Н.МӨНХЖИН
Литва улсын Гадаад хэргийн сайд Линас Линкявичюс Испанийн “АВС” сонинд ярьж байна.
-Та Украины нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Сүүлийн үед тэндээс ирж буй мэдээлэл тийм сайн биш байх шиг байна?
-Тэнд нөхцөл байдал муу байна, бүр муудаж байна. Нөхцөл байдлыг битгий дэвэргээч, хил орчимд бөөгнөрүүлсэн цэргийн хүчээ эргүүлж татаач гэж бид бүгд Оросоос их гуйлаа, шаардлаа. Тэд үл тоомсорлосон төдийгүй бүр гамшиг болгож орхилоо. Украины зүүн хэсгийн Луганск, Харьков, Донецкт болж буй үйл явдал үнэхээр сэтгэл түгшээж байна. Бидний авсан арга хэмжээ хангалттай биш байлаа. Сайн тал руу нь эргүүлж чадсангүй.
-Донецкт салан тусгаарлах үзэлтнүүд орон нутгийн парламентыг эзэлж, тусгаар тогтнолоо зарласан. Орос улс ийнхүү Украины зүүн хэсгийг эзлэх бэлтгэлээ хийж эхэллээ хэмээн Ерөнхий сайд Яценюк мэдэгдсэн. Та ямар бодолтой байна вэ?
-Үгүйсгэх арга байхгүй. Оросууд Украины зүүн хэсгийг эзэлвэл гайхаад байх юм алга. 2008 онд Кавказад яг ийм үйл явц болсон. Эхлээд иргэдэд нь паспорт олгож, дараа нь мөргөлдөөн үүсгээд, тэгээд иргэдээ хамгаалах гэж байна хэмээн цэргээ оруулсан. Үр дүнд нь Гүржийн нэг хэсэг эзлэгдэж, байнгын цэргийн мөргөлдөөний эхлэл тавигдсан. Одоо Украинд нөхцөл байдлыг эргүүлэхэд хэтэрхий оройтчихлоо. Гэхдээ цаашдаа ийм зүйлээс зайлсхийхийн тулд ямар нэг сургамж авах нь чухал байна.
-Оросууд Украины зүүн нутаг руу цэргээ оруулбал ямар хариу алхам хийх ёстой вэ?
-Энэ их сайн асуулт. Ийм юм болох вий гэж манай улс их санаа зовниж байна. НАТО бид бүхэнд баталгаа өгч байгаа болохоор Оросын цэрэг тийшээ орох шалтаг, шалтгаан байх ёсгүй. Гэвч энэ баталгаа Украины газар нутаг дээр мөрдөгдөхгүй байгаа нь харамсалтай.
-НАТО илүү их зүйл хийж чадах юм биш үү?
-НАТО цэргээ шууд оруулах эрхгүй. Харин аюулгүй байдлын баталгааг шууд бусаар гаргаж өгөх боломжтой.
-Украины хямралыг шийдвэрлэхэд танай улс ямар саналтай байна вэ?
-Би хувьдаа Украинд урьдчилан сэргийлэх хүчийг байрлуулах саналтай байна. Учир нь өөр аргаар үзээд үр дүнгээ өгөхгүй байна шүү дээ. Хориг арга хэмжээ авч байгаа ч үр нөлөө гэх юм алга.
-Литвад ч үндэстний цөөнх оросууд бий. Тэд Оросын талыг барьсан үйлдэл гаргах вий гэж болгоомжилж байна уу?
-Манай улсад тийм зүйл болохгүй гэдгийг хэлье. Украин дахь орос үндэстний эрх зөрчигдлөө гэдэг бол худлаа. Тэнд болсон зүйл нь юу гэдгийг хэлчихье, зүгээр л албаар өдөөсөн хямрал. Литва руу эргэж оръё. Тэнд байдаг оросууд Литвагийн иргэншилтэй, ихэнх нь литва хэлээр ярьдаг. Мөргөлдөөн, хямрал гарах ямар ч үндэслэл байхгүй.