Ц.МЯГМАРБАЯР
Судалгааны томоохон компанийн нэг болох “ММCG ” компани Монголын ТОП 50 компанийн гүйцэтгэх захирлуудын дунд “CEO survey 2020” судалгааг явуулж олон нийтэд танилцуулсан. Судалгааны зөвлөх редактор, “Tерра экспресс ” компанийн захирал Ш.Алтанбаганыг энэ удаагийн зочноор урьж ярилцлаа.
-“CEO” судалгааг Монголд анх удаа хийсэн нь бусад судалгаанаас онцлогтой байсан. Гол зорилго, ач холбогдол нь юу байв?
-Монгол Улсын эдийн засгийн талаарх ирэх жилийн хүлээлтийг тодруулах ТОП компаниудын баримталж буй стратегийн тэргүүлэх чиглэл, бизнесийн уламжлалт загвар, үйл явцын үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэхтэй холбоотой гадаад боломж болон дотоод чадавхийн асуудлыг илрүүлэх, байгууллагын өсөлтөд маркетингийн функц хэр чухал болохыг тодруулах гол зорилготой байсан.
Ер нь олон улсад ийм судалгааг явуулдаг. Монголд дотооддоо анх удаа энэ судалгааг “ММCG” компани санаачлан “Bloomberg TV Mongolia”, “CEO Club”, МҮХАҮТ-тай хамтран явуулсан. Монголын бизнесийн салбарын Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй 18 салбарын тухайлбал, автомашин банк, санхүү барилга, газрын тос, даатгал, медиа, маркетинг коммуникэйшн, мэдээлэл технологи, тээвэр логистик, уул уурхай, үүрэн холбоо, худалдаа, хүнс , хэвлэл мэдээлэл, шингэн хүнс энтертайнмент, эрчим хүч, эрүүл мэнд гэсэн ТОП 50 компанийн гүйцэтгэх захирлыг хамруулсан. Эдийн засаг бизнесийн хөгжлөөс хамаардаг. Бизнесийг хөгжүүлж, шийдвэр гаргадаг гол хүмүүс гүйцэтгэх захирлууд юм. Тэдний дүгнэлт, санаа бодол, төлөвлөгөө нь бизнесийн хөгжилд маш чухал. Өмнө нь ийм түвшинд судалгаа хийж байгаагүй. Энэ судалгааг хийснээр дата бааз үүсч байгаа юм. Мөн бизнесийнхэн бизнесийн одоогийн хөгжил, үйл явц, засаглал, соёл гээд өргөн хүрээнд байгууллагын чадавхийг тодорхойлсон нь хамгийн чухал ач холбогдолтой. Түүнчлэн судалгааг ирэх жилээс хэрхэн нарийвчлан хийх вэ гэх зэргээр жил бүр дата бааз үүсгээд явах болж байгаагаар мэдээллийн сан бүрдэх суурь болж өглөө. Ашиглах боломж олон нийтэд нээлттэйгээс гадна бусад бизнесийнхэнд маш чухал судалгаа болсон. Энэ тэргүүлэх компаниудын дүгнэлт, үзэл бодлыг бусад компани хэрхэн харж байгаа юм. Бизнесийн салбарт тулгамдсан ямар асуудал байна. Цаашдын бизнесийн трэндийг хэрхэн харж байна. хөгжлийн загвар гээд бүх зүйл тодорхой болж өгсөн.
-Судалгааны гол үр дүн болон ямар шалгуураар явуулсан бол?
-Захирлуудын ихэнх нь технологи инновацийн чиглэлд анхаарах нь бизнесээ хөгжүүлэх гол чиглэл гэж харсан. Мөн дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ хөгжүүлэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж хэрэглэгчдэд илүү сайн сервис үзүүлэх замаар зах зээлээ тэлнэ. Түүнчлэн олон улсын зах зээлд гарах шаардлагатай гэсэн асуудал хамгийн тулгамдсан гэж үзэж санал бодлоо илэрхийлсэн. Судалгааг явуулахдаа “СЕО” нартай биечлэн уулзаж тодорхой чиглэлээр тэдний дүгнэлт, нөхцөл байдлын санаа бодлыг сонссон. Эндээс нийтлэг зүй тогтол ажиглагдсан. Эхний хэсэгт Монголын эдийн засгийн хүлээлт, эрсдэлийг тодорхойлсон. Ирэх нэг жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг өөрчлөгдөхгүй гэж нийт гүйцэтгэх захирлуудын 42 хувь нь үзсэн. Дэлхийн эдийн засаг 2019 оны эцсээр гурав орчим хувьтай өсөхөөр хүлээгдэж байна (IMF, 2019). Харин гүйцэтгэх захирлуудын 28 хувь нь буурна гэж хариулсан нь глобал эдийн засгийн тодорхой бус байдал өндөр байгаатай холбоотой. Ялангуяа, энэ жил сонгуулийн жил. Дэлхийн эдийн засгаас шалтгаалж манай эдийн засгийн өсөлт саарна гэдгийг судалгаа харуулсан. Нөгөөтэйгүүр, байгууллагын дотоод хөгжил төдийгүй зах зээл хэрэглэгч талын потенциалын чадавхийг асуусан. Тэдний дийлэнх нь Монголд зах зээлийн потенциал байна гэж үзсэн. Өөр нэг сонирхолтой дүгнэлт гэвэл байгууллагын соёл, хүний нөөц, боловсон хүчнийг өөртөө татах хамгийн гол зүйл хэмээн дүгнэж, хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн байгууллагын олон нийтийн дундах нэр хүнд хамгийн чухал. Тиймээс өөрийн байгууллагын нэр хүнд, имижид анхаарах хэрэгтэй гэж дүгнэсэн. Гэхдээ үүнийг одоогоор яг ямар хэмжээнд байгааг хэмжиж чадахгүй. Харин хэмжиж чадахгүй учраас хэрхэн системтэй сайжруулах вэ гэдэгт хангалттай ажиллаж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг хэлсэн нь анхаарал татсан. Тодруулбал, гүйцэтгэх захирлуудын 68 хувь нь өөрийн салбарын зах зээлийн боломж, потенциалаа хэмжиж, үнэлж чадаж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Танай салбарт бизнес эрхлэхэд зах зээлийн боломж, потенциал хангалттай байдаг уу гэсэн асуултад 76 хувь нь хангалттай боломж бий гэж хариулсан. Эндээс чадавхиа сайжруулж, зах зээлийн боломжоо зөв ашиглаж чадвал үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж байна. Гэхдээ Монгол Улсын зах зээл гадаад зах зээл дээрх таваарын үнэ, экспортын орлогоос ихээхэн хамааралтай гэдгийг гүйцэтгэх захирлууд онцолж байсан. Одоогийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх замаар бизнесийг өргөжүүлэх боломж байгаа гэдэгтэй 60 хувь нь санал нэгдсэн. Үүний дараа гадаад зах зээлд гарах, экспорт хийх боломжийг нэрлэлээ. Үүнээс манай компаниудын экспортод бүтээгдэхүүнээ гаргах сонирхол нэмэгдэж байгааг харж болох ба ихэвчлэн зах зээлийг судлах шатандаа үргэлжилж байгаа нь ажиглагдсан.
-Компаниудын нийтлэг зүй тогтолыг тодорхойлсон гэж байсан. Нийтлэг ямар зүй тогтол ажиглагдаж байна вэ?
-Судалгааны нэг онцлог нь гадаад орчны болон улс төрийн нөлөөлөл гэхээс илүүтэй бизнесийнхний дотоод чадавхи ямар байгааг тодорхойлох. Цаашид бизнесээ тэлэхийн тулд дотоод зохион байгуулалт, менежмент соёл зэргийг сайжруулах шаардлага байна гэдэг талаас нь энэ удаа судалсан. Манай бизнесийн компаниуд сүүлийн 20 жил хөгжиж эхнээсээ эрийн цээнд хүрлээ. Нэг үгээр хэлбэл, бизнесийн үе солигдож байна. Эхний буюу нэгдүгээр үеийн бизнес эрхлэгчид халаагаа дараагийн үед шилжүүлж байна. Зарим байгууллага хөгжлийн тодорхой түвшинд хүрчихлээ. Бизнесийнхний үндсэн зорилго нь юу юм. Цаашдын ирээдүйн бодлого чиглэл, стратегиа тодорхойлоход өөрчлөлт гарах үе таарч байна. Ялангуяа, дэлхийд технологийн өөрчлөлт хурдтай явагдаж байгаа энэ үед манай бизнес загвар өөрчлөгдөж энэ хурдыг гүйцэхийн тулд хэрхэх гээд нийтлэг зүйл ажиглагдаж байна.
-Судалгаанаас харахад бизнесээ алдах аюул ойрхон байна гэсэн байсан?
-Бизнес үйл явцын хоцрогдлоо яаралтай сайжруулахгүй бол олон улсын модель сайтай бизнест орон зайгаа алдах аюул ойрхон байна гэдэгтэй 58 хувь нь санал нийлж байгаа нь аюул ойрхон байгааг илэрхийлэх дохио юм. Гүйцэтгэх захирлуудын 23 хувь нь бизнес үйл явцын хөгжлийн өнөөгийн түвшнийг олон улсын түвшинд хүрсэн гэж хариулсан бол 77 хувь нь хоцрогдолтой гэж үзсэн. Гэхдээ энэ нь салбар бүрийн хувьд ялгаатай байгаа нь ажиглагдсан. Ялангуяа, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь олон улсын түвшинд хүрсэн гэж үзэж байв. Мөн хэрэглэгч төвтэй байх, боловсон хүчнийг илүү чухалчилсан байдлаар эрхэм зорилгоо тодорхойлсон байдал нийтлэг ажиглагдлаа. Харин нийгмийн үнэ цэн, байгаль орчны асуудлыг авч үзэх байдал бага хувьтай байна. Тиймээс цаашид хамтын үнэ цэнийн талаар өөрсдийн эрхэм зорилгодоо оруулах шаардлага ажиглагдаж байна. Хамтын үнэ цэнэ (Shared value) нь байгууллагын бүх оролцогч тал (stakeholders хэрэглэгчид, ТББ, хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид гэх мэт) нэг зорилго, итгэл үнэмшилд нэгдэхийг хэлдэг. Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгчид, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд органик чиглэлийн үйлдвэрлэгчдийг их дэмжиж байна. Жишээ нь, “Nestle” компани нийлүүлэлтийн горимоо сайжруулахын тулд хөгжиж буй орнуудын нөөц бололцоо багатай фермерүүдэд санхүүгийн болон техник технологийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлж, нийлүүлэгчийн сүлжээгээ илүү чадварлаг болгож байна.
-Тэгэхээр бизнесийн тэргүүлэх чиглэл нь технологи, инноваци, бүтээгдэхүүн хөгжүүлэлт болох нь тодорхой . Харин маркетингийн тухайд юу гэж дүгэнэсэн бэ?
-Гүйцэтгэх захирлуудын 46 хувь нь мэдээллийн технологи, 44 хувь нь инноваци, 42 хувь нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь ирэх хоёр жилийн бизнесийн стратегийн тэргүүлэх чиглэл байна гэж тодорхойлжээ. Ялангуяа, бизнесийг автоматжуулах, хурдтай шийдвэр гаргахад шаардлагатай өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна гэсэн. Маркетингийн тухайд гол шалтгаан нь хэрэглэгчээ гүнзгий судалж ойлгохгүй байгаа учир, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, комминкаци хэт ерөнхий хийгддэг. Тиймээс компаниудын бараа бүтээгдэхүүн, зар сурталчилгааны бусдаасаа ялгарах ялгаа улам багасаж, үр дүнгүй байна гэж дүгнэсэн. Гэхдээ гүйцэтгэх захирлууд өндөр хүлээлттэй байгаа боловч маркетингийн багийнхан уг итгэлийг дааж чадаж байна уу, зах зээл, хэрэглэгчээ гүнзгий ойлгож, байгууллагаа зөв залж, чиглүүлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь анхаарал татаж байна. Тэгэхээр энэ итгэлийг даахын тулд суралцах, чадавхиа сайжруулах, манлайлах үүргээ гүйцэтгэх шаардлагатай юм. Өнгөрсөн жилийн топ 50 маркетингийн албаны дарга (Chief Marketing Officer, CMO) нараас авсан судалгаагаар маркетингийн хөгжлийг олон улсын түвшнээс 50 хувийн хоцрогдолтой байна гэж үзсэн. Байгууллагын корпорейт нэр хүнд бол зах зээлийн өсөлт, зах зээлээ тэлэх хамгийн гол хүчин зүйл гэдэгтэй 98 хувь нь санал нэгдсэн.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин