Х.МОНГОЛХАТАН
Хаврын улиралд дархлаа суларч, ядрах нь их байдаг. Европ болон уламжлалтын хосолсон эмчилгээтэй “Топуна” эмнэлгийн эмч Ц.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд сэтгэл өндөр байдаг юм билээ. Ямар онцлог эмчилгээтэй юм бэ?
-“Топуна” эмнэлэг байгуулагдаад 20 жил болж буй, тогтвортой үйл ажиллагаатай, магадлан итгэмжлэгдсэн Монголын ууган хувийн эмнэлгүүдийн нэг. Дотрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд европ эмчилгээ болон уламжлалтын эмчилгээ хослуулан хийдгээрээ онцлог давуу талтай. Өвчтөнүүдийнхээ эрүүл мэндэд шаардлагатай бүхий л үйлчилгээг үзүүлж, сэтгэл ханамж 100 хувь өгдөг учраас хүмүүст хэдийнэ танигдсан, үйлчлүүлэгч олонтой болжээ. Манайд гол төлөв ядаргаа сульдаа, дархлаа суларсан, артерын даралт ихсэх өвчин, зүрх судасны архаг өвчлөлүүд, ходоод, элэг, нойр булчирхай, бөөр давсаг, үе мөчний өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Мэдээж дотрын өвчинд нь тохирсон эм, тариа, дусал хэрэглэж эмнэлзүйн эмчилгээ хийнэ. Нэмээд уламжлалтын эмч судас барьж оношлоод, физик сэргээн засах аппарат тоног төхөөрөмжөөр эмчлэхээс гадна бариа засал, хануур төөнүүр, зүү эмчилгээ хийдэг.
Нийгмийн даатгал төлдөг болон өндөр настай хүмүүс даатгалаараа хөнгөлөгддөг учраас төлбөрийн уян хатан нөхцөлтэй. Ажил хийдэг хүмүүс лист бичүүлж авах боломжтой гээд эмнэлгийн шаардлагыг бүрэн хангаж ажилладаг.
-Европ эмчилгээнд яг ямар эмчилгээ үйлчилгээ голлодог вэ. Өвчтөн шинжилгээгээ дотроо өгдөг үү?
-Манайх эхлээд өвчтөнөө үзээд, асуумжаар зовиурыг нь сонсоод юунаас үүдсэн өвчин болох оношийг тогтооно. Оношоо баталгаажуулахын тулд эмнэлзүйн шинжилгээ буюу шээс, цусаар авна. Мөн багажийн шинжилгээ гээд зүрхний бичлэг, эхо, компьютер ашиглан хийнэ. Хэрэв өвчтөн өөрөө шинжилгээнүүдээ хийлгээд ирсэн бол түүн дээр нь тулгуурлан эмчилгээ хийдэг. Хагалгаанд орсны дараа нөхөн сэргээх, дархлаа дэмжих шаардлагатай хүмүүс ч хэвтэн эмчлүүлдэг.
-Уламжлалт эмчилгээнд хүмүүс илүү дуртай байдаг. Танайд хэдэн төрлийн эмчилгээ хийж байна вэ?
-Уламжлалт эмчилгээний хувьд бариа засал, цахилгаан зүү болон зүү эмчилгээ, хануур шивүүр, бүтэн биеийн болон хэсэгчилсэн, тосон бариа, сүүн бариа хийдэг. Физик аппаратаар сэргээн засах эмчилгээнүүд хийгдэнэ. Массажны хашчулуун ор, хөлийн ядаргаа тайлдаг массаж, бүх биеэр цахилгаан гүйдэл гүйж хоргүйжүүлдэг аппарат, ультра ягаан туяаны шарлагын аппарат гээд олон эмчилгээнүүд бий. Нэмээд оношид нь тааруулж тан уулгадаг.
-Европ эмчилгээ болон уламжлалт эмчилгээг хослуулснаар үр дүн сайтай байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Тухайлбал, ходоод нь өвдсөн хүн европ эмчилгээ хийлгэж эм тариагаар үрэвслээ дарна. Гэвч өндөр тунгаар авсан антибиотек эмчилгээний дараа ядарч сульдах, толгой өвдөх, нойргүйдэх зэрэг зовиур илэрч болно.Харин уламжлалт эмчилгээ хавсран хийснээр бариа засалдаа ядаргаа нь тайлагдаж, дархлаа сэргэн элдэв зовиурууд нь арилдаг. Европ уламжлалт эмчилгээ хавсран хийлгэхэд хэвтэн эмчлүүлэх хоног чухал. Дор хаяж 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд үр дүн сайтай.
-Хаврын цагт хүмүүс илүүтэй ядарч сульддаг нь юутай холбоотой вэ?
-Энэ нь улирал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой байдаг. Ихэнх хүмүүс улирал солигдоход ядарлаа гэдэг. Энэ нь хүний биеийн онцлог, улирал солигдоход дасан зохицох чадвартай холбоотойгоор дархлааны систем өөрчлөгдөж байгаа хэрэг. Ядаргаанаас үүдэлтэй хууч хөдлөх, бие сульдах шинж илэрдэг. Тиймээс ялангуяа настай хүмүүс их ядарч, өвддөг тул өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
-Зөв хоол хүнс хүний эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Танайх эмчилгээний хоолтой юу?
-Эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн чухал анхаарах зүйл бол хооллолт. Өвчтөн бүрийнхээ биеийн байдал, оношоос шалтгаалж тохирсон хоолыг нь өгдөг. Гол төлөв шарж хуураагүй, давс багатай хоол болон энгийн амин дэм эрдэс бодис сайтай хоолоор үйлчилдэг.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу коронавирусын үед бид эрүүл мэнддээ хэрхэн анхаарах ёстой вэ?
-“Ковид-19” вирус дархлаа султай, хүнд өвчтэй, настай хүмүүс тусахад эрсдэл өндөр гэж байгаа. Ер нь ямар ч насны хүн өөрийн эрүүл мэндээ хамгаалж ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөгөөг дагаж, энэ аюулт өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.
Харин миний хувьд хооллолтоо зөв зохистой байлгаж, шим тэжээлтэй байлгахаас гадна хэмжээг нь бага, ойрхон зайтай идэхийг зөвлөмөөр байна. Хоолны шим тэжээл нь уураг амин дэмээр баялаг, нүүрс ус бага байх нь сайн. Цагаан гурил, будаа, чихэрлэг зүйлсээс татгалзах хэрэгтэй. Амьдралын зөв хэвшилтэй байж, орой эрт унтаж, өглөө эрт босох, агаар салхинд гарах, дасгал хөдөлгөөн хийх нь дархлааг сайжруулж, биеийг эрч хүчээр тэтгэхэд тустай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.9 ПҮРЭВ № 69 (6294)