Т.САЙХАН
Хоёр хоногийн дараа Монголын уламжлалт цагаан сарын баяр болно. Тэгвэл коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зарлигийг ч Ерөнхийлөгч гаргаад байна. Харин Б.Болдсайхан эмч өөрийн цахим хаягаар дамжуулан гэр гэртээ шинэлэх уриалга гаргажээ.
Тэрээр “Хятад сая Цагаан сараараа золгож үнсэлдэж, нэг тавгаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү. Бусад орон гайгүй байгаа ялгаа нь тэр л байх. Ганц Цагаан сарыг хэдхэн монгол гэр гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү. Хичээгээрэй гуйя. Эрүүл өвдөхгүй, тахал хижиг тарахгүй бол эргээд баяртай золгох цаг Монгол баяр наадам зөндөө айсуй. Ээ 10 хоног л тэвчээрэй, хичээгээрэй. Алтайд бол тээр сүүлд даваа нээгдэхээр бүүр зуны эхээр зусланд айлсахаар золгож л байдаг. Монгол золголт олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавгаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх, халууцаж даарах гээд ханиад, тахал хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлээрэй гэж гуйж буй.” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Б.Болдсайхан: Арав хоног л хичээчих, тахал ард үлдэнэ
2020-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин