Ц.МЯГМАРБАЯР
“Захиргааны шинэ санаачлага” ТББ-ын зөвлөх Ч.Сосормаатай ярилцлаа.
-Иргэд төсвийг хэрхэн хянах боломж байгааг бодит жишээгээр тайлбарлаж өгнө үү?
- Юуны өмнө Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийн хүрээнд чамгүй амжилтад хүрсэн гэдгийг онцлон хэлмээр байна. Харин одоо хуулиа бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, сайжруулах шаардлагатай харагддаг.
Бид анх 2006 оноос төсвийн ил тод байдалд хяналт тавих зорилгоор Багануур дүүрэгт “Шилэн түрийвч” аяныг зохион байгуулж байлаа. Иргэдэд ойлгуулахын тулд аавын түрийвчинд байгаа мөнгийг юунд зарцуулахыг гэр бүлээрээ ярилцаж шийддэгтэй адил иргэд дүүргийнхээ төсвийн зарцуулалтыг ч гэсэн мэдэж хянадаг байх ёстой, тиймээс аавын түрийвч ширэн биш харин шилэн байх ёстой хэмээн харьцуулж тайлбарладаг байж билээ.
Энэ аяны хүрээнд ЗДТГ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагууд төсвөө иргэдэд ил тод танилцуулж эхэлсэн. Иргэд шууд улсын төсөв хянана гэвэл хүндрэлтэй учраас орон нутгийн төсвөөс эхэлсэн гэсэн үг. Цэцэрлэгийн төсөвт хүүхдийн тоглоом авах мөнгө байдаггүй юм байна гэдгийг эцэг эхчүүд мэдээд ИТХ-ын төлөөлөгчидтэйгээ хамтарч Сангийн яам, УИХ-ын гишүүдэд нөлөөллийн захидал бичиж байсан удаатай. Тэгэхээр төсвөө ил тодоор иргэдэд тайлагнана гэдэг иргэдтэй хамтарч асуудлаа шийдэх боломжийг бий болгож байгаа давуу талтай юм шүү дээ.
Иргэдээ мэдэхгүй, чадахгүй гэж голохын оронд тэднийг мэдлэгжүүлж, боловсруулах юм бол эргээд үр дүн нь хурдан гарч тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэх боломжтойг энэ аян харуулсан. Шилэн түрийвч аян олон аймгуудад давалгаалан хэрэгжиж билээ. Хамгийн сүүлд Увс аймагт “Шилэн халаас” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн дуулдаж байсан. Түүнээс хойш удалгүй Шилэн дансны хуультай болсон доо. Түүнчлэн Мэдээллийн ил тод байдал, Мэдээлэл авах эрхийн тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хуулиудад иргэдийн оролцоог хангаж өгсөн байдаг.
Иргэдийн төсвийн оролцоог хангасан том амжилт бол 2012 оны Төсвийн тухай хуулиар “Орон нутгийн хөгжлийн сан”-г байгуулж орон нутагт төсвийн эрх мэдлийг олгосон явдал юм. Гэхдээ энэ эрх мэдлийг дарга нарт биш харин иргэдэд өгөхийг зорьсоноороо давуу талтай. Өөрөөр хэлбэл дарга бүхнийг мэдэж шийддэг босоо тогтолцоог халж, иргэд орон нутгийнхаа төсвийг мэддэг болсон юм. Энэ бол иргэн төвтэй хөгжлийн бодлогын үндэс суурь. Иргэдийн саналыг авахын тулд орон нутгийн удирдлагууд иргэдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулж, харилцан суралцаж, орон нутгийнхөө хөгжлийн төлөвлөгөөг хамтдаа боловсруулан хэрэгжүүлэх зэргээр олон ажлууд ундрах байх хэмээн бид хүлээж байсан юм. Нутгийн удирдлага иргэдтэйгээ зогсоо зайгүй ажиллаж, тэднийг мэдлэгжүүлж, чадваржуулна гэж энэ хуулийн заалтыг оруулсан гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Иргэд нь оролцдог, хянадаг, хариуцлага тооцдог улс оронд ардчилал хэрэгждэг зарчимтай. Харамсалтай нь анхны зорилгоо хангаж хэрэгжүүлж чадахгүй байна. Гэхдээ иргэд нь орон нутгийнхөө төсвөө мэддэг дэлхийн цөөхөн улсын нэг нь Монгол. Энэ бол амжилт, бахархал. Үүнээс ухарч болохгүй.
-Бусад улсад иргэд нь төсвөө хэрхэн хянадаг вэ?
- Дэлхийн улс оронд суулийн жилүүдэд хэрэгжсэн төсвийн ил тод байдлын санаачлагын гол агуулга нь эрхэд суурилсан хөгжил. Иргэдийн оролцоо нь өөрөө эрхэд суурилсан хандлагатай байснаар үр дүнгээ өгнө. Эрхэд суурилсан гэж юуг хэлээд байна вэ гэвэл амьдрах эрх, цэвэр агаар, усны эрх, аюулгүй амьдрах эрхийг хангасан бүтээн байгуулалтыг хэлж байгаа юм. Орчин үед хотууд өндөр байшин барилгатай байхаас илүүтэй, оршин суугчдын ая тухай амьдралыг хангасан ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай замыг засах боллоо.
Хэрвээ хотын төсвийг бүхэлд нь иргэдээс асууж шийддэг байсан бол иргэд дүүжин гүүр барих гэж, талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг устгах гэж, түүх дурсгал, соёлын өвөө нураах гэж хэзээ ч тэрбумаар нь мөнгө төсөвлөхгүй байхсан.
Иргэдийн төсвийн оролцоо бол авлигын эсрэг хамгийн амжилттай тэмцэл юм шүү дээ. Ялангуяа хөгжиж буй улс оронд “Хашгирч шаардахаас илүү хариуцлага тооцдог больё”, “Хараан зүхэхээс илүүтэй хяналт тавьж эхлэе”, “Мөнгийг мөшгиж, хариуцлагыг тооцьё”, гэсэн санаачилгууд хүчтэй өрнөж байна. Тухайлбал, Аргентины “Санхүүгийн дуранг”, Энэтхэг улсын “Иргэдийн аудит” нь гайхалтай үр дүн авчирч олон оронд судлах жишээ болж байна. Бразилийн Порто Алегре хотын иргэдийн төсвийн хяналт НҮБ-аас сайшаагдан дэлхийн 200 гаруй хотуудад туршлагаа түгээж байна. Порто Алегре хот жил бүр 600 сая ам.долларын хөрөнгийг хэрхэн зарцуулахаа иргэд шууд оролцож шийдвэрлэдэг. Иргэдийн шийдвэрийг хэн ч өөрчлөхгүй. Ийнхүү иргэдийн шийдвэр эцсийнх байхыг шууд ардчилал гэж нэрлэдэг. Гэтэл манайх иргэдээс саналаа авсан хэрнээ дараагийн шатандаа өөрчилдөгөөс мөн чанараа гээчихээд байна.
- Манайх иргэдээс авсан саналаа эрэмбэлж байна гээд дарга нар өөрсдийнхөө саналыг оруулчихдаг гэсэн үг үү?
- Аливаа шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ мөн чанарыг нь гүнээ ойлгож, түүнийг манлайлан хэрэгжүүлэх нийгмийн хошуучлагч нарыг бэлтгэх нь чухал санагддаг. Харамсалтай нь бид гажуудуулаад байх юм. Нэг гараараа иргэддээ эрх өгчихөөд нөгөө гараараа булааж аваад байгаа хэрэг.
Төсвийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 1.2 -д Нээлттэй санал асуулга явуулах, Нийтийн хуралд хэлэлцэн тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл арга хэмжээг эрэмбэлнэ гэж заасан. Нэгэнт иргэд саналаа өгсөн бол түүнийг хэн ч өөрчлөх ёсгүй. Гэтэл хуулийн 63.3-т баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас ирүүлсэн саналыг сум дүүргийн ЗДТГ тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, ИТХ-д өргөн барина гэж заасан байдаг.Тэгэхээр ЗДТГ дээр мөн ИТХ дээр ч саналууд дахин засагдана гэсэн үг. Ийм тохиолдолд иргэд саналаа өгөх сонирхолгүй болдог. Дарга нар мэдэж, шийддэг тогтолцоонд иргэд үнэ цэнэгүй хэвээр л үлдэнэ. Өөрөөр хэлбэл иргэдээ мэдлэг, чадваргүй тул дарга нар засаж, залруулж байна хэмээн дорд үзэж буйтай адил. Дарга нар мэдэж, шийдээд байдаг улс оронд иргэд хэзээ ч хөгжихгүй. Иргэд нь хөгжиж, хүчирхэгжихгүй бол ардчилал бэхжихгүй.
-Цахим санал асуулгаар авахаар болж байна. Энэ хэр үр дүнтэй байх бол?
-Мэдээж мэдээлэл, технологийн дэвшлийг ашиглах нь цаг хугацаа, хүн хүч, бичиг хэргийн зардал, хэмнэж байгаа нь сайн боловч амин сүнс болсон асуудлыг манай удирдлагууд олж харахгүй байна. Амин сүнс нь юу вэ гэвэл миний дээр хэлсэн иргэдээ чадваржуулж, мэдээллээр хангах, тэдний хүсээд байгаа саналыг нь тусган хэрэгжүүлэх нь чухал. Саналыг цахимаар авах уу эсвэл цаасаар авах уу гэдэг дараагийн асуудал.
Тухайлбал Порто Алегре хот жил бүр хотын амьдралын чанарыг 180 үзүүлэлтээр хэмжин, хөгжлийн судалгааг гаргадаг. Дүүрэг, хороо бүрээр харьцуулсан судалгаа гаргах тул дурын иргэн манай дүүрэг бусад дүүргээс ямар хэмжээнд байна. Юугаараа хоцрогдож байна. Ямар тулгамдсан асуудал байна гэдгээ мэдсэний дараа саналаа өгдөг. Энэ бүгдээс харахад бид иргэдтэйгаа ажиллах, тэдэнд мэдээлэл өгсөний дараа саналаа авах ёстой байгаа биз дээ. Цахим санал авдаг болсноор иргэд дээрээ очиж ажиллах, хүн хоорондын харилцаа тасарчих вий гэсэн болгоомжлол ч байна.
-Иргэдийн төсвийн хяналтын тухай танай байгууллагын хэрэгжүүлж буй ажлууд сонирхол татаж байна. Энэ талаараа бидэнд танилцуулахгүй юу?
- Монгол Улс төлөөллийн ардчилалтай орон. Гэтэл төлөөллийн ардчиллын хямралд орчихоод байгаад бүх асуудлын учиг оршиж байна. Наад захын жишээ аваад үзье. Тухайлбал, ИТХ бол сонгогчдынхоо нэрийн өмнөөс Засаг даргаа томилж, хянаж, хариуцлага тооцдог төлөөллийн байгууллага. Гэтэл орон нутагт Засаг дарга нар голдуу намынх нь дарга байдаг. Намын гишүүд төлөөлөгч нар намынхаа даргыг хянаж хариуцлага тооцож чадна гэж үү. Өөрөөр хэлбэл ИТХ-ын төлөөлөх, хянах чиг үүрэг хэрэгжиж чадахгүй болчихсонд асуудал байна. Ийм тохиолдолд хэчнээн ИТХ-ын чадварыг сайжруулах, манлайллыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд ямар үр дүнтэй юм вэ. Гадаадын донор орнуудын татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн төсөл, хөтөлбөрүүдийг харахаар үнэхээр өр өвддөг.
Манай байгууллагаас ИТХ-ын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх зорилго тавиад гурав дахь жилдээ ажиллаж байна. Хөгжиж буй улс оронд үйлчилгээ хүргэгчид төдийгүй үйлчилгээ хүртэгчидтэй нь давхар ажиллаж байж үр дүнд хүрдэг туршлага бий. Энэ бол иргэн төвтэй хөгжлийн тулгуур зарчмын нэг.
Бид иргэдийн төсвийн хяналтын шаталсан тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Шаталсан гэдэг нь баг, хорооны ИНХ, сум, дүүргийн ИТХ, аймаг, Нийслэлийн ИТХ, улмаар УИХ-ын дэргэд иргэдийн хяналтыг бүлэг, хороодыг байгуулж ажиллах зорилготой.
Баг бүхэнд иргэдийн хяналтын бүлэг байгуулагдан төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулж буй ажилд хяналтаа тавих юм. Иргэд амьдарч байгаа баг, хороондоо баригдаж буй зам, гүүр, сургууль, цэцэрлэгийн барилгыг хянах дуртай байдаг. Учир нь тэдний эрх ашиг учраас тэр. Дараагийн шатанд баг, хорооны хяналтын бүлгийн төлөөллөөс бүрдсэн сум, дүүргийн ИТХ-ын дэргэд Хяналтын хороо байгуулагдах юм. Ингэснээр иргэд төлөөлөгч нартайгаа хамтран хяналтаа тавиад эхэлнэ. Өөрөөр хэлбэл төлөөлөгчидөө шахаж, нөлөөлдөг болно.
-Ер нь цаашдаа үндэсний хэмжээний ажил болгох гээд байгаа юм аа даа?
-Зүй тогтлоор бол багаас сум, дүүрэг, аймаг нийслэл улмаар УИХ руу хяналт тавих байдлаар ажиллах юм. Бид үзэл баримтлал, агуулга, аргачлалаа хөгжүүлсэн гарын авлагаа хэвлүүлчихлээ. Иргэдийн хяналтын баг, хороо байгуулж ажилласан Сүхбаатар дүүрэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорнод аймгийн туршлагууд орсон байгаа. Энэ жил туршилтын аймгуудаа нэмэгдүүлэн ажиллана. Орон нутагтаа иргэдийн оролцоог хангаж, шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хурлын төлөөлөгчид, ТББ-ын манлайлагчид, иргэдтэй бид хамтарч ажилладаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.9 ПҮРЭВ № 69 (6294)