Д.Ганбат: Цахим сургалтыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил нэгдэх хэрэгтэй

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Б.ЭНХТУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа бид ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал  Д.Ганбатыг  урилаа.   Цахим сургалт дараагийн хөгжлийн түвшин рүү шилжиж байна  

БЛИЦ Мэргэжил:
-Механик инженер
Боловсрол: Дээд -Сэлэнгэ аймаг, Мандал сум, Зүүнхараа хотын I дунд сургууль -ТИС-ийн Механик, инженерийн сургууль -ОХУ-ын Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн их сургууль -БНСУ-ын Кёнхи их сургууль
Одоо эрхэлж буй ажил: ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн захирал.

-Технологийн ямар нэг дэвшил, хөгжил бүхэн боловсролд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байсан. Анхны радио гарч ирэхэд хүмүүс боловсролыг хүн бүрт хүргэх арга хэрэгсэл болно гэж төсөөлж байсан бол телевизор гарч ирснээр багш дутагдалтай байгаа асуудлыг шийдэх өргөн нэвтрүүлгийн систем болгож ашиглаж болох юм гэсэн санаа гарч байсан. Тэгвэл өнөөдөр технологи маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхий нийтээр, манай улсад ч бас 1990-2010 оны хооронд албан байгууллага, айл бүр, хүн бүр компьютертай болох гэж зүтгэж, бүгдээрээ компьютертай болж байсан бол 2000-2010 оны хооронд хүн бүр гар утастай болж байсан.Харин 2010-2020 оны хооронд хүн бүр ухаалаг утас, таблет зэрэгтэй болсон байна. Цаашид ойрын 10 жилд магадгүй албан байгууллага, айл бүр ямар нэг робот ажилтан-туслагчтай, хүн бүр хиймэл оюун ухааны ололт дээр суурилсан ухаалаг хэрэгслүүдийг өргөн хэрэглэдэг болох нь гарцаагүй. Үүнийг дагаад боловсролын технологи, технологид суурилсан заах арга зүй хурдтай өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнө зайн сургалт, цахим сургалт, мобайл сургалт гэж ярьж байсан бол өнөөдөр дижитал суралцахуй, нээлттэй боловсрол, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлүүд буюу MOOCs (Мassive Open Online Courses) зэргийг чанартай боловсролыг хямд зардлаар хүссэн хүн бүрт хүртээмжтэйгээр хүргэх арга хэрэгсэл гэж үзэж байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал, хиймэл оюун ухаан, роботын эрин үед амьдарч ажиллах хүмүүст боловсрол олгох оновчтой системийн талаар “Боловсрол 4.0” гэсэн ойлголт ч мөн гарч ирсэн байна. Мөн ирээдүйн боловсролын байгууллага, ялангуяа их сургууль ямар байх талаар туршилт хийж буй “Минерва” гэх мэт төслүүд хэрэгжиж байна. Цаашид зайн эсвэл цахим сургалт гэж нэрлэхээс илүүтэй дараагийн хөгжлийн түвшин рүү шилжиж дижитал суралцахуй, нээлттэй боловсролын зарчмаар ухаалаг хэрэгсэл, хиймэл оюун ухааны хөгжилтэй холбоотойгоор олон чиглэлээр хөгжих төлөвтэй байна. Жишээлбэл, яг тухайн суралцагчийн төлөв байдалд анализ хийн яг түүнд тохирсон (personalized learning) ухаалаг агуулгыг бэлтгэж хүргэхдээ олон төрлийн технологи тухайлбал VR (virtual reality), AR (augmented reality), MR (mobile reality) ашиглах, мөн эдгээр технологиудыг хэрэглэн бүтээсэн агуулгыг хүргэх, суралцагчийн суралцах процессыг удирдах, хөтлөх, үнэлэх, нэмэлт үйлчилгээ үзүүлэх ухаалаг утсанд зориулсан олон төрлийн аппликейшн хөгжүүлж ашиглах зэрэг болно. Мөн глобалчлагдсан ертөнцөд хил хязгааргүйгээр аль ч сургуульд үзэж судалж буй хичээлүүдийг хаанаас ч хэн ч хэзээ ч хүссэн цагтаа судлах боломж илүү нээлттэй болж байна.  

“COVID-19” цахим сургалтын хөгжлийг эрчимжүүлж байна

-Манай улсын хувьд зайн сургалтыг 2000 оны эхэн үеэс хөгжүүлж эхэлсэн байдаг. Төр засгийн түвшинд хэд хэдэн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлсэн. Тухайлбал, 2002 оноос “Зайн сургалтын үндэсний хөтөлбөр”, 2005-2012 оны хооронд хэрэгжүүлсэн “Цахим Монгол үндэсний хөтөлбөр”, мөн 2012-2016 оны хооронд “Нэг Монгол санаачилга” гэх мэтээр тодорхой ажлууд хийгдэж байсан боловч яг орчин үеийн түвшинд суралцагчдын эрэлт хэрэгцээг хангахуйц хууль эрх зүйн орчныг ч, хэрэгжүүлэх системийг ч цогцоор нь бий болгож хараахан чадаагүй байна. Жишээлбэл, зайн болон цахим сургалтаар сургалтыг зохион байгуулж буй иж бүрэн платформыг бий болгож чадаагүй, мөн зайн сургалтаар судалж мэдсэн зүйлийг баталгаажуулах, кредит тооцох гэх мэт асуудлууд шийдэгдээгүй байгаа. Их дээд сургуулиуд өөрсдийн хэмжээнд цахим болон зайн сургалтуудыг хөгжүүлэх, нэвтрүүлэх талаар олон ажлуудыг энэ хугацаанд хийж байсан боловч цогцоор нь арга зүйн болон технологийн шийдлийн хувьд бүрэн шийдэж одоогийн үүсээд байгаа нөхцөл байдалд 100 хувь зайн сургалтад шилжин ажиллахад үнэнийг хэлэхэд бэлэн бус байсан. Энэ нь нэг талаас сорилт болж байгаа ч нөгөө талаас зайн сургалт буюу онлайн сургалт хөгжихөд тодорхой хэмжээний түлхэц өгч байна гэж харж байна. Тухайлбал, ШУТИС-ийн хувьд 2007 оноос Е-сургалтын хөтөлбөрийг батлуулж хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд бакалавр, магистрын түвшинд ашиглаж болох сургалтын Е-материал 400 гаруйг бэлтгэсэн.  Эдгээр материалыг танхимын сургалттай хослуулан явуулах сургалтын нэмэлт материал болгон ашиглах, орчин үеийн идэвхтэй сургалтын аргууд болох танхимын болон онлайн сургалтыг хослон явуулах (Blended Learning), болон тонгоруу анги (Flipped Classroom) зэрэгт ашиглахад боломжтой байгаа юм. “COVID-19” гэнэтийн  хүчин зүйлийн нөлөөгөөр ямар программ хангамж, интернэтийн болон цахим хэрэгслүүдийн боломжийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар багш бүр ямар нэг хэмжээгээр эрэл хайгуул, туршилт хийж тодорхой ахиц дэвшил гарч байна.   Цахим сургалт бие даан суралцах боломжийг олгодог давуу талтай -Онлайн сургалт нь танхимын сургалтыг бодвол илүү уян хатан сургалт бөгөөд тухайн суралцагч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бие даан суралцах боломжийг олгодгоороо давуу талтай. Тиймдээ ч орон зай цаг хугацаанаас үл хамааран суралцах боломжтойгоороо боловсролын тэгш бус байдлыг бууруулах үндсэн шийдэл болж байгаа юм.  Уламжлалт танхимын сургалт болон онлайн сургалтыг харьцуулан судалсан олон улсын судалгаа олон бий. Жишээ нь, Charlotte Neuhauser, 2002 оны судалгааг харвал оюутнуудын тестийн оноо, гэрийн даалгавар, хичээлийн дүн нь танхимын сургалт болон онлайн сургалт хоёрын хооронд ялгаагүй байсан бөгөөд нийт онлайн сургалтад хамрагдсан оюутны 96 хувь нь онлайн сургалтыг танхимын сургалтаас илүү үр дүнтэй гэж үзсэн байдаг. Колумбын их сургуулийн судалгааны үр дүнгээс (Shanna Smith Jaggars, 2014) оюутнуудын дийлэнх хэсэг нь энгийн амархан хичээлүүдийг онлайн хэлбэрээр үзэх сонирхолтой байдаг бөгөөд мэргэжлийн хэцүү хичээлүүдийг танхимын сургалтаар үзэх нь илүү дээр гэж үзсэн байдаг. Тиймээс манай тохиолдолд их сургуулийн ерөнхий эрдмийн болон сонгон суралцдаг хичээлүүдийг онлайн хэлбэрт шилжүүлэх нь илүү үр дүнтэй арга байж болох юм. Онлайн сургалтыг дэлхий нийтээрээ олон талаас нь судалж байна. Энэ нь дан ганц боловсролын тэгш бус байдлыг бууруулаад зогсохгүй боловсролын чанарыг дээшлүүлэх, насан туршийн боловсролыг дэмжих гарц юм.  

Дээд боловсролын салбарт дижитал сургалтын орчин хэр бүрдэж байна вэ?

-Манай улс дээд боловсролын системийг бүтэц зохион байгуулалт, агуулга, чанар зэрэг олон талаас нь шинэчлэх ажлыг 2012 оноос илүү эрчимжүүлж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлогын хэрэгжилт болон дээд боловсролын стратеги төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилго, зорилтуудыг  биелүүлэхийн тулд БСШУЯ, АХБ-ны санхүүжилттэй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл” (ДБШТ)-ийн хүрээнд 2015 оноос Олон улсын инженерийн боловсролын шинэчлэл-CDIO стандарт, арга зүйг ШУТИС-ийн инженер технологийн III хөтөлбөрт нэвтрүүлэх, 2018 оноос Ахисан түвшний CDIO арга зүйг ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, СУИС, ҮБХИС-ийн зургаан хөтөлбөрт нэвтрүүлэх төслийг хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд Боловсролын хөтөлбөрийг сайжруулах, багшийг чадавхжуулах, цахим сургалтын орчныг шинэ арга зүйд нийцүүлэн бүрдүүлэх, багшийн хөгжлийг дэмжих орчныгсайжруулах ажлууд хийгдэж байна. Бусад их сургуулидын хувьд гэвэл, цахим сургалтын материал боловсруулж их, дээд сургуулийн хүртээл болгохоор “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд 2018-2019 онд ШУТИС, МУИС, СУИС, ХААИС, МУБИС болон ҮБХИС-ийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж “Дижитал оюутан”, “Дижитал профессор”,“Дижитал сургалт явуулах орчин”, “Дижитал контент бэлтгэх” зэргийг багтаасан Дижитал сургалтын /концепц/ үзэл баримтлалыг боловсруулан ажилласан. Энэ хүрээнд Монголдоо анх ШУТИС-д хийж туршсан Lightboard буюу гэрэлтдэг самбарын технологийг ашигласан туршлагыг МУИС, МУБИС, ШМТДС, ТТК зэрэг хэд хэдэн их сургууль коллежууд авч сургалтад нэвтрүүлж, багш нарынхаа хичээлийн видео бичлэгүүдийг хийн,дижитал  сургалт зохион байгуулж явуулахдаа ашиглаж байна.  

Z үеийнхэнд бие даан суралцахыг нь дэмжих хэрэгтэй

-Цахим сургалтыг ашиглах, ялангуяа дэлхийн нийтэд өргөнөөр ашиглаж буй сургалтын нээлттэй нөөц эх материалыг ашиглаж амжилтад хүрч буй хичээл зүтгэлтэй сурагч, оюутан залуусын тоо нэмэгдэж байна.  Гэвч яг өнөөдрийн түвшинд нийт оюутнуудын хувьд энэ боломжийг ашиглаж байгаа байдал нь надад жоохон чамлалттай санагддаг. Манай оюутан залуусын хувьд орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны технологийн боломжийг өөрийгөө хөгжүүлэхдээ болон суралцахдаа хэр үр дүнтэй ашиглаж байгаа талаар тодорхой судалгаа байхгүй байгаа боловч, интернэт болон ухаалаг гар утсыг голдуу бие биетэйгээ чатлах, энтертайнмент буюу цагийг зугаатай өнгөрөөх чиглэлд илүү ашиглаж байгаа нь ажиглагддаг. Иймд энэхүү боломжийг, бас өдөр ирэх бүр хямдарч байгаа ч цаана нь зардал, мөнгө явж байгаа үнэтэй технологийг манай залуус үр дүнтэйгээр бие даан суралцах боломж болгож ашиглах шаардлагатай гэж боддог. Үүнд оюутан залуусаа дунд сургуулийн сурагч байхаас нь бэлтгэх, тийм төлөвшил дадал, чадвар суулгах талаар орчныг нь бүрдүүлэх, багш нараа бэлтгэхээс эхлээд тодорхой ажлуудыг хиймээр санагддаг. Дунд сургуулийн орчинд сурагч хүүхдүүдэд буюу Z-үеийнхэнд ухаалаг гар утас ашиглахыг ор тас хориглохын оронд харин үр дүнтэй зөв зүйлд ашиглах, тухайлбал бие даан суралцах, хэрэгтэй мэдээллээ олж авахыг нь дэмжих хэрэгтэй.  

Манай төв нээлттэй онлайн сургалтыг зохион байгуулж байна

-ШУТИС-ийн дэргэд  өнгөрсөн онд Нээлттэй боловсролын төв байгуулагдсан. Энэ төв нь нийтэд зориулсан нээлттэй онлайн сургалтыг цоо шинээр бэлтгэж, хэрэгжүүлэх, дээд боловсролын бодлогын асуудлаар судалгаа явуулж, зөвлөмж гаргах, их сургуулийн багшийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, дээд боловсролын удирдлага, сургалтын арга зүй инновацын талаар судалгаа хийж, зөвлөмж гарган ШУТИС-ийн нэгжүүд, бүрэлдэхүүн сургуулиудад бодлогын дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.  Манай төв “Эрдэмтэй хүн эрхэм баян” уриатайгаар “Иргэн бүрт нээлттэй боловсролын шимийг хүртээнэ” гэж алсын хараагаа тодорхойлсон. Нээлтээ хийснээс хойш Монгол Улсын их дээд сургуулиудын удирдлагууд, профессор багш нарт зориулан “Нээлттэй боловсрол”, “Сургалтын нээлттэй нөөц материал”, “Суралцахуйн дизайн”, “Хьютагог-Насан туршийн болон бие даан суралцахуйн арга зүй болох нь”, “Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл – MOOC” сэдвүүдээр таван цуврал сургалтыг зохион байгуулж явуулсан. Эдгээр сургалтуудын хүрээнд бэлтгэсэн материалуудыг нэгтгэж боловсруулан “Нээлттэй боловсрол” Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл буюу MOOC бэлтгэж интернэтэд хоёр платформ дээр байрлуулсан. Хүссэн хэн бүхэн өөрсдийн ашигладаг ямар нэг е-мейл хаягаараа бүртгүүлээд үнэ төлбөргүйгээр судлах боломжтой. Эдгээр хичээлийг судалснаар багш нар маань нээлттэй боловсролыг хөгжүүлэх талаар олон шинэлэг мэдээлэл, мэдлэгийг олж авах боломжтой.  

Цахим хичээлийг холливудын кино шиг сонирхолтой бэлтгэх шаардлагатай байна

-Зайны сургалтыг чанартай явуулах, илүү боловсронгуй болгоход бид аль аль талаасаа анхаарах ёстой. Дижитал суралцахуйг зохион байгуулахдаа танхимын сургалтаас өөрөөр зохион байгуулах хэд хэдэн онцлог шаардлагууд бий. Заримаас нь дурдъя. Нэгдүгээрт, сургалтын материалыг бэлтгэхдээ маш бага хугацаанд их багтаамжтай мэдээллийг суралцагчдын анхаарлыг боломжит хамгийн их хэмжээгээр татахаар бэлтгэх. Хэдэн жилийн өмнө 15 минут хүртэл дараа нь 8-12 минут хүртэл гэж байсан бол одоо зургаан минут хүртэл хугацаанд агуулгыг багтааж хүргэх. Хэрэв видео хичээл бэлтгэж байгаа бол холливудын кино үзэж байгаа мэт сэтгэгдэл үйлдээхүйц байхаар бэлтгэх шаардлагатай болж байна. Жишээ нь https://www.masterclass.com/ сайтаас өндөр чанартай хийгдсэн зарим сонирхолтой хичээлүүдийг харж болно. Мөн дээр дурдсан, дэвшилтэт технологиуд болох AR/VR/MR технологиудыг үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт, сургах-суралцах процесс нь багш-оюутны хамтын ажиллагаа оролцооны үр дүнд бий болдог учраас цахим сургалтыг амжилттай явуулахын тулд багш нараа цахимаар орчин үеийн дэвшилтэт технологийн бүхий л боломжуудыг ашиглан хичээл заах, сургах, оюутны суралцах үйл явцыг үр дүнтэй зохион байгуулах арга зүйд сургах, дадлагажуулах, нөгөө талаас оюутнуудаа дунд сургуульд  сурч байхаас нь эхлэн цахим орчинд суралцах арга барилд сургах нь чухал болж байна. Гуравдугаарт, багш бүр өөрийн заадаг хичээлээр чанартай сургалтын материал хэрэглэгдэхүүн бэлтгэж, бэлтгэснээ бусад хүмүүст ашиглах боломжтойгоор нээлттэй лицензтэйгээр ил болгох ингэснээр бие биеэсээ харилцан туршлага судалж суралцах, улмаар олон тооны чанартай сургалтын материалууд суралцагчдад хүртээмжтэй, нээлттэй болох боломж бүрдэнэ.  Дөрөвт нь, оюутнуудыг дижитал орчинд онлайнаар бие даан суралцах арга барилд сургах, тоглоомын аргууд, групп үүсгэн хэлэлцүүлэг хийх, багаар ажиллуулах, хүн бүрийн танин мэдэхүйн болон суралцах суурь чадварт тохирсон шатлан ахих, олон хувилбараар мэдлэг, чадвар, хандлагыг шалгах даалгаврууд бэлтгэж, сан үүсгэх гэх мэтээр багш болон оюутнуудаас амжилттай суралцахын тулд илүү их хөдөлмөрлөхийг шаардаж байна.  

Нээлттэй хичээлүүдийг бэлтгэхэд төр, хувийн хэвшил хамтрах хэрэгтэй

-Одоо явуулж буй цахим сургалтын үр дүн олон хүчин зүйлээс шалтгаална. Ямартай ч бид, одоогийн нөхцөл байдалдаа тохируулж, тал талаасаа хичээл зүтгэл анхаарал тавьж ажиллаж байна. Гэхдээ сургалтын үр дүн, чанар ямар байх вэ гэдэг нь сургалтын процесст оролцож, удирдан чиглүүлж буй субъектүүд, багш, оюутан, эцэг, эх, хүн бүрийн хичээл, зүтгэл санаачилгаас хамаарна. Иймд хүн бүр бүх боломжоо ашиглан сэтгэл, зүтгэл гарган сургаж, суралцах үүрэг, хариуцлагаа ухамсарлан ажиллах, хөдөлмөрлөх шаардлагатай. Монголд зайн сургалтыг тогтвортой хөгжүүлэх, илүү боловсронгуй болгоход  хийж хэрэгжүүлэх олон ажил бий. Цаашид бид эрх зүйн орчныг тодорхой болгож, одоо шаардлагатай байгаа болон ирээдүйг харсан зохицуулалтыг хийх хэрэгтэй. Тухайлбал, цахим сургалтаар судалсан хичээлүүдийн кредитийг тооцдог болох, хэд хэдэн сургуулиуд хамтран эрэлттэй мэргэжлүүдээр эсвэл ижил агуулгаар заадаг хичээлүүдийн хувьд дундын чанартай цахим хичээлийг хамтран бэлтгэж сургалтыг зохион байгуулж явуулах, харилцан бие биеийнхээ кредитийг тооцдог болох гэх мэт. Мөн дижитал  сургалтын найдвартай ажилладаг платформтой болох. Магадгүй эхний үед хөрөнгө, санхүүгийн хязгаарлалттай үед өөрсдөө хөгжүүлэхээс илүүтэй гадаадад хөгжүүлж буй хүчтэй, ирээдүйтэй платформуудад нэгдэх, монгол хэл рүү орчуулж нутагшуулах нь ч илүү үр дүнтэй байж болох юм.   Багш нараа чадавхжуулах, арга зүйгээр дэмжих, оюутан суралцагчдыг цахим сургалтаар бие даан суралцах арга барил, хандлага, төлөвшилд сургах хэрэгтэй. Мөн чанартай сургалтын нөөц материал, нийтэд зориулсан нээлттэй хичээлүүдийг тодорхой бодлого дэмжлэгтэйгээр бэлтгэх. Энэ чиглэлд дэвшилтэт технологи ашиглахад төр хувийн хэвшлийн технологи хөгжүүлэгч компаниуд, их сургуулиуд харилцан ашигтай хамтарсан Боловсролын технологиудыг хөгжүүлэх (Еd.Tech)төслүүдийг бизнесийн түншлэл хэлбэрээр хөгжүүлж болно. Үүнд эхний ээлжид Мобиком, Юнител зэрэг үүрэн телефоны компаниуд болон веб, программ хангамж, гар утасны аппликейшн хөгжүүлэлтийн компаниуд­тай хамтран хэрэгжүүлж болох олон төсөл санаачилгууд байж болно. Мөн хосолсон сургалт, тонгоруу анги зэрэгт дижитал сургалтын элементүүдийг өргөнөөр ашиглах боломжийг дэмжих  бас хэрэгтэй. Дуу, дүрс таних болон хиймэл оюун ухааны дэвшлийг боловсролд, ялангуяа сургалтын процессыг удирдан явуулах, хяналт тавих, үнэлэх хэрэгсэл болгох, виртуал болон бодит суралцахуйн орчныг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр  хэрэгжүүлж ажиллах гэх мэт санаануудыг дурдаж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.23  ДАВАА  № 55 (6280)

Цахим сургалтыг ярихын өмнө, суралцагчдыг яаж бие дааж, шаардуулахгүйгээр сурах идэвхийг өрнүүлэх вэ? л гэдэг асуудлыг ярих нь зүйн хэрэг
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

9 цаг 6 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

9 цаг 14 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

9 цаг 35 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

9 цаг 55 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

11 цаг 7 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

18 цаг 11 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

18 цаг 11 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

18 цаг 11 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

Уржигдар 16 цаг 50 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 15 цаг 25 мин