Г.Пүрэвганди: Ховд ногоон хөгжлийн загвар аймаг болно

2019-12-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Олон ястны өлгий Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай өвөлжилт болон цаг үеийн байдал, нийгэм, эдийн засгийн тэргүүлэх салбар, нутаг орны хөгжлийн хэтийн төлөвийн талаар ярилцлаа.   -Өнтэй сайхан өвөлжиж байна уу. Танай нутгаар өвөлжөө тавлаг уу? -Улиран одож буй 2019 онд зуншлага их сайхан байлаа. Хур бороо цагтаа бууж, цэцэг ногоо дэлгэрч, малчин түмний зоо тэнийсэн сайхан зун болж өнгөрсөн. Намар ч гэсэн их сайхан налгар болсон доо. Гэхдээ тэнгэр хангай сайхан байна гээд бид зүгээр суугаагүй. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг долдугаар сараас эхэлсэн. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газрын тогтоол гарч, үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгавар гарсан юм. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах гээд хоёр хэсэгтэй ажлын хэсэг байгуулж нэлээд эрчимтэй ажилласан. Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90-ээс дээш хувийн биелэлттэй хангагдсан. Хадлан тарианы гарц ургац сайн байсан учраас манай аймаг нэлээд чамбай өвс хадлангаа бэлтгэж авсан шүү. Тариаланчид маань ч энэ жил 2.4 мянган га талбайд тариалалт хийж 24 мянган тонн ургац хураан авлаа. Сая гаруй төл мал хүлээн авсан. Ингэснээр эдийн засгийн эргэлтэд 600 гаруй мал оруулж, 3.1 сая толгой малтай өвөлжиж байна. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ч 90 гаруй хувийн биелэлттэй байгаа. Бидэнд тулгарч буй бэрхшээл гэвэл дулаан хангамжийн асуудал байсан. Гэхдээ манайх дулааны хоёр эх үүсвэртэй. “Бадамлах дөл” гээд хуучин ажиллаж байсан Ховдын дулааны станцын 3000 метр шугамыг засварласан. Ингэхдээ энэ компани өөрөө тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ямартаа ч Ховдын төв шугамыг засварласан юм. Салбар шугамуудыг засварлах ажилд аймгаас тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд хуучирч муудсан шугамаа нэлээд сольж сайжруулсан. Орон сууц, албан байгууллагууд цаг хугацаандаа амжиж 100 хувь халаалт, дулаанаа авч, энэ ажил жигд эрсэн. -Намрын их ажлын хажуугаар баруун бүс нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан даа. Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган, ЮНЕСКО-д хөөмийгөө бүртгүүлэх гээд их завгүй намаржих шиг болсон? -Улиран өнгөрч буй 2019 оныг бид Ховд аймгийн хувьд хөл хөдөлгөөн ихтэй түүхэн жил боллоо гэж үзэж байгаа. Чамлахааргүй хөрөнгө оруулалт хийсэн. Дээрээс нь Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Энэхүү иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Ховд аймаг “Хариуцлагатай тунгалаг төр” гэдэг хөтөлбөрийг аймгийн ИТХ-аараа батлуулан бүх шатандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг Ховд хотдоо зохион байгуулсан. Ингэхдээ “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийнхөө зорилго чиглэлийг танилцуулж байлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид авлига, хүнд сурталгүй, төрийн албыг ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүнд хүргэсэн үйлчилгээтэй аймаг болно гэсэн зорилт тавьсан. Одоо зорилтынхоо биелэлтийг оны төгсгөлд дүгнэж ярина. Ялангуяа, хөдөө сумдад аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж орон нутгаа оны төгсгөлд бүтэн тойрч байна. Өмнө нь хагас жилээр ч ингэж ажиллан хөдөө, сумдаа бүтэн тойрсон. Хөдөөгийн иргэд рүүгээ төрийн үйлчилгээг чиглүүлж, хүргэхээр маш идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, 24 мянган иргэнд 49 төрлийн төрийн үйлчилгээг яг газар дээр  нь очиж хүргэжээ. Бид энэ ажлаа үргэлжлүүлэн гарч буй 2020 оноо угтан амжуулахаар ажиллаж байна. Бүсийн тулгуур төвийн хувьд манай аймагт бүсийн шинж чанартай томоохон арга хэмжээ их зохион байгуулагддаг. Өнгөрсөн намар манай аймагт Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг анх удаа зохион байгуулсан. Энэ бол маш чухал арга хэмжээ болсон юм. Өрсөлдөх чадварын судалгаа нь тухайн аймаг, тухайн бүс нутаг өөрийгөө бусадтай харьцуулан харах, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйгээ тодорхойлон харах толь л гэсэн үг. -Таны бодлоор энэ толинд Ховд аймгийн дүр төрх, хэтийн төлөв яаж харагдав? -Манай Ховд аймагт олон давуу тал бий. Ховд их сургууль, Хөгжил политехник коллеж гэсэн хоёр том сургуультай учраас ажиллах хүчний нөөц ихтэй. Жил тутам бэлтгэгдэн гарч буй хүний нөөцөөрөө өрсөлдөх боломжтой. Дээрээс нь дэд бүтэц, зам харилцаа харьцангүй сайн хөгжсөн аймгуудын нэг. Хэвтээ, босоо тэнхлэгийн хоёр зам хоёулаа Ховд аймгаар дайран өнгөрдөг. Нийслэл Улаанбаатар хоттойгоо, мөн баруун чиглэлийн босоо тэнхлэгийн замаараа ч ОХУ, БНХАУ-тай холбогдох бүрэн боломжтой. Мөн мал аж ахуй, газар тариалангаараа өрсөлдөх чадвартай. Дээрээс нь Ховд аймгийн нийгэм, эдийн засгийг тэлэхийн тулд зайлшгүй хөгжүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм. -Нийгэм, эдийн засгаа тэлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэлээ. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ? -Аймгийн ИТХ-аас Гурван Цэнхэр төвтэй таван аялал жуулчлалын хөтөлбөрийг батлаад хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Монгол Улсын есөн гайхамшгийн нэг болсон Гурван цэнхэрийн агуйгаа түшиглээд, энэ Гурван цэнхэрийн агуйгаасаа салбарласан таван чиглэлд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж байна. Гурван цэнхэрийн агуйд маш гайхамшигтай түүх, соёлын улбаа хадгалагдан үлдсэн. Төв Азид хүн төрөлхтөн үүссэн байж болзошгүй буюу одоогоос 25-30 мянган жилийн өмнө энд хүн амьдарч байсан байж болзошгүй гэсэн ул мөр хадгалагдан үлдсэн. Цаашид олон чиглэлээр аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, хөгжүүлэх боломж бидэнд бий. Адал явдалт, эко, түүхэн болон бусад аялал гээд нэр төрлийг нь олшруулж болно. Улирал бүхэнд нэг аялал жуулчлалын эвент бүтээгдэхүүнтэй болох зорилго чиглэл тавиад ажиллаж байгаа. Цас мөсний баярыг өвөл, “Цайны зам” олон улсын арга хэмжээг намрын улиралд зохион байгуулж, энэ үеэрээ олон ястныхаа урлаг соёлын дээжээс сурталчилж байна. Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа. Тухайлбал, бид хөөмийн олон улсын наадмыг тав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Уран нугаралтын улсын уралдааныг зохион байгуулсан. Ирэх жилүүдэд бид бий биелгээний олон улсын наадмыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Аялал жуулчлалын салбараа түшиглэн олон ястны урлаг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалах чиглэлээр “Олон ястны өв соёл” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд бид томоохон зорилго тавиад ажиллаж байгаа. Ямар ч хөгжмийн зэвсэггүйгээр хүний сэтгэлийг хөглөдөг гайхамшигт урлаг болох хөөмий олон ястны өлгий Ховд нутгаас эх үндэстэй. Ялангуяа, манай Чандмань нутгийнхан гайхамшигтай сайхан хөөмийлдөг. Бид үүнийгээ ЮНЕСКО-д бүртгүүлэхийн тулд 1000 гаруй хөөмийчийг нэгэн зэрэг хөөмийлүүлсэн гэх мэтээр нэлээдгүй ажил ундарсан нэгэн жил улиран одож байна. -“Цайны зам” гэснээс япончууд цайны соёлоороо дэлхийд гайхагддаг. Түүн шиг олон ястны өлгий нутаг Ховдынхон бол ястан болгон өөрийн цай чанах соёл, өв уламжлалтай байгаа даа. Тиймээс энэ сайхан нутгийнхан дор хаяж 10 гаруй янзаар цай чанах нь дээ. Энэ мэтийгээ аялал жуулчлалын салбартайгаа уялдуулан бас нэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож болмоор юм шиг, Цайны ёслолтой болсон ч болохоор юм биш үү? -Тийм ээ, намрын эвент дээрээ үүнийг нэмж болно. Цайны ёслол, зан заншил гэдэг бол манай Ховд аймгийн 13 ястан болгонд өөр байдаг. Тухайлбал, дөрвөд хүн малынхаа толгой шийрийг сайхан хуйхлаад цайгаа хийдэг бол зарим ястан булууны ясаар цайгаа амтална. Нөгөө нэг нь хөх тарианы гурил, шар тосоороо цайгаа амталдаг. Эсвэл арвайн гурилаар гэх мэтээр ястан болгон өөрөөр цайгаа чанадаг. Энэхүү өв соёлоо түгээн дэлгэрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаад, дотоодын жуулчдад сонирхуулах бүрэн боломжтой. Ер нь бид баруун бүс нутагтаа бие биеэ нөхөж, харилцан ашигтайгаар хамтран ажиллахаар зөвлөж ярьсан зүйлүүд бий. Тухайлбал, Баян-Өлгий аймагт “Бүргэдийн баяр” гэж томоохон арга хэмжээ болдог. Үүний өмнөхөн буюу есдүгээр сард Ховд аймагт “Цайны зам” олон улсын арга хэмжээгээ зохион байгуулахаар БОАЖЯ-тай тохироод байгаа юм. Аялал жуулчлалын эвентүүдийн нэг онцлог нь хугацаагаа өөрчилдөггүй. Жил болгон энэ хоёр баярыг ойролцоо зохион байгуулахаар шийдээд байгаа. “Цайны зам”-ын соёл бол хүн төрөлхтөнд үлдсэн маш том соёлын нэг. Бүр Хятадын өмнөд хэсгээс Монголын газар нутгийн хоёр ч хэсгээр дайрч, Москва хүртэл явсан худалдааны томоохон чиглэл байсан түүхтэй. Энэ худалдааны замыг дагаад олон үндэстэн ястны соёл, зан заншил холилдон сүлэлдэж, хөгжил гэдэг зүйлийг авчирсан байдаг юм. Эрт дээр үеэсээ монголчууд  энэ цайны замын соёлд маш их үүрэгтэй оролцож байсан. 1000 хүртэл тэмээгээр жин тээдэг, голлох үүргийг гүйцэтгэж байсан байгаа юм. Тиймээс цайны замыг дагаад маш их өв соёл, түүх үлджээ. Энэ соёлыг түгээн дэлгэрүүлэх, үргэлжлүүлэх үүднээс бид энэ арга хэмжээг зохион байгуулаад байгаа юм. Бидэнд үзүүлж харуулах зүйл, өв соёл олон бий. “Цайны зам”-ын үеэр бид жуулчдад 100 хүртэл тэмээгээр жин тээж үзүүлдэг. Өнөө үед ердийн хөсөг баруун хязгаарт л үлдсэн. Энэ маш сонирхолтой үзүүлбэр болдог. -Ийм их боломж бололцоо байхад заавал уул уурхай гэж шуурах хэрэг ч алга. Уул уурхайн салбарын эдийн засагт гүйцэтгэж буй үүргийг үгүйсгээгүй. Гэхдээ газар болгоныг сэндийлж, эргээд нөхөгдөхгүй алт эрдэнэсээ ухаж, нутаг орноо сүйтгэж байхаар эко, эргээд нөхөн сэргээгдэх боломжтой салбарыг түлхүү хөгжүүлбэл өнөө үедээ ч алс хэтдээ ч хэрэгтэй юм даа?  -Ховд аймаг 2017 онд “Ногоон хөгжлийн хөтөлбөр” гэж томоохон хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрийн зорилгыг бид тов тодорхой тодорхойлсон. 2026 он гэхэд Ховд аймаг ногоон үйлдвэрлэлийг дэмжсэн, ногоон хөгжлийг бий болгосон, ногоон хөгжлийн загвар аймаг болно гэсэн том зорилготой. Үүний гол зорилго нь ерөөсөө ухдаг биш ургуулдаг, өсгөдөг, үржүүлдэг ийм баялгийг л бий болгоно, ийм баялаг бүтээгчдийг дэмжинэ. Яг энэ бодлогынхоо хүрээнд л бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. -Ажиглах нь ээ, эдийн засгийн тамир тэнхээ сайтай аймгийн нэг нь танайх юм байна. Албан ёсны бүртгэлдээ ажилгүй гэж байлаа ч гэсэн хүн гар хөдөлж байгаа цагт амьдарч болохоор ая таатай хөрс суурь бүрдсэн аймаг бас ховор шүү?  -Амьжиргааны төвшингөөр Ховд аймаг тийм ч муу биш. Бүгд л дор дороо хийх ажилтай. Залуучууд хүсвэл ногоо тариад ч амьдарч болно. Дээрээс нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нийгмийн бүхий л салбарт  хийж байгаа. Өнгөрсөн онд гэхэд л 65.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, шинээр сургууль, цэцэрлэг, соёлын төв, спортын цогцолборыг нэмж барьсан. Хүн амын төвлөрөл ихтэй Булган суманд 35 ортой, орчин үеийн техник технологи бүхий эмнэлэг байгуулагдлаа. Жаргалант суманд хүүхдийн эмнэлэг байгуулаад эхэлчихсэн байна. Мөн Булган, Жаргалант суманд жимс, жимсгэний агропарк байгуулагдаж байгаа. -Ойрын хугацаанд хийж буй ажил, бүтээн байгуулалт олон байгааг харлаа. Цаашид Ховд аймаг хөгжлийн хэтийн ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? -Бид хэд хэдэн мега төслүүдийг эхлүүлсэн байгаа. Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй томоохон төсөл гэвэл Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл байгаа. Энэ ажил эхэлчихсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар дээр нь хоёр ч удаа ирж, нөхцөл байдалтай танилцсан. Энэ мега төсөл цаашид үргэлжилнэ гэдэгт баруун бүс нутгийнхан итгэлтэй байгаа. Дараагийн нэг тулгамдаж буй асуудал бол баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. Ялангуяа, барилгын материалын үнэ бол нийслэл Улаанбаатар хотоос болон төвийн бүсээс хоёр дахин илүү үнэтэй. Тиймээс Цементийн үйлдвэртэй болохоор зураг төслийг нь гаргаад явж байна. Дээрээс нь малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа. Ажлын гүйцэтгэл нь хэдийнэ 50 хувьдаа хүрсэн. Энэ цэвэрлэх байгууламжаа түшиглээд малын гаралтай түүхий эд, ноос ноолуур боловсруулах үйлдвэр барих боломжтой. Ингэснээр Ховд аймаг үйлдвэрлэгч аймаг болох хэтийн төлөвтэй. Гэхдээ бид бүхэн хүний хөгжлийн асуудлаа ч ихэд анхаарч байгаа. Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, энэ хөгжлийг хамт бүтээлцэх, хүний нөөцөө бэлтгэх гэдэг бол маш чухал ажил. Тиймээс аймгийн ИТХ-аар аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлахдаа “Хүний хөгжлийн төлөө, бүсийн хөгжлийн төлөө бид хамтдаа” гэсэн уриа дэвшүүлсэн. -Ховд аймгийн ИТХ аймгийн Засаг дарга болоод түүний Тамгын газрыг ажлаа хийхэд нь бодлогоор дутаадаггүй. Аливаа асуудлыг цаг хугацаанд нь түргэн шуурхай шийдэж өгдөг, нэлээд эрчтэй, түргэн шуурхай ажилладаг байгууллага юм байна  гэдэг нь баталсан хөтөлбөр, гаргасан санал санаачлагуудаас нь илэрхий харагдаж байна шүү?                         -Бид жил бүр “Шинэ Ховд” чуулганыг зохион байгуулж байгаа. 2018 онд нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулаад Ховд аймагтай ажил, амьдралын холбоотой, Ховд аймгаас гаралтай салбар бүрийн хүмүүсийг уриад ер нь Ховд аймгийг хэрхэн яаж хөгжүүлэх вэ, хэтийн төлөв нь ямар байх вэ гэдгээ зөвлөлдсөн. Энэ арга хэмжээнд 200 гаруй хүн оролцсон. Маш сайн, сайхан арга хэмжээ болж, эндээс томоохон төслүүдийн санал санаачлага дийлэнхи нь гарсан. Тухайлбал, Жижиг оврын нефтийн үйлдвэр, Ховд агропарк байгуулах тухай санал санаачлагыг энэ зөвлөгөөн дээр танилцуулсан. Энэ ажил маань уламлжлал болоод явж байгаа. Ховд аймгийнхны хувьд  өрхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, орлогоо өсгөх нь чухал асуудлын нэг болчихоод байгаа юм. Тиймээс бид 2019 оныг аймгийн ИТХ-аас “Өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд хэд хэдэн бодлогын шинж чанартай томоохон ажлуудыг амжуулж авсан. “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг батлан 200 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгаас бий болгон яг өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ч санхүү мөнгө нь хүрэлцэхгүй бэрхшээл тулгамдсан бизнес эрхлэгчдээ болон хэд хэдэн аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн. Бид мөн “Бизнес инкубатор” төвийг улирч буй онд байгуулан 10 гаруй жижиг бизнес эрхлэгчдээ бойжуулж байгаа. Хөл дээрээ бостол энэ хэд маань нэг байранд үйл ажиллагаа явуулна. -Танай аймаг хүнсний хэд хэдэн брэнд бүтээгдэхүүнтэй. Ховдын шийгуа, амтат гуа, шар төмс их алдартай. Ховдын эдгээр брэнд бүтээгдэхүүний нэрийг барьж өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг зөрчил хотод их гардаг. Хэрэглэгчид яг Ховдын бүтээгдэхүүн авъя гэвэл яах ёстой юм бэ. Та нар ч гэсэн өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг таниулах ажлыг хийж байгаа болов уу?  -Аймаг, орон нутгийнхан үүн дээр их санаа зовниж, аль болох Ховдынхоо дугаартай машиныг хэрэглэх, таних тэмдэг, шошго ашиглах гэсэн заавар зөвлөгөөг иргэддээ өгдөг. Сүүлийн үед шийгуаны тариалалт, борлуулалт аль аль нь нэмэгдэж байгаа. Манай хөрс, сорт нь арай хатуу гадартай ч юм уу, тээвэрлэлт сайн даадаг гээд давуу тал бас бий. Гэхдээ манай Ховдын ногоочид Улаанбаатар хүртэл шийгуагаа түвэггүй тээвэрлээд сурчихсан. Тиймээс манай Ховдод тарьсан шийгуаны 60 гаруй хувь нь Улаанбаатарт борлуулагдаж байгаа. -Сүүлийн үед Улаанбаатараас ч дутахааргүй утаатай болжээ. Шинэ тутам тулгамдаж буй энэ асуудлыг яаж шийдэж байна вэ? -“Номин шилтгээн констракшн” гэдэг компани шахмал түлш үйлдвэрлэдэг. Энэхүү түлшийг хэрэглэж, иргэний ухамсарт үүргээ биелүүлэхийг бид уриалж байгаа. Дээрээс нь “Хашаандаа сайхан амьдарцгаая” төслөөр гэрээ яаж дулаалах вэ, гэрээ зөв, бүрэн гүйцэт дулаалаагүйгээс дулааны алдагдал ихтэй байдаг юм байна гэдгийг ойлгуулж, иймэрхүү алдаа дутагдлыг бууруулах зорилгоор иргэдэд сургалт сурталчилгаа хийж, гэрийн дулаалгын загвар гаргаж үзүүлсэн. Үүний хүчинд ховдчууд өвлийг өнтэй давж, ирж буй 2020 ондоо ч ихийг хийж бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. -Сайны хажуугаар саар гэгчээр өнгөрсөн намар Ховдод хүн барьцаалсан  хэрэг гарсан. Яг юу болоод өнгөрсөн юм бэ? -Энэ бол их харамсалтай зүйл болсон. “Бадамлах дөл” компанийн захирал Сурмаажав гуай бол ховдчуудтайгаа ажил амьдралын байнгын холбоотой хүн. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Ховд аймгийн дулааны төв шугамыг солих, “Бадамлах дөл” компанийн нүүрсний нөөцийг бүрдүүлэх гээд нэлээд шахуу хуваарьтай завгүй ажиллаж, Ховд аймагт намаржиж байсан хүн л дээ. “Талын буудал”-д байрлан ажлаа хийж байсан хүн ажилдаа явахаар машинтайгаа хөдөлсөн чинь араас нь дугааргүй машин ирж мөргөсөн байгаа юм. Юу болов гээд гараад иртэл хутга мэс тулган машиндаа суулгаад, Сурмаажав гуайн машиныг өөр хүн бариад явчихсан юм билээ. Хэнтий аймгийн харьяат 50 гаруй насны хүн 17-19 насны гурван залуугийн хамт дөрвүүлээ бүлэглэн энэ хэргийг үйлдсэн гэдэг мэдээллийг бид харамсалтай нь хожуу авсан. Хутга мэс хэрэглэн дарамталж, мөнгө нэхэн, Улаанбаатар хот руу зүглүүлэн авч явж байсныг Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагууд шуурхай ажилласан. Үүний үр дүнд Завхан аймгийн Сонгино сумаас илрүүлэн баривчилсан. Үүний дараа Сурмаажав гуай Улаанбаатар хотод эмчлүүлэн биеэ сайжруулсан. -Ийнхүү алдаа оноотой, амжилт бүтээлтэй нэгэн жил жам ёсоороо улиран одож байна. Хэдхэн хоногийн дараа он солигдоно. Хоёр оны торгон заагт цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. -Баярлалаа. Ингээд олон ястны өлгий Ховд аймгийн 13 ястан, уугуул, суугуул түмэн олон болон ажил амьдралаараа Ховд аймагтай холбоотой Монгол Улсын 21 аймагт суугаа монгол ахан дүүс та бүхэндээ ирж буй 2020 оны хулгана жилдээ аз хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.24  МЯГМАР  №254  (6221)
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

6 цаг 17 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

6 цаг 17 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

6 цаг 17 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

6 цаг 17 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

21 цаг 12 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

21 цаг 20 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

21 цаг 41 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

22 цаг 1 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

23 цаг 12 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

Өчигдөр 06 цаг 00 мин