О.Мөнхжаргал: Халамжийн системийн ганц хувийг хуримтлал, хөрөнгө оруулалт болгоод үзье

2020-01-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Хувийн тэтгэврийн сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх боломжийн талаар “Голомт Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.   -Ойрын өдрүүдийн ха­луун сэдэв тэтгэврийн зээл байлаа. Энэ асуудал өнөөдөр хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын буруу тогтолцоог засах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Танай компанийн судалгааг нь хийж буй  хувийн тэтгэв­рийн сан байгуулах гарц шийдлийн та­лаар сонирхохоор ярилцла­гадаа урьсан юм? -Тэтгэврийн одоогийн тогтолцоо 1970-аад оноос эхэлсэн халамжийн хэлбэ­рээр яваад байгаа юм. Энийг тэтгэврийн даатгал гэсэн нэр томьёогоор өөрч­лөх тухай яригдаж байна. Гэхдээ хөгжингүй орнуудын чиг хандлагыг харвал “тэтгэврийн сан” нөгөө талдаа “тэтгэврийн халамж” гэсэн хоёр ойлголт байдаг. Тэгэхээр хувийн тэтгэврийн сан гэж юу вэ. Бид одоо авч байгаа цалингийнхаа тодорхой хувиар хөрөнгө оруулалт хийж, үүнийг нь хувийн тэтгэврийн сан хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Гэтэл одоо бидний ирээдүйдээ зориулан төлж байгаа мөнгийг хуримтлуулах нь битгий хэл халамж тэтгэмжинд өгөөд дуусгаж байна. Хувийн тэтгэврийн сангийн систем нь Америк, Ази гээд дэлхий дахинд хэдийн амжилттай хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл тухайн улсын иргэд ирээдүйдээ зориулан, амжилттай яваа компаниудад хөрөнгө оруулалт хийж байна. Харин ямар компанид хэрхэн, яаж хөрөнгө оруулах зэрэг сангийн ажлыг мэргэжлийн хөрөнгө оруулагчид хийдэг юм. Тэгвэл яг одоогоор Монголын хөрөнгийн зах зээлд ийм тоглогч байхгүй буюу Монголын хөрөнгийн зах зээл идэвхгүй байна. Хэдийгээр сүүлийн хоёр жилд хөрөнгийн зах зээл харьцангуй сэргэж байгаа ч дээрх боломж амьдралд хэрэгжээгүй л байна. -Тэгэхээр хувийн тэтгэврийн сангаар дамжуулан компаниудад хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд ашиг хүртэх тухайд ярьж байна гэж ойлгож болох уу? -Тийм. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа залуучуудад илүү чиглэх ёстой. 20 настай залуу татварын өмнөх цалингаасаа тодорхой хувийн шимтгэлийг сандаа өгөөд сан мөнгийг нь оновчтой хөрөнгө оруулалт болгож өсгөөд 40 жилийн дараа тэтгэвэрт гарахаар нь хуримтлал болгоод өгнө. Америкийн хөрөнгийн зах зээлээр жишээ авахад ханшийн өсөлт, уналт гэх мэт бүх эрсдэлээ тооцоход жилийн дундаж өгөөж нь 10 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл 40 жилийн турш өгөөж нь жил бүр 10 хувиар өсөж байна гэсэн үг юм. Ингэснээр тэтгэврийн насанд хүрэхдээ хангалттай тэтгэмж авах боломжтой болж байна. Дэлхий дээр хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажилладаг олон компани бий. Тэднээс үйл ажиллагаагаа зөв удирдаж байгаа нь өрсөлдөөнд ялж, хөрөнгө оруулалт татаж чаддаг. Гэтэл Монголд төрийн удирдаж байгаа ганцхан сан байгаа нь хөрөнгө оруулалт бараг хийгддэггүй, хуримтлал үүсдэггүй сан. Энэ сан мөнгөө өсгөхийн тулд арилжааны банкинд хүүтэй байршуулдаг. Өөрөөр хэлбэл 1,2 сая төгрөгийн цалинтай ажилтны нийгмийн даатгалд төлсөн 300 мянган төгрөгийн шимтгэл банкинд байршиж байна гэсэн үг юм. Гэтэл мөнөөх ажилтан банкнаас зээл авах шаардлага гарлаа гэж  бодъё л доо. Тэгвэл банк нийгмийн даатгалын санд 13 хувийн хүү өгдөг бол ашигтай ажиллахын тулд нөгөө ажилтанд ядаж 15-16 хувиар зээл өгч таарна. Үүнээс болж улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ идэвхтэй оруулж, нийгмийн даатгал, татвараа төлөөд ажиллаж байгаа тэр ажилтны санхүүгийн зардлыг өсгөөд байна шүү дээ. -Гэхдээ хувь хүн өөрөө хувьцаа худалдаж авч болно шүү дээ. Заавал сангаар дамжуулах ямар шаардлагатай юм бэ? -Хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн нөхцөл байдлыг ярих хэрэгтэй байх. Сүүлийн хоёр жил манай хөрөнгийн зах зээл харьцангуй сэргэж, 10 орчим компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх олон тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Үүнтэй зэрэгцүүлж харвал ААН-үүд банкнаас 16-17 хувийн хүүтэйгээр зээл авч байна. Тэд зээлээ төлөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс эхлээд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж чадахгүйд хүрдэг. Таван жилийн хугацаанд 17 хувийн хүү төлөхөд л 70-80 хувийн хүүний зардал нэмэгдэж байна. Харин хөрөнгийн зах зээл бол дэлхийн хөгжлийн түүхийг бүтээж байна гэж хэлж болох юм. Энэ зах зээлээс компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт татаж, энэ хэрээр аж ахуйн нэгжүүдийн хариуцлага өндөрсөж байна. Учир нь зөвхөн гэр бүлийнх байсан компаниуд 5000 хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээдэг болж байна гэсэн үг юм. Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн амжилттай жишээг дурдвал “АПУ”-г хэлж болно. Хэрэв 10 жилийн өмнө тус компанийн хувьцааг авсан бол өнөөдөр 1000 хувь өсчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэрэглээ өсөхийн хэрээр компанийн ашиг, хувьцаа эзэмшигчдийнх нь баялаг өсөж байгааг эндээс харж болно. Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагч юу хийх вэ гэвэл таныг төлөөлнө. Жишээ нь, улсын их дэлгүүрийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгдөггүй гэсэн шүүмж байдаг. Хэрвээ мэргэжлийн хөрөнгө оруулагч байсан бол борлуулалтын орлогыг юунд зарцуулсан, хэзээ өгөөжөө өгөх вэ гэж асуух нь тодорхой юм. Хувьцаат компанийг хамгийн хариуцлагатай байлгадаг нэгж нь мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэлж болно. -Сангийн үйл ажиллагааг мэргэжлийн хөрөнгө оруулагч хариуцаж, сандаа мөнгө өгч байгаа иргэдийн өмнөөс хариуцлага үүрч, хөрөнгийг нь өсгөж, өгөөжийг нь нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ гэсэн үг үү? -Яг тийм. 2013 онд энэ талаар хууль баталсан ч сангийн үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага ховор байгаа юм. Зарим байгууллага дотооддоо хувийн тэтгэврийн сан ажиллуулж байгаа ч голдуу тухайн ажилтны өөрийн хүсэлтээр татварын дараах цалингаас нь тодорхой хэмжээнд хуримтлал үүсгэх үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл олон хүн татварын дараах үлдсэн мөнгөөрөө  хуримтлал үүсгэж чадахгүй байна. Хуримтлал үүсгэсэн ч ирээдүйн өгөөж нь бага болчихдог. Энд “Самсунг” компанийн жишээг татъя. Манайд хөрөнгө оруулалтын сан байдаггүй учраас хувь хүмүүс хувьцаа эзэмшдэг. Харин Самсунг компанийн 7-8 хувийн хувьцааг даатгалын, эрүүл мэндийн, тэтгэврийн сангууд эзэмшиж байна. Мөн “Самсунг”-ийн ажилчдын хөрөнгө оруулалтын сан ч гэж бий. Ажилтан бүр  Солонгосын аль компани ашигтай ажиллаж байгааг ажиглаад, дүгнээд байх боломжгүй учраас үүнийг нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид хийж өгч байна гэсэн үг юм. Тэд хэр хэмжээгээр аль компанид хөрөнгө оруулалт хийх, ирээдүйн үр дүн ямар байх зэрэг мэдээллийг боловсруулаад улирал тутам дүгнээд явдаг байх нь. Монголд мэргэжлийн хөрөнгө оруулагчид болоод сангууд нь үүсгэн байгуулагдаагүй учраас энэ  ажил хийгдэхгүй байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний их хуримтлалаар хөрөнгө оруулалт татаж чадвал Хөгжлийн банкаа хараад суухгүй шүү дээ. Хятадын компаниуд арилжааны банкнаасаа 3-4 хувийн хүүтэй зээлээр хөрөнгө татаж байхад, манай компаниуд Хөгжлийн банкнаасаа 8-9 хувиар зээл авч чадвал хамгийн сайн хувилбар болж байх жишээтэй. -Хувийн тэтгэврийн сангуудыг байгуулж, хөгжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн боловсрол маш чухал? -Өнгөрсөн хугацаанд олон сургалтуудыг хийж ирлээ. Ялангуяа IPO гарах үеэр түлхүү хийж байсан. Боловсрол их дутмаг байгаа нь үнэн. Хувьцаат компанийн түүхийг яривал хөрөнгийн хэрэгцээн дээр үүссэн гэдгээр тайлбарлаж болно. Голланд улс  Инденозиас баялаг авчрахын тулд усан онгоц хэрэгтэй болсон. Иргэн бүрээсээ 100 доллар хуримтлуулаад 100 ширхэг усан онгоц бариад тэндээсээ баялгаа авчирч байсан. Энэ бол хөрөнгийн зах зээлийн анхны тогтолцоо. Улсад нь баян банк байхгүй учраас иргэдээсээ хөрөнгийг нь хуримтлуулж ашигтай бизнес хийж байна шүү дээ. Энэ бол хөрөнгийн зах зээлийн зарчим. “Түмэн шувуут”-аар жишээ аваад яривал эдийн засаг хөгжих тусмаа бид илүү олон өндөг хэрэглэдэг болж байна. Буруу санаагүй бол 2004 онд нэг хүнд жилдээ 20 ширхэг өндөг ногдож байсан. Өнөөдөр 80-90 болж өссөн байна. Надад 10 сая төгрөг байлаа гэж бодьё. Тэр мөнгөөрөө 50 өндөглөгч аваад өөрөө өндөг хийгээд зарж болно. Гэхдээ үүний оронд том аж ахуй руу, өөрөөр хэлбэл, “Түмэн шувуут” руу хөрөнгөө хийчих юм бол би өөрөө өндөглөгч тахиатай зууралдах ямар ч шаардлага алга. Нэгэнт байгуулагдчихсан тэр том компанийн ирээдүйн ашгийг би өнөөдөр худалдаж авч байна. Тэр компани сайн ажиллаад байвал миний хувьцаа өсөөд байна. Би говьд нэг уурхайд ажилладаг байлаа. Цалингаасаа 1-2 хувийг тэтгэврийн сан руугаа хийгээд байвал миний өмнөөс хаана хэнд хөрөнгө оруулалт хийхийг тухайн сан шийдээд хөрөнгийн зах зээлд тоглоно. Зарим нь өндөр өсөлттэй компанид хөрөнгө оруулдаг, зарим нь ногдол ашиг өндөр өгдөг компанид хөрөнгө оруулдаг гээд олон төрлийн бодлоготой. Харин би сонгосон компанийнхаа бодлогыг дагаж ирээдүйд тэтгэврийн өгөөж, хуримтлалаа нэмэгдүүлж авна. -Эрсдэлийг нь ярихгүй бол болохгүй байх? -Эрсдэлээ хуваан хуваарилах арга зам байдаг. Би зөвхөн “Түмэн шувуут”-д хөрөнгө оруулвал тэр компани сайн ажиллавал надад ашигтай. Харин доголдвол өгөөж буурна. Тэгвэл 10 сая төгрөгөө 10 компанид хуваагаад оруулчихаж болно. Эрсдэл өндөр байвал өгөөж дагаад өсдөг зарчим байдаг. Багц бүрдүүлнэ гэж бид ярьдаг л даа. Банкиндаа 50 хувиа хадгалаад, 30 хувиа бондод хийгээд, 20 хувиа хөрөнгийн зах зээл рүү хийх ч юм уу. Энэ бол хамгийн болгоомжтой хувилбар гэж явдаг. Тэтгэврийн сангийн тухайд бол ганцхан эрх, үүрэгтэй байна шүү дээ. Тэр бол иргэдийн өгсөн мөнгийг өсгөх. Сүүлийн 10-аад жилд технологийн компаниуд маш амжилттай явж байна. Ийм компанид хөрөнгө оруулдаг сан байна. Эсвэл үнэлгээ нь нэг их өсдөггүй хэрнээ, ногдол ашиг өгдөг Америкийн машин үйлдвэрлэлийн компаниудад хөрөнгө оруулдаг сан ч байна. Хоёр өөр өгөөжтэй сан байгаа биз. Хүн болгон тэр Google, Facebook яаж мөнгө хийгээд байгааг мэдэхгүй шүү дээ. Үүнийг гишүүдийнхээ өмнөөс судалж, шийдвэр гаргаж, хөрөнгийг нь өсгөх нь сангийн ажил болж байгаа юм. -Одоо иргэдийн нийгмийн баталгааг төр дангаараа хариуцаж, ганцхан байгаа сангаа эзэмшиж байна шүү дээ. Хэрэв хувийн тэтгэврийн сангуудыг байгуулаад хөгжүүлчихвэл төр ямар байдлаар оролцох ёстой вэ? -Төр халамжийн бодлогоо л хэрэгжүүлэх ёстой. Америкт хэрэгждэг эрүүл мэндийн даатгалын систем гэх мэтийг хариуцах хэрэгтэй.  Тэтгэврийн хувийн санд төр оролцохгүй. Харин төрийн нэгжүүд, өөрөөр хэлбэл, нэг аймгийн хуримтлалын сан тэр аймагт ажилладаг төрийн албан хаагчдын тэтгэврийн хуримтлалыг хариуцаж болно. Энэ жишиг их хүчтэй, мэргэжлийн байж чаддаг. Хамгийн алдартай нь Калифорниа мужийн бүх ажилчдын даатгалын сан байдаг. Зөв явж байгаа microsoft, google, facebook гээд хамгийн ашигтай компаниуддаа хөрөнгөө оруулж байдаг. Харин төрийн үндсэн дэмжлэг бол хөрөнгийн зах зээлээ чөлөөтэйгөөр нээж өгөх хэрэгтэй байна. Жишээ яривал Тавантолгой. Монголын хамгийн ирээдүйтэй компани. Хонгконг дээр гаргах асуудал яригдаж байна. Давхар бүртгэлтэй нэгэн зэрэг хийх ч юм уу, эхлээд Монголд гаргаад дараа нь гадагшаа гаргах ч юм уу. Иймэрхүү бодлогоор энэ зах зээлээ төр нь дэмжээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол одоо халамжийн системээр Засгийн газрын зардлыг өсгөөд байна. Аж ахуй нэгж маань олон төрлийн дарамтанд уналаа. Цалингийн чинь 50 хувийг шимтгэлд авч байгаа гэж ярьдаг нь үнэн. Учир нь компани нь олон төрлийн татвар төлж байна, гааль, НӨАТ гээд, зардал нь өндөр байна. Тэгэхээр ажилчдад очих ёстой байсан бодит орлого цаагуураа нийгмийн халамжид өгөөд байна шүү дээ. -Даатгалын сангийн хөрөнгийг байршуулдаг арилжааны банкуудад хохиролтой хувилбар болох уу? -Компаниуд хөрөнгийн зах зээлээс урт хугацааны хөрөнгөө шууд босгочихвол банкнаас зээл авах хэрэггүй болчихно. Энэ хэрээр улсын эдийн засаг өснө, сайжирна. Нөгөө талаар банкны хадгаламж багасахын зэрэгцээ хүү нь буурна, дагаад зээлийн хүү бууна. Нөгөө 1.2 саяын цалинтай залуу одоо банкнаас 16 биш  зургаан хувийн хүүтэй зээл авах боломжтой болчихож байна. Иргэний амжиргаа дээшилж байна. Зээлийн эх үүсвэр нь нөгөө 13-14 хувийн хүүтэй нөгөө халамжийн тэтгэврийн сан биш болно гэсэн үг. Банк илүү сайн засаглалтай, нээлттэй болно гэсэн үг. Нөгөө талаар банкуудад харин ч ашигтай. Иргэдийн хөрөнгө оруулалт сангаар дамжаад буцаад л банкиндаа очно. Төлбөр тооцооны томоохон хэрэгсэл нь арилжааны банк нь өөрөө шүү дээ. Харин ч хүү өгдөг хадгаламж хэлбэрээр биш харилцах дансны орлого нь бүр нэмэгдэнэ. Хадгаламжинд найдах биш банкны бусад олон бүтээгдэхүүнээ зах зээлд ашигтай ажиллуулах боломжтой болно. -Манай улсад хувийн тэтгэврийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бий юу? -Сан байгуулагдах боломж бол 2013 онд хуулиар баталгаажсан байгаа. Харин хэн ч энэ тогтолцоог хэрэглэхгүй байна. Яагаад гэвэл хөрөнгийн зах зээл нь олон бүтээгдэхүүнгүй. Бас туршлага дутуу байна. Хамгийн гол нь хуримтлал өгч байгаа хүмүүс татварын дараах орлогоосоо хөрөнгө оруулахаас аргагүй. Тэгэхээр амжиргааны зардлаа бодоод хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах талаар бодох боломжгүй болчихож байгаа юм. -Тэгвэл бид татварын өмнөх орлогоосоо хэдэн хувийг хувийн тэтгэврийн сан руу оруулж байх нь тохиромжтой бол. Шимтгэлээ төлчихөөд үлдсэнээс нь өгч чадахгүй байгаа юм чинь одоо нийгмийн даатгалын санд төлж байгаа хувиасаа тодорхой хэсгийг тэтгэврийн сан руу хийгээд байх нь. Хууль хэрэгтэй байх? -Хамгийн эхний бодит алхам бол одоо өгч байгаа даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг хувийн хөрөнгө оруулалтын санд өгчих л дөө. Шинээр хууль батлана гэсэн үг. Гэхдээ одоо нэг төсөл явж байгаа. Тэр бол түрүүний хэлснээр татварын дараах орлогоос хувь авах төсөл юм. Ажил хийж байгаа хүнээсээ дахиад нэмж мөнгө авах гээд байна. Халамжийн систем үнэхээр ашиггүй. Харин энэ системийн нэгхэн хувийг хуримтлал болгоод үз л дээ гэж хэлэх гээд байгаа юм. Бид уул уурхайн баялгаа тэгж хуваарилж, орлогыг иргэддээ өгнө гэж байна. Баялгийг иргэддээ тэгш хуваарилах гэдэг дээр гадны улс орнуудын жишээ бий. Англи, Норвеги хоёр 70-аад оноос ижил түвшинд эхэлсэн. Англи болохоор тэтгэмжээр өгөөд байсан. Харин Норвеги өнөөдөр нэг их наяд ам.долларын хуримтлалтай сууж байна. Яагаад гэвэл эднийх мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр хөрөнгө оруулалт хийсэн. Дэлхийн ашигтай компаниудын хувьцааг худалдаж авсан. Тэгж энэ хуримтлалыг бий болгож чадсан байна. Харин манайхан бол эргэлтэд ороогүй ордынхоо өмнөөс зээл авч мөнгө өгөх гээд байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.1.9  ПҮРЭВ  № 5 (6230)
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

8 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

7 цаг 27 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

7 цаг 27 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

7 цаг 27 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

7 цаг 27 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

22 цаг 22 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

22 цаг 30 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

22 цаг 51 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

23 цаг 11 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

Өчигдөр 13 цаг 04 мин