Д.ЦЭРЭННАДМИД
Монголын малзүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, гавьяат малзүйч Д.Самданжамцтай ярилцлаа.
-Тантай малын чанар, үүлдэрлэг байдал, ашиг шимийг нэмэгдүүлэх тухай яръя гэж бодлоо. Өмнөх нийгмийн үед энэ талаар хэр цэгцтэй бодлого барьж ямар үр дүнд хүрч байсан бэ?
-Хэдэн жилийн өмнө мал аж ахуйн үржлийн ажлыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний удирдлага, хяналтын дор хийдэг байснаас 100 эхээс бойжуулж байсан төл, нэг малаас авч байсан мах, сүү, ноос, ноолуурын хэмжээ одоогийнхоос бараг 1.0-1.5 дахин илүү байв.
Аймгууддаа мал аж ахуйн үржил-зохиомол хээлтүүлгийн станц 2-3 ажиллаж байснаас гадна үржлийн мал бойжуулж борлуулах үүрэгтэй улсын үржлийн аж ахуй, үржлийн ферм, үржлийн эх малын суурьтай байлаа.ХААЯ-нд мал аж ахуйн үржлийн ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй мал аж ахуйн үржлийн хэлтэс, мал үржлийн нэгдэл, мал борлуулах контор бүх суманд үржлийн зоотехникчтэй байсан юм. Энэ үед малын тоог өсгөх биш чанарыг нэмэгдүүлэх бодлого барьж улсын дүнгээр 22-23 сая малтай байсан юм.Малыг дуртай, хүссэн бүхэн ийш тийш нь зөөдөггүй. Мал үржүүлэх бүс нутгийг нарийн заагаад өгчихсөн НТХ, СНЗ-өөс баталсан мал аж ахуйн үржлийн албаны дүрэмтэй, түүнийгээ мөрдөнө, зөрчсөн хүмүүсийг хатуу торгож, шийтгэдэг байлаа. Одоогийнхоор бол хууль юм даа. Төв, Булган, Сэлэнгэ аймгийн бэлчээр нутагт Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд сайн зохицсон нарийвтар ноост Орхон хонь, нарийн ноост Хангай үүлдрийн хонийг, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нутгийн монгол хонийг Цыгай, Алтай үүлдрээр эрлийзжүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байлаа. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн томоохон хот суурингийн ойролцоо 1980-аад оны дунд үед Хар тарлан, Алатау, Талын улаан, Симментал үүлдрийн үнээг, Орхон аймгийн Улаантолгой, Төв аймгийн Борнуурт Германы хар тарлан үүлдрийг үржүүлж, төв суурин газрын сүүний хэрэгцээг 60 гаруй хувийг хангаж байлаа.
Үүнээс гадна үхэр сүрэгт эрчимтэй эрлийзжүүлэг хийх замаар улсын хэмжээнд шаардлагатай цөцгийн тосны 62.5 хувийг бэлтгэдэг. Гахай, шувуу, туулай, зөгийн аж ахуйг ч эрчимжүүлэх ажлыг системтэй хийж, зохих үр дүнд хүрч байсан.
Харамсалтай нь энэ ажил маань өмч хувьчлалыг буруу хийснээс болж үрэн таран болж, фермүүд балгас болж, үхэр нь хувьчлагдан бутарсан. Тэгээд чанар ашиг шим нь нэмэгдэх байтугай зарим газар малын үс ч үгүй болсонд одоо хүртэл харамсаж суудаг даа.
-Та бид хоёрын ярианаас зарим хүн хуучныг санагалзлаа гэсэн дүгнэлт хийж ч магадгүй. Сүүлийн жилүүдэд мал сүргийн үржлийн ажлыг нэлээд сулруулсан нь үнэн биз?
-Би 1970 оноос ХААЯ-нд мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Улсын ерөнхий зоотехникчээр 24 жил ажиллаж тухайн төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд зүтгэж явлаа.
1971-1980 онд нутгийн малыг дотор нь шилж сонгон цэврээр үржүүлэх, тэсвэр хатуужил, ашиг шимийг дээшлүүлэх, бусад үүлдэртэй эрлийзжүүлэх ажлыг тодорхой хүрээнд туршиж, үр дүнд хүрвэл цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх үндсэн чиглэлийг баримталж ирсэн. Хуучин тогтолцоонд сайн нь ч, саар нь ч байсан л байх. Одоогийн тогтолцоо урьд хийснийг бүгдийг үгүйсгэснээс гадна авах, гээхийн ухаанаар ажиллаагүйгээс мал үржлийн ажил 1992-2015 оны хооронд уналтын байдалд орсон.
-Нэгэн үед МАА-д шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажил эрчимтэй хийснээр улсын хэмжээнд 50 гаруй үүлдэр омог бусад хэвшлийн мал буй болсон гэдэг?
-1960-аад оноос хойш үндэсний эрдэмтэн, судлаачид өөрийн орны бэлчээрийн мал аж ахуйг судлахад их зүйл хийсэн. Монголын мал аж ахуйн судалгаанд Н.Жагварал, М.Даш, Т.Аюурзана, Д.Гончиг, М.Наваанчимэд, Б.Аюуш, Р.Цэрэндулам, Р.Жавзмаа, О.Шагдарсүрэн, Т.Бат-Эрдэнэ, Р.Индра, Д.Больхорлоо, Г.Чадраабал, Б.Минжигдорж зэрэг судлаачид хувь нэмрээ оруулсан байдаг.
Үүний үр дүнд одоогийн байдлаар тухайн бүс нутагтаа дасан зохицож, ашиг шимээ өгч өсгөн үржүүлэгдэж байгаа адууны гурван үүлдэр, гурван омог, тэмээний дөрвөн үүлдэр, үржлийн хэсэг нэг, үхрийн дөрвөн үүлдэр, хонины 15 үүлдэр, гурван хэсэг, үржлийн хэсэг гурав, гурван омог, ямааны есөн үүлдэр, гурван омог, нэг үржлийн хэсэг бий болсон.
Малын үүлдэр, омог хэвшил буй болгох, батлуулах ажил сайн хэрэг боловч түүнийг цаашид яаж үржүүлэх, бататган сайжруулах, тоо толгой, ашиг шимийг нь нэмэгдүүлэх талаар тодорхой төлөвлөгөө стратегитэй ажил зохион байгуулж байгаагийн үр дүнд малын үржлийн ажил, малын чанар сэргэх хандлагатай болж байна. Сум, баг бүр үржлийн шилмэл малын болон хээлтэгч, хээлтүүлэгч суурьтай болж, хээлтүүлэгчийг хотноосоо биш мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтын дор тавьдаг болж байна. Бас богийн хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлж ээлж дараатай ашиглах, үр төлийн чанар, ашиг шимийг нь үнэлэх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа нь сайшаалтай.
-Мал хувьчилснаас эхлээд тэр үүлдэр угсааны шилмэл малын фонд үгүй болсон шиг малыг бүс нутгийн түвшинд ашиг шимийнх нь чиглэлээр төрөлжүүлэн үржүүлж бий болгосон Орхон, Хангай хонь, Сэлэнгэ үүлдрийн болон Дорнод талын махны хэвшлийн үхрийн үүлдэр одоо хаана байна?
-Малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, эрдэмтдийн олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр буй болгосон. Орхон, Хангай, Ерөө, Тал нутгийн цагаан үүлдрийн хонь, Сэлэнгэ, Дорнод, Монголын үхрийн тоо харамсмаар цөөрсөн. Зарим нь ч устах тийшээгээ болсон. 2019 оны байдлаар Орхон, Хангай, Ерөө хонь нийлээд 16 мянга хүрэхгүй л байна шүү дээ. Эдгээр хонийг өсгөх, генофондыг нь хамгаалах талаар ХААХҮЯ, ноосны үйлдвэрүүд, Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан, Цагааннуур, Ерөө, Сант сум хамтран ажиллаж байна. Цаашид тоо толгой нь өсч, чанар, ашиг шим нь нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин дагнан хариуцсан мэргэжилтэн дутмаг байна. Сэлэнгэ үхэр ч цөөрсөн. Харин хоёр зохион бүтээгч нь байгаа тул арай ч устаагүй. Үржлийн ажил нь үлгэн салган явж байна.Дорнод талын үхрийг 2008, 2019 онд цэгцлэж байна, цөм сүрэг нь байхгүй. Одоо Сүхбаатар аймгийн Түмэнцогтод цөөн үхэр байх шиг байна.
-Мал үржлийн генетик нөөц гэж байгаа юу. Дарханд байх мал үржлийн удмын сан ямар үүрэгтэй газар вэ?
-Манай улсын малын генетик нөөцийг хадгалж байгаа гол газар бол Дарханд байгаа Малын удмын сангийн үндэсний төв юм даа. Хонгор сумын 22.3 га талбайг хамарсан Малын удмын сангийн үндэсний цогцолбор 2018 онд ашиглалтад орсон. Засгийн газрын 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан энэ цогцолбор нь малын хөврөл шилжүүлэн суулгах иж бүрэн лабораториудаас гадна малын генийн санг хадгалах зориулалтын агуулах, тэжээл боловсруулах цех, сайн чанарын хээлтүүлэгч бойжуулах байр, тэжээл, бордооны хэсэг, сургалт судалгааны байр, мал эмнэлгийн үйлчилгээний цэг гэсэн 16 барилга байгууламжаас бүрдсэн том цогцолбор юм.
Харин энэ цогцолборыг өгөөжтэй, үр дүнтэй ашиглах явдал манай яам болон холбогдох байгууллагуудын онцгой анхааралд байх ёстой.
ХХААХҮЯ-нд Малын генетик нөөцийн бие даасан хэлтэстэй болсноор малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх малын суурь цөм сүрэгтэй болгох, мэргэжилтэн бэлтгэх, дадлагажуулах, давтан сургах, үржлийн ажлын стратеги боловсруулан түүнийхээ дагуу жил жилийнхээ төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх, малын удмын санг хамгаалах зэрэг ажлыг төв, орон нутгийнхаа холбогдох байгууллага, хүмүүстэй хамтран зохион байгуулж байна. Үр дүн нь харагдах байх гэж итгэдэг.
Миний ойлгож байгаагаар малын чанарыг сайжруулахад яамны энэ хэлтсийг өргөтгөх, орон нутагт буй мэргэжилтнүүдийг чадавхижуулах, сумдын малзүйчдийг улсын байцаагчийн эрхтэй болгоход бүх талаас нь дэмжиж байж л мал аж ахуйн үржлийн ажил цэгцэрнэ.
-Монгол малын удмын санг хамгаалах болон эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөрүүд гэж гаргасан. Үр дүн нь хэр байдаг вэ?
-Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөтөлбөр гараад хоёр жил болж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар улсын төсөвт олигтой анхаараагүй. Харин 2019 онд ЖДҮ-ийг дэмжих сангаас 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж зарим ажил эхэлсэн. Энэ онд 27 сая еврогийн өртөгтэй, 3000 үнээтэй хэд хэдэн цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Холбогдох дүрэм, журмыг боловсруулсан. Гэвч одоогоор эхлэл төдий байна даа.
-МАА-н мэргэжилтэн бэлтгэх ажил сүүлийн жилүүдэд суларсан гэдэг яриа бий. Иймээс хөдөөд энэ талын мэргэжилтэн дутмаг болсон гэх. Сураг сонсоход 120 сум малзүйч байхгүй. Зарим газар энэ албанд өөр мэргэжлийн хүн тавьчихсан байдаг тухай мэдээлэл ч бий?
-Бидний үед зоотехникч гэдэг мэргэжлээрээ бахархдаг, бас их үүрэг хариуцлага хүлээдэг байж. Зах зээлийн нийгэмд шилжиж, өмч хувьчлагдсантай холбоотойгоор малзүйч мэргэжил үнэгүйдэж, бараг хэрэггүй мэтээр үнэ цэнийг нь алдагдуулсан. ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургуульд малзүйч бэлтгэдэг боловч, МАА-н технологич, МАА-н менежмент гэх цаг үетэйгээ холбоотой нэр ус нь өөрчлөгдсөнөөс гадна тэр мэргэжлийг эзэмшиж гарахад шаардлагатай хичээлийн цаг ч багассан байдаг. Иймээс мэдлэг муутай мэргэжилтнүүд төгсдөг нь нууц биш.
Энэ нь сургалтын программ, сургаж буй системтэйгээ холбоотой юм шиг байна. Танхимд үзсэн хичээлээ дадлагаар баталгаажуулах ажил хийхгүй болжээ. Бүтэн 4-5 жил заалгасан зүйлээ 14 хоногийн дадлагаар яаж бататгах юм билээ. Муулаад байдаг ч өмнөх нийгмийн үед оюутны дадлагыг зургаан сарын хугацаатай явуулдаг байсан учир овоо дадлагажиж үйлдвэр дээр гараад шууд л ажилдаа орчихдог байсан. Ер нь дадлага хийх бааз ч алга.
Малын чанарыг малзүйчгүйгээр сайжруулах боломжгүй. ХААИС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургууль малзүйч бэлтгэх элсэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Аймгийн ХААГ-тай хамтарч газар дээр нь явж судалгаа хийж, гэрээ байгуулан хамтарч ажиллахгүй бол төвд суучихаад ирснийг нь бүртгэчихээд суугаад байвал хот орчмоос орсон хэдэн хүн сурна, тэр нь төгсөөд хөдөө явахгүй. Яг үнэндээ ХААДС-ийн мал аж ахуй, биотехнологийн сургууль олигтой малзүйч бэлтгэхгүй байна гэж ойлгож болно. Одоо орон нутагт өөрөөр хэлбэл, суманд малзүйчийн орон тоон дээр малын эмч, эрхзүйч, хуульч, агрономич, цэцэрлэгийн багш, инженер хүн хүртэл ажиллуулж байна. Зарим суманд малзүйчийг яагаад ажиллуулахгүй юм гэхээр Төрийн албаны шалгалтад ороогүй шалтгаанаар, зарим нь цалингаа голоод байгаа гэдэг. Тухайлбал, Төв аймгийн 27 сумын 10 сум /Архуст, Баян-Өнжүүл, Эрдэнэсант, Эрдэнэ, Баяндэлгэр, Өндөрширээт, Дэлгэрхангай, Аргалант, Заамар, Баянжаргалант, Дорнот аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Халхгол сум малзүйчгүй байх жишээтэй.
2019 оны эцэст малзүйчдийн улсын зөвлөгөөн хийж мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх талаар олон санал гарч БСШУСЯ, ХААИС энэ талаар тодорхой ажил зохион байгуулахаар болсон. Хэрэгжих байх гэдэгт найдаж л сууна.
-Өнөө үед малчид залуужсан. Тэд малын удмын санд анхаарах нь сул, хээлтүүлэгчийг дур зоргоороо л тавьж байдаг болсон гэх юм?
-Өнөө үед мал сүрэг үндсэндээ бүрэн хувьчлагдаж, малын тоо болон чанарын өсөлт нь чухамдаа малчин эзний арга ажиллагаа, дадлага туршлага, хичээл зүтгэлээс их хамаарах болоод байна. 2017 оны судалгаагаар малчдын 34.5 хувь нь 15-34, 55.7 хувь нь 35-59, 9.8 хувь нь 60-аас дээш насныхан байна.
Малчдын дийлэнх нь залуу малчид байгаагаас алдаж онох ялангуяа, ган зуд тохиолдоход тулгамдан сандрах, туршлага багатайгаас хотоо харлуулах явдал ч гардаг. Хамгийн гол нь малын ашиг шим, чанар ямар байх нь үржил, хээлтүүлгийг хэрхэн явуулдгаас хамаардаг гэдгийг анхаардаггүй. Тааралдсан хээлтүүлэгчийг үржилд ашигласнаас малын тоо ихэссэн ч чанар муудсан.
Нөгөөтэйгүүр энэ асуудалд мэргэжилтний асуудал их нөлөөтэй. Жишээлбэл, 21 аймгийн 330 сумын 128 сум нь малзүйч байхгүйгээс залуу малчдад мэргэжлийн зөвлөгөө өгөх хүн алга.
-Бэлчээрийн мал аж ахуй зонхилж байгаа энэ үед малын үүлдэр угсааны хувьд ямар бодлого баримталбал зохистой вэ?
-Өөрчлөгдөн хувьсаж байгаа байгаль цаг уур, хүний буруу үйл ажиллагаанаас үүдэн монгол орны газар нутаг, бэлчээрт туурайн зуд, талхлагдал бий болж жилээс жилд нэмэгдэж байна. Гэтэл бэлчээр бол манай уламжлалт мал аж ахуй оршин тогтнох үндэс, үйлдвэрлэл явуулах талбар нь байдаг. Өөрөөр хэлбэл, тоосгогүйгээр байшин барьдаггүйтэй адил бэлчээргүйгээр мал аж ахуй эрхлэх боломжгүй. Манай улс 112-113 сая орчим га бэлчээртэй, түүний даац нь хонинд шилжүүлснээр зун, намартаа 81.1 сая, өвөл-хавартаа 59.4 сая мал бэлчээх чадавхитай гэж үздэг. Зарим судлаачийнхаар бэлчээрийн 70 орчим хувьд ургамлын нөмрөг хомсдох шинж бий болсон ажээ. Иймд тухайн бүс нутагт бэлчээрийг зохистой ашиглах, малын төрлийн зохистой харьцааг тогтоох нь зүйтэй юм.
Мал аж ахуйн үржил, селекц, технологийн ажлыг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтын дор явуулж, үр дүнг эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй.
Яг одоогийн байдлаар бидний хүсэн хүлээж байгаа зүйл бол бэлчээрийн тухай хуультай болмоор байна. Сүүлийн гурван парламент дамжин яриад уг хууль батлагдаагүй. Энэ хуулийг баталчихвал энэ харьцааг зохицуулчих хууль эрх зүйн орчин бүрдэх юм.
-Монголын мал өсөөд л байна. Гэхдээ ямар төрлийг нь илүү өсгөвөл сайн бэ гэдэг талаар таны бодол?
-Манай улс таван төрлийн малаа өсгөн үржүүлсээр ирсэн. Аль нэг төрлийг түлхүү үржүүлнэ гэдэг ойлголт байж болохгүй. Харин тухайн бүс нутагтаа дасан зохицсон малынхаа төрлийг бэлчээрийн даацандаа тохируулан үржүүлэх нь чухал. Тухайлбал, малын тоог багасган, чанарыг сайжруулах үүднээс бог малын хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтад төвлөрүүлж малчдад гэрээгээр ашиглуулах тогтолцоонд шилжиж, үржлийн шилмэл малтай болох ажлыг бодлогоор дэмжих хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, малын нөхөн үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн ашиглах зорилгоор малын тоо, бэлчээрийн даац, мал сүргийн төрөл хоорондын болон сүргийн бүтцийн оновчтой харьцааг бүс нутгийн онцлог, эдийн засгийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах нь зүйтэй юм.
Бэлчээрээ дагаад төвлөрөл үүсч болзошгүй боллоо. Төвийн бүсийн адуу бараг тэр чигээрээ зүүн бүсэд шилжлээ. Иймд дээр хэлсэн хуулийг батлаад өгчихмөөр байна.
-Та адуу судлаач хүн. Сүүлийн үед адууны хоёр үүлдрийг бий болгоход оролцсон юм байна. Шил адуу л гэнэ. Сүүлд нь Тэс омгийн адууг үүлдрээр батлуулсан дуулдсан. Тэдгээр шинэ үүлдрийн чинь адууны онцлог юу вэ. Ер нь үүлдэр бий болголоо гэдэг чинь тэр төрлийн малыг дэлхийд данстай болголоо гэсэн үг биз?
-Малын селекц гэдэг нь мал амьтны ашиг шимийн чанарыг дээшлүүлэх, шинэ хэвшлийн мал сүрэг бий болгох онол арга зүйг боловсруулдаг нэг салбар юм. Нэгэнт шинэ сайн шинж чанар бүхий популяц бий болсон тохиолдолд хүрээлэн буй орчныхоо нөхцөлд сайн дасан зохицох чадвартай байх учиртай.
Тэс үүлдрийн адуу гэхэд өвөл нь -40-50 хэм хүрч хүйтэрдэг, зун нь 35-40 хүртэл халдаг эрс тэс уур амьсгалтай Тэсийн голын сав дагуу нутагладаг.
Тэс адуу амьдын жин, сэрвээний өндөр, биеийн ташуу уртаараа галшар адуунаас нас, хүйс тус бүрт 5-8 хувь илүү, нутаглаж буй байгаль, цаг уурынхаа онцлогоос шалтгаалан туурай нь том далбагар, арьс нь зузаан, тэсвэр хатуужил сайтай, уналга, эдэлгээ даах чадвар гойд илүү. Энэ бүс нутагт адууг тухайн жилийн аравдугаар сараас дараа оны тавдугаар сар хүртэл 240 гаруй хоног буюу жилийн 70 орчим хувьд уналга эдэлгээнд ашиглаж байгаа сайн талтай. Намрын жингээ 18 хувь алдаж онд ордог, үндсэн хээр, хул, зээрд, хүрэн зүс нийт адууны 60 хувийг эзэлдэг. Тэс адууг манай орны аль ч бүс нутагт ашиглахад дасахгүй, нутагшихгүй гэх асуудал байхгүй. Одоо Увс, Завханд цөм сүргийн сууриудтай болсон. Эндээс сайн чанарын үрээ, байдас авах замаар адууны чанар, ашиг шимийг нэмэгдүүлж болно. Харин Шил омгийн адуу бол говийн бүсэд үржүүлэгддэг дунд зэргийн хатингардуу толгой, дух өргөн, шулуун хамартай, хүзүү богиновтор, босоодуу дунд зэргийн мундаатай, харьцангуй урт биетэй, өргөн цээжтэй, нуруу шулуун, хондлой бөөрөнхий, унжуудуу, шөрмөслөг богино чацтай, дэл сүүл нь өтгөн сахлаг үс хялгастай, туурай жижиг. Шил адууны туурай гахайн урт туурайныхаа 2/3-тай тэнцүү урттай, гүн нь 0.6-0.8 см байна. Мөн эрүү хоорондын зай их, амьсгалын тоо, цусан дахь уургийн агууламжаараа монгол адуунаас 4.5-6 хувь илүү байгаа нь түүний хурдлах чадвар сайтай, тэсвэр хатуужилтайг нотолж байгаа юм. Цаашид эдгээр адууг тухайн бүс нутагт нь өөр дотор нь цэврээр үржүүлэх, үржил, ашиг шим, удамшлын давуу чанаруудыг нь бататган сайжруулах тохирох бүс нутгийн адуунд сайжруулагчаар ашиглах боломж бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.23 ПҮРЭВ № 79 (6304)