“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

15 цаг 38 мин
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.  2024 оны босгон дээр бид энэ онд манай сонины тэргүүн нүүрийг чимж байсан трэнд зочидтойгоо дахин холбогдож, 2024 оноо хэрхэн дүгнэж байгааг нь сонслоо.

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч асан, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэсэн жил боллоо

-Засгийн газраас сүүлийн гурван жилд экспортыг эрчимжүүлэх, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, уул уурхайн биржийн тогтолцоог бий болгох зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгэсний үр дүнд нүүрсний экспорт энэ онд түүхэн дээд хэмжээ буюу 84 сая тоннд хүрэхээр байна. Ингэснээр нийт экспорт 16.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 6 орчим хувиар өслөө. Экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлснөөр манай улсын гадаад валютын нөөц оны эцэст 5.3 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос найман хувиар өсөхөөр байгаа юм. Мөн бид сүүлийн жилүүдэд өрийн дарамтыг тогтвортой бууруулж, өрийн зохистой удирдлага болон төсвийн сахилга батыг хангаж чадсаны үр дүнд олон улсын байгууллагуудаас манай улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “В+” тогтвортой түвшинд хүргэж ахиуллаа. Ингэснээр хувийн хэвшлийн зээлжих зэрэглэл даган сайжирч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сэргэж байна. Энэ нь цаашид манай эдийн засгийн хөгжлийг дэмжих, тогтвортой өсөлтийг хадгалах, мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх эерэг үр дүнг бий болгох юм.

 

Жүжигчин Н.Баярмаа: Тулаад ирсэн сорилтыг багаараа давж гарлаа

-2024 он эхнээсээ шинэ сорилтуудтай жил байлаа. Хувь хүний маань мөн чанарыг шалгасан жил байлаа. Магадгүй Н.Баярмаа гэдэг эмэгтэй зорилгодоо хүрч чадах эсэх, зорилгодоо хүрэхийн тулд үнэнч зүтгэх эсэхийг минь шалгаж байна гэж хүлээж авсан. Мэдээж надад тулгарсан сорилтыг багийнхаа хамтаар амжилттай даван туулж байгаадаа баяртай байна. Сорилт бүр өөрийн гэсэн үр нөлөөтэй байдаг гэдгийг харуулахыг хичээж маш шаргуу ажилласан жил байлаа. Магадгүй хувь хүний хувьд нэг алхам урагшилж, өөрийгөө хөгжүүлж бас урам зоригоор хөглөгдсөн жил боллоо. Ингэснээр ирэх жилд илүү эрч хүчтэйгээр ажиллана. Олон зүйлийг олж харж, ойлгож ухаарсан 2024 он байлаа.

 

“Монгол цэрэг энхийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбилэг: Намайг сонгосон 10 гаруй мянган иргэндээ баярлалаа

-2024 он миний хувьд шинэ сорилтын жил боллоо.   Учир нь УИХ-ын сонгуульд ХҮН намаас нэр дэвшиж өрсөлдсөн нь анхны тохиолдол байв.  Энэ утгаараа шинэ зүйл туршиж, суралцах зүйл ихтэй, өөрийгөө болоогүй байна гэдгийг мэдэрсэн жил байв. Ер нь хүнийг сонсож сурах ёстой юм байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй байх нь чухал юм байна гэдгийг мэдэрсэн. Олон нийтэд сайн танигдаагүй ч  10 гаруй мянган хүний санал авна гэдэг чамлахааргүй амжилт билээ. 

 

Ардын жүжигчин, “Улаанбаатар” театрын дуучин С.Ганзориг: Амжилт бүтээл дүүрэн жил байлаа 

-Энэ жилийн тухайд нийслэлийн “Улаанбаатар” чуулга маань театр болж өргөжсөн. Миний төрсөн нутаг маань Говь-Алтай аймгийн Бигэр сум. Энэ жил 100 жилийн түүхт ойгоо өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Манай нутгийн сүлд шүтээн болсон Бурхан Буудай уул маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат хайрхан боллоо. Миний тухайд төрийн их баяр наадмаараа Монгол Улсын Ардын жүжигчин хэмээх эрхэм цолыг хүртэж амжилт бүтээл дүүрэн жил болж өнгөрч байна. Манай гурван ихэр хөөр, хөгжил дүүрэн, эрүүл саруул торниж байгаад баяртай байна. Олны хайр энэрэл, хүндлэл гэдэг агуу зүйл байдаг. Нутаг ус, ажил, амьдрал гээд 2024 оныг амжилт бүтээл дүүрэн үдэж байгаад баяртай байна. Төрийн тахилгат хайрханы авшиг буян түмэн олныг минь мөнхөд ивээж байг ээ.

 

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр: Тавантолгой бүлэг ордыг түшиглэсэн бүтээн байгуулалтууд жигдэрсэн жил боллоо

-Төрийн өмчит компани байгуулж, төслийг хаанаас санхүүжүүлж, хэрхэн явуулах тухай шийдвэрийг ч Засгийн газраас баталсан. Манай компанийн 34 хувийг “Монголын төмөр зам” ХК, 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшдэг. Тавантолгой бүлэг орд дээр байгаа нүүрс, эрдэс баялаг, бүтээгдэхүүнүүдийг захиалагч тал буюу холбогдох газар хүргэх нь бидний үүрэг. Эрдэс баялгаа хүргэж, үнэ цэнээ өсгөх нь монгол улсын хөгжлийн нэг стратеги шүү дээ. Энэ нь өөрөө үнэ цэнтэй ажил юм. Өмнө нь манай улсад төмөр замын асуудал маш олон жилийн хугацаанд яригдаж ирснийг дурдах нь зүйтэй. Ялангуяа “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын асуудал 2010-аад оноос эхлэлтэй. Тавантолгой, Ухаа худгийн ордыг ашиглаж эхэлснээс хойш л яригдсан. Өнгөрсөн цаг хугацаанд алдаа, оноотой зүйл олон байдаг ч 2018 оноос ерөнхийдөө Тавантолгой бүлэг ордыг түшиглэсэн бүтээн байгуулалтууд эхэлж, үйл ажиллагаа жигдэрсэн гэж хэлж болно. Төмөр замын суурь бүтэц эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгож, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам барих ажил анх эхэлсэн.  2023 онд ажлаа авч байхад 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2024 оны эхний хагас жилийн байдлаар бид нийт 61 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан амжилттай байна. Удахгүй төмөр замын холболт хийгдсэнээр Гашуунсухайт боомтоор урд хөрш рүү манай бүтээгдэхүүн саадгүй гарч, хоёр улсын хооронд  хоёр дахь том гарц бий болох юм.


“Loriblu Mongolia” брэндийг үүсгэн байгуулагч Н.Лхамсүрэн: 10 жилийн өмнө эдийн засгийн “шуургатай” цаг үед брэндээ нээсэн минь оножээ гэдгийг мэдэрсэн жил байлаа

-Италийн хамгийн шилдэг, хамгийн тансаг дээд зэрэглэлийн брэндэд тооцогддог “Loriblu” компани 2015 оны есдүгээр сарын 17-ны өдөр Монголд албан ёсоор 44 дэх салбар дэлгүүрээ нээж байсан. Нээлтийн ажиллагаанд оролцохоор Италийн “LORIBLU” брэндийн гүйцэтгэх захирал хатагтай Аннарита Пилотти хүрэлцэн ирсэн. Тэрээр Итали, Европын гутлын үйлдвэрүүдийн холбооны ерөнхийлөгчийн нэр хүндтэй албыг хашдаг хүн л дээ. “Loriblu” брэнд нь өдөр тутмын, гоёлын, спорт загварын гээд төрөл бүрийн сонголтыг санал болгодог. Бас үнэт чулуу, Сваровский элементтэй загварууд нь олны таашаалд нийцдэг. Дэлхийд “Маde in Italy” гэдэг нь өөрөө брэнд байдаг. Тэр шилмэл дундаас тансаг, чанартай хамгийн сайныг нь Монголынхоо хэрэглэгчдэд хүргэх болсондоо маш их баярлаж байлаа.   Нөгөө талаар 2015 онд дэлгүүрээ нээж байхад Монголд бас л  нэг төрлийн эдийн засгийн хямрал нүүрлэж байсан. Тэр үед найз нөхөд ойр дотнынхон минь надад хэлж байсан л даа. “Лхам аа, хямрал эхэлж байхад юун үнэтэй брэнд дэлгүүр вэ” гээд л. Надад тухайн үед зогсох, буцах эрх байгаагүй. Тэр том брэндийн дэлгүүрийн эрхийг аваад гэрээгээ байгуулаад, бүх зүйлээ яриад тохирчихсон.  Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн байсан.  Ингээд ямар ч гэсэн Монголдоо дэлгүүрээ нээсэн. Би ер нь нэгэнт л зорьж зүтгэсэн бол эрсдэлээс айдаггүй, зоригтой. Хүн аливаа зүйлд зориг гаргаад зүтгэсэн байхад алдах, онох нь бий л байх.  Тэгвэл 10 жилийн өмнө эдийн засгийн “шуургатай” тэр цаг үед брэнд дэлгүүрээ нээсэн минь оножээ гэдгийг өнөөдрийн манай дэлгүүрийн үйл ажиллагаанаас харж болох юм.

 

Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ гишүүн Л.Энхнасангийн зөвлөх О.Цэцэгбал: Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлд ажилласан жил байлаа

Том хүү маань 18 нас хүрч бага хүү минь нэгдүгээр ангид элсэж, гэрээр дүүрэн ТОМ хүмүүс өсөж буйг илүү их мэдэрлээ.

Дотны хүмүүст маань тохиолдсон зовлон, жаргалыг аль болох хуваалцахыг хичээлээ.

Зун гэр бүлээрээ хөдөө амарч намар Солонгос улсад аяллаа. Бусад үед нь хэрэндээ ажиллаж, суралцлаа.

Хэзээ ч зүглэхгүй гэж бодсон ЗҮГ буюу улс төрийн сонгуульд хүч үзлээ. Олон сайхан найз нөхөд, ах дүү, хамтрагчид, олон түмний дэмжлэгийг мэдэрсэн.

Гэнэтийн шийдвэрүүдээр дүүрэн их адал явдалтай жил боллоо гэж дүгнэж байгаа. Ирэх 2025 он юу болохыг харж л байя. Айхтар улайран шунасан зорилго гайгүй ээ. Өдөр өдрөөр, сар сараар урагшилна даа.

Ард иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө улс орон минь жаахан ч гэсэн урагшаа ахиасай л гэж бодож байна.

Хоёр яамны хамтарсан “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээний төлөвлөгөөг батлуулах ажилд гар бие оролцлоо. УИХ дээр мөн энэ талаарх холбогдолтой хуулийн төслийн ажлын хэсгүүдэд орж ажиллахаар төлөвлөж байна.

 

Тапан Мишра: Бие минь явсан ч сэтгэл зүрх минь Монголоос хэзээ ч явахгүй

-НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн албан үүргээ энэ жил дуусгаж байгаа учир 2024 оны тухай зөвхөн нэг оны биш өнгөрсөн таван жилийн тухай илүү онцолмоор байна. Би яг одоо Нью-Йорк хотноо ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд гайхалтайгаар цэцэглэн хөгжсөн бүх сайхан харилцаа, нөхөрлөлөө эргэн дурсаж байна. Монгол хүмүүсийн халуун дулаан, сайхан сэтгэл үнэхээр үнэ цэнэтэй байлаа. Намайг үдэж мордуулахыг хүссэн олон сайхан найз нөхөд, ажлын хамтрагчид албан ёсны үйл ажиллагаа болон албан бус уулзалтууд бүгд үнэхээр мартагдашгүй байлаа! Би маш их хайр, энэрэл, хүндэтгэлийг хүлээн авсан бөгөөд “Найрамдал” медаль, Эрүүл мэндийн салбарын, онцгой байдлын салбарын, Улаан загалмайн нийгэмлэгийн гээд олон сайхан шагнал өргөмжлөл хүндэтгэлийг хүлээн авсандаа гүн талархаж байна.

Хамгийн сүүлд идээшин дассан хамт олонтойгоо хэдэн цагийн турш амттай хоол, ундаа ууж, гайхалтай яриа өрнүүлж, үдийн зоог барьсан.  Надад тэд минь Монгол хэмээх гайхамшигт орныг ивээж байдаг шүтээн болсон Очирвааны өлгий сүрлэг цаст Очирваань хайрханы зургийг жаазлан барьсанд сэтгэл их хөдөлж, догдолж байлаа. Хэзээ нэгэн цагт Монголдоо дахин ирж, Отгонтэнгэр хайрханы зүг аялах аяллаа тэсэн ядан хүлээнэ гэж найдаж байна!

Сүүлийн хэдэн долоо хоногт маш завгүй хуваарийн улмаас явахыг хүссэн ч уулзахаас өмнө уулзаж чадаагүй өөр олон найз нөхөд, хамт олон бий. Тэднээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж, хэзээ нэгэн цагт Монголд ирэхдээ тэдэнтэй биечлэн уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Мэдээж энэ цаг хугацаанд бид цахимаар уулзах болно. Хэдий Монголоос бие минь явж байгаа ч оюун санаа, зүрх сэтгэлээрээ Монголоос хэзээ ч явж чадахгүй, би.  “Зүрх сэтгэлтэй Монгол!

 

Монголын төмөр зам ТӨХК-ийн төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргал: Эв эеийг хичээж, эвсэж нэгдсэн жил боллоо

-2024 он тэнгэрийн хүчийг билэгддэг Луу жил байлаа. Энэ жил төр түвшин байж төрийн шат шатны сонгууль амжилттай сайн зохион байгуулагдлаа. Манай улс түүхэнд анх удаагаа 126 гишүүнтэй парламенттай болсон. Мөн нам эвсэлүүд талцаж, улстөржилгүйгээр нэгдэж, хамтарч Засаг төрөө эмхлэн байгууллаа. Үүний үр дүнд том бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж ажил хэрэг болгохоор зорьж буй сайхан жил болж байна. Үр хүүхэд эрүүл саруул, ажил үйлс өрнүүн сайхан жил боллоо. Ирэх жилдээ түмэн олон минь амгалан байж хүн бүрийн санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байг ээ. Шинэ оны мэнд хүргэе.

 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: Амьдралдаа огцом өөрчлөлтийг хийсэн он байлаа

2024 он амьдралдаа огцом өөрчлөлтийг хийсэн он байлаа.

Австралид эрчим хүчний чиглэлээр магистр, доктор хамгаалаад, Австралийн зөвлөх үйлчилгээний компанид ахлах инженерээр ажиллаж байгаад эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахаар эргэн ирж, УИХ-ын гишүүн болоод байна.

2024 он Монголын ард түмний олон жил хүлээсэн хүсэл биелэсэн он байлаа.

Монголын ард түмэн эгэл жирийн инженерүүд, эрдэмтэн судлаачид, салбар, салбарын төлөөллүүд УИХ-ын гишүүн болж, туршлага, мэдлэг, чадвараа эх орныхоо хөнжилд зориулдаг болоосой гэж олон жил хүсэн хүлээсэн.

УИХ-ын 2024 оны сонгуулиар маш олон инженерүүд, эрдэмтэн судлаачид, эмч, багш нар гээд салбар салбарын төлөөллүүд УИХ-ын гишүүн болж, шинэ ирч хүч, шинэ хандлагатайгаар ажиллаж байгаад баяртай байна.

Эрчим хүчний салбарт реформ хийх,  хууль эрх зүйн орчныг шинэчлэх, эх үүсвэрийн дутагдлаас гаргах, дэд бүтцийг өргөтгөх, стандарт, норм, дүрмийг орчин үеийн түвшинд хүргэх зэрэг олон ажлуудыг бусад гишүүдийнхээ хамт хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 251 (7495)

 

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

5 цаг 5 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

8 цаг 40 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

15 цаг 38 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

15 цаг 38 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

15 цаг 38 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Өчигдөр 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин