С.УЯНГА
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки оны өмнөхөн итгэмжлэх жуух бичгээ барьсан юм. Тэрээр манай улсад Элчин сайдаар томилогдон ирээд анхны ярилцлагаа “Зууны мэдээ” сонинд өглөө.
-Таны хувьд өмнө нь хоёр ч удаа Монголд ирж ажиллаж байсан. Ер нь анх Монгол Улстай хэрхэн холбогдож байв. Монгол хэлийг шимтэн судалж, их сайн ярьдаг гэж сонссон?
-Японд их сургуулиа төгсөөд Гадаад харилцааны яаманд ажилд орсон. Гадаад харилцааны яамны ажилтан мэргэшихийн тулд хэл сонгон суралцдаг.
Миний хувьд их сургуульдаа хуулийн чиглэлээр суралцсан учраас ямар хэл сонгон сурах вэ гэдгээ шийдэж чадахгүй, ойлголт сул байлаа. Гэтэл Гадаад харилцааны яамнаас намайг монгол хэл сурч мэргэших үүрэг даалгавар өгсөн. Ингэж л анх Монгол Улстай холбогдох эхлэл тавигдаж байлаа. Түүнээс хойш Монгол орны талаар сонирхож судалж эхэлсэн. Тэр үед Монгол Улс социализмын нийгмийнхээ цаг үед байсан болохоор амьдрах орчин нөхцөл хүндхэн байсан.
Монгол хэлийг хоёр жилийн хугацаанд сурах шаардлагатай болсон. Эхний жилдээ АНУ-ын Индианагийн их сургуульд англиар тайлбарлуулж монгол хэлийг заалгасан. Сурахад нэлээн хэцүү байлаа. Дараа нь Монголд ирээд МУИС-д нэг жил монгол хэлний ангид суралцсан. Монгол, япон хэлний дүрэм ижилхэн. Харин монгол хэл долоон эгшигтэй бол япон хэлэнд тав байдаг. Тиймээс байхгүй хоёр эгшгийг ялгаж хэлэх хэцүү байдаг. Монголд намайг гадаад хүн гэдэг утгаар нь монголоор ярихыг минь ойлгож хүлээн зөвшөөрдөг.
-Монголд ажиллаж, амьдрахад хэр санагддаг вэ?
-Социализмын нийгмийн үед анх Монголд ирж байсан. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Монголын талаарх анхны сэтгэгдэл тэр үетэй л холбогддог. Анх ирж байсан цаг үетэй харьцуулахад өнөөгийн Монгол орон илэрхий хөгжиж дэвжсэн. Социализмын үеийг бодвол Монголын өнөөгийн энэ цаг үед ажиллаж, амьдрахад хэцүү зүйл байхгүй. Өвөл нь ч гэсэн тэр үеийнх шиг хүйтрэхээ больсон.
Монгол бол миний хөл тавьсан хоёр дахь гадаад орон. Анх АНУ-д очиход өмнө нь кино, зурагтаас авсан төсөөллөөс огт өөр орчин нөхцөл угтсан бол Монгол эсрэгээрээ байсан. Монгол руу явахад Бээжингээс Улаанбаатар руу нислэг байгаагүй учраас 30 гаруй цаг галт тэргээр явахаас өөр арга байгаагүй. Долдугаар сард галт тэргэнд суугаад Улаанбаатар руу явахад их хугацаа зарцуулж, Монголын өргөн уудам газар нутаг дуусахгүй үргэлжилсэн нь ямар улсад ирж байгаа юм бол гэх бодол төрүүлж байв. Тухайн үед их сургуульд суралцаж байхдаа Монголын түүхийн талаар олж авсан Чингис хаан, Хубилай хаан, Юань улсаас өөр төсөөлөл надад байгаагүй. Харин Улаанбаатарт ирээд хотын гудмаар алхахад миний найз, нөхөдтэй адилхан төрхтэй хүмүүс олон тааралдсан нь дотно сэтгэгдэл төрүүлж байлаа. АНУ-д очиход яах аргагүй гадаад орон гэсэн бодол төрсөн бол Монголд ирэхэд эсрэгээрээ гадаад улсад ирсэн мэт санагдаагүй юм. Энэ бол Монголд ирсэн миний анхны сэтгэгдэл.
[caption id="attachment_79299" align="aligncenter" width="850"] “Эргэлзээтэй үед миний бие нисэх онгоцны буудлыг барих төсөл илүү хэрэгтэй, өгөөжтэй юм болов уу гэсэн саналыг хэлж байсан юм. Түүнээс хойш 10 жил өнгөрсөн ч саналаа хэлж байсан төсөл маань үр дүнтэй хэрэгжиж байгаад баяртай байдаг. Нээлтийг нь тэсэн ядан хүлээж байна”.[/caption]
-Манай хоёр улс ойр дотно харилцаж ирсэн. Хоёр жилийн дараа дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Япон, Монголын харилцаа хамтын ажиллагааны хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Миний хувьд гурав дахь удаагаа Монголд ажиллахаар ирлээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш хоёр орны харилцаа үнэхээр сайн хөгжсөн. Өнөөгийн нөхцөлд юу дутагдаж байна вэ гэвэл эдийн засаг, бизнесийн салбарын харилцааг өргөжүүлэх шаардлагатай. Монголд япон хэлийг маш сайн эзэмшсэн хүн олон байдаг. Тиймээс энэ хүмүүс давуу талаа ашиглах боломж гараасай гэж боддог.
Япон улс дэлхийн II дайны дараа их хүчин чармайлт гаргасны үр дүнд өнөөгийн эдийн засгийн хөгжилд хүрсэн. Хөгжсөн түүхээ эргээд харахад хамгийн чухал нь хүний нөөцийг бэлтгэсэн явдал байдаг. Япон улс хэдийгээр байгалийн баялаггүй ч чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадсан нь хөгжлийн гол хүч байсан. Үүнтэй адил Монгол Улс ч гэсэн байгалийн баялгаа ашиглахаас гадна хүний нөөцөө улам сайн бэлтгээсэй гэж хүсч байна.
Өнөөг хүртэл миний бие АНУ-ын Чикаго, Вашингтон, Нэшвиллд гурван удаа томилогдож ажилласан. Сүүлийн томилолт болох Нэшвиллд очихоосоо өмнө Монгол Улсын хөгжлийн талаар зөвхөн Японы туршлагадаа тулгуурлан тунгаан бодож байсан. Харин Нэшвиллд Ерөнхий консулаар ажиллаж байх хугацаандаа Монгол болон Америкийн далайд гарцгүй муж улсуудад ижил төстэй шинж чанарууд байгааг олж харсан. Иймд Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлтийн талаар Америк дахь өөрийнхөө туршлагад тулгуурлан монгол хүмүүстэй санал бодлоо солилцох нь зүйтэй юм болов уу гэж бодож байлаа.
-Япончуудын тусламж дэмжлэг Монголын өнцөг булан бүрт хүрч байна. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал манай хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны илэрхийлэл шүү дээ. Таны хувьд аль салбар руу түлхүү анхаарч хамтарч ажиллахыг хүсч байна вэ?
-Монголын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.доллар давсан байна. Тиймээс Японы Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлэх нь хүндрэлтэй болж, цаашид манай хоёр орны хамтын ажиллагааны тусламжийн хэлбэр зээл, тэр дундаа иенийн хөнгөлөлттэй зээл олгох замаар хэрэгжинэ.
Японы Засгийн газар аль салбарт хамтрахаа төлөвлөх ч мэдээж Монгол Улсын хүсэлт, саналыг харгалзан авч үзнэ. Миний эртнээс холбогдож анхаарч ирсэн төслүүдийн нэг бол Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал. 2005-2008 онд Монгол дахь Японы Элчин сайдын яамны зөвлөхөөр ажиллаж байхад Японы Засгийн газар Монголд иенийн хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцийн салбарт ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгийг ярилцсан. Монголын талаас 5-6 төслийн санал ирүүлсэн ч яг алиныг нь хэрэгжүүлэх вэ гэдгийг шийдэж чадахгүй байсан. Энэ эргэлзээтэй үед миний бие нисэх онгоцны буудлыг барих төсөл илүү хэрэгтэй, өгөөжтэй юм болов уу гэсэн саналыг хэлж байсан юм. Нисэх онгоц болон төмөр замын тээвэр маш онцлогтой. Онгоц богино хугацаанд хөнгөн зүйлсийг тээвэрлэдэг. Энэ утгаараа Монголоос үнэ цэнэ, өртөг шингэсэн барааг гадаад руу богино хугацаанд тээвэрлэх боломж нээхийг хүссэн. Мөн орчин цагийн завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүс цаг хугацаа хэмнэхэд агаарын зам тохиромжтой гэж бодсоны үндсэн дээр нисэх онгоцны буудлын төслийг санал болгосон. Үүний дараа Монголын талтай ярилцаад нисэх онгоцны буудлын төслийг хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ яг миний саналыг шууд харгалзан үзсэн эсэхийг мэдэхгүй. Түүнээс хойш 10 жил өнгөрсөн ч саналаа хэлж байсан төсөл маань үр дүнтэй хэрэгжиж байгаад баяртай байдаг. Нээлтийг нь тэсэн ядан хүлээж байна. Шинэ онгоцны буудал Монголд олон давуу тал, ашгийг авчирч хөгжилд хүрэхэд илүү дөхөм байх болно.
-Ажиллах хүчин авч байгаа нь манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн шинэ салбар болж байна. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Японы нийгэмд өндөр настны тоо улам бүр өсөн нэмэгдсээр байна. Харин Монгол Улс эсрэгээрээ хүүхэд, залуус олонтой. Энэ нөхцөлд Японы хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа ажиллах хүчнийг гадаадаас авах бодлого баримталж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон монгол хүн Японд ажиллах боломж нээгдэнэ. Хамгийн гол шалгуур бол гадаад хэлний чадвар байгаа. Монгол хүн гадаад хэл сурах өвөрмөц чадвартайн дээр манай хоёр орны хэл ижил төстэйгөөрөө онцлогтой. Хоёрдугаарт, монгол, япон хүмүүсийн гадаад төрх их төстэй. Ялгаж мэдэхээргүй адилхан санагддаг болохоор Японд очоод хөдөлмөр эрхлэх, хамтарч ажиллахад хүндрэл гарахгүй болов уу гэж бодож байна.
Гадаадаас тодорхойлогдсон ур чадвар бүхий ажиллах хүчин авах хүрээнд Японд ажилласан ч заавал эх орондоо ирж улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулаасай гэж хүсч байна.
-Таны хувьд монголчуудтай хамгийн олон жил хамтарч ажилласан, хөгжлийн тодорхой үе шатыг мэддэг хүмүүсийн нэг. Ер нь монгол хүний онцлогийг хэрхэн хардаг вэ?
-Монголчууд тэвчээртэй. Суралцах хүсэл тэмүүлэлтэй, мөн гадаад хэл сурах чадвартай. Намайг анх ирсэн социализмын үед бараа бүтээгдэхүүн, эд зүйлс их хомс байлаа. Монгол хүмүүс янз бүрийн зүйлсийг ашиглан аливааг хийхдээ оролдлого сайтай, төсөөлөн бодох чадвартайн дээр бие даан ажиллахдаа ч мундаг. Гэхдээ багаар ажиллах чадвар арай дутмаг юм шиг санагддаг. Тиймээс хүчээ нэгтгэн, хамтаараа ажиллах чадвараа сайжруулах хэрэгтэй юм болов уу гэж бодогддог.
-Таныг Элчин сайдаар ажиллах үед онцлог үе таарч байгаа нь Токиогийн олимп. Олимпод чиглэсэн хамтын ажиллагааны талаар асуухыг хүсч байна?
-Олимпод оролцох тамирчдын бэлтгэл сургуулилтыг хийхэд зориулсан хост таун санаачлагыг хот, орон нутагт хэрэгжүүлж байгаа. Японд монголчуудад элэгтэй, тэдэнтэй ойр дотно байхыг хүсдэг хүн олон бий. Монгол тамирчдыг тусалж дэмжих нийт 19 хост таун бий. Хамгийн сонирхолтой нь монголчуудыг хүлээж авах хост таун маш хурдан шийдэгдсэн. Монголд томилогдохоосоо өмнө Японы Гадаад харилцааны яамныхантай олимпод оролцох тамирчдын бэлтгэл хийх газрын талаар ярилцахад монгол тамирчдыг хүлээж авах хост тауны асуудал гайхалтай хурдан шийдэгдсэн гэж хэлсэн. Мэдээж тамирчдын бэлтгэлийг хангуулж олимпийн наадамд ажилттай оролцуулах нь нэн тэргүүний зорилт юм. Нөгөөтэйгүүр тамирчид бэлтгэл хийх газарт очоод тухайн хотын болон орон нутгийн иргэдтэй холбоо, харилцаа тогтоох, түүнийгээ цаашид ч хадгалан хөгжүүлэх нь тун чухал. Токиогийн олимп, паралимптой холбоотойгоор манай хоёр орны иргэд хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа улам гүнзгийрнэ гэдэгт итгэж байна.
-Монголд айлчилж байсан хунтайж хаан ширээнд заларч, Рэйвагийн эрин эхэлсэн. Рэйвагийн эрин хоёр улсын харилцаанд ямар өөрчлөлт авчрах бол. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Манай хоёр улс стратегийн түншлэл байгуулсан. Бодит байдал дээр бид харилцан бие биедээ итгэж, харилцан ашигтай, бие биеэ нөхөж, тусалдаг байх нь маш чухал юм. Түншлэлийг улам бүр бэхжүүлэхийн тулд Япон улс ч, Монгол ч цаашид илүү хөгжиж, хүчирхэг болж байж энэ түншлэл улам бүр хөгжинө. Тиймээс манай хоёр улс тус бүртээ хүчин чармайлт гарган улсаа улам бүр цэцэглэн хөгжүүлээсэй хэмээн хүсч байна. Рэйвагийн он тооллын үед стратегийн түншлэл улам бүр эрчимтэй хэрэгжиж, хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Рэйвагийн он тоолол хоёр улсын хөгжилд том түлхэц болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.2.6 ПҮРЭВ № 25 (6250)