“Зүгээр нэг амьсгалаад өнгөрөх биш, нэг секундэд хоёр удаа амьсгалмаар байна.”
Нийгмийн сүлжээн дэх хуудаснаа үлдээсэн хэн нэгний энэ үгийн хариуд “ Ха ха, хүн секундэд хэд амьсгалдгийг мэддэггүй юм байхдаа энэ тэнэг”, “ Хэ хэ, ингэж хурдтай амьсгалж юу хиймээр байгаа юм бол. Хүрээд ир би амьсгааг нь түргэсгээд өгье?”, “ Тэгж байж амьсгаагаа хураах нь дээ, хи хи” гэх мэт өдий төдий сэтгэгдэл доор нь үлдээсэн нь хүний нийгмийн нэгээхэн сүүдэр.
“Миний гутлыг өмсөж үзээгүй байж чи хаашаа явахыг минь яаж мэдэх юм” гэсэн үгтэй адил бид хэрхэн бусдын үгийн цаадах бодлыг мэдэх билээ. Харин үүнийг бичигч ердөө “Цаг хугацаатай өрсөж ихийг хиймээр байна. Маргааш ч үхэж болох хорвоо шүү дээ” гэсэн залруулга нэмсэн байв.
Нээрээ л бид маргааш ч дуусаж мэдэх өдөр хоногуудыг угтаж, үдсээр байна уу даа. Хүмүүс, тэр тусмаа монголчууд тэнгэрийн байдлыг шинжиж цаг агаарыг таамаглаж ирсэн онцгой зөнтэй улс. Жаргах нарны багцаагаар тэнгэр хангайг шинжиж, малаа хотлуулах уу бэлчээх үү гэдгээ шийдэж ирсэн бидний гярхай монголчууд энэ цагийн байдлыг нэг шинжмээр юм шиг ээ...
Төрийн тэргүүнийг маань нэг нүдээрээ ч тоож харалгүй буцаасан Хойд Солонгосын удирдагчийн араншин гаарч байгаа нь хүн төрөлхтөнд, бүр байг бидний хэдэн Монголд ямар аюул дагуулах бол гэж бодож үзсэн хүн байна уу?
Гадаад мэдээ л бол гадаад мэдээ гэсэн улиг болсон нийтлэг ойлголтоор дэлхий дахинаа болж байгаа элдэв этгээд үзэгдэл, гамшиг зовлонг ердөө зурагтын удирдлага, зурагт хоёрын хоорон дахь зайгаар сэтгэж, суваг солих, унтраахын дайтай хямдхан үзэж, “ийм улсад төрчөөгүй бид юун гоё юм” гэсэн шигээ халаглах, эрхлэх нь ялгагдахгүй суух тийм “гэнэн цус” бидний судсаар урсаж байгаа гэж үү?
Хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж, хатуу чанга дэглэмтэй Хойд Солонгос улсад каннибализм дэлгэрч, өлсөж үхэхгүйн тулд нас барсан хүүгийнхээ шарилыг ухаж, махыг нь борцолсон хэргийн нууц эх сурвалжийн мэдээллийг гадны сайтууд өнгөрсөн жил дэлгэж орхисон. Төрсөн үрээ чанаж идсэн гэсэн мэдээлэл ч байна.
Хүн амаа тэгтэл нь өлсөөгөөд зөвхөн цөмийн зэвсэг л үйлдвэрлэж ирсэн, дургүй хүргэсэн бүхнээ цаазалж, цаазалсан бүх хүнийхээ ар гэрийг хорин эрүүддэг, таахын эцэсгүй их зантай энэ улсын тэргүүн тийш бүх дэлхий анхаарлаа хандуулж байгаа нь сонин биш гэж үү?
НҮБ-аас хүний эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний төлөө буруутгаж шүүхэд дуудсаар байхад дахин 200 хүнийг цаазалсан. Энэ хүнд ер нь өөрийн ухаан байна уу, эсвэл далдын хүчинд уддирдуулаад байна уу гэмээр аяглах энэ эрхмийн уур омгийн аясаар хүн төрөлхтөний хувь заяа эргэж мэдэхээр байна.
НҮБ-д уурласан уурандаа “ Май чи” гээд товчлуур дарахад л цөмийн дайн эхэлж мэдэхээр цэвүүн цаг ирсэн байна. Тэнгэр өөд дүүлэн ниссэн онгоцны зорчигчийг далайн ёроолоос хайж дуусаагүй байхад, одоо усны мандал дээр хөвсөн хөлөг онгоцоор аялагчдын сүнсийг тэнгэрээс хайх л үлдээд байна.
Өнөөдөр л нэгэндээ урмын үг хэлж, одоо л хэн нэгнийг амжиж хайрлахгүй бол нэг секундэд хоёр удаа амьсгалж чадахгүй нь.
“Их зан цэцэглэж таяг нахиалсан” цэвүүн цагийн өнгийг тэнгэрийн араншинг шинждэг монгол ухаан минь болгооно уу.