Ч.НАРАНСОЁЛ
Тайзнаа бүтээж байгаа дүрүүдээ дотроос нь маш сайн мэдэрч гаргадаг,дүр бүртээ чин сэтгэлээ шингээн дотоод ертөнцөөрөө дамжуулан илэрхийлж чаддаг болохоор түүний гаргаж буй дүр бүхэн дахин давтагдашгүй бүтээл болон түүний намтар түүхийг зузаатгадаг. Дуурийн өлгий болсон Итали улсад мэргэжил эзэмшсэн болоод ч тэр үү, тус орны хэл дээр тоглогдож байгаа дууриудад тоглоход үзэгчид түүнээс илүү их гал цог, дайчин эрэмгий байдлыг олж хардаг. Хоолойн цар хүрээ, хэмжээ, тоглолт, дуулалт, донж маяг зэрэг нь дэлхийн олон оронд “Энэ чинь тэр байна шүү дээ” гэдгийг төвөггүйхэн таниулдаг УДБЭТ-ын гоцлол дуучин, СУИС-ын багш МУГЖ Б.Эрдэнэтуяатай ярилцсанаа хүргэе.
БЛИЦ:
-1992-1997 онд МУГЖ М.Найдалмаа багшийн удирдлаган доор Соёл, урлагийн их сургуулийн дуулаачийн анги
-2002-2006 онд Венец дахь Марчеллогийн нэрэмжит Консерваторийн дуулаач, 2006-2008 онд тус сургуулийн магистрантурт дуурийн дуучин мэргэжлээр тус тус суралцаж төгсчээ.
Оросын холбооны улс (1998, 1999, 2000, 2001, 2010), Япон (1999, 2011), БНСУ (1999), БНАСАУ (1999), БНХАУ (2000), ХБНГУ (2001, 2011), Итали (2003-2011), Австри (2008), Швейцарь (2006 - 2010), Румын (2007, 2008, 2011) зэрэг улсуудад тоглолт хийж, эх орноо болон үндэснийхээ урлагийг сурталчлахын зэрэгцээ гадаадын уран бүтээлчидтэй хамтран Ж.Пуччини "Чио Чио Сан" дуурийн Чио Чио Сан, Ж.Верди "Травиата" дуурийн Виолетта, А.Моцарт "Дон Жуан" дуурийн Эльвира, Ж.Пуччини "Богема" дуурийн Мими, П.Масканьи "Тосгоны алдар" дуурийн Сантуцца зэрэг дүрийг Итали, Румын, Оросын Холбооны Улсын театруудын тайзнаа бүтээсэн.
Тэрээр:
Ж. Бизе"Кармен" - Микаэла
Ж.Пуччини "Турандот" - Лиу
Ж.Пуччини "Чио Чио Сан" - Чио Чио Сан
Ж.Пуччини "Тоска" - Тоска
Ж.Пуччини "Богема" - Мими
Ж. Верди "Травиата"- Виолетта, Анина
Ж.Верди "Аида"- Аида
Ж.Верди "Отелло" -Дездемона
Ж. Верди "Риголетто" - Паж
Ж. Верди "Трубадур" - Леонора, Инес
В.А.Моцарт "Дон Жуан" -Эльвира
П.Масканьи "Тосгоны алдар" -Сантуцца
П.И.Чайковский "Евгений Онегин"- Татьяна
П.И.Чайковский "Гилбэрийн хатан"- Лиза
S.Rachmaninoff "Алеко" -Земфира
А.Коваль "Чоно ба ишиг" - Отгон цагаан
Ж.Гершвин "Порги Бесс хоёр" - Бесс
Б.Шарав "Чингис хаан" -Сочигэл, Цотон
Д.Лувсаншарав "Хан бүргэд" -Норовлхам
Л.Пүрэвдоржийн "Дэлхий ээжийн төрсөн өдөр" -Хавар бүсгүй
Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой"- Хоролмаа
Л.Мөрдорж "Хөхөө Намжил"- Уянга зэрэг дүрүүдийг бүтээсэн.
-Дуурийн дуучин болсон тэр дурсамжаас ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
- Сурагч байхдаа “Шинэ пионерийн ордон”-д болсон “Орос дууны уралдаан”-д түрүүлсэн юм. Тухайн үед Ардын жүжигчин Г.Хайдав багш шүүгч байсан юм. Тэгээд “Чи дуулаачаар сурах хүүхэд байна даа” гэснийг одоо ч тод санадаг. Тэгээд сургуулиа төгсөхөд багш нар “Политехникийн чиглэлээр сураарай” гэж захиж байхад, зөвхөн дуу хөгжмийн багш маань “Үгүй, чи дуучин л болох хүүхэд шүү” гэсэн. Би өөрөө ч дуунд дуртай болохоор СУИС-ийг сонгосон. Бас багахан давааг давж Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа багшийнхаа гарын шавь болсон доо. СУИС-ийн багш нар надад их сайн. М.Найдалмаа багш маань намайг “Гологдон, хөөгдөн байж өөрийн сайнаар орж ирсэн” гээд намайг эрхлүүлж “Гадкий утёнок” буюу “Нугасны муухай дэгдээхэй” гэж өхөөрдөж дууддаг байлаа. Магтсан ч, зэмлэсэн ч “Гадкий утёнок” л гэнэ. Би багшийнхаа бараг гэрт нь амьдардаг байлаа. Миний гэрийн шаахай тэднийд байж байдаг. Багшийнхаа бас нэг охин нь юм шиг л дураараа дургидаг оюутан байлаа.
-Та дуурийн өлгий Итали улсад мэргэжлээрээ олон жил суралцсан, томоохон дууриудад дуулсан туршлагатай уран бүтээлчдийн нэг. Ялангуяа тус орны хэл дээр дуурь тавихад таны үүрэг оролцоо ихээхэн байдаг гэдэг нь сургуулилтын явцад ч гэсэн анзаарагддаг?
-Урлагийг хамтын бүтээл гэдэг. Түүн дотроос дуурийн урлагийн онцлог нь олон уран бүтээлчийн нэгдэл төдийгүй, олон урлагийн нэгдэл. Хөгжим, дуу, бүжиг, драм гээд бүгд дуурьт байна. Юуны түрүүнд дуурь гэдэг бол хөгжим, хэл хоёр юм. Миний тээж ирсэн эрдэм гэвэл итали хэл юм даа. Үг болгоныг мэдэж байвал зөв, гоё дуулна. Хөгжмийн зохиолч яагаад энэ үгэн дээр, үсэг дээр өргөлт тавьсан бэ гэдгийг харж, ойлгож, илэрхийлж дуулбал дүр илүү тод болно. Санаа алдах, мэгших, уйлах зэргийг үгнээс, тэмдэглэсэн өргөлтөөс ойлгох ёстой. Италиар “анно” гэдэг нь он жил гэсэн үг. Харин ано гэхээр бүсэлхийнээс дооших эрхтэн болно. Нэг үсэг, авиа дутуу хэлэхэд л утга дутдаг. Тийм болохоор дуурийн дуучин хүн гадаад хэл сурах нь хамгийн чухал. Манай театрын залуу дуучид гадаад хэл сурах гэдэг болсонд баяртай байдаг. Өмнө нь үнэнийг хэлэхэд манайхан италиар хэцүүхэн дуулдаг байлаа. Одоо бол бүгд италиар дуулдаг. Гадаадаас ирсэн итали хүн “Монголд итали хэлтэй хүн байдаггүй гэсэн чинь тайз дүүрэн байна шүү дээ” гэж дуу алдаж байсан тохиолдол ч бий.
-Таны хамгийн жаргалтай мөч?
-Мэдээж тайзан дээр байхдаа, үзэгчдийн нижигнэсэн алга ташилтыг чихээрээ сонсож, нүдээрээ харж, бүх л эмоцийг тэр өндөр дээрээс харж зогсохдоо би жаргалтай байдаг. Би сүүлийн жилүүдэд СУИС-ийн дуулаачийн ангид багшилж байна. Эндээс би бас их аз жаргалыг мэдэрч байгаа. Үнэхээр хийе бүтээе, суръя суралцъя гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдтэй хамтран ажиллах сайхан байдаг. Багшийн мэргэжил үнэхээр агуу юм гэдгийг маш сайн ойлгож байна. Хүүхдэд хичээл зааж, оюун тархинд нь сайн үр суулгахын тулд багш өөрөө эхлээд сайн суралцах хэрэгтэй болдог. Өөрөө өөрийгөө судлаж байна. Багшийгаа маш ихээр санан дурсаж ихээр хайрлах сэтгэл ч нэмэгддэг юм байна.
- Дэлхийн олон чадварлаг маэстро, сонгодог урлагийн мастерууд манай УДБЭТ-ын гоцлол дуучдыг “Хаана дуулах уран чадвараа эзэмшсэн бэ?” гэхээр бараг бүгд л “Монголдоо...” гэж хариулахаар гайхдаг гэж...Манай Урлагийн сургууль тийм л мундаг чадвартай багш нартай байна гэсэн үг шүү дээ.Багшийгаа улам ихээр санадаг боллоо гэж та дурдлаа. МУГЖ М.Найдалмаа багшийнхаа талаар яриач?
- Багшаасаа би маш их юм авсан. Наад зах нь эмэгтэй хүн биеэ яаж авч явах вэ, үг хэл яриагаа хэрхэн цэгцлэх вэ гээд л. Бидний түүх адал явдлаар дүүрэн. Нэг удаа багш бид хоёр хөглөж билээ. Гуравдугаар курст байхдаа анх удаа дарс ууж үзэв ээ. Нэг өдөр багш сургуулийн бусад багш нартай баяр тэмдэглэж дарс задлаад байж байхад нь би ороод ирлээ. Тэгэхэд багш “За, Туяашка, чи том болсон, үүнийг уучих. Хүн амьдралд бэлтгэлтэй байх ёстой. Хэзээ хаана дарс ууж сурна гэж явах вэ. Одоо уучих” гээд өгөхөөр нь залгичихсан юм. Удалгүй ээж намайг авахаар ирлээ. Машинд оронгуут өнөө дарс нь ханхийтэл үнэртэж л дээ. Ээж их уурлажээ. Маргааш нь ирж багштай уулзахдаа “Энэ хүүхэд өнөөдөр дарс ууж байна, маргааш хэн болох юм, ер нь энэ хүүхэд сургууль дээр өнжихдөө юу хийдэг юм” гэх зэргээр ар араас нь асуулт тавьж байна. Тэгэхэд багш концертмейстер багш Энхтуул руу дохиод “За, гадкий утёнок, “Тоска” дуул” гэлээ. Би дууллаа. Тэгэхэд ээж бүр гайхчихсан. “Ямар гоё юм бэ. Миний охин ингэж дуулдаг болсон юм уу” гээд бараг нүдэнд нь нулимс цийлэгнэх нь ээ. Тэгэхэд нь М.Найдалмаа багш маань нүүр бардам “Бид энэ сургуульд өдөржин ийм л юм хийж суудаг улс” гэж хэлсэн юм. Ээж гэртээ очоод аавд хэлсэн байсан. Тэр өдрөөс хойш манай аав ээж хоёр миний фэн болсон доо. Сургууль дээр, ангидаа дуулна уу гэхээс гэртээ дуу гарахгүй болохоор аав ээж хоёр мэддэггүй байж л дээ /инээв/. Өөрөө багш болоод ирэхээр өөрийн эрхгүй энэ бүх дурсамжууд сэргэж, шавь болгондоо анхаарад тавьж сайн мэргэжилтэн, сайн даацтай уран бүтээлч болгохын төлөө хичээнгүйлэн ажилладаг даа.
-“Урлагийн ертөнцөд хөл тавилаа. Мэдээж хүсч мөрөөдөж байсан бүх л зүйл санаснаар тань бүтэж байсан байх. Гэхдээ шантарч мохох зүйлтэй таарч байв уу?
-Байлгүй яах вэ. Бүх зүйл дардан сайхан байна гэж юу байхав. Дөрвөн жил тутамд сонгодог урлагийнхны дунд зохион байгуулагддаг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдаанд оролцох гээд маш их хичээл зүтгэл гаргаад, бэлдээд л. Яг орох гэсэн чинь хоолой өвдчихсөн. Бүх хичээл зүтгэл хэдхэн хоромын дотор байхгүй болж байгаа юм. Би өөртөө уурлаж, гомдож “Ахиж би хэзээ ч уралдаанд оролцохгүй, дуулах ч үгүй“ гээд л асгартал уйлж билээ. Тэр өдөр шууд л санаанд орж ирж байна.
-Хүн чанар гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?
-Хүмүүс боддог доо.”Надад энэ хүн яг ингэж хандаасай” гэж... Би хүнтэй харилцахдаа ямар нэгэн алдаа гаргах вий, гомдоох үг хэлчихвий гэж эмээдэг. Хүн чанар бол угаас мөн чанар юм. Хүн хүнээрээ байж бусдад хэлж байгаа үгээ хүртэл зөв илэрхийлчихэд л таны хүн чанар харагдана. Өрөвдөж хайрлаж байгаа мэт дүр эсгээд, цахим орчинд нүүр хуудсаа чимэхийн тулд тулд ядарсан хүмүүстэй хамт зургаа татуулж карьераа өсгөх оролдого хийж явдаг хүмүүс байдаг гэж дуулсан. Эргээд энэ хүмүүс өөрсдөө ч эвгүй байдалд, орж нийгэм тэднийг өөр өнцгөөс харах болно шүү дээ. Одоо ч гэхдээ хүнлэг, чанарлаг хүмүүс нийгэмд улам нэмэгдэж байгааг харахад тааламжтай байдаг даа.
-Таны сонирхол бюу хобби?
-Өсвөр насандаа нэлээн сайн цанаар гулгачихдаг, спортын уралдаан тэмцээнийг нь байнга үздэг, ёстой л ”алтан фанат” нь байлаа. Орос ном унших их дуртай. Хэдийгээр цахим ертөнц сайн хөгжиж, номыг шууд компьютер, гар утас таблет дээр унших боломжтой болсон ч би сурсан зангаараа цаас үнэртэж, хуудсыг нь имэрч, эргүүлж унших дуртай. Номны их гоё үнэр байдаг даа.Тэр үнэрт дуртай.
-Таны хэлэх дуртай үг...
-Би ер нь өөрөө сайн анзаардаггүй юм. Манайхан л “Та дандаа зүйр цэцэн үгээр ярих юм” гэдэг. Тэгэхээр уламжлалт зүйр үг л юм болов уу даа...”Эрхийг сурахаар бэрхийг сур” гэдэг шиг.
-Таны бусдыг өөртөө татдаг чанар?
-Энэ дээр ёстой бусад хүмүүс л хариулах байх даа. Ямар ч байсан намайг байгаа газар хүний хөл тасардаггүй юмдаг.Тэр нөхөд л хэлбэл зохих асуулт байна.
-Хайр таны бодлоор?
-Мэдээж хайргүй бол хорвоо үгүй.Хайр бол хүний орчлонд илгээсэн хамгийн үнэт бэлэг. Хайр байж амьдрал байна.
-Амьдрал гэж юу вэ?
-Хязгаар нь үл харагдах уужим ертөнц. Тэр л амьдрал дундаас чинь өөрийгөө олох гээд л хайгаад л явж байгаа хүн дээ би /инээв/
-Шинэ оны босгон дээр шинэхэн бүтээлээ дурдвал?
-Миний бие Монголын Урлагийн ажилтны холбооны Дуулаачийн нийгэмлэгийн тэргүүний албан үүргийг давхар хашдаг. Энэ жил Дэлхийн дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын олон улсын V уралдааны зохион байгуулагч шүүгчээр ажилласан. Манай шилдэг дуучид төдийгүй ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийт 60 гаруй дуучин оролцсон сайхан уралдаан болж, сайхан уран бүтээлчид ч энэ жил төрөн гарсан даа.
-Шинэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүлээч гэвэл та юу хэлэхсэн бол?
-Мэндчилгээ хүргэх хүмүүс гэвэл үнэхээр их байна. Өнөөдөр төр, засгийн хийж чадахгүй байгааг хэдхэн залуу хамтраад л хийчихэж байна. Нэг нэгэндээ их тус дэм болж байна. Ядарсан зүдэрснээ боломж бололцоо бүрээрээ тэтгэхийг оролдож байна. Оюутан залуус бас их бүтээлч байна. Нийгэм рүү чиглэсэн олон ажлуудад идэвхитэй оролцдог болсон байна. Сайхан гэгээн зүйлийг харвал бидний эргэн тойронд зөндөө байна. Бүхнийг сайхнаар харж ирээдүйгээ гэрэлтэй болгоцгооё л гэмээр байна даа. Онцгойлж баяр хүргэвэл энэ хуудас дүүрэн мэндчилгээ болох болов уу. Нутгийн зон олондоо, театрын хамт олондоо, Монголын урлагийн ирээдүйн төлөө мөр зэрэгцэн ажиллаж байгаа багш нартаа, шавь нартаа, хамтран ажилладаг байгууллагууддаа, Дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа оюутан цагийн найзууддаа...гээд намайг таньдаг бүх хүмүүст, цаашилбал Монголын ард түмэндээ ШИНЭ ОНЫ мэндийг хүргэе! Хийх ажил хичнээх их байна, төдийчинээ амттай байдаг. Бүх айл гэр бүхэн аз жаргалтай шинэ оноо угтаарай гэж хэлье дээ...
Эх сурвалж: www.polit.mn
чимэддорж
дэлхийд гайхагдсан олон шавьсургасан м.найдалмаад "ардын жүжигчин" өгөөсэй гэж хүсье