Б.ТУУЛ
“Өөр мэдээ”-гийн зочноор энэ удаа хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах уралдаанд Монгол орноо төлөөлөн оролцохоор өрсөлдөж буй Э.Энхсаруулыг урив. Тэрээр онлайн санал асуулгад 20 орчим мянган хүний санал авч өрсөлдөөнийхөө бүсэд тэргүүлж яваа нэгэн. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Дэлхийн хамгийн хүнд спортын төрөлд хойд туйлд болдог нохой чаргатай аялах уралдаан багтдаг. Энэ спорт манай ахуй амьдралтай ойр тул монгол хүн тэсвэр, хатуужлаа харуулахаар оролцдог. Та хэд дэх удаагаа өрсөлдөж байна вэ?
-Энэ уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс олон тамирчин өрсөлддөг. Тэднээс хамгийн олон санал авсан нь оролцдог гэсэн үг.
Миний хувьд нохой чаргатай аялах уралдаанд эх орноо төлөөлөн хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил харамсалтай хожигдсон болохоор даагаа нэхэх бодолтой байна. Би гадаадаар 10 гаруй жил аялахдаа дэлхийн дулаарлаас үүдэж цаг агаар, уур амьсгал, байгалийн зүй тогтол өөрчлөгдөж буйг хараад дотроо их эмзэглэж явдаг. Тиймээс энэ уралдаанаар дамжуулан хүмүүст байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалах сэтгэгдэл төрүүлэхийг зорьж буй юм. Нохой чаргатай аялах уралдаанд амжилттай оролцох давуу тал монголчуудад их бий гэж боддог. Тиймээс энэ уралдаанд монгол дээлээ өмсөж, нүүдэлчдийн ахуй, соёлыг дэлхийд таниулан сурталчилна.
-Энэ уралдааны хамгийн хүчтэй өрсөл-дөгчдийг нэрлээч гэвэл та аль улсыг нэрлэх вэ?
-Өнгөрсөн жилийн уралдаанд хамгийн хүчтэй өрсөлдөгч Испани улсын эмэгтэй тамирчин байлаа. Ази тивээс монгол хүн оролцоход хойд Европынхон эгдүүцсэн тал бий. Тэд өөрийн инстаграм, нүүр номдоо монгол хүн оролцуулахгүй гээд олон янзын уриа лоозон дэвшүүлж байв. Тэдний үйлдэл бүхэн надад маш том сургамж болсон. Уралдаанд ялагдах нь ялахын эхлэл байдаг. Миний нэр биш эх орны минь нэр гарах учраас энэ удаа амжилттай оролцохыг хичээж байна.
-Таны аялалын зургуудыг харахад, нохойтой хамт аялаж яваа харагддаг. Тэмцээний бэлтгэл үү эсвэл хобби юу?
-Би амьтанд их хайртай. Тэр дундаа тэжээвэр амьтдаас нохойтой илүү ойр өссөн. Би одоо ч гэсэн нохдоо эрхлүүлэн тоглуулж, хаана ч дагуулж явдаг болохоор нохойны зан чанарыг мэднэ. Хүнийг өөрт нь сайн, муу хандахыг нохой зөнгөөрөө мэдэрдэг.Надад амьтантай эелдэг харьцаж, өөртөө дасгах туршлага бий. Нохой чаргатай аялах уралдаан экстрим аяллын төрөлд багтдаг. Нүд алдам талд цасан дунд нохой чарга хөллөн салхи татуулан давхих нь үгээр өгүүлэмгүй сайхан мэдрэмж шүү дээ.
-Таны хувьд одоо уралдааны бэлтгэл хэр базааж байна вэ. -30-40 хэмийн хүйтэнд нохойтой аялах, олон хоног урт зам туулахад овсгоо самбаа, тэсвэр хатуужил их шаардах байх?
-Би бие болоод сэтгэлзүйгээ сайн бэлдэж байгаа. Өдөр бүр гүйж, алхаж бэлтгэлээ базаадаг. Ажлынхаа орчин нөхцлийн байдлаас халуун, хүйтнийг тэсвэрлэж сурсан. Уралдаанд оролцож байгаа тамирчид аяллын замд өдөрт 3500-4500 калори шатаадаг. Фитнесээр хичээллэдэг тамирчдын өдөрт гурван удаа бэлтгэл хийсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Тамирчдыг хоол хүнс, хувцасаар хангадаг. Хол замд уралддаг болохоор аяллын хоол биед шингэцтэй, хөнгөн, алдагдсан энерги нөхөх илчлэгтэй байдаг.
-Мэдээж, хоёр дахь уралдаан учраас бага ч болов туршлага хуримтлуулсан байх. Эхний уралдаан танд ямар санагдаж байв?
-Амархан санагдаагүй ч амжилттай оролцвол түрүүлэх боломж бий гэдгийг анхныхаа уралдаанаас мэдэрсэн.Хойд туйл дэлхийн хамгийн хүйтэн бүсэд багтдаг. Өдөртөө -25, шөнөдөө -40 хэмээс дээш хүйтэрнэ. Европ тивийн -15 хэм Монголын -30 градусын хүйтэнтэй тэнцдэг болохоор илүү хүйтэн санагддаг. Монгол хүн эрс тэрс уур амьсгалтай газар төрж өссөн болохоор хүйтнийг ажрахгүй давдаг. Одоогоор 1000 гаруй хүн санал асуулгад өрсөлдөж буй. Миний хувьд 19 мянган хүний саналаар тавдугаар байрт бичигдэж, өөрийнхөө өрсөлдсөн бүсэд тэргүүлж яваа. Харин эмэгтэйчүүдээс Ч.Даваадулам, Г.Гантуяа нар нэг бүсээс өрсөлдөж байгаа.
-Чарганы ноход энгийн нохойноос өөр. Уралдаанд оролцох нохдыг хэрхэн бэлтгэдэг вэ, хэд хоног уралддаг юм бол?
-Чарганы нохдын зан чанар ямар байдаг, тэдэнтэй хэрхэн харилцах талаар уралдааны оролцогчдод хэд хоногийн тусгай сургалт явуулдаг. Уралдаан зургаан хоног үргэлжилнэ. Өдөрт 50-70 км зам туулна. Хамгийн урд явдаг нохой багаа ахалж, удирдан чиглүүлнэ. Чиглүүлэгч нохой эзнийхээ хэлснийг cайн биелүүлдэг төдийгүй найдвартай туслагч байж, бусдыгаа дагуулах үүрэг, хариуцлагатай. Нэг чарганд таваас долоон нохой хөллөдөг.Уралдаанд оролцож буй тамирчид туйлд майхнаа бариад хоноглоно доо.
-Хэдэн орны тамирчид өрсөлддөг вэ?
-Дэлхийн 198 орныг 10 бүсэд хуваан бүс, бүсээс шалгарсан шилдэг тамирчид овсгоо самбаагаараа өрсөлддөг. Уралдааны замд хэн бүх зүйлээ нарийн тооцоолж, ур чадвартай өрсөлдөнө, тэр хүн л түрүүлдэг. Уралдаанд оролцох өдрүүдэд тамирчдад танин мэдэхүйн мэдээлэл өгч, аяллын хэрэгслээр бүрэн хангадаг. Энэ бол тамирчдын хувьд өөрийгөө сорьж, нээх маш том боломж байдаг. Хамгийн том шагнал нь тамирчин хамгийн өндөр санал авч, аялах уралдаанд оролцон маш гоё эрч хүч, сэтгэлийн таашаал авах байдаг юм.
-Таныг Шведэд олон жил ажиллаж, амьдарч байгаа гэж сонссон. Гадны улс орны хөгжлөөс харж, суралцаж байгаа зүйл олон л байдаг байх?
-Би Шведэд 16 жил ажиллаж, амьдарч байна. Хилийн дээс алхаж үзээгүй байхдаа хүний нутгийг үлгэрийн орон мэт санадаг байлаа. Очсон хойно төсөөлснөөс минь тэс өөр орчин угтахад гайхаж байсан үе бий. Тэнд бүх зүйлээ төлөвлөж амьдардаг болохоор хийж байгаа зүйлдээ үүрэг, хариуцлагатай ханддаг. Миний хувьд, Монголдоо сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилго тээж явдаг. Хэдий Шведэд байгаа ч гэрийнхэнтэйгээ байнга холбогдож, эх орноо хэрхэн хөгжиж байгаа талаар, хаана ямар үйл явдал болж буй талаарх мэдээллийг цаг алдалгүй авдаг. Хүн залуу насандаа төлөвлөж бодсон, зорьсон зүйлээ заавал амжуулах хэрэгтэй. Тиймээс өөрийн очиж үзээгүй орноор аялж, тэндхийн байгалийн зүй тогтол, цаг агаарыг сонирхож судалдаг. Мөн аялсан орныхоо соёл иргэншилтэй танилцах нь хамгийн чухал.
-Та дугуйн спортоор хичээллэдэг байх аа. Багадаа их спортлог хүүхэд байв уу?
- Миний хувьд дугуйн спортоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа явган аялах дуртай. Би хүүхэд байхдаа бие муутай, өвчинд өртөмтгий, өдөр бүр эм уудаг хүүхэд байсан. Нэг өдөр эмч надад “Чи амьдралынхаа турш идэвхтэй хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байвал эм уух хэрэггүй болно. Эм уугаад л байвал урт наслахгүй” гэж зөвлөсөн. Тэгээд спортоор хичээллэж, өөрийгөө хөгжүүлж, эрүүл болж чадсан. Би өөрөө өөрийгөө ялж чадсан гэж боддог.
-Энэ уралдаан дэлхийн олон оронд үзэгч ихтэй, дэмжигч олонтой байдаг. Монголчууддаа хэлэх үг юу байна?
-Санал асуулгаар оноо авах ганц хүний хийх ажил биш, олон хүн хамрах өргөн хүрээний ажил байдаг гэдгийг өнгөрсөн жилийн уралдаанаас ойлгосон. Дэлхийн олон хүн амтай орны тамирчид оноо их цуглуулдаг юм билээ. Нохой чарганы аяллын уралдаан олон хүний сонирхлыг татдаг болохоор таны хэлсэнчлэн үзэгч ихтэй байдаг. Тэр хэрээр өрсөлдөгч ихтэй. Монголд хоёр сая гаруй хүн сошиалд идэвхтэй байдаг, фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс эх орноо төлөөлөн оролцож буй тамирчиндаа санал өгөөрэй, биднийгээ дэмжээрэй гэж хэлмээр байна. Монголчууд минь намайг дэмжиж, https://polar.fjallraven.com/contestant/… гэсэн линкээр орж, саналаа өгөөрэй. Энэ жилийн боломжийг алдахгүйн төлөө би хичээх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.24 БААСАН № 16 (6241)