдийн ажиллах цаг их урт байдаг.
-Коронавирусын халдвар хурдан тархаж байгаа энэ үеэр Испанид байгаа манай иргэд энэ өвчнөөс өөрсдийгөө хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?
-Энд байгаа монголчууд анх энэ өвчин Хятадад гарч эхэлснээс хойш урьдчилан хамгаалах арга хэмжээг сайн авч байгаа. Амны хаалт зүүж, бээлий өмсч, гараа тогтмол ариутган, угааж байна. Харин тэр үед гадныхан ойлгохгүй Ази царайтай хүн бүрийг хятад, өвчин тээгч мэтээр харж гадуурхах, элдэв янзаар хэлэх мэтээр ойлгодоггүй байсан. Одоо бүгд хөл хорионд ороод, хариуцлагатай байж гэрээсээ гарахгүй байна. Шаардлагатай үед нэг айлаас гарахыг зөвшөөрсөн албан бичигтэй нэг хүн хүнсээ цуглуулах, эмийн сан орохоор гарч байна. Бусад үед хүндэтгэх шалтгаангүй гадуур явж байгаа иргэдийг торгож байгаа. Оройн 21:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл гадуур явахыг хориглосон.
-Улс орон болгонд түүх, соёлыг нь илтгэсэн ёс заншил, баяр гэж байдаг. Испанид ямар баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг вэ?
-Ариун гэгээн долоо хоног (Semana Santa) , Улаан өндөгний баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ариун гэгээн долоо хоног гэдэг баяр нь бурхан, шүтдэг шашныхаа сүм хийдэд очиж залбирал үйлддэг өдөр юм. Мөн шинэ жилийн баяр, арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг Есүсийн төрсөн өдөр гэж тэмдэглэдэг. Түүнээс гадна нэгдүгээр сарын 5, 6-нд хүүхдийн баярыг (reyes magos) өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ үеэр төв гудамж талбайгаар олон янзын үзүүлбэр үзүүлж, хааны хишиг болох чихрийг хүмүүст тарааж өгдөг юм.
-Амьжиргааны түвшин, юмны үнэ өртөг хэр өндөр вэ?
-Амьжиргааны түвшин дунд зэрэг боломжийн. Гэхдээ Европын орнууд дундаа буурай оронд тооцогдож явдаг юм билээ. Цалингийн доод хэмжээ нь 960 евро байдаг. Харин хүмүүс нь их соёлтой. Бусад хүнд саад болоод байхгүй. Хариуцлагатай яг цаг барьдаг. Ер нь их халуун цустай хүмүүс. Их сэтгэлийн хөдөлгөөнтэй, дуулж, бүжиглэх дуртай энгийн хүмүүс байдаг. Мөн их тусч, нийтэч. Өдөр тутмын амьдралдаа нэг нэгэндээ урам өгөх үг их хэлдэг. Танихгүй нэгэн байсан ч өглөө, өдөр, оройн мэнд, баярлалаа, баяртай болон чи их сайхан харагдаж байна гэсэн урмын үг хэлдэг. Танихгүй хүнээс зам асуулаа гэхэд тэр хүн өөрөө яарч байсан ч дагуулж яваад очих гэж байсан газарт нь хүргэж өгнө. Эсвэл гар утаснаасаа тухайн газарт очих замыг хараад зааж өгөх жишээтэй.
-Залуучуудын хувьд?
-Их чөлөөтэй. Өөрсдийн сонирхлоор сурч, ажиллахыг хүсдэг. Сурахын хажуугаар ямар нэг ажил хийх боломжтой. Залуу, настай хүн, хүүхэд ч гэсэн метро болон автобусанд бүгд ном уншиж явдаг. Харин зарим залуу нь гудамж талбайд хар тамхи татаж, үнэртүүлээд явж харагддаг. Түүнээс гадна гэр орны ажилдаа их муу, бохир заваан гэдэг нь ажиглагддаг. Гоё гоё охидууд бохир заваан, хэнэггүй, ихэнх нь тамхи их татна. Ер нь бол бүх насны хүмүүсийн ихэнх нь тамхи татдаг. Метронд тамхиа ороож аваад амандаа зуугаад гарч харагддаг. Мэдээж залуучуудаас авууштай сайн талууд бий.
-Таны фэйсбүүкийн нүүр номын тайзан дээр алхаж байгаа зураг анхаарал татлаа. Энэ талаар сонирхуулбал?
-Надад өнгөрсөн хоёрдугаар сарын 8-нд анх удаа “World vision”,“Guiness world records” шоуны үеэр Европын загварын тайзан дээр улсынхаа тугийг барин гарах завшаан тохиосон юм. Гиннесийн номонд бичигдэх хэмжээний шоунд 80 орны 400 загвар өмсөгч болон сонирхогч Испани улсын Мадрид хотод оролцсон. Энэ шоунд загвар зохион байгуулагч, зохион бүтээгч Ольга гэдэг хүний урласан хувцсыг өмсч оролцсон юм.
-Манай улсын уламжлалт хоёр том баяр бол цагаан сар, наадам. Испанид байгаа манай монголчууд энэ баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?
-Бид нийлээд үндэснийхээ баярыг ёс заншлынхаа дагуу тэмдэглэн өнгөрүүлдэг. Цагаан сараар энд байгаа ахмад настай хүмүүс дээрээ очиж золгон эх орондоо байгаа юм шиг баярлахыг хичээдэг. Цөөхүүлээ болохоор өөрсдийнхөө хэмжээнд улсынхаа баяр наадмаар бөх барилдаж тэмдэглэдэг.
-Манай монголчууд ямар ажил хийдэг вэ?
-Энд амьдарч байгаа монголчууд янз бүрийн ажил хийдэг. Бичиг баримтгүй, испаниар ярьдаггүй хүмүүс болон эрчүүд нь Хятадын том бөөний дэлгүүрт ачигчаар ажилладаг. Эмэгтэйчүүд нь айл гэр, албан байгууллага цэвэрлэх, настай хүн, хүүхэд асрах, хоолны газар зөөгч, туслахаар, эмнэлэг, оффист ажиллах гэсэн янз бүрийн ажил хийж байна. Энд гадаад хүн бизнес эрхлэх боломжтой. Мөн амьдрах байраа хүртэл урьдчилгаагаа өгөөд сар бүр үлдэгдэл төлбөрөө төлөх болзолтойгоор худалдан авч болно.
-Испани улсаас эх орондоо хэрэгжүүлье гэж бодож явдаг зүйл бий юу?
-Энэ талаар бодсон зүйл их бий. Хүүхдийн цэцэрлэг, парк, ногоон байгууламж, хог хаягдлаа ангилан хаях зэрэг хэрэгжүүлье гэж бодож явдаг зүйл олон байгаа. Гэхдээ энэ нь ганцхан хүнээс шалтгаалахгүй болов уу. Ер нь хүмүүсийн харилцаа, бусадтайгаа харилцах харилцааг хөгжүүлэх тал дээр анхаармаар санагддаг.
-Эх орондоо хэзээ ирэх вэ?
-Одоогоор эндээ ажиллаж, амьдарна гэж бодож байгаа. Энд ирсэн зорилгоо биелүүлж амжаагүй байгаа учраас буцах болоогүй. Хүссэнээ биелүүлэхэд цаг хугацаа шаардагдана. Тиймээс Монгол руугаа ирж очин байх болов уу. Гэхдээ хэсэг хугацааны дараа бол мэдээж эх орондоо амьдарна гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.30 ПҮРЭВ № 85 (6310)