"Зууны мэдээ" сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинэлэг санаа гаргасан хүмүүсийг “Leaderships forum” буландаа зочноор оролцуулдаг. Энэ удаа “Тогтвортой ноос, ноолуурын олон улсын эвсэл” байгууллагын Монгол дахь салбарын захирал, шинжлэх ухааны доктор Б.Батхишигийг урилаа. Малын бэлчээр ашиглалт, нөхөн сэргээлт болон мал аж ахуйгаас авах ашиг шим, ноолуурын зах зээлийн талаар түүний манай сурвалжлагч Д.Цэрэннадмидтай ярилцсан тухай энд нийтлэв.
БЭЛЧЭЭРИЙГ ШҮТЭН АМЬДАРЧ ИРСЭН СОЁЛ ЭРС ӨӨРЧЛӨГДСӨН
-Миний докторын зэрэг хамгаалсан сэдэв “Бэлчээр нутгийн нөхөн сэргэх чадамж” гэсэн чиглэлтэй юм.
Уг сэдвийн гол санаа юу гэвэл 1980-аад оны сүүлчээр социалист дэглэм нуран унаснаар Монголын малчдын амьдралд эрс өөрчлөлт гарсан. Үүний нэг нь байгалийн бэлчээр, малчин, мал гэсэн гурвалсан холбооны шүтэлцээнд гарсан өөрчлөлт. Өмнөх нийгэмд мал, бэлчээр аль аль нь улсын өмч малчны ажил ч гэсэн цаад агуулгаараа хөдөлмөр өдрийн хөлсөө аваад явдаг болохоор нийгэмд хөдөлмөрчин давхарагад багтаж байлаа. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжснээр мал хувьчлагдав. Гэтэл бэлчээр нь улсын өмч хэвээрээ. Малчдын ажил үйл урьд нь зөвхөн амьжиргаагаа авч явдаг байсан бол арилжааны хэлбэрт шилжсэн юм. Энэ нь арилжаа үүсгээд олсон ашиг орлогоороо капитал бий болгох нөхцөл нь бүрдсэн гэсэн үг. Тэгэхээр аль болохоор ахиу ашиг олохын төлөө малчид шамдах болсон. Үүний учир нэгэнт л зах зээлийн баримжаатайгаар амьдрах цаг ирсэн юм чинь мал аж ахуйгаа зүй зохистой хариуцлагатай хөтөлж явах шаардлага тулгарсан юм. Гэтэл сүүлийн жилүүдэд бэлчээрийн хомсдол бий болчихлоо. Яагаад вэ? Малчид ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд зөвхөн малынхаа тоо толгойг нэмэгдүүлэхэд эхлээд анхаарснаар Монголын мал төсөөлшгүйгээр өссөн. Бэлчээрийн доройтол бий болж даац нь хэтэрсэн. Үүнээс шалтгаалж бэлчээрээ ашиглаж ирсэн өв уламжлал алдагдахад хүрлээ. Бэлчээрийн ашиглалтаас болж малчид хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Урьдын бие биедээ тусархаг, айлсаг ах дүүсэг байдал нь муудсан тал бий. Бэлчээр нөөцгүйдэж яваандаа чадамж нь тааруу болохоор мал аж ахуйн хөгжилд нөлөөлж байна. Бас мал, бэлчээр хоёрын шүтэлцээ алдагдлаа. Тэгэхээр ямар гарц байна вэ гэвэл олон малтай малчид бэлчээр ашигласаны төлбөр төлдөг байх ёстой. Гурван зуун малтай айлын бэлчээр талхлагдахгүй. Гэтэл 1000 бүр 3000 малтай айлын мал ороод ирэхээр тэр бэлчээр богино хугацаанд муудна. Иймээс туурайн зуд үүсгэхгүйн тулд татварын бодлого хэрэгтэй. 500-гаас дээш тооны малаас бэлчээрийн татвар аваад эхлэе л дээ. Тэгвэл малчдын малаа өсгөх санаархал дарагдаж тэр хэрээр бэлчээрийн хомсдол багасах юм. Ийм шинэ системд шилжих учиртай. Тэгснээр бэлчээрийг ашиглаж байгаа буруудал аяндаа арилна. Ирээдүй хойч үедээ нөөц бэлчээр үлдээх зорилго бас биелэнэ. Үүний тулд малчдаа хоршиж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, зах зээлийн зохистой зарчимд сургах энэ талын мэдлэг олгохын гадна МАА-гаас авах шиг шимийг нэмэгдүүлж малчдаа орлогожуулахад төр, засгаас зөв бодлого барьж ажиллах нь чухал. Гэтэл төр, засгийн анхаарал тааруу байгаа юм. Энэ нь малчдыг зах зээлээс нэг талдаа хөндрийрүүлж байна. МАА-н гаралтай бүтээгдэхүүнээс олох орлого дотоод гадаад ч ахицгүй байгаа юм.
Сурвалжлагчийн шигтгээ үг: Монголоос бага газар нутагтай мөртлөө 30 сая малтай Уругвай гэдэг улс байна. Гэтэл энэ улсын мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын орлого манай улсынхаас 40-50 дахин их байдаг гэж уншлаа л даа.
Энэ юу хэлж байна вэ гэвэл тус улсын төр, засгаас зөв зохистой бодлого явуулж мал аж ахуй эрхлэгчдээ зах зээлд мэдлэгэтэй, бэлтгэлтэй байлгаж чадаж байна гэсэн үг. Нөгөө талаар бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчдын уялдаа холбоо сайтай, зах зээлийн эрэлт хэрэгцээг хүн бүр мэдэж түүнд зохицуулан үйл ажиллагаагаа зөв хөтөлж байгаагийн үр дүн ажээ.
-Манай төр, засгаас ямар нэг хөтөлбөр гаргадаг. Тэрэндээ тогтвортой хөгжил гэсэн нэр зүүсэн байдаг. Тэгвэл энэ чинь шинэ юм биш л дээ. Харин өмнөх нийгэмд манайх мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээсээ өнөөгийхөөс хавьгүй илүү орлого олж байсан. Ноос, ноолуур, арьс шир гээд бүхий л бүтээгдэхүүнээ хаягдалгүй чанартай бэлтгээд үйлдвэрүүддээ боловсруулж бүтээгдэхүүнээ гадаадад гаргаж байлаа. Дотооддоо бэлэн бүтээгдэхүүн хийгээд ард олныхоо хэрэгцээг хангадаг гээд энэ чинь тогтвортой хөгжлийн өнгө төрх байсан юм бишүү. Миний хувьд докторын зэрэг хамгаалсан сэдвийнхээ хүрээнд бүс нутгийн бэлчээрийн шинжилгээг хийж зохистой ашиглах менежментийн төсөл, баримт бичиг боловсруулж шинжилгээ судалгааны илтгэл бичиж мөн цөөнгүй төсөл хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллаж ирсэн.
НООЛУУРЫН ЗАХ ЗЭЭЛ МАЛЧНЫ ХОТНООС ЭХЭЛДЭГ
Блиц:
Байвалын Батхишиг
Боловсрол
-1992-1995: МУИС-ийн англи хэлний дээд курст суралцсан
-1991-1996: МУИС-ийн биологийн факультетыг бакалавраар төгсгөсөн
-1997-1998: Их Британийн Манчестерийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан
-2000-2012: АНУ-ын “Истер” их сургуульд удирдлагын хөгжил, менежментийн чиглэлээр суралцсан
-2007-2011: АНУ-ын Колорадо мужийн их сургуульд экологи-нийгмийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал
-1999-2003: “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад хөдөө аж ахуйн асуудал хариуцсан багийн ахлагч, шинжээч
-2003-2007: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газарт мэргэжилтэн
-2008-2010: АНУ-ын Колорадогийн их сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан
-2010-2015: “Монголын бэлчээр нутгийн нөхөн сэргэх чадамж” олон улсын судалгааны төслийн Монгол дахь зохицуулагч, мөн нутаг түншлэл үндэсний зөвлөх байгууллагын захирал
-2016 оноос Тогтвортой ноос ноолуурын олон улсын эвсэл”-ийн Монгол дахь салбарын захирал
-Би НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газарт ажиллаж байхдаа дэлхийн брэнд болоод байгаа Монгол ноолуурыг олон улсын зах зээлд зөв өрсөлдүүлж арилжаалагчид, үйлдвэрлэгчдийн сонирхол, эрэлт хэрэгцээг хангах нь чухлыг олж харсан юм. Тэгээд Их Британид төвтэй “Тогтвортой ноос, ноолуурын олон улсын эвсэл” гэдэг байгууллагыг Монголд байгуулахаар болсон. Эвсэл маань 2015 оноос туршилт судалгааны чиглэлээр ажиллаж байгаад 2018 оноос албан ёсны салбараа нээсэн юм.
Бидний гол зорилго нь ноолууран бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлгээ болон шалгуур үзүүлэлтийг улам тодорхой түвшинд аваачиж ноолуурыг бэлтгэгч малчдыг зохих мэдлэгтэй болгож бас мэдээллийг дамжуулснаар зах зээлд ойртуулах явдал юм. Нөгөө талаар Монголд ноолуурын үйлдвэрлэл бүх шатанд хариуцлагатай байж чанарын дэвшил гаргаснаар зах зээлд зөв өрсөлдөж цаашлаад олон улсын худалдан авагчдын хэрэгцээ шаардлагыг хангадаг байхад чиглэж байна. Энэ зорилгоо биелүүлэхэд чухал нь малчид хэсэг бүлэгт нэгдэж ажиллавал худалдан авагчаа татаж тэгснээр борлуулалтаа өсгөж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг олж авна. Иймд бид малчдын хоршоодын өөрсдийнх нь саналыг үндэслэн тэдэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Гол ажил сургалт л даа. Нэгэн үед манай малчид ноолуур бэлтгэлийг уламжлалынхаа дагуу гэхдээ бүдүүвчхэн аргаар хийж ирсэн байдаг. Тэгвэл бид одоо малчдад юу сургаж байна вэ гэвэл ноолуур бэлтгэлийн анхан шат ямаагаа самнахаасаа эхлэн зах зээлийн мэдлэгтэй, хариуцлагатай ханддаг болгох явдал. Цаашлаад арилжаа эрхлэгчид, үйлдвэрлэгчидтэйгээ хамтын хариуцлага үүрдэг байх учиртай. Малчдаа ингэж бэлтгэхийг зорьж байна. Ер нь малчин өрх, хоршоод ямаагаа нас, эр эмийн ялгаатайгаар ангилан самнах ёстой юм. Ноолуурыг өнгөөр нь ялгах гэдэг наад захын асуудал. Тэгвэл борлон шүдлэнгийн, эр, эм ямааных гэж ялгах ёстой юм. Гэтэл манай малчид энэ талын мэдлэг дутмагаас ноолуурын чанарын стандартыг алдагдуулчихдаг. Тухайлбал, борлон шүдлэнгийн ноолуур гольч нь 14 орчим макронтой гэх бол эм ямааных төдөөс төд, сувай ямааных тийм байна гэсэн мэдлэг хэрэгтэй. Ингэж байж сайн чанарын ноолуур бэлтгэдэг болно. Ийм сургалтыг л бид хийж байгаа. Ингэснээр малчдын мал маллах арга туршлагаас эхлээд ямааныхаа төрөл, үүлдэр угсааг хүртэл зөв сонгох цаашлаад ноолуурын боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нийлүүлэлтийн бүх шат дамжлагын тухайд мэдлэг суулгах зөвлөгөөгөөр хангаж ажиллах нь эвслийн үндсэн ажил юм шүү дээ. Малчны хоршоод бидэнд ханддаг болсон. Тэгээд манай сургалтад хамрагддаг. Сургалтын үр дүнд ноолуур бэлтгэлийг экологийн баримжаатай, бие даасан шалгуур үзүүлэлтээр хийж зохих үнэлгээг авна. Тийм хоршоодод бид олон улсын стандартад нийцсэн ноолуур бэлтгэх чадамжтай гэсэн батламж олгодог юм. Ийм батламж буюу тохирлын гэрчилгээ авсан хоршооны тоо жилээс жилд нэмэгдэж одоогийн байдлаар 50 болоод байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Бид уг баталгаажуулалтаа зохистой дадал, арга ажиллагаа гэж нэрлэдэг. Ерөөс хүнийг, ажил үйлийг юу тодорхойлдог вэ гэвэл амьдралын зөв хэвшил гэж хэлж болно.
Гэтэл саад бас тохиолдоод байдаг юм. Төр, засгийн буруу шийдвэр болон нэг нь нэгийгээ үгүйсгэсэн төсөл хөтөлбөрийн харгаагаар хоршоод тууштай ажиллаж чадахгүй байгаа юм. “Нэг сум-нэг хоршоо” гээд л явж байтал “Нэг баг-нэг хоршоо” гэсэн өөр төсөл орж ирээд будилуулчихдаг. Ийм энхэл донхол замд олон хоршоо тарж бутарсан нь үнэн. Дараа нь ноос, ноолуурын урамшууллыг хоршоогоор дамжуулж өгнө гэхтэй зэрэг хоршоогоо дахиад сэргээдэг. Нэг ийм тогтворгүй байдал бий. Хоршоогоо дэмжиж байж л мал аж ахуйг эдийн засгийн баримжаатай хөтлөн явуулах боломж байгаа. Хамгийн гол нь монгол ноолуур эко бүтээгдэхүүн гэдгийг бүгд мэддэг байя.
НООЛУУРЫН ДЭЭД, ДООД ҮНИЙГ ТОГТООНО ГЭДЭГ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ
-МАА-н хамгийн үнэлгээтэй бүтээгдэхүүн ноолуурын үнэ өнгөрсөн жилүүдэд ихээхэн хэлбэлзэлтэй байлаа. 2008 оны үед кг ноолуур ердөө 8000 төгрөг байв. Засгийн газар нөхөн олговор өгдөг байсан даа. Түүнээс хойш үнэ өсч савласаар ноднин нэг кг ноолуур дунджаар 100 мянгад хүрсэн. Энэ үнийг давсан ч бий л байх. Ер нь ихэнхдээ 70-90 мянга л дундаж ханш байсан. Зах зээлийн бодит ханшид дөхөж очсон гэсэн үг. Уг нь дэлхийн зах зээл дээр самнасан ноолуур 80-120 ам.доллар гэдэг үнэ тун тогтвортой байгаа юм шүү дээ. Ноолуур бэлтгэлийн явц ямааны өнгө зүс, нас шүдний ангиллаасаа шалтгаалж үнэ нь олон янз, ялгаатайг дээр ярьсан даа. Гэтэл саяхан Монгол Улсын Засгийн газраас малчид, үйлдвэрлэгчдэд 300 тэр бум төгрөгийн зээл олгоно, нэг кг ноолуурын үнийн доод хэмжээ 100 мянган төгрөг гэсэн шийдвэр гаргачихдаг юм. Яагаад гэхээр гольдрилоороо явж байсан ноолуур бэлтгэлийн үйл явцыг царцаачихлаа. Өмнө нь ямаа самналт эхлээд ноолуураа 70-80 мянгаар борлуулж байтал Засгийн газраас нэг кг ноолуурын үнийг 100 мянгаас буулгахгүй гэсэн цагаас эхлээд ноолуурын арилжаа таг зогссон. Өнөөдөр малчид ноолуураа хаа нийлүүлэхээ мэдэхээ байлаа. Ченжүүд, үйлдвэрүүд алдагдалд орохоос сэргийлээд ноолуур авахаа байсан. Газар газрын малчид ХААХҮ-ийн сайдын амыг харж дөтийг харж дөрөв хонов гэгчээр болж байна.
Сурвалжлагчийн шигтгээ үг. Ч.Улаан сайд УИХ-ын чуулганы хуралдаан дээр ноолуур бэлтгэлийн явцыг танилцуулахдаа,
-Энэ жил 233 мянган малчин өрх 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Үүний 70 хувийг гадаадын зах зээлд нийлүүлдэг. Энэ зарчмаараа явна. Манайх дотооддоо 3.2 мянган тонн ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийх хүчин чадалтай. Үлдсэн долоон мянган тонн ноолуур дээр дуудлага худалдаа зохион байгуулна гэж хэлсэн байх юм. Гэтэл одоо ямар цаг үе билээ. Дэлхий нийтэд “COVID-19”-ын халдвар тархаад аюулт өвчний ярианаас өөр юмгүй юун Монголын ноолуур маньтай байна. Гэтэл мань сайд ноолуурын зэх зээл зарчмаараа явнаа гэж хэлээд сууж байна. Цаг үеэ мэдрээгүй нь дэндсэн хэрэг биш үү дээ. Энэ нь манай нийтлэлийн зочин Б.Батхишиг доктор болон зарим эдийн засагчдын хэлж байгаагаар өнөөдөр монголын засаг төрд ажиллагсад тооцоо судалгаагүй зөвхөн тоо хэлж, хоосон амлаж ажилладгийн жишээ гэж хэлж байна. Нээрээ ч олон удаа сайдын алба хашсан тэгээд хашир эдийн засагчийн хувьд Ч.Улаан сайд учрыг мэдмээр дээ. Гэтэл мэдлэгээ дайчлагч биш намынхаа даалгавраар тоонд шүтэгч болсон бололтой дог оо.
-Дэлхийг айлгасан коронавирус халдварын улмаас олон улсын харилцаа, эдийн засгийн салбарт хямрал бий болголоо. Ноолууран бүтээгдэхүүн хийдэг дэлхийн олон брэнд үйлдвэр хаалгаа барьчихаад байна. Зарим үйлдвэр чиглэлээ өөрчилж эмнэлгийн багаж төхөөрөмж, маск хүртэл хийдэг болж. Бидэнд ирсэн мэдээллээр гадаадын зарим томоохон үйлдвэрүүд өөртөө ноолуурын түүхий эдийн нөөц бий. Өвчин намжаад ирсэн цагт түүгээрээ нэг хэсэгтээ үйлдвэрлэлээ явуулах боломжтой гэж байна. Энэ жилийн захиалгаа өгсөн үйлдвэр худалдан авагч ч алга л байгаа. Хэсэгтээ ноолуурын зах зээл хаагдмал байх нь. Худалдан авалт лав 50 хувь буурах дүр зураг харагдаж байна. Ийм эрсдэл бий болчихоод байхад ноолуурын үнийн доод хэмжээ тогтоогоод бэлтгэлт нийлүүлэлт зарчмаараа явнаа гээд сууж байж таарахгүй. Математик юмаа гэж бодвол томьёо нь буруу байна. Тиймээс зөв хариу олдохгүй шүү дээ. Ингэхлээр ямар гарц байна вэ гэвэл нэг кг ноолуур 100 мянга гэсэн шийдвэрээ залруулмаар байна. Уг нь 300 тэрбумын зээл гэдэг бодлогын үнэ нь зөвсөн бол талархууштай сайн дэмжлэг л дээ. Энэ цаг үед ноолуурын давлагааг гацааж болохгүй. Малчдад яаралтай мөнгө хэрэгтэй байна.
Уг нь манай малчид түүхий ноолуураа 50-60 мянгаар зарсан байхад ч амьдрах чадвартай л даа. Гэхдээ энэ үнийн ханш дараа дараагийн жилүүдэд нэмэгдэх бүрэн боломжтой. Ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийг саадгүй явуулахын тулд харилцагч талуудад бие биеэ ойлгосон, нэг хэлтэй, нэгдсэн зорилготой байх нь чухал. Нэг хэл, нэгдсэн зорилго гэж дэлхийн зах зээл дээр юу юм бэ гэвэл харилцан ойлголцлын стандарт юм. Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд үнэ гол юм биш шүү дээ. Харин хамгийн гол нь эрэлт нийлүүлэлт байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.13 ДАВАА № 71 (6296)