
Э.ӨНӨР
Өнгөрсөн онд нийслэлийн төсвийг иргэдийн оролцоотойгоор баталсан. Тэд төсвийн ихэнх мөнгөөр сургууль, цэцэрлэг бариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Тиймээс энэ онд нийслэлд шинээр дөрвөн сургууль, долоон цэцэрлэг барих шийдвэрийг хотын удирдлагууд гаргасан. Эдийн засаг буурах ч юмуу гадны хөрөнгө мөнгө татарсан ч сургууль цэцэрлэг барих мөнгийг танахгүй гэдгээ амалсан билээ. Үүний хүрээнд нийслэлийн Боловсролын газраас энэ онд нийслэлд 73 сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилга барихаар болсон. Нийслэлийн төсвөөр барих сургууль цэцэрлэгийн барилгын ажид 20 болон 40 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажил багтжээ. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны хоёрдугаар сургууль багтсан. Уг сургууль нь 302 суудалтай болон өргөжих юм. Мөн Сүхбаатар дүүргийн тавдугаар сургуулийг буулгаж 240 ор бүхий цэцэрлэг барьж, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд 240 ор бүхий шинэ цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Үүнээс гадна барилга нь хуучирч хичээл явуулах боломжгүй болсон таван сургуулийг нурааж шинээр сургууль барихаар болсон. Тухайлбал, 32 дугаар сургуулийг нураах шийдвэр гарснаар тус сургуулийн сурагчид 15 дугаар сургуулийг бараадсан бол хуучин байраа нураалгаж шинэ сургуультай болохоор өөр сургуульд хоргодож байгаа гурав, 11 дүгээр сургуулийн сурагчдын мөрөөдлийг одоо болтол эхлүүлээгүй байгаа аж. Тaендер нь хүртэл зарлагдаж эдгээр сургуулийг нурааж шинээр босгох эзэн нь тодорхой болоогүй байгаад багш нар бухимдаж байна. Уг нь энэ талаар нийслэлийн Боловсролын газрын удирдлагууд “Үйл ажиллагаа нь зогссон дөрвөн сургууль, зургаан цэцэрлэг бий. Үүнээс хоёр барилгыг улсын төсвөөр буулгаж, барих асуудлыг шийдсэн. Үүнд Баянгол дүүргийн 57, 46 дугаар цэцэрлэг багтсан байна. Бусад найман сургууль, цэцэрлэгийн асуудлыг энэ онд багтааж шийдвэрлэнэ” гэж амалжээ. Гэвч барилга, бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг дулааны улирал дундаа орж байгаа ч хуучин сургуулиудын суурин дээр краны мөр ч гарсангүй. Уг нь бол барилга, замын ажлын тндер нэгдүгээр сард зарлагдаж, хоёрдугаар сард тендерийн дүн гарч, дараа сараас бүтээн байгуулалтын ажил эхлэх учиртайг барилгын салбарынхан онцоллоо. Харин нийслэлд барих сургуулийн ажил ямар шалтгаанаар ингэж цаг алдаж байгааг албаны хүмүүс хөрөнгө, мөнгө дутаж байгаатай холбон тайлбарлав. Нийслэлийн төсвөөс энэ онд нийт 16 сургууль, цэцэрлэгийг барихаар төлөвлөсөн. Үүнд 17.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс найман барилга нь шинэ, найм нь он дамжин шилжих барилгууд байгаа юм. Нэг барилгад ногдох төсвийг дунджаар 2.2 тэрбум гэж тооцоолсон байдаг. Харин улсын төсвөөс шилжих барилгад есөн тэрбум 550 сая төгрөг, энэ оны санхүүжилт зургаан тэрбум 639 сая төгрөг байна. Улсын төсвөөс энэ онд шинээр баригдах сургууль болон цэцэрлэгийн барилгын ажлын төсөвт 21 тэрбум 175 сая төгрөг, санхүүжилт 12 тэрбум 925 сая төгрөг гаргахаар төлөвлөсөн юм.