Т.БАТСАЙХАН
Ардчилал Шинэчлэлийн Намын дарга Э.Бямбацэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилал Шинэчлэлийн Нам /АШН/ 2020 оны сонгуулийн өмнө байгуулагдаж, тамга тэмдгээ авлаа. Уг нь танай намыг сонгуульд өрсөлдөх гэж байгуулагдсан нам гэж хартал хуулийн хувьд энэ сонгуульд оролцох боломжгүй байна. Ер нь ямар зорилготойгоор байгуулагдсан нам бэ?
-АШН бол зөвхөн сонгуульд зориулагдаж байгуулагдсан нам биш. АШН бол улс орны ирээдүйг хөтлөх улс төрийн хүчин болох зорилготойгоор байгуулсан.
Монгол Улсынхаа ирээдүй, хөгжил дэвшилийг арай өөрөөр хардаг, үр хүүхдүүддээ шударга зарчимтай, авилгаггүй нийгмийг үлдээхийн төлөө үнэт зүйл, үзэл бодол зарчимаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Зөвхөн сонгуульд зориулагдаж байгуулагдсан намууд хэдэн жилийн настай байгааг бид нийтээрээ л харж байна шүү дээ.
-Та чинь АН-ын гишүүн байсан байх аа. Тэгэхээр АН-аас ахиад нэг нам төрлөө гэсэн үг үү?
-Тэгж л таарлаа л даа. Би өмнө нь Ардчилсан намын гишүүн байсан хүн. 22 жил энэ намын төлөө, ардчилалын төлөө чадлаараа зүтгэсэн хүн намаасаа гарах шийдвэр гаргана гэдэг амар зүйл биш. Би 1998 онд МСДН нэртэй байхад нь элсээд үе үеийн сонгуулийн штабт ажиллаж ирсэн жирийн л гишүүн. 2007 оноос Япон улсад ажиллаж, амьдарч байгаад 2011 онд ирсэн. Тэр үеэс намынхаа ажилд улам идэвхитэй оролцож, өөрийн бодож санаж явдаг ардчилсан зарчмаа хэрэгжүүлэхээр зүтгэсэн. 2012, 2016 онуудад СХД-ийн ИТХ-д нэр дэвшиж байлаа. Намд элсэж, үзэл бодлоо илэрхийлж, “тэмцэж” явсан минь нэлээд эртнийх л дээ. Ардчилсан намд маань алдсан оносон зүйл бий. Гэхдээ оносон нь илүү. Харин АН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Ялагдсан нам яах уу, алдаа оноогоо шүүе гээд намын дүрэм, бүтэц, зохион байгуулалт дээр өөрчлөлт шинэчлэлт хийх ёстой гэж үзсэн. Тэрхүү өөрчлөлтийг хийх ажлын хэсэгт миний бие орж ажилласан юм. Бид намынхаа дүрмийг хамгийн боломжит хувилбараар өөрчилсөн. Гэвч дүрэм шинэчлэхтэй зэрэгцэн АН-ын даргаар С.Эрдэнэ гэдэг хүн сонгогдсон. Гэтэл шинэ дарга маань өнөөх шинэчлэсэн дүрмийг намын их хурлаар батлуулахдаа дураараа өөрчилсөн. Түүгээр ч зогсохгүй АН-ын их хурлаар баталсан дүрмийг Дээд шүүхэд бүртгүүлэхдээ дахиад өөрчилсөн, ингэхдээ бүүр бүлэг заалт нэмж хасаад засвар хийсэн. Энэ нь намын даргад хариуцлага тооцдог заалтуудыг хасч, дүрмийн бус аргаар өөрт ашигтай, давуу тал бий болгосон. Энэ үеээс АН-ын олон гишүүдийн итгэл алдарч эхэлсэн л дээ. Олуулаа хэлэлцсэн дүрэм журмаа ганцаараа зассан даргатай хаа ч хүрэх билээ. Ер нь С.Эрдэнэ гэдэг хүн анхнаасаа л ардчилсан зарчмаар ажилалгүй буруу замаар будаа тээсэн. Одоо ч хар л даа, дуугараад л буруудаад АН-ын тэр олон гишүүдийн найдварыг үгүй хийсээр байна. УИХ-д есөн суудалтай бүлэгтэй байсан АН-ыг долоон суудалтай зөвлөл болгож намаа хуваасан. Нам гэдэг зөвхөн нэг хүний эрх ашиг биш. Энэ хүнтэй 2020 оны сонгуульд оролцвол дахиад л ялагдал хүлээнэ гэдэг нь ерөнхийдөө тодорхой болсон. Тэгээд бид 2019 оны хоёрдугаар сараас эхлээд нам доторх тэмцлээ эхэлсэн. С.Эрдэнийг огцруулах шаардлага тавьсан. Ер нь аливаа шинэчлэл дүрэм журам өөрчлөхөөс гадна хүнийг нь солих шаардлагатай юм билээ. Гэсэн ч тэр хүнийг огцруулж, намаа шинэчилж чадаагүй. Гэвч өөрсдийн өөрчилсөн АН-ын дүрэм журам дээр үндэслэн, шинэ хүмүүсээр багаа бүрдүүлж, АШН-аа байгуулсан даа.
-Танай намын ард Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байгаа гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Энэ асуудалд албан ёсны тайлбар өгөхгүй юу?
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг даргатай олон зүйл дээр үзэл санаа нэгтэй байдаг. АН-ыг шинэчлэх асуудалд бүүр ч илүү санал нэгддэг. Н.Алтанхуяг дарга хамгийн олон жил АН-ын дарга хийсэн хүн. Тухайн үед удирдлагад нь ажиллаж байсан, ойр байсан олон залуус манай намд орсон. Гэхдээ Н.Алтанхуяг дарга одоо ч АН-ын гишүүн хэвээр байгаа. Энэ хүн АШН-д гишүүнээр элсээгүй ээ.
Манай намын мөрийн хөтөлбөрт мөнгөний амлалтууд байхгүй. Харин байгалийн баялагийн ашгийг ард түмэндээ тэгш хүртээх, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх, авлигын үндэсийг таслах хууль эрх зүйн орчныг бий болгох, шударга ёсыг тогтоож хууль хүн бүрт тэгш үйлчлэх хуулийн орчинг бий болгох, төрийн албаны шинэчлэл хийх, аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлэх гээд олон асуудал тусгасан.
-Намын үзэл баримтлал бусад намуудаас юугаараа ялгаатай юм. МАН, АН-аас гээд шууд асуучихъя л даа?
-Барууны, зүүний гэсэн үзэл нэлээд эртнийх л дээ. Анх Францад намууд үүсч байх үед шинэчлэгчид нь нэг талд, хуучныг баримтлагчид нь эсрэг талд, төвийг баримтлагчид голдоо сууж асуудлыг хэлэлцдэг байсан. Харин орчин үед хөгжилтэй улс орнууд эдийн засгийн асуудлуудаа бараг бүгдийг нь шийдчихлээ. Япон, АНУ, Англи, Франц улсууд гэхэд детальний асуудал руу орж байна. Тухайлбал ижил хүйстний гэрлэлтийн асуудлыг ч парламент дээрээ хэлэлцэж байх жишээтэй. Голландад гэхэд хүн өөрөө амиа хорлохыг зөвшөөрөх үү гэдгийг ч хэлэлцэж байгаа нь зүүний, барууны гэх үзэл баримтлалын ялгаа дэлхийн нийтэд багассан харуулж байгаа юм. Манай нам бол төвийн үзэл баримтлалтай нам. Хуучнаар бол нийгмийн чиг баримжаатай либерал нам. Энгийнээр тайлбарлахад байгалийн баялагыг ашигласанаас гарах ашгийн дийлэнх нь ард түмэн хүртэх ёстой гэсэн социал, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэдэг либериал үзлүүдийн тэнцвэр буюу төвийн үзэл баримтлал дээр намын гишүүд маань нэгдсэн.
-Намын нэрний хувьд асуумаар байна. АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс үүсэн байгуулагдсан учраас ийм нэр өгсөн үү?
-Шинэчлэлийн хөдөлгөөнөөс үүссэн нам биш л дээ. Бас Ардчилал гэдэг дан ганц Ардчилсан намын өмч ч биш. АН-аас олон нам өрх тусгаарласан, нэгдэж нийлсэн нь ч бий. Харин одоо ардчиллыг нэг намаас салгаж ойлгох цаг болсон. Тэгэхгүй бол манай улсад ардчилсан зарчим гажуудаж эхэллээ. Үүнийг ганцхан би хэлээд байгаа юм биш. Посткоммунист орнууд буюу социализмын дараагаар ардчилалд шилжсэн орнууд буюу зүүн Европын орнуудын жишээ харуулж байна. Польш, Чех, Словакт яг л манай монголд тохиолдсон бүхий л үйл явдал болсон байдаг. Чехийн судлаач Климагийн “Гажуудсан ардчилал” гээд ном монгол хэл дээр хэвлэгдэн гарсан. Тэр номонд буй Чехийн намуудынх нь нэрийг МАН, АН гэж солиод, улстөрчдийнх нь нэрийг одоогийн манай улстөрчдөөр төлөөлүүлээд тавихад яг л Монголд өрнөж буй үйл явдлуудыг харж болохоор байна. Монголд ардчилал яах аргагүй гажуудсан гэдгийг маш тодоор харуулж чадна. Хууль зүйн сайд нь гэхэд хүнд зохиомол хэрэг тохож байгааг харуулдаг. Монголд ийм үзэгдэл болсон. Уг нь Ардчилсан нийгэм гэдэг ердөө л хуулийн дор эрх тэгш амьдрахыг хэлээд байгаа юм. Хамгийн энгийн жишээ гэхэд Япон, АНУ зэрэг ардчилсан оронд орой 22.00 цагаас гэр дотроо шуугихыг хориглож байна. Манайд бол энэ нь хүний эрх эрх чөлөөнд халдаж байгаа асуудал шиг харагдах боловч нэг нэгнээ хүндэлж байгаа ардчилсан харилцаа шүү дээ. Тэгэхээр манай намын нэр нь Ардчиллыг шинэчилье буюу зөв замд нь оруулъя, гажуудлыг засъя л гэсэн утгатай юм. Ер нь Монгол Улсад маш өргөн хэмжээний шинэчлэл явуулах шаардлагатай байна. Нийтийн үйлчилгээ, эрүүл ахуй, эрүүл мэнд, төрийн албаны хувьд ч шинэчлэл хэрэгтэй байгааг нийтээрээ л яриад байна шүү дээ.
-Ардчилал шинэчлэлийн намыг бүртгүүлэх асуудал нэлээд маргаантай байсан гэж сонссон. Ер нь Монголд шинэ улс төрийн нам байгуулах хүндрэлтэй байна уу?
- Улсын дээд шүүх манай намын бүртгэлийг эхний удаа буцаасан. Тэнд ч улс төрийн нөлөө байна. Манай намыг хоёрдугаар сарын 1-нээс өмнө байгуулагдчих вий гэсэн айдастай улстөрчид байсныг үгүйсгэхгүй. Намын хувьд бичиг баримт, дүрэм журмын ямар ч алдаа байгаагүй. Техникийн шинж чанартай, дээд шүүх дээр хянагдаж байх хооронд засварлаж болохоор асуудлаас болоод л шууд буцаачихдаг юм билээ.
-Сонгуульд оруулахгүй байх тийм эрх ашигтай хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ танай намаас айх эмээх тийм шалтгаан нь юу юм?
-Үнэндээ МАН, АН-аас сонгогчид үнэндээ залхсан байна. Үүнийг сүүлийн үеийн судалгаанууд ч харуулж байна. Шинэ залуу хүмүүсийг сонгох цаг үе ирсэн. Тэгэхээр шинэ залуу, зөв үзэл бодолтой хүмүүс нам байгуулаад гараад ирэхээр эрх баригч болон, эрх барьж байсан намуудад халгаатай гэж харж байгаа нь нууц биш шүү дээ.
-2020 оны сонгуульд эвсэл байдлаар ч оролцох боломжгүй юу. Намууд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн гэж сонссон?
-УИХ-ын Сонгуулийн хуулийг оны өмнө өөрчлөн баталсан. Энэ хуульд маш их будлиантай, эргэлзээтэй, зөрчилтэй заалтууд орсон. Тухайлбал, Б.Гантулга гэдэг хүн парламентаас явахад Хэнтийн тойрог дээр нөхөн сонгууль явуулна гэсэн ч маргалдаад л өнгөрсөн. Тэр маргааны дунд Үндсэн хуулийн цэц ямар асуудал шийдсэн бэ гэхээр хуучин сонгуулийн хуульд байсан сонгууль болохоос 180 хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцоно гэдэг заалтыг хүчингүй болгосон. Шинээр хууль батлахдаа нэгэнт Үндсэн хуулийн цэцээр шийдэгдсэн асуудлыг дахин хуульчилж болдоггүй. Гэтэл сая Сонгуулийн хуулийг батлахдаа сонгууль товлон зарлахаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцоно гэж заасан. Сонгууль болохоос 150 хоногийн өмнө сонгуулийг товлон зарладаг. Тэгэхээр 180 гэж заасныг хориглочихоор эргүүлээд өөр нэг заалтаар 150 болгочихсон нь зөрчил үүссэн. Энэ асуудлаар өнгөрсөн хоёрдугаар сард Цэц дээр маргаан үүссэн байна лээ. Түүнээс хойш 30 хоногийн дотор ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэх учиртай байв. Гэвч одоо хүртэл хуралдаан болоогүй л байна. Коронавирусын халдвар хэцүү гэдэг нь дэлхийн нийтэд мэдрэгдэж байна. Гэвч манай улсад өнөөдөр нийтийн тээвэр явж байна. Зах худалдааны төвүүд ажиллаж байна. Төрийн бүх албан байгууллага ажиллаж байна. Тийм байхад Цэцийн таван хүн суугаад хуралдаанаа хийж чадахгүй, өвчнөөр шалтаглаад шийдвэр гаргахгүй юм. Нэг хуулийн маргааны цаана зөвхөн нэг намыг сонгуульд оруулна, оруулахгүй гэдэг асуудал биш маш олон хүний сонгох сонгогдох эрх зөрчихөр байна. Хүний эрхийг мөн Үндсэн хуулийг хамгаалдаг байгууллага нь эргээд хуулиа сахин биелүүлж ажиллахгүй байна.
Дээр нь сонгуулийн хуульд эвсэж байгаа бүх намуудад санал хураах өдрөөс 150 хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой гэсэн босгыг тавьж өгсөн. Бас нэг зөрчил байгаа нь хуулийн 28.3.1 дээр улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ сонгууль болохоос 60 хоногийн өмнө СЕХ-нд хүргүүлнэ. Хүсэлт гаргагч улс төрийн хүчин нь дөрөвдүгээр сарын 25-наас өмнө бүртгүүлсэн байх ёстой гээд заачихсан. Энэ мэтчилэн Сонгуулийн хуулийн маш олон заалт өөр хоорондоо зөрчилдөж байгаа. Цэц энэ олон маргааныг хэлэлцэхгүйгээр сонгууль болвол тухайн хуулийн заалтыг хэрэглэх гэж байгаа субъектэд ашигтай заалтыг ашигладаг хуулийн практик байдаг. Тэгэхээр манай нам Сонгуулийн хуулийн 28.3.1 дэх заалтаар бол сонгуульд оролцох боломжтой, 6.1 дэх заалтаар бол боломжгүй. Ийм л ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байна. Цэц, Дээд шүүх, СЕХ ч улс төрийн шалтгаантай шийдвэр гаргадаг болсон. Хатуухан хэлэхэд ямар нам сонгуульд орох орохгүйг тэд л шийдэж байна ш дээ.
-Намууд аудитад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Танайх өгсөн үү?
-Өгөлгүй яахав. Манай намын мөрийн хөтөлбөрт мөнгөний амлалтууд байхгүй. Харин байгалийн баялагийн ашгийг ард түмэндээ тэгш хүртээх, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх, авлигын үндэсийг таслах хууль эрх зүйн орчныг бий болгох, шударга ёсыг тогтоож хууль хүн бүрт тэгш үйлчлэх хуулийн орчинг бий болгох, төрийн албаны шинэчлэл хийх, аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлэх гээд олон асуудал тусгасан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.4.1 ЛХАГВА № 63 (6288)