Н.МӨНХЖИН
Венесуэлийн сөрөг хүчний депутат Мария Корина Мачадо улс орон даяар өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний гол дуу хоолой болоод байна. Тэрээр цагдаа нарт баривчлагдан хоригдоод байгаа сөрөг хүчний лидер Леопольдо Лопесийн халааг авчээ. Ерөнхийлөгч Уго Чавесийн дэглэм Мачадог Үндэсний Ассамблейгаас хөөж, депутатын эрхийг нь хасчээ. Венесуэльд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр, хүний амь үрэгдсээр байна. Корина Мачадо тайван, ардчилсан замаар эх орноо өөрчилж, эдийн засгаа хямралаас гаргахын төлөө байна. “АВС” сонин түүнтэй уулзжээ.
-Парламентын спикер Диосдадо Кабельо таныг хөөсөн. Таны дараагийн алхам юу вэ?
-Николас Мадурогийн дарангуйллыг илчилсээр байх болно. Би нийгмийн, иргэний хөдөлгөөний дэмжлэгтэйгээр ардчилал, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй депутат хэвээрээ байх болно.
-Засгийн газар сөрөг хүчин болон түүний лидерүүдийг байнга хавчин, дарамталж байхад энэ хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломж байна уу?
-Эрх баригчдын дайралт миний, сөрөг хүчний лидерүүдийн эсрэг бус, харин венесуэльчүүд, үйлдвэрчний эвлэл, оюутнууд, гэрийн эзэгтэй нарын эсрэг чиглэж байна. Сөрөг хүчнийг мохоож дарж авах л зорилготой байна.
-Эрх баригчдын түрэмгийлэл ямар үр дүн авчирсан бэ?
-Тэд хүсч байсныхаа эсрэг зүйлийг л авсан. Ард түмнийг айлгаж, жижигрүүлэхийг хүссэн ч иргэд улам л тэмцэх, тулах эрмэлзэлтэй болж байна.
-Иргэд идэвхтэй жагсч, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа ч Николас Мадуро эрх мэдэлд байсаар байна. Венесуэльд эрх мэдлийг өөрчлөх хүч алга хэмээн ажиглагчид дүгнэх боллоо...?
-Өнгөрсөн нэгдүгээр сард мөн ийм зүйл ярьж байсан. Ард түмэн айчихсан, одоо гудамжинд гарч чадахгүй гэж. Одоо хүмүүс сэрж, эсэргүүцлээ хүчтэй илэрхийлж байна.
-Эрх баригчид сөрөг хүчний гурван удирдагчийг баривчилсан. Та жагсаалтын тавд нь байх шиг байна...?
-Бид хүний эрхийг нийтээр нь зөрчсөн үйлдлийн гэрч болж байна. Сөрөг хүчний удирдагчдыг намнах ажиллагаа явагдаж байна. 70 орчим жагсагчийг тамлан зовоосон тухай ярих боллоо. 600 гаруй хүн шархдаж бэртсэн, 2000 орчим хүн саатуулагдаад байна.
-Ерөнхийлөгч энэ бүх үйл явдалд та нарыг буруутгаж байна уу?
-Энэ жагсаал, мөргөлдөөн, хямралын хариуцлагыг Мадуро хүлээх ёстой.
-Эсэргүүцлийн хөдөлгөөн Мадурогийн байр суурийг сулруулсан уу, эсвэл бүр бататгасан уу?
-Чавизмийн 15 жилд бид ийм хэврэг, сул дорой Засгийн газрыг хараагүй.
-Та нар Засгийн газар, Ерөнхийлөгчийг өөрчлөхийг шаардаж байна. Үүнд юу дутагдаж байна вэ?
-Бид хүрсэн газраасаа ухармааргүй байна. Венесуэль орон сэрсэн. Унтаа байсан талбарууд нүдээ нээлээ. Одоо бидэнд гудамжинд нэг ард түмэн байна. Хүмүүс дарангуйлал хавчлага болон хоолондоо дэлгүүрт дугаарлан зогсохоос залхаж байна. Авторитар Засгийн газарт ардчилал гэж байхгүй боллоо.
-Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Америкийн улсуудын холбоо (Unasur)-ны Гадаад хэргийн сайд нар Каракаст ирсэн. Тэд хямралд зуучилж чадах уу?
-Unasur нэг жилийн өмнө Венесуэлийн сонгуулийг ажиглахдаа Мадурог дэмжиж нэг талыг баримталсан. Тэд Венесуэлийн хямралыг зуучилна гэдэгт итгэхгүй байна.
-Мадуро албан тушаалаасаа огцрохгүй бол сөрөг хүчин юу хийх вэ?
-Түүнийг огцрохыг шаардсаар байх болно. Өөр гарц байхгүй. Гудамжин дахь тайван хүч бол энэ юм. Угаасаа дэлхий дээрх тоталитар дэглэмүүд нурж унасаар байгаа. Мадурогийнх ч тэдгээрийн нэг.
-Та одоо гудамжны депутат болсон уу?
-Би Үндэсний Ассамблейн дотор ч, гадна нь депутат. Парламентын спикер намайг депутатаас болиулах эрхгүй. Үндсэн хуулийн шүүх үүнийг шийддэг юм.