Т.БАТСАЙХАН
Монгол Улс Ардчиллын замыг сонгож, шинэ Үндсэн хуулиа баталсны 28 жилийн ой энэ сарын 13-нд тохионо. Энэ өдрийн өмнөхөн АИХ-ын депутат асан С.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Та 1992 онд Үндсэн хууль батлалцах үйл хэрэгт оролцож байжээ. Тэр цаг үеийн улс төрийн байдал, нийгмийн уур амьсгал ямар байсан тухай яриагаа эхлэх үү?
-1980-аад оноос Монголын нийгэмд өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж эхэлсэн. Барууны орнуудын нөлөө ч байсан болов уу. Тухайн үед Чех, Югослав, Польшод нийгмийн өөрчлөлт, шинэчлэл ид явагдаж байв. Тэнд сурч байсан залуучууд ч Монголд өөрчлөлт хэрэгтэй гэдэг агуулгатай яриануудыг их гаргадаг байв. Ингээд манай сэхээтнүүд нийгмийн тогтолцоог өөрчлөх үйл хэргээ гүйцэлдүүлж эхэлсэн. Хаалттай уулзалт, яриа хэлэлцээр хийж байсан. Мөн хэвлэлийн хуудаснаа захидал, санал байдлаар улс төрийн товчооны гишүүдийг шүүмжилж эхэлсэн. Энэ үйл явц үргэлжилсээр 1990-ээд оны үед нийгэм өөрчлөгдөх нь нэгэнт тодорхой болсон. Нөгөө талаар нийгмийн захиалга ч гэх үү энэ өөрчлөлтийг тухайн үеийн нам, засгийн удирдлагууд мэдэрч хүлээн зөвшөөрсөн. Би тухайн үед намын төв хороонд ажиллаж байсан учраас тэр уур амьсгалыг сайн мэддэг. Тэр үед МАХН-ын удирдлагуудын зүгээс асуудалд маш зөвөөр хандаж, буулт хийсэн. Энэ нь ч цаг үеэ бодсон шийдвэр байсан даа. Намын төв хороо наймдугаар бүгд хурлаа хийж, Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.
-Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох улс төрийн шийдвэр гаргасан гэлээ. Тэгвэл хуулийн хүрээнд энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-1960 онд баталсан Үндсэн хуульд “БНМАУ-д Төр нийгмийн удирдан чиглүүлэх хүч нь МАХН нам мөн” гэсэн заалт байсан. Нам төрийг орлож, тухайн улсыг удирддаг байсан. Харин нийгэм нэгэнт өөрчлөгдөж байгаа учраас Үндсэн хуулийн тэрхүү заалтыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Намын төв хорооны наймдугаар бүгд хурлаар Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон нь Үндсэн хуулиасаа татгалзсан хэрэг болсон. Түүний дараахан АИХ-ын наймдугаар чуулганаар Үндсэн хуулийн тэрхүү татгалзсан заалтыг баталгаажуулж, нэг намын удирдлага гэдэг дээр нэмэлт оруулсан. Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдсэн улс төрийн намууд байж болох тухай заалт байсан юм. Үүний дараагаар нийгмийн өөрчлөлт эрч хүчээ авч эхэлсэн дээ. Гэхдээ нэгэн зүйлийг онцлоход, эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд аливаа өөрчлөлтийг хуулийн дагуу, зөв чиглэлд шийдэх ёстой гэсэн байр суурийг тухайн үеийн удирдлагууд эрэлхийлж байлаа. Тэгээд 1990 онд АИХ-ын сонгууль явуулах хуулийг шинэчлэн батлаад 1991 оны сонгууль явуулсан байдаг.
-Тухайн сонгуульд нэр дэвшиж депутатаар сонгогдсон хүний нэг нь Та. Сонгуулийн үйл явцыг ямар байдлаар зохион байгуулсан бэ?
-Аймаг, сум бүрээс депутат сонгогдсон. Гэхдээ нэг онцлог нь хөдөлмөрчдийн хурлаас нэр дэвшүүлж байв. Тухайн сонгуулиар депутат болсон хүмүүсийн гол үүрэг нь шинэ Үндсэн хууль батлах ёстой байв. Би Өвөрхангайн хүн л дээ. Гэхдээ Булган аймагт намын даалгавраар ажиллаж байсан. Энэ ч утгаараа Булганы Баян-Агт суманд, намынхаа Бямбасүрэн гэдэг залуутай өрсөлдөж, олонхийн саналаар АИХ-ын депутатаар сонгогдож байлаа.
-АИХ-ын анхны хуралдаанаар ямар асуудлыг шийдэж байв. 430 хүн сонгогдсон гэхээр уур амьсгал нь ямар байсан бэ?
-Төр засгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, анхны Ерөнхийлөгчийг баталж, Ерөнхий сайд Д.Содном гуай ажлаа өгч, Ш.Гунгаадорж болсон. Мөн Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж байв. П.Очирбат ахалж, Улсын бага хурлын гишүүдээс хуулийн мэргэжилтэй, мэдлэгтэй хүмүүсийг авч Үндсэн хуулиа өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн. Удалгүй Ажлын хэсгээс “Их засаг” нэртэй хуулийн төсөл боловсруулж, ард түмнээрээ хэлэлцүүлсэн. Ингээд 1991 оны аравдугаар сард хуулийн эхийг АИХ-д оруулж ирсэн. АИХ-ын 430 депутат аравдугаар сарын 11-нд анхны хэлэлцүүлгээ хийсэн. Депутатууд дунд янз бүрийн үзэл бодолтой, насны хувьд ч зөрөөтэй хүмүүс байлаа. МАХН-ын гишүүд олонхи байсан. Нөгөө намын төлөөллөөс орж ирсэн хүмүүс нэлээд шүүмжлэлтэй хандаж ирсэн. “Коммунистууд хуучин бодлогоо тусгах гэж байна” гэсэн өнгө аясаар хандаж, зөрчилдөх, маргалдах зүйл бишгүй байлаа. Үүнээс болоод талцах, намчирхах байдал нэлээд газар авч ер нь Үндсэн хуулиа баталж чадах уу үгүй юу гэсэн уур амьсгал хүртэл бий болж байсан. Гэхдээ тухайн үед АИХ-ыг удирдаж байсан Т.Уртнасан даргын ур чадвар, зохион байгуулалт сайн байсан учраас энэ асуудлыг даван гарч чадсан.
-АИХ-ын депутатын хувьд асуудалд ямар зарчмаар хандаж байсан бэ?
- Тухайн үеийн гишүүд монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, хүний эрхийг баталгаажуулахын төлөө Үндсэн хуулийг батлах ёстой гэсэн зарчмаар хандаж ирсэн. Намын үйл хэрэг гэхээсээ илүү депутатуудын чин хүсэл энэ байсан. Өөр ямар нэгэн бодол өвөртлөөгүй, жинхэнэ эх оронч сэтгэлтнүүд сууж байсан гэж боддог юм. Аравдугаар сард хэлэлцэж эхэлсэн Шинэ Үндсэн хуулийн төслөө 70 гаруй хоног хэлэлцээд нэгдүгээр сарын 13-нд эцэслэн баталж байлаа.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад зарчмын заалтууд дээр ямар саналууд гарч байв?
-БНМАУ-ын нэрийг Монгол Улс гэж өөрчилсөн. Зарим депутатын зүгээс “Улсын нэрийг өөрчлөхөд нэлээд асуудал үүснэ. НҮБ-д БНМАУ гэсэн нэрээр элссэн. Нэрээ өөрчлөхөөр ямар улс гэж ойлгох вэ. Зарим улстай андуурагдах байдал үүснэ” гэх яриа ч олон гарсан. Нэлээд маргалдсаны эцэст нэрээ өөрчлөх дээр санал нэгдсэн. Мөн засаглалтай холбоотой асуудал байна. Парламентынх байх юм уу. Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох юм уу гэсэн санал ч явж байв. Тухайн үед АИХ нь парламентын үүрэг гүйцэтгэж байв. Дороо бага хуралтай. Тэгээд депутатууд нэлээд маргалдсны эцэст парламентын засаглалыг сонгож байлаа. Энэ бол Үндсэн хуулийн нэг үнэт зүйл болсон юм. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд парламентын засаглалыг үгүйсгэх өнгө аяс улс төрд ажиглагдах боллоо. Парламентын засаглалаас ухрах ёсгүй гэж боддог. Үндсэн хууль маань Монголын ард түмний оюуны өмч юм. Ард түмэн энэ замыг сонгосон. 1992 онд Үндсэн хуулийг батлахад нэг сая гаруй хүн саналаа ирүүлсэн байдаг. Тэгэхээр засаглалын тухай хэн дуртай нь дураараа ярьж боломгүй.
-Ер нь тухайн он жилүүдэд ард түмний улс төр, нийгмийн оролцоо их сэргэсэн гэж ярьдаг?
-Тийм шүү. Ард түмний оролцоо энэ үед маш их идэвхжсэн. Эрх үүргээ ухамсарласан, эх оронч үзэл нь сэргэсэн ийм он жил байлаа. Эх оронч үзэл гэхээр дайн байлдаанд явсан хүмүүсээр л төсөөлдөг байсан үе. Харин Үндсэн хуулиа ард түмнээр хэлэлцүүлээд эхлэхээр би энэ улсынхаа эзэн нь юм гэсэн нийгмийн ухамсар нь сэргэсэн. Улс төрийн боловсрол нь нийтээрээ дээшилсэн. Энэ нь мөн Анхдугаар Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлсний нэг үр дүн байсан. Тэгэхээр анхдугаар Үндсэн хууль нь яалт ч үгүй Монголын ард түмний оюуны бүтээл.
-Ардчилсан Үндсэн хуультай Монгол Улс боллоо. Түүний маргаашаас нийгэм нэлээд бужигнаж эхэлсэн. Энэ үйл явцыг та юу гэж дүгнэх вэ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн хэрэгжилт ямар байсан бэ?
-Үндсэн хуулиа дагаж мөрдөөд 27 жил боллоо. Анхдугаар Үндсэн хууль маань дэлхийн жишигт нийцсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн тийм баримт бичиг болсон. Үүнийгээ дагаад нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг ард түмний эрх ашгийн хүрээнд шийдвэрлэх органик хуулиудыг батлах шаардлага гарсан. Тухайн үед шинээр байгуулагдсан парламент, бага хурал шамдаж ажилласан. Нэг нийгмээс нөгөөд шилжсэн, гадны тусламж дэмжлэг зогсч, өөрөө өөрийгөө авч явах шаардлага үүссэн тийм цаг үе байлаа. Харин энэ хуулиудын хэрэгжилт дээр түүнээс хойшхи парламент, Үндсэн хуулийн цэц муу ажилласнаас өнөөгийн нийгмийн гажуудал үүссэн гэж хардаг. Тухайлбал өмч хувьчлалын асуудал буруу замаар явсан. Үүнтэй холбоотой шийдвэрийн гол заалт болох тухайн өмчийн өмнө нь явуулж байсан үйл ажиллагааг зогсоохгүй, үргэлжлүүлнэ гэдгийг хэн ч дагаж мөрдөөгүй. Улсын үйлдвэрийг хувьчилж авах ажлыг хийхдээ ажилчдыг нь хөөж гаргаад, тоног төхөөрөмжийг нь тоноод юу ч үгүй болгосон. Тухайн үед иргэд өмнөх нийгмийн сэтгэлгээнээсээ салаагүй, хөрөнгөтэй баян хүнийг үздэггүй ийм л байв. Харин үүнийг зарим нэг хүн овжиноор ашиглаж баяжсан явдал бий. Одоо Монголын баялаг хэдхэн хүний гарт орсон гэж яриад байна. Үүний эх үүсвэр нь ердөө өмч хувьчлалын асуудлыг гажуудуулсанд л байгаа юм.
-Та бүхний бодож санаж баталсан шиг тийм замаар явч чадаагүй юу?
-Яг тэгж хэлж боломгүй. Улс оронд болж бүтэж байгаа зүйл олон байна. Бидний амьдрал өөрчлөгдсөн. Гэхдээ иргэдийн амьдрал жигд дээшилсэнгүй, баян хоосны ялгаа их байна. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжөөнө гэсэн Үндсэн хуулийнхаа толгойд тавьсан энэ үгийн мөн чанарыг бүрэн хэрэгжүүлж чадсангүй. Тэгээд одоо бүх бурууг Үндсэн хуульдаа өгч болохгүй.
-27 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Энэ хуулийн өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-1992 онд Үндсэн хуулиа баталсан ч гэлээ шинэ нийгэмд шилжихэд улсаа яаж авч явах вэ гэсэн цэгцтэй хөтөлбөр байгаагүй юм байна. Барууны орныг дуурайсан зүйл бий. Гэхдээ Монгол бол Монгол. Энэ хөрсөн дээр нийцсэн бодлого явах ёстой байсан. Нийгмийг бүхэлд нь харахад бодлого дээр алджээ гэж харж байна. Мөн Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн хугацаанд үүргээ биелүүлж, Үндсэн хуулийн жинхэнэ манаач байж чадсангүй. Тиймээс нийгмийн болохгүй бүтэхгүй болгоныг Үндсэн хуульдаа чихэж болохгүй. Мөнхийн хөдлөшгүй царцанг зүйл гэж байдаггүйтэй адил энэ хуулийг өөрчилж болно. Нийгмийн харилцаа гэдэг өөрөө баян учраас түүнийг дагаад зайлшгүй өөрчлөх зүйлүүд байлаа. Төрийн эрх мэдлийн хуваарилалт, шүүх байгууллагын шинэчлэлийн асуудал гээд өөрчлөгдсөн заалтуудыг харсан. Нэлээд нааштай зүйлүүд харагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайдад эрх мэдэл өгснийг зөв гэж харсан. Нэгэнт л улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа юм бол сайд нараа өөрөө томилж, хариуцлагаа ч өөрөө хүлээх хэрэгтэй. Нөгөө талаар Үндсэн хуулийн хэрэгжилтийг сулруулсан зүйл нь иргэн болоод албан тушаалтны эрх, үүргийн харилцаа юм. Эрхийг нь маш өргөн хүрээнд зааж өгсөн атлаа үүрэг гэхээр хэдхэн зүйл байдаг. Үүнийг Үндсэн хууль болоод дагалдах хуулиуд дээрээ зөв тусгаж өгөх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.1.9 ПҮРЭВ № 5 (6230)
С.Лхагвасүрэн: Эрхээ эдлээд үүргээ мартсан нь үзэл санааг мохоосон тал бий
2020-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин